Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны наймдугаар сарын 20-нд болж, хөдөө аж ахуйн салбарын 2025–2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах чиглэлээр хэд хэдэн шийдвэрийг гаргалаа.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн хэмжээг баталж, өвөл, хаврыг хүндрэл багатай даван туулах урьдчилан сэргийлэх болон хариу арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр болов.
Түүнчлэн улсын хэмжээнд улаанбуудай, төмс, хүнсний ногоо, тэжээлийн хэрэгцээ, хангамжид үндэслэн гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний экспорт, импортын зохистой харьцааг хангах зохион байгуулалтын арга хэмжээг авахыг үүрэг болголоо.
Энэ хүрээнд мал, махыг эдийн засгийн эргэлтэд оруулах, махны экспортыг нэмэгдүүлэхийн тулд үндэсний үйлдвэрүүд болон холбогдох төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахаар шийдвэрлэлээ.
Мөн отроор яваа малчдад харьяалал үл харгалзан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, малчин өрхийн хүүхдүүдийг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хамруулах, дотуур байраар хангах асуудлыг шийдвэрлэн зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлэхийг холбогдох байгууллагуудад даалгав.