Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт Дотрын алба үүсч хөгжсөний түүхт 60 жилийн ой энэ онд тохиож байна. Дотрын албаны 60 жилийн ойн баярын хуралд тус аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, ЗДТГ-ын дарга Б.Цэрэндаваа, ЗДТГ-ын НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг, ЭМГ-ын дарга С.Мөнхтуяа болон дотрын албанд ажиллаж байсан үе үеийн ахмадууд, одоо ажиллаж байгаа эмч, сувилагч, ажилчид оролцлоо.
Анх 1955 онд Эрүүл мэндийн яамны шийдвэрээр Төв аймгийн төвийн эмнэлгүүдийг аймгийн нэгдсэн эмнэлэг болгож орон тоог 50 болгон дотор, мэс засал, төрөх, хүүхэд гэсэн үндсэн дөрвөн мэргэжлийн тасгуудыг шинээр байгуулсан юм. Харин 1972 онд тус аймгийн нэгдсэн эмнэлэг одоогийн шинэ байранд орсноор дотрын мэргэшсэн алба 40 ортойгоор өргөжиж дотрын нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээний цар хүрээгээ тэлсэн байна.
Дотрын мэргэшсэн алба нь өнгөрсөн 60 жилийн хугацаанд 72 орчим мянган хүнд стационарын, 780 гаруй мянган хүнд амбулаторийн тусламж үйлчилгээг үзүүлжээ. Одоогийн байдлаар хөдөө орон нутаг сумдад аймгийн нэгдсэн эмнэлгийн амбулаторит дотор, зүрх судас, ахмадын, дуран, дотоод шүүрэл булчирхай, гемодиалез, хэт авиан кабинетуудад мэргэжлийн долоон эмч ажиллаж, хэвтүүлэн эмчлэх тасагт гурван эмч, нэг ахлах сувилагч, 10 ээлжийн сувилагч, дөрөв үйлчлэгчийн бүрэлдэхүүнтэй нэг жилд 12 орчим мянган хүнд тусламж үйлчилгээг үзүүлж, 100 гаруй удаа алсын болон төвийн дуудлагыг гүйцэтгэж байгаагаас гадна нүүдлийн амбулаториор хөдөөгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа юм.