зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

2020 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

2019-11-08
0
ЖИРГЭХ

2020 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаан өчигдөрийн 14 цаг 12 минутад 63.2 хувийн ирцтэйгээр эхэлж, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 төсвийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. 

Төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн танилцууллаа. Улсын Их Хурлын даргын 2019 оны 217 дугаар захирамжаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай сангийн 2020 төсвийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэж, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулан, Улсын Их Хурлын нэр бүхий 23 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ. Ажлын хэсэг 3 удаа хуралдан, 2020 оны улсын төсвийн төсөлтэй холбогдуулан Үндэсний аудитын газар, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Улсын Их Хурлын Тамгын газрын Төсвийн шинжилгээний албанаас дүгнэлт, зөвлөмж, тооцоололтой танилцсан байна. Мөн төсвийн төслийн орлого, зарлагыг тооцсон үндэслэл, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний дэлгэрэнгүй судалгааг Сангийн яамнаас гаргуулж танилцжээ. 

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо болон ажлын хэсэгт Монгол Улсын 2020 оны төсвийн төсөлтэй холбоотой асуудлаар төрийн болон төрийн бус байгууллага, иргэдээс албан бичгээр ирүүлсэн саналыг нэгбүрчлэн судалж дараах шийдвэрийг гаргасан болохоо Д.Тогтохсүрэн гишүүн дурдав. Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн төсөлтэй холбоотой асуудлаар ажлын хэсэг төсвийн зарлага, хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх хүсэлт ирүүлсээр байгаа нь төсвийн төлөвлөлт буруу хийгдсэн, төсөл арга хэмжээг ач холбогдлоор нь эрэмбэлээгүй зэрэг учир дутагдалтай олон зүйл байна хэмээн үзэж, хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг эдийн засаг, нийгмийн ач холбогдлоор нь эрэмбэлэх, үр ашиггүй зарим зардлыг бууруулах замаар нэмэлт эх үүсвэр гаргаж нийслэл, орон нутагт тулгамдаад байгаа зарим асуудлыг шийдвэрлэх саналын томъёоллыг бэлтгэсэн байна. 

Төсвийн төслийн зарлага, санхүүжилтийг оновчтой, үр дүнтэй болгох үүднээс Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлд тооцсон орлого, зардлын хэмжээг нэмэгдүүлэхгүй байх зарчмыг баримтлан, өргөн мэдүүлсэн түвшинд нь тэвчиж болох зардлуудаа бууруулах замаар эдийн засаг, нийгмийн ач холбогдолтой  төсөл, хөтөлбөрүүдийн зардлын хэмжээнд өөрчлөлт оруулах нь зүйтэй хэмээн ажлын хэсэг үзжээ. Аймаг, сум, нийслэлд харилцан адилгүй төсөв төлөвлөгдсөнөөр хөгжлийн ялгаатай байдлыг даамжруулахаар байгаа тул зарим хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардлыг бууруулж, нэмэгдүүлэх саналыг боловсруулсан гэв. 

Сангийн сайдын багцын эргэж төлөгдөх зээлийг 98.7 тэрбум төгрөгөөр, Сангийн сайдын багцын гадаад зээл, тусламжаас санхүүжих зардлыг 100 тэрбум төгрөгөөр, улсын төсвөөс санхүүжих хөрөнгө оруулалтын зардлыг 111.084 сая төгрөгөөр, Эрүүл мэндийн сайдын төсвийн багцын “Эрүүл шүд хөтөлбөр”-ийн зардлыг 2019 оны түвшинд хэвээр хадгалж 5,3 тэрбум төгрөгөөр тус тус бууруулж, энэ дүнгээр бууруулсан эх үүсвэрээр 2020 онд дараах хөтөлбөр, төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн байна. 

