Нийслэлийн иргэдийн хаврын улиралд зориулан “Мах сүүний анхдугаар аян”-ы хүрээнд бэлтгэсэн махыг худалдаалж эхэллээ.
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 212 дугаар тогтоолоор батлагдсан “Мах сүүний анхдугаар аян”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд махны үнийг тогтворжуулах зорилгоор гурван аж ахуйн нэгж хамтран хоёр тэрбум орчим төгрөгөөр 4000 тн мах бэлтгэжээ. Ингэхдээ долдугаар сар хүртэл хугацаанд нийслэлийн зургаан дүүргийн 145 дэлгүүрээр худалдаалахаар эхний ээлжинд 40 гаруй дэлгүүртэй гэрээ байгуулан борлуулж эхэлсэн байна. Нийт бэлтгэсэн махны 20 хувь нь үхэр, 50 орчим хувь нь хонь, 30 орчим хувь нь ямааны мах аж.
Тухайлбал, иргэд үхрийн мах нэг кг нь 7200 төгрөг, хонины махыг 6000 төгрөөөр, ямааны махыг 5500 төгрөгөөр тус тус худалдан авах боломжтой юм. Дээрх махыг гарал үүсэл нь тодорхой, малын өвчингүй тайван бүсээс эрүүл ахуйн шаардлагыг хангасан орчинд үйлдвэрийн аргаар бэлтгэсэн бөгөөд лабораторийн шинжилгээнд бүрэн хамрагдсан зориулалтын агуулахад хадгалж хэрэглэгчдийн гарт шууд нийлүүлэх тухай Улаанбаатар хотын менежер Т.Гантөмөр хэлж байна.
Мөн нийт бэлтгэсэн махны 30 хувь буюу 1200 тн-ыг энэ сард худалдаалах бол ирэх сард 50 хувь буюу 2000 тн-ыг, үлдсэн 20 хувийг зургадугаар сард борлуулахаар төлөвлөжээ.
Б.Лхам