Архангай аймгийн Цэнхэр суманд үйл ажиллагаа явуулж байсан 11 аж ахуйн нэгжийн 13 тусгай зөвшөөрлийг БОАЖ-ын сайдын 2019 оны наймдугаар сарын 20-ны өдрийн 01/5820 тоот албан бичгийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газраас цуцалсан билээ.
Үүнтэй холбогдуулан уул уурхайн үйл ажиллагаа явуулж байсан аж ахуй нэгжийн техник хэрэгслийг талбайгаас бүрэн чөлөөлж, хиймэл нуурыг сэтлэн урсгаж дууссан байна.
Мөн 21.5 га талбайд техникийн нөхөн сэргээлтийг уул уурхайн компаниуд өөрсдийн хөрөнгөөр хийж эхэлжээ. Түүнчлэн хууль бус гар аргаар алт олборлож байсан 30 гаруй өрхийг нүүх шаардлагыг тавьж, шаардлага биелүүлээгүй айлуудыг албадан нүүлгэн шилжүүлж, тусгай зөвшөөрөлгүй гурван дэлгүүрийн үйл ажиллагааг зогсоожээ.
Ташрамд дурдахад, тус сумын Орхон багт аймгийн ЗДТГ, аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Орхон-Чулуут голын сав газрын захиргаа зэрэг байгууллагаас дээрх газарт хүч нэмэгдүүлэн ажиллаж байгаа аж.