Хавдрын эрт илрүүлгийг зохион байгуулахад зориулж, Эрүүл мэндийн сайдын төсвийн багцын тусгай зориулалтын шилжүүлгийн зардлыг 4 тэрбум төгрөгөөр, Хавдар судлалын үндэсний төвийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор Эрүүл мэндийн сайдын төсвийн багцын урсгал зардлыг 6.7 тэрбум төгрөгөөр, гамшгийн эрсдэлийг бууруулах, аюулгүйн нөөц бүрдүүлэхэд 2 тэрбум төгрөг, улаан буудайн үрийн нөөц бүрдүүлэх чиглэлд 5 тэрбум төгрөг тус тус нэмэгдүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн байна. 

Сангийн сайдын багцын моргейжийн хөтөлбөрийн санхүүжилтийн эх үүсвэрээс олгох зээлийг 60 тэрбум төгрөгөөр бууруулж, моргейжийн зээлийн хүүгийн татаасыг мөн дүнгээр нэмэгдүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн байна. Хууль тогтоомжоор хэрэгжүүлэх шаардлагатай зарим урсгал зардлыг үндэслэлгүй бууруулснаас үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсэх эрсдэл тулгарсан төсвийн зарим ерөнхийлөн захирагчийн багц дахь урсгал зардлыг өнгөрсөн оны түвшинд барьж, төсвийн зарим ерөнхийлөн захирагчийн урсгал зардлыг нийт 6.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх саналыг боловсруулсан байна. 

Ажлын хэсгээс жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, багийн хөгжлийн дэмжих, чадавхжуулах зорилгоор улсын төсвөөс ирэх онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 2.87 тэрбум төгрөг, Байгаль, орчин, уур амьсгалын санд 300 сая төгрөг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын төсвийн багцын урсгал зардлыг 950 сая төгрөг, үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд зориулж Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын төсвийн багцын дотоод эх үүсвэрээс олгох зээлийн санхүүжилтийг 400 сая төгрөгөөр тус тус нэмэгдүүлэх нь орлого багатай иргэдийн амьжиргааг дээшлүүлж, ажлын байр нэмэгдүүлэх, иргэдийг бодитой дэмжих зөв бодлого болно хэмээн үзсэн байна. 

Эдийн засаг, нийгмийн үр ашгийг харгалзан салбарын бодлоготой уялдуулан зайлшгүй тусгах шаардлагатай 1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 281 тэрбум 317.3 сая төгрөгийн 2019 онд санхүүжих дүнтэй төсөл арга хэмжээг төсвийн төсөлд шинээр тусгахаар шийдвэрлэсэн болохыг ажлын хэсгийн ахлагч танилцуулав.  

Мөн ажлын хэсгээс Монгол Улсын 2020 оны төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг сайжруулах зорилгоор ажлын дэд хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөр ахлуулан байгуулсан байна. Хуулийн төслүүдийн дутуу зүйл, заалтын уялдааг хангах, бусад хуультай нэр томъёог нийцүүлэх, заалтын агуулга утга санааг ойлгомжтой, энгийн болгох, хууль зүйн техникийн шаардлага хангах саналуудыг боловсруулсан байна. Түүнчлэн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн явцад гишүүдээс гаргасан саналуудыг нэгбүрчлэн судалж, зайлшгүй тусгах шаардлагатай төсөл, арга хэмжээний зардлыг ажлын хэсгийн саналд тусгасан тул бусад Байнгын хороо болон Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдааны үеэр гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллыг дэмжих шаардлагагүй хэмээн үзсэн талаар  Д.Тогтохсүрэн гишүүн танилцуулсан. 

