
Хэлэлцэж буй асуудалтай холбоотой асуулт гишүүдэд байгаагүй тул ажлын хэсэг болон гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Тухайлбал, тогтоолын төслийн нэрийг “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр батлах тухай” гэж өөрчлөх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Түүнчлэн төслийн “Экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлуулах” гэсэн хэсэгт Төмрийн хүдрийн баяжмалын экспортыг нэмэгдүүлэх ажлыг 2015 оны хоёрдугаар хагасаас эхлүүлэх гэсэн саналыг нэр бүхий гишүүд гаргасныг дэмжлээ. Энэ арга хэмжээг эхлүүлснээр 2016 оноос жил бүр 10 сая тонноос доошгүй экспорт хийнэ гэж тооцсон байна. Мөн Эгийн голын усан цахилгаан станц төслийн бэлтгэл ажлыг хангаж, эхлүүлэх гэсэн санал олонхийн дэмжлэг авлаа. Эгийн голын усан цахилгаан станц төслийн техник, эдийн засгийн үндэслэл болон байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийж дууссан хэмээн Эрчим хүчний сайд Д.Зоригт хэлсэн бөгөөд энэ төслийг хэрэгжүүлэхэд 810 сая ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо гарсан ажээ. Гишүүд ийнхүү хэлэлцээд чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Үүний дараа “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төслийг хэлэлцэх үеэр гишүүд ноосны урамшууллыг малын ашиг шим, үйлдвэрллэг байдал, ноосны чанараас хамаарч 1000-2000 төгрөг байх заалтын талаар багагүй ярилцсан. Д.Ганхуяг, С.Дэмбэрэл нарын гишүүд малын ашиг шим, үйлдвэрллэг байдал гэснийг хасч, ноосны чанараас хамаарч гэсэн шаардлагыг үлдээн найруулах санал гаргасныг гишүүдийн олонх дэмжсэн. Дээрх төслийг хэлэлцэх үеэр зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд Д.Зоригт гишүүн тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Ийнхүү байнгын хорооны хуралдааны санал дүгнэлтийг чуулганы хүргүүлэх боллоо.