
Өнгөрсөн жилээс ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч Монгол хэл бичгийн шалгалтыг заавал өгдөг болсон. Тус шалгалтын бүртгэл өнөөдрөөс ирэх сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ. Энэ онд төгссөн шалгуулагчид монгол хэл бичгийн шалгалтын бүртгэлийн дугаар, суудлын хуваарийг төгсч буй сургуулиараа дамжуулан авах бол өмнөх онд төгссөн шалгуулагчид зарласан хугацаанд www.eec.mn сайтаас хэвлэн авах боломжтой юм.
Энэ жилийн ЭЕШ-ын эхний шалгалт ирэх сарын 21-нд, дахин шалгалтыг дөрөвдүгээр сарын 25-нд зохион байгуулах юм байна. ЕБС төгсөгчид болон их, дээд сургууль, коллежид элсэгчид монгол хэл бичгийн шалгалт өгснөөр ЭЕШ өгөх эрхтэй болох юм. Монгол хэл бичгийн шалгалтад 400-аас доош оноо авсан тохиолдолд дахин шалгалт өгнө.
Дашрамд дурдахад, ЭЕШ-ын хураамж шалгалт бүрт 5800, батламж карт 700 төгрөгийн үнэтэй. Бүртгэлийн хугацаа хангалттай учраас нэмэлт бүртгэл хийх боломжгүй гэдгийг Боловсролын үнэлгээний төвөөс сануулж байна.