Дараа нь Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, тус дэд хорооны дарга З.Нарантуяа танилцууллаа. Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 2020 онд 11,797.8 тэрбум төгрөг байхаар 2019 оны батлагдсан төсвөөс 2,121.4 тэрбум төгрөг буюу 21.9 хувиар, харин нэгдсэн төсвийн нийт зарлагыг 13,872.6 тэрбум төгрөгт хүргэж 2019 оны батлагдсан төсвөөс 2,283.5 тэрбум төгрөг буюу 19.7 хувиар тус тус нэмэгдэхээр төлөвлөснөөр төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2,074.7 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий 5.1 хувьтай тэнцэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагын дээд түвшинд тулган тооцоолжээ. Энэ нь 2019 оны 05 дугаар сард баталсан Монгол улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн 9 үндсэн үзүүлэлтээс 4 үзүүлэлтийг хангаж, 5-ыг нь хангахгүй байна. Тус үзүүлэлтүүдийг өөрчлөхөөр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төслийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн болохыг дурдсан юм. Нэгдсэн төсвийн зарлагын дээд хэмжээг 675.2 тэрбум төгрөгөөр, зарлагын өсөлтийг 675.2 тэрбум төгрөгөөр тус тус өсгөхөөр, үүний улмаас нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлыг 2,074.7 тэрбум байхаар тооцоолсон гэв. Зарлагын дээд хэмжээ өсөх болсон шалтгааныг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулиудад орсон өөрчлөлтийн дагуу тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх, агаар орчны бохирдлыг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэх, үнэ тарифын өсөлттэй уялдуулан орон нутагт үйл ажиллагаа явуулж буй төсөвт байгууллагуудын шатахуун, дулааны зардлыг санхүүжүүлэх, улсын гөсвийн хөрөнгө оруулалтаар эхлүүлсэн төслүүдийг бүрэн дуусгах, санхүүжилтээ бүрэн аваагүй төслүүдийн хураагдсан санхүүжилтийг өгөхтэй холбоотой гэж тайлбарлаж байгаа ба өссөн зарлагын зүйл, заалт бүрийг нягталж, тулгаж үзвэл Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулиудад орсон өөрчлөлтийг хэрэгжүүлэхтэй холбоотой нэмэлт санхүүжилт 127.5 тэрбум байх тооцоо байгаа хэдий ч энэ хууль 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан бөгөөд төсвийн хүрээний мэдэгдлийн суурь тооцоонд орж тооцоологдсон байна. Тиймээс энэ нь төсвийн хүрээний зарлагын үзүүлэлтүүдийн хуулиар батлагдсан хэмжээг нэмэгдүүлэх бодит хэрэгцээ биш байна.

Агаар орчныг бохирдлыг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэхэд өмнөх 2019 оны батлагдсан дүнгээс 41.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, үнэ тарифын өсөлттэй уялдуулан орон нутагт үйл ажиллагаа явуулж буй төсөвт байгууллагуудын шатахуун, дулааны зардлыг санхүүжүүлэхэд 148.1 тэрбум, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эхлүүлсэн төслүүдийг бүрэн дуусгах буюу 2010-2017 онд эхэлсэн 36 төсөл барга хэмжээнд 64.6 тэрбум, 2018 оны төсөвт батлагдаж хэрэгжиж эхэлсэн боловч санхүүжилтээ бүрэн аваагүй хураагдсан 3 төсөл арга хэмжээний санхүүжилтыг 1.3 тэрбум төгрөгөөр тооцоолж, төсвийн зарлагын дээд хэмжээг нэмэгдүүлэх гэж буйг дахин нягталж үзэх зайлшгуй шаардлага байна. Энэ талаар Үндэсний Аудитын газраас Монгол улсын 2020 оны төсвийн тухай хуулийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. 

