Монголын хөнгөн атлетикийн үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, олон улсын хэмжээний мастер(ОУХМ) Б.Мөнхзаяа энэ оны хоёрдугаар сард Хонг Конгод болсон олон улсын тэмцээнд VI байрт шалгарсан юм. Ингэснээр тэрбээр 2019 оны ДАШТ, “Токио-2020” олимпын болзол хангасан билээ.
Тэгвэл Австраль Улсад энэ сарын 7-нд болсон “Алтан зам” ангиллын тэмцээнд урилгаар оролцож, дөрөвдүгээр байрт шалгарсан байна. Тэрбээр олимпын зай болох бүтэн марафон буюу 42 км зайд хоёр цаг, 29 минут, 18 секунд гүйжээ.
Хэдийгээр медаль хүртээгүй ч “Токио-2020”-д өрсөлдөх болзол дахин хангаж, улсынхаа дээд амжилтыг шинэчилсэн юм. Тус тэмцээнд Монголын таван тамирчин оролцсоноос ОУХМ Ц.Бямбажав XI байрт шалгарч, ДАШТ-д оролцох эрх авлаа.
Б.Мөнхзаяа нь Риогийн олимпод анх хурд сорихдоо 72 дугаар байрт шалгарсан бөгөөд 3, 5, 10, 21, 42 км гэсэн таван зайд Монгол Улсын дээд амжилтыг эзэмшдэг. Тэрбээр 2017 онд Тайванийн марафонд түрүүлэхдээ тус тэмцээнээс алтан медаль хүртсэн Монголын анхны, Азийн хоёр дахь тамирчин болсон юм.