Чөлөөт бөхийн 2019 оны өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 4-7-нд Казахстаны Нур-Султан хотод болж өндөрлөлөө. “Даулет” спорт цогцолборт болсон хөвгүүдийн 21, охидын 18 дахь удаагийн тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр хөвгүүдийн 45, 48, 51, 55, 60, 92, 110 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаан болов.
Нур-Султаны дэвжээнд манай хөвгүүдээс цорын ганц хүрэл медалийг "Ордос-2018" олон улсын “Монгол туургатан” хүүхдийн спортын наадмын хүрэл медальт, өсвөр үеийн улсын хошой аварга, Баянхонгор аймаг, “Хонгор нутаг” дэвжээний тамирчин Болдбаатарын Отгонбаатар 48 кг-ын жинд авчирлаа. Б.Отгонбаатар 1/4 шигшээд Кыргызстаны бөхийг оноогоор цэвэр (13:2) ялсан ч хагас шигшээд эзэн орны бөхөд оноогоор цэвэр ялагдсан. Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд БНСУ-ын бөхийг цэвэр дарж шагналын тавцанд зогсох эрхтэй боллоо.