Иймд Монгол Улсын төсвийг төслийг боловсруулахад орлогод суурилах бус зарлагыг нь дагуулж тооцоолдогоос төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалтай, Засгийн газрын өрийн хэмжээ дорвитой буурахгүй байгаагийн гол шалтгаан болж байгааг өөрчлилж, 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр баталсан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжихгүй байх нь зүйтэй гэж үзсэн байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь заалтад заасан “нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь тухайн төсвийн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас илүүгүй алдагдалтай, эсхүл ашигтай байх” гэсэн тусгай шаардлагыг өөрчилсөн 19 дүгээр зүйлийн 19.9 дэх хэсгийг хүчингүй болгох хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон Төсвийн байнгын хорооны гишүүдээс санаачилж, хэлэлцүүлэх саналыг оруулж буйгаа танилцууллаа. Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн төсөлд нэгдсэн төсвийн нийт зарлага 13,872.6 тэрбум төгрөгт хүрч 2019 оны батлагдсан төсвөөс 2,283.5 тэрбум төгрөг буюу 19.7 хувиар өсгөж байгаа бодит нөхцөл байдал, тооцооллыг авч үзвэл төрөөс үзүүлж буй үйлчилгээний зардлаа төр дийлэхгүйд хүрэх тооцооллыг З.Нарантуяа гишүүн танилцуулгадаа дурдсан. Мөн боловсролын салбарт үр дүн муутай, үрэлгэн хөрөнгө оруулалт хийгдэж байгааг шүүмжилсэн юм. Мөн төрийн халамж, тэтгэмжийн хэмжээ, түүнд хамруулах бодлогыг цэгцлэх шаардлагын талаар санал, дүгнэлтэд дурдсан байв. Улсын төсөв нь хөгжлийн бодлого, зорилтыг хангахад чиглэх ёстойг сануулж, дэлгэрэнгүй тайлбар танилцууллаа. Мөн төсөв, санхүү, орлогын дийлэнх хувийг бүрдүүлж буй салбаруудыг төсөв, сангийн бодлогоор илүүтэй дэмжих, бодит салбарыг удирдах, дэмжих арга механизмыг шинэчлэх шаардлагын талаар тэрбээр танилцуулж байв. Нийгмийн үйлчилгээ, төрийн удирдлагын салбарт орлого бүрдүүлэх боломж эрэлхийлэх, олсон орлогыг хэмнэх, хуримтлуулсны хэмжээгээр үр ашигтай зарцуулах механизмийг идэвжүүлэх нь зүйтэй хэмээн Төсвийн зарлагын хяналтын дэд хороо үзсэн байна. 

Монгол Улсын эдийн засаг, нийгмийн 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлтэй 2020 оны төсвийн төслийг харьцуулж үзэхэд макро эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэхээр заагдсан зорилт, арга хэмжээний 45.5 хувийг, бодит салбарын бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний 32.1 хувийг, бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний 18.2 хувийг, хүний хөгжлийг дэмжих нийгмийн бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний 13.5 хувийг, харин засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний 65.5 хувийг батлагдсан үндсэн чиглэлд нийцүүлээгүй эсхүл төсвийн төсөлд тусгаагүй байна гэв. Урт хугацаат дотоод бондын үндсэн төлбөр, гадаад төслийн зээлийн үндсэн төлбөрийн эх үүсвэр урсгал зардлыг бууруулах замаар бүрдүүлэх шаардлагатай гэжээ. Мөн макро эдийн засгийн тогтворгүй байдалд хүргэж буй нөхцлийг бууруулах шаардлагатай байгааг тус санал, дүгнэлтэд дурдсан юм. 

