Мэргэжлийн дугуйн хамгийн нэр хүндтэй Гранд тур зэрэглэлийн нэг болох “Вуэльта Испаниа” уралдааны тамирчид замынхаа талаас илүүг туулаад байна.
Тэмцээний 15 дахь өдрийн гараа Испанийн умард нутгийн Рибера де Аррибагаас Ковадонга нуур хүртэлх 185.5 км-н зайд уулын замд явагдлаа. Тус гараанд Францын “Groupama-FDJ” багийн дугуйчин Т.Пино 5 цаг 1 мин 49 секундын амжилтаар тэргүүлж “Вуэльта Испаниа” уралдаанд анх удаагаа гарааны ялагч боллоо. Түүний араас “Astana” багийн М.Лопез болон “Mitchelto-Stott” багийн С.Йетес нар эхний гурван байранд орсон.
Тэмцээний 15 дахь гарааны дараах байдлаар Британи дугуйчин С.Йетес 64 цаг 13 мин 33 сек-н амжилтаар тэргүүлж байна. Түүний араас “Movistar” багийн А.Валверде +26 сек, мөн багийн Н.Кинтана +33 секундын алдагдалтай удаалж байна. Вуэльта Испаниа тэмцээн өнөөдөр амраад маргааш 16 дахь гараа 32.7 км-н зайд цагийн уралдаан явагдана.
Л.Сайнбаяр