
Манай улс байгалийн баялгийн нөөц ихтэй газар зүйн бүсэд оршдог бөгөөд 1990 оноос өмнө байгалийн баялаг, түүнийг ашиглахтай холбоотой бүхий л эрх мэдэл төрд төвлөрч байсан бол зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэнтэй холбоотой ашигт малтмалыг хайх, ашиглах үйл ажиллагааг хувийн хэвшлийнхэн чөлөөтэй эрхлэх боломжтой болсон юм. Энэхүү хуулиар эрдэс баялгийн салбарын ил тод байдлын зорилт, хамрах хүрээ, зарчим, эрдэс баялгийн салбарын ил тод байдлыг хэрэгжүүлэгч байгууллага түүний бүтэц, бүрэн эрх, мөн эрдэс баялгийн салбарын ил тод байдлыг хэрэгжүүлэгч байгууллагын удирдлага, тэдгээрийн эрх үүрэг түүнчлэн эрдэс баялгийн ил тод байдлын тайлан түүнтэй холбоотой харилцаа, тайлан гаргах үүрэг бүхий хуулийн этгээд, байгууллагууд, тэдгээрийн эрх үүрэг, санхүүжилт, хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага гэх харилцааг зохицуулах юм. Өөрөөр хэлбэл эрдэс баялгийн салбар нээлттэй, ил тод хүрээнд бүхий л үйл ажиллагаагаа явуулна гэсэн үг юм. Хэлэлцүүлгийн үеэр уг хуулийн төслийг гишүүд хэлэлцэхийг дэмжсэн бөгөөд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүллээ.
Чуулганы хуралдааныг өндөрлүүллээ.