Үндэсний аудитын газар болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн зөвлөмжийн дагуу төсвийн зарлагыг 500 тэрбум төгрөгөөс 1.2 их наяд төгрөгөөр бууруулж, төсвийн алдагдлыг багасгах бүрэн боломж байгааг анхаарч ажиллах шаардлагатай гэв.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Ж.Эрдэнэбат, Н.Амарзаяа, Г.Тэмүүлэн, Б.Баттөмөр нар асуулт асууж, Улсын Их Хурлын даргын 2019 оны 217 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч, Сангийн сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд болон холбогдох албан тушаалтнуудаас тодруулга тайлбар авсан юм. Бэлчээрийн нутаг дэвсгэрийн хамгаалалтын талаар болон үнэгүйдээд байгаа малын гаралтай түүхий эдийн экспортын талаарх бодлого, арга хэмжээ, мал махны экспортын талаар асуусан. Эрдэм шинжилгээний байгууллагуудын хийсэн судалгаагаар нийт бэлчээрийн 1/3 буюу 38.4 сая га талбайд огтоно, зурам, үлий цагаан огтоны тархалт хэвийн хэмжээнээс хэтэрсэн гэдэг дүгнэлт гарчээ. Энэ нь бэлчээрийн даац болон нүүдлийн мал аж ахуй эрхлэхэд ихээхэн сөрөг нөлөө үзүүлж байгаа. Өмнөх жилүүдэд 1 тэрбум орчим төгрөгийн төсвөөр 600-800 мянган га талбайд хортон шавьж, огтоно, зурамны устгал хийдэг байсан байна. Засгийн газраас уг асуудалд онцгой анхаарал хандуулан, ирэх онд төсөв, хөрөнгийг нэмэгдүүлж 5 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг зарцуулахаар төсөлд тусгасан байгаа гэв. Энэ хөрөнгөөр 2-3 сая га талбайд хортон шавьж, огтоны устгал хийх тул цаана нь 30 гаруй сая га бэлчээрийн хамгаалалтын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болж буйг Ч.Улаан сайд хэллээ. Иймд менежментийг оновчтой болгох, мэрэгч устгах бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дотооддоо бий болгох шаардлага бий гэдгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд хэлж байв. Түүнчлэн малын гаралтай түүхий эдийн боловсруулалтын дотоодын зах зээлийн хэмжээг тодорхойлж, түүнийг биржээр дамжуулан зохион байгуулах, улмаар илүүдэл түүхий эдийг экспортлох бололцоог бүрдүүлэх нь зүйтэй хэмээн үзэж байгаа гэв. Цаашдаа түүхий эдийг хөдөө аж ахуйн биржээр дамжуулан, хяналттайгаар экспортод гаргах нөхцөлийг бүрдүүлнэ гэлээ. 

Энэ оны эхний 9 сарын байдлаар 30 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортлоод байгааг мөн танилцуулсан. Дулааны аргаар мах боловсруулах үйлдвэрүүд стандарт, техникийн нөхцөл батлагдахыг хүлээж байгаа бөгөөд холбогдох талууд үүнийг ойрын хугацаанд батлуулахаар ажиллаж байгааг салбарын сайд мэдээлсэн. Төв суурин газрын махны хангамжийг сайжруулах зорилгоор нөөц бүрдүүлэх ажлыг 10, 11 дүгээр зохион байгуулж байгаа талаар мөн дуулгав. Дотоодын хэрэгцээнээс давсан мал, махыг экспортлох арга хэмжээг авахаар төлөвлөөд байгаа аж. Өвөлжилтийн нөхцөл, бэлчээрийн даацаар энэ онд 67 сая толгой малыг өвөлжүүлэх бололцоотой, тиймээс 10 гаруй сая толгой малын илүүдэл үүсээд байгааг хэлсэн.

Сумын төвийн шинэчлэл хөтөлбөрийн талаар Н.Амарзаяа гишүүн тодруулга хүсэв. Төсвийн төсөл батлагдсаны дараа 4 бүсээс зураг төсөл нь бэлэн, ажил нь шууд эхлэх боломжтой 4 сумыг сонгож, 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын шийдвэрийг тухай бүр гарган сумын төвийг шинэчлэнэ хэмээн Сангийн сайд хариулт өглөө. Цаашид сумын төвийн шинэчлэлийг Монгол Улсын бүх суманд хийхээр төлөвлөөд байгаа аж. Зураг төслийн асуудлыг хэрхэх талаар судалж байгаа бөгөөд Орон нутгийн хөгжлийн сангаас зардлыг нь гарган, зураг төслийг бэлэн болгох нь оновчтой, үр ашигтай хэмээн үзэж байгаа гэв. Өөрөөр хэлбэл, орон нутгийн иргэдийн оролцоотойгоор зураг төсөл, төлөвлөлтөө хийх нь олон талын ач холбогдолтой гэдгийг тайлбарласан юм. Төвлөрлийг сааруулах, орон нутгийн хөгжлийг дэмжих бодит шаардлага байсаар атал төсвийн бодлого үүнээс зөрүүтэй байгааг Н.Амарзаяа гишүүн шүүмжилж байлаа. Хайгуулын лицензийн төлбөрийг 100 хувь, ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн 50 хувь, АМНАТ-ийн орлогын 10 хувийг орон нутагт шилжүүлэх, ингэснээр орон нутгийн хөрөнгийн бодит эх үүсвэр нэмэгдэх, улмаар аймаг, сумдын ИТХ бие даан орон нутгийн хөгжилд тулгамдаад буй асуудлуудаа өөрийн хөрөнгийн эх үүсвэрээр шийдвэрлэх нөхцөл бүрдэх ач холбогдолтойг тэрбээр хэлж байв. 

