Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон шалтгаанаар 2014 онд 1542 зам тээврийн осол гарсан байна. Мөн нэг шөнийн дотор 70-80 согтуу жолооч цагдаад баригдаж байгаа нь ийм төрлийн зөрчлийн дөнгөж 40 хувь гэдэг тоо баримт гарчээ. Түүнчлэн согтуу жолоочоос үүдэлтэй зам тээврийн осолд хүүхдүүд голдуу өртөж байгаа нь олон нийтийн санааг зовоосон асуудал болоод байгаа. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар архи хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон жолооч нарт хүлээлгэх хариуцлага бага байгаагаас үүдэн энэ төрлийн осол өсөх хандлагатай байна. Энэхүү тоо баримт, бодит байдлаас үүдэн Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд согтуу жолооч нартай дайн зарлаж буйгаа албан ёсоор мэдэгджээ. Үүний хүрээнд эмэгтэй гишүүд Нийслэлийн замын цагдаагийн газартай хамтран “Согтуу жолооч-Хүүхдийн амь нас” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж, Замын хөдөлгөөний тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж эхлээд байгаа юм байна. Хэлэлцүүлгийн явцад согтуу зарим оронд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үед тээврийн хэрэгслийг улсын орлого болгох хүртэл хариуцлага хүлээлгэдэг болохыг дурдаж байв. Түүнчлэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд 500.000 төгрөгөөр торгох, давтан зөрчил гаргах тохиолдолд баривчлах, албадан ажил хийлгэх зэрэг хариуцлагыг чангатгах саналууд гарсан байна.
Төсвийн тодотгол хэлэлцэх үед З.Баянсэлэнгэ гишүүний санаачлагаар согтуурал шалгах Драгер багаж худалдан авах 450 сая төгрөгийг батлуулсан юм. Ийнхүү шат дараалсан арга хэмжээ авах замаар согтуу жолооч нартай тэмцэнэ гэдгээ Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд илэрхийлэв.
Төсвийн тодотгол хэлэлцэх үед З.Баянсэлэнгэ гишүүний санаачлагаар согтуурал шалгах Драгер багаж худалдан авах 450 сая төгрөгийг батлуулсан юм. Ийнхүү шат дараалсан арга хэмжээ авах замаар согтуу жолооч нартай тэмцэнэ гэдгээ Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд илэрхийлэв.





















































