
Удаан хугацааны турш ахимаг настнуудын хобби гэж тооцогдож ирсэн шувуу ажиглалт (birdwatching) өнөөдөр Z үеийнхний дунд хамгийн эрчимтэй өсөж буй сонирхлуудын нэг болжээ. Байгальтай ойртож, цахим орчноос хэсэгхэн ч болов холдохыг хүссэн залуус дуран барин цэцэрлэгт хүрээлэн, ой мод, голын эрэг рүү олноороо зорих болсон талаар CNN мэдээлжээ.
Их Британийн Шувуу хамгаалах нийгэмлэг (RSPB)-ийн захиалгаар хийсэн судалгаагаар 16-29 насны залуусын дунд шувуу ажиглах сонирхол 2018 оноос хойш 1088 хувиар өссөн байна. Өнөөдөр тус улсад бараг 750 мянган Gen Z тогтмол шувуу ажигладаг болсон нь энэ хоббиг үнэт эдлэл хийхийн дараах хамгийн хурдацтай өссөн сонирхол болгожээ. Мөн бүх насны ангиллыг хамруулбал шувуу ажиглагчдын тоо найман жилийн хугацаанд 47 хувиар нэмэгдсэн байна.
Судлаачдын үзэж буйгаар энэ өөрчлөлтийн цаана олон хүчин зүйл бий. Тухайлбал, TikTok, Instagram зэрэг сошиал платформ дээр шувуудын зураг, бичлэг, дуу авиаг хуваалцдаг контентууд түгээмэл болсон нь залуусын сонирхлыг татжээ. Мөн Merlin Bird ID зэрэг гар утасны аппликейшнээр шувууны дуугаар нь таних, ажиглалтаа бүртгэх боломжтой болсон нь хоббиг илүү хүртээмжтэй болгосон байна.

RSPB-ийн Залуучуудын зөвлөлийн гишүүн Жесс Пэйнтер "Шувуу ажиглах үед би өөр юу ч боддоггүй. Энэ бол өөртэйгөө болон байгальтайгаа дахин холбогдох тайван мөч" хэмээн ярьжээ. Түүний хэлснээр сошиал сүлжээ шувуу ажиглалтыг "өвөө, эмээ нарын хобби" гэх ойлголтоос гаргаж, илүү орчин үеийн, нээлттэй соёл болгон өөрчилсөн байна.
Эрүүл мэндийн мэргэжилтнүүд ч энэхүү чиг хандлагыг эерэгээр үнэлж байна. Байгальд алхах, шувуудын жиргээг сонсох нь стресс бууруулж, сэтгэл санааг тайвшруулан, аз жаргалтай холбоотой серотонин ялгаралтыг нэмэгдүүлэхэд тусалдаг гэж үздэг. Зарим судалгаагаар тогтмол шувуу ажиглах нь насжилттай холбоотой танин мэдэхүйн бууралтыг удаашруулахад ч эерэг нөлөөтэй байж болохыг дурджээ.
Гэхдээ энэ өсөлт байгаль хамгаалагчдын хувьд давхар сануулга болж байна. Шувуу ажиглагчдын тоо нэмэгдэж байгаа ч дэлхий даяар шувуудын амьдрах орчин хумигдаж, олон зүйл уур амьсгалын өөрчлөлт, бохирдол, амьдрах орчны доройтлоос шалтгаалан ховордож байна. Иймээс шинэ үеийн шувуу ажиглагчид зөвхөн байгальд зугаалах бус, шувуудын тоо толгойг бүртгэх, мэдээлэл цуглуулах замаар иргэний шинжлэх ухаанд хувь нэмэр оруулж, хамгааллын ажилд чухал үүрэг гүйцэтгэх боломжтой гэж мэргэжилтнүүд онцолжээ.



Л.Баяр






















