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт тайлбар авсны дараагаар ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэв. Зардал нэмэгдүүлэх саналыг, зардал бууруулах саналтай хамт гаргах саналууд, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний 2020 онд санхүүжих дүнд нөлөөлөхгүй зохицуулалт хийх саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Тухайлбал, Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж, үнэргүйжүүлэх төсөл, арга хэмжээний төсөвт өртөг болон 2020 онд санхүүжих дүнг тус тус 6,455.5 сая төгрөгөөр бууруулж, уг эх үүсвэрээр урд онуудад хэрэгжиж эхэлсэн нийт 7 төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхээр тооцож, Барилга, хот байгуулалтын сайдын багцад нэмж тусгах нь зүйтэй хэмээн гишүүд дэмжсэн. Ингээд Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. 

Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Газрын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Жолоочийн даатгалын тухай хуулийн зарим хэсэг заалт хүчингүй болсонд тооцох тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөнгөлөлттэй нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон зарим эхчүүд, эмэгтэйчүүдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төслүүд болон Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгээр хуралдаан үргэлжиллээ. Төслүүдийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул ажлын хэсгээс боловсруулсан найруулгын болон зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. 

Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

    Засгийн газраас 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэв. Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт асуух, зарчмын зөрүүтэй санал гаргах шаардлагагүй хэмээн үзсэн юм. Иймд ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлэлээ. 

Төслийн 1 дүгээр зүйлийн эдийн засгийн үндсэн үзүүлэлт дэх “Нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ /тэрбум төгрөг/ 2020 онд “3,678.9” гэснийг “3,806.1” гэж, “Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь “9.0” гэснийг “9.4”” гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь, төсөлд “2 дугаар зүйл. Энэ хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэсэн агуулгатай 2 дугаар зүйл нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 73.3 хувь нь дэмжсэн юм. Ийнхүү төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. 

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Дараа нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Агаарын тухай хуулийн зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай, Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Тариалангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ойн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

    Улсын Их Хурлын даргын 2019 оны 217 дугаар захирамжаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай сангийн 2020 төсвийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэж, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан болохыг Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн танилцуулав. Энэ ажлын хэсэг Монгол Улсын 2020 оны төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг сайжруулах зорилгоор ажлын дэд хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөр ахлуулан байгуулсан байна. 

