Шинэ төрлийн коронавирусний халдварын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.
Эмнэлгийн тусламжийн гарзрын дарга Я.Буянжаргал “Нийт 3883 хүн хяналтад орсноос 2534 иргэн байна. Эдгээр иргэдтэй 330 эмнэлгийн ажилтан эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Мөн бусад эмч мэргэжилтэн, жолооч, тогооч зэрэг ажиллаж байна. Гал тэргэнд 11-19 эмч мэргэжилтнүүд тусламж үйлчилгээ үзүүлж байгаа. Тусгаарлан хамгаалалтад байгаа жирэмсэн болон сэтгэлзүйн засал авах ёстой иргэдэд сэтгэл заслын үйлчилгээ үзүүлж байна" гэлээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Энэ сарын 27-нд Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан таван тохиолдолд халдвар илрээгүй. Мөн өдөр хийсэн нийт 32 хүний шинжилгээ сөрөг гарлаа. Одоогийн байдлаар ХӨСҮТ-д 220 хүн сэжигтэй тохиолдлоор хянагдаж байна. Мөн сайхан мэдээ дуулгахад Дархан-Уул аймагт коронавирусийг илрүүлэх шинжилгээний багажтай боллоо. Ингэснээр хойд аймгуудын шинжилгээг хийх боломжтой болно. Өөрөөр хэлбэл, нийт дөрвөн аймагт халдвар илрүүлэх багажтай болсон. Сорьцыг заавал ХӨСҮТ-д хүргүүлэхгүйгээр тухайн орон нутагт шинжлэх нь цаг алдахгүй арга хэмжээ авах давуу талтай" гэлээ.
А.Сүх