Чуулганыг зохион байгуулагч тал болох Япон Улсын Батлан хамгаалахын дэд сайд ноён М.Ниши дэд сайд А.Баттөрийг хүлээн авч уулзан, хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцлоо. Ноён М.Ниши Монгол Улсад зохион байгуулагдах “Khaan quest” олон улсын сургалт дадлагад Японы талаас анх удаа салааны бүрэлдэхүүн болон сургагч багш нарыг оролцуулах болсон нь хоёр улсын хамтын ажиллагааны нэгэн илрэл болохыг дурьдаад чадавхийг дээшлүүлэх ажлын хүрээнд цэргийн инженерийн болон эмнэлгийн чиглэлд хамтын ажиллагаа, харилцаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Мөн харилцан айлчлалуудаа цаашид улам тогтворжуулан үргэлжлүүлэх нь зүйтэй болохыг дурьдав.Дэд сайд А.Баттөр Монгол Улсын Зэвсэгт хүчнээс офицер, сонсогч нарыг Японы өөрийгөө хамгаалах хүчний цэргийн сургуулиудад сургаж буйд талархаж буйгаа илэрхийлээд Тавантолгой дахь энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийг түшиглэн хоёр талын хамтарсан энхийг дэмжих ажиллагааны болон гамшиг ослын үед хэрхэн ажиллах талаарх дадлага сургалтыг явуулах боломжтой болохыг дурьдсан. Мөн батлан хамгаалах салбарын чадавхийг дээшлүүлэх ажлын хүрээнд явагдаж буй үйл ажиллагааг улам эрчимжүүлэхэд харилцан анхаарч ажиллах нь зүйтэйг тэмдэглэсэн юм. Хоёр улсын цэргийн холбогдох байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж буй болохыг ч дурьдаад, тусгай хүчнүүдийн хамтарсан сургалт, дадлага явуулах боломжийг харилцан судлахыг санал болгов. Дэд сайд А.Баттөр үндсэн чуулганаас гадна чуулганд оролцохоор ирсэн бусад улсын төлөөлөгчидтэй хоёр талын уулзалтууд хийх ба сүүлийн өдөр Японы өөрийгөө хамгаалах хүчний зарим анги, салбарын үйл ажиллагаатай танилцана.
Дэд сайд А.Баттөр Япон улсад ажиллаж байна






















