Хуулийн төслүүдтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй тул ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй саналын томъёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэв. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн “Засгийн газрын тусгай сан, түүний төрөл” гэсэн 5 дугаар зүйлийн 5.3-т “5.3.5. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”, “5.3.19.Хөдөө аж ахуйг дэмжих сан” гэж нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Түүнчлэн төслийн “Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих сан” гэсэн 15 дугаар зүйлийг “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан” гэсэн 16 дугаар зүйл болгон өөрчилж, “16 дугаар зүйл.Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, 16.1. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих зориулалттай байна” хэмээн өөрчлөн найруулахыг гишүүдийн 80 хувь дэмжив.  Түүнчлэн “Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих сан” хэмээх төслийн 16 дугаар зүйлийн заалтуудыг өөрчлөхийг, төсөлд “Хөдөө аж ахуйг дэмжих сан” гэсэн 21 дүгээр зүйл нэмэхийг тус тус дэмжлээ. Мөн тусгай санг шинээр байгуулах, татан буулгахтай холбоотой зохицуулалтын талаарх ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй саналыг томъёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэв. Үргэлжлүүлэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх найруулгын саналууд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх найруулгын болон зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудар санал хураалт явуулан шийдвэрлэсэн. Ингээд энэ талаар Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгчийн Италид хийсэн айлчлалаас онцлох зүйлс
Ж.Золжаргал: Олон жил хамт байж, хэцүү үед нь түшсэн, одоо харин чадалтай үед нь саллаа
УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатууллаа
    2 цаг 40 мин
  • Гадаад валютын улсын нөөцийн хэмжээ 6.0 тэрбум ам.долларт буюу түүхэн дээд хэмжээнд хүрлээ
    2 цаг 56 мин
  • Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа
    3 цаг 1 мин
  • "Дубай 2025" боксын ДАШТ-д түрүүлсэн тамирчин "нэг тэрбум гаруй төгрөг" гардана
    5 цаг 41 мин
  • “Монгол ур чадвар-2025” үндэсний уралдааны хоёрдугаар шат эхэллээ
    6 цаг 47 мин
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс яндан, зуух хөөлөх ажлыг тогтмол хийж байна
    7 цаг 11 мин
  • Урт хугацаанд мөрийтэй тоглоом зохион байгуулж, мөнгө угаасан бүлэг этгээдийг тагнуулын байгууллага шалгаж байна
    8 цаг 9 мин
  • Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар "Тогтоолд нэмэлт оруулах тухай" төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
    9 цаг 3 мин
  • Нийслэлийн 15 дугаар сургуулийн 640 хүүхдийн суудалтай өргөтгөлийг ашиглалтад орууллаа
    10 цаг 34 мин
  • Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааг "Алтан гадас" одонгоор шагналаа
    10 цаг 46 мин
  • Ерөнхийлөгчийн Италид хийсэн айлчлалаас онцлох зүйлс
    10 цаг 53 мин
  • Монгол, Италийн харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдийг шагналаа
    11 цаг 3 мин
  • Ж.Золжаргал: Олон жил хамт байж, хэцүү үед нь түшсэн, одоо харин чадалтай үед нь саллаа
    11 цаг 11 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    11 цаг 16 мин
  • Бүгд Найрамдах Итали Улстай бүх талаар хамтран ажиллана
    11 цаг 19 мин
  • Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн
    11 цаг 31 мин
  • Өнөөдөр албан ёсоор эхлэх "Counter-Strike 2"-ын ДАШТ-ий тухай бид юуг мэдэх ёстой вэ?
    11 цаг 36 мин
  • HAPPY FAMILY – HAPPY DAY – HAPPY NEW YEAR
    12 цаг 1 мин
  • Алслагдсан сумдын эрүүл мэндийн төвүүдэд ургийн эмгэгийг эрт илрүүлэх зөөврийн хэт авиан болон зүрхний бичлэгийн аппаратыг хүлээлгэн өгөв
    Өчигдөр 17 цаг 33 мин
