
“Улаанбаатар групп" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ц.Батбаатар Монгол Улсаас Хонгконг дахь МҮХАҮТ-ын төлөөлөгчөөр ажиллахаар болсон байна. Энэ тухайгаа тэрбээр, “Миний ажил, амьдралын замналд нэгэн шинэ бөгөөд хариуцлагатай хуудас нээгдэж байна.
Монгол Улсаас Хонг Конг дахь Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчөөр ажиллах хүндтэй үүргийг хүлээн авч байгаадаа баяртай байна. Энэхүү үүргийн хүрээнд Монгол Улсын хөрөнгө оруулалтын боломж, бизнесийн орчныг олон улсын хөрөнгө оруулагчдад таниулах, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах, Монгол Улс болон Хонг Конгийн бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэн ажиллах болно.
Түүнчлэн хоёр талын бизнесийн харилцааг харилцан ашигтай, тогтвортой, урт хугацааны түншлэлийн зарчимд тулгуурлан хөгжүүлэх, Монголын аж ахуйн нэгжүүдийг олон улсын зах зээл, хөрөнгө оруулагчид болон бизнесийн шинэ боломжуудтай холбох гүүр болохыг зорьж байна. Энэхүү шинэ үүрэг хариуцлагаа нэр төртэй хэрэгжүүлж, Монгол Улсынхаа эдийн засаг, бизнесийн хөгжил болон олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх үйлсэд бодит хувь нэмэр оруулахын төлөө хичээн ажиллах болно. Монгол Улсын бизнес, хөрөнгө оруулалтын боломжийг дэлхийтэй холбох шинэ замнал ийнхүү эхэлж байна” гэжээ.
Л.Баяр


















