  • Нийслэлийн Байгаль орчны газрын барилгын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа
    Өчигдөр 16 цаг 32 мин
  • Сурагчдын өвлийн амралтын хуваарь
  • Их дуулгын гурван алттай Б.Гончигсүрэн гэж хэн бэ?
  • Монголд ирээд буй "Physical Asia" шоуны оролцогч Доминик Ди Томмасо гэж хэн бэ?
  • 24 БАРИМТ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал хийж буй ИТАЛИ
  • БӨХ: Улсын арслан Э.Оюунболд, Улсын заан Б.Пүрэвсайхан нар манлайлан барилдана
  • ҮР ДҮН: Итали Улстай Стратегийн түншлэл тогтоолоо
  • Ирэх онд Монголд айчлах Италийн ерөнхийлөгч Сэржо Маттарэлла гэж хэн бэ?
  • М.Өлзий-Орших: Дэк ахаасаа чин сэтгэлээсээ уучлал хүсэж байна
  • УИХ-ын ЕНБД-аар хоёр дахь удаагаа томилогдсон Л.Өлзийсайхан гэж хэн бэ?
  • “МИАТ“ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамирыг ажлаас нь чөлөөлөхийг Ерөнхий сайд чиглэл болгожээ
  • Танилц: Энэ сард болох бөхийн барилдааны хуваарь
  • Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн байна
  • Б.Идэр-Одын хэрэг хаагдаагүй, эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна
  • ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн: Нэн тэргүүнд хүнсний үйлдвэрлэл, хангамж, хүнсний аюулгүй байдалд анхаарч ажиллана
  • Б.Энх-Оргилтой "ONE Championship" холбооны аваргын төлөө тулалдах Фабрисио де Андраде гэж хэн бэ?
  • 12 дугаар сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн асуудалгүй амьдарч чадах нийгэмд хүн бүр амар амгалан, аюулгүй амьдарч чадна
  • ҮХЦ-ийн гишүүн Л.Өлзийсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна.
  • Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатууллаа
  • Layla: Монгол хэв маяг, уртын дуугаа орчин үеийн хэмнэлтэй хольж “Салхи” дуундаа шингээсэн
  • Сурагчдын өвлийн амралтын хуваарь
  • Монголд ирээд буй "Physical Asia" шоуны оролцогч Доминик Ди Томмасо гэж хэн бэ?
  • Их дуулгын гурван алттай Б.Гончигсүрэн гэж хэн бэ?
  • Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн байна
  • 24 БАРИМТ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал хийж буй ИТАЛИ
  • Б.Идэр-Одын хэрэг хаагдаагүй, эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна
  • ҮХЦ-ийн гишүүн Л.Өлзийсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна.
  • УИХ-ын ЕНБД-аар хоёр дахь удаагаа томилогдсон Л.Өлзийсайхан гэж хэн бэ?
  • С.Баяр: Оюутолгойн сонсголд би очихгүй
  • Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн асуудалгүй амьдарч чадах нийгэмд хүн бүр амар амгалан, аюулгүй амьдарч чадна
  • З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн шүүх хурал товлогджээ
  • " ДЦС IV” компани 1.8 тэрбум төгрөгийн алдагдал гаргасан” гэдэг нь ташаа мэдээлэл байжээ
  • Ирэх онд Монголд айчлах Италийн ерөнхийлөгч Сэржо Маттарэлла гэж хэн бэ?
  • Урт хугацаанд мөрийтэй тоглоом зохион байгуулж, мөнгө угаасан бүлэг этгээдийг тагнуулын байгууллага шалгаж байна
  • Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатууллаа
  • Х.Нямбаатар: Улаанбаатар метро төслийн бүтээн байгуулалтыг 2026 онд эхлүүлнэ
  • Абу Даби: Өнөөдөр зодоглох Монголын жүдочид
  • М.Өлзий-Орших: Дэк ахаасаа чин сэтгэлээсээ уучлал хүсэж байна
  • МУГТ Л.Энхрийлэн их дуулгаас мөнгөн медаль хүртлээ
  • Х.Булгантуяа: Хүүхэдтэй айлд архидаж дараа нь хүүхэд хүчирхийлэлд өртвөл хамт архидан согтуурсан этгээд зөрчлийн хуулиар хариуцлага хүлээнэ
24 баримт
  • Өнөөдөр албан ёсоор эхлэх "Counter-Strike 2"-ын ДАШТ-ий тухай бид юуг мэдэх ёстой вэ?
  • Н.Учрал: Хөгжлийн бэрхшээлтэй иргэн асуудалгүй амьдарч чадах нийгэмд хүн бүр амар амгалан, аюулгүй амьдарч чадна
  • Б.Энх-Оргилтой "ONE Championship" холбооны аваргын төлөө тулалдах Фабрисио де Андраде гэж хэн бэ?
  • ҮР ДҮН: Итали Улстай Стратегийн түншлэл тогтоолоо
  • Ирэх онд Монголд айчлах Италийн ерөнхийлөгч Сэржо Маттарэлла гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК