Өчигдөр эрэгтэйчүүдийн хоол хийх өдөр тохиосон. Тэгвэл өнөөдөр тэднийгээ баярлуулан хариу амтат хоол хийж өгөөрэй.
Амтат wrap

Тус хоол нь Мексик гаралтай бөгөөд үндсэндээ тортилла гуриландаа орцоо боож идэх уламжлалаас үүдэлтэй. Хөнгөн бөгөөд тэжээллэг энэ хоол нь яарч буй хүмүүст төгс тохирохоос гадна хүссэн орцоо сонгон өөрчилж болох давуу талтай.
Орц найрлага:
- Сонгино – 1ш
- Улаан чинжүү – 1ш
- Үхрийн мах – 200гр
- Улаан лооль – 1ш
- Хар перц амталгаагаар
- Халепино – 10гр
- Моцарелла болон чиддар бяслаг идэх хэмжээгээрээ
- Цагаан сүмс – 10гр
- Тортилла гурил – 10ш
Хийх арга:
Алхам 1
Эхлээд орцонд байгаа бүх ногоонуудаа дөрвөлжин жижиг хэлбэртэй хэрчинэ.
Алхам 2
Хайруулын тавганд тос халааж байгаад хэрчсэн бүх ногоонуудаа хуурна. Ногоонууд дээрээ татсан махаа нэмж хуурна. Мөн амтлагч, улаан лооль, халепино хийгээд зөөлөн гал дээр болгоно.
Алхам 3
Тортилла гурилан дээрээ бяслагуудаа тавиад бэлэн болсон бэлдцээ мөн нэмж тавьж ороогоод хайруулын тавганд 2 талаас нь бор шаргал болтол шараад бэлэн болно.
Дэлгэмэл бууз

Үхрийн шүүрхий мах, амттай хайлуулсан бяслаг, сонгино, чинжүүг хооронд нь хослуулж, гадуур нь шаржигнасан гурилтай жигнэнэ.
Хөнгөн зууш эсвэл баярын ширээнд тохирох энэхүү хоол нь аманд ороод л хайлж, өвөрмөц амт мэдрүүлнэ.
Орц найрлага:
- Татсан мах /өөрийн хүссэн аль ч төрлийн мах байж болно/
- Сонгино
- Гурил
- Оливийн тос
- Бяслаг
- Дарсан огурцы
- Сармис
- Давс
- Хар перц
- Майонез
- Гүнждийн үр
Хийх арга:
Алхам 1
Эхлээд шанзаа бэлдэхдээ татсан махан дээрээ жижиглэж хэрчсэн сонгино, сармис, давс, хар перц хийгээд сайтар хутгана. Хайруулын тавганд оливийн тос хийж халаагаад хуурна.
Алхам 2
Cupcake-ний хэвээ сайтар тосолж байгаад дээрээс нь татсан махаа тааруулж хийгээд бяслаг нэмж шарах шүүгээнд 180 градуст 20 минут болгоно.
Алхам 3
Бэлэн болсон дэлгэмэл бууз дээрээ дарсан огурцы, гүнждийн үрээ цацаад бэлэн болно.
Байцаатай,соустай тахиа

Та бүхэндээ байцаатай, гоё соустай тахианы жорыг хүргэж байна. Амралт зугаалгын үеэр гэр бүл, найз нөхөддөө ч хийж өгөх боломжтой. Орцны тухайд харьцангуй энгийн буюу манай улсад ихээр байдаг бүтээгдэхүүнүүд тул танд хялбар байх болов уу. Ингээд хоолныхоо жортой танилцъя.
Орц, найрлага:
- Тахианы цул мах – 500гр
- Соё соус
- Мисо
- Сармис
- Элсэн чихэр
- Майонез
- Байцаа
- Давс
- Перц
- Сармисны нунтаг
Хийх арга:
Алхам 1
Эхлээд тахианы цул махаа шоо дөрвөлжин хэлбэртэй хэрчиж бэлдэнэ. Тахианы махаа амтлахдаа давс, перц, сармисны нунтаг хийнэ. Хайруулын таваг дээр бор шаргал болтол нь шарна.
Алхам 2
Соус бэлтгэхдээ соё соус, мисо, чихэрлэг чили соус, сармис, элсэн чихэр, майонезаа холиод сайтар хутгана.
Алхам 3
Тахианы махаа хэрчиж бэлдсэн байцаатай хуурч байгаад дээрээс нь соусаа нэмээд зөөлөн гал дээр буцалгаж бэлэн болно.
Чили соустай үхрийн махан хуурга

Та бидний өдөр тутмын хоолонд өргөн хэрэглэгддэг түгээмэл орцуудыг ашиглан хийж болох нэгэн хоол бол яах аргагүй үхрийн махан хуурга билээ. Тэгвэл уг хоолыг хэрхэн амтлаж хийдэг жорыг хүргэж байна.
Орц найрлага:
- Үхрийн мах – 250гр
- Сонгино – 1ш
- Сармис – 5 хумс
- Масло
- Соё соус
- Зөгийн бал
- Элсэн чихэр
- Халуун чинжүү
- Базилик
- Цагаан будаа
Хийх арга:
Алхам 1
Эхлээд сонгино, сармис маслонд хуураад дээрээс нь үхрийн мах нэмж хуурна.
Алхам 2
Махаа хуурч байхдаа чихэрлэг чили соус, соё соус, зөгийн бал, элсэн чихрээ нэмж амтална.
Алхам 3
Дээрээс нь халуун чинжүү, базилик нэмээд бэлэн болно.
Шарсан кембаб

Солонгост алдартай амттай бөгөөд хийж идэхэд хялбар гурвалжин шарсан кимбабны жор.
Орц, найрлага:
- Туна
- Ногоон сонгино
- Майонез
- Цагаан будаа
- Далайн байцаа
Хийх арга:
Алхам 1
Эхлээд тунагаа жижиглэн татаж хэрчинэ.
Алхам 2
Хэрчсэн туна дээрээ майонез, чихэрлэг соус, ногоон сонгино хийж сайтар хутгана.
Алхам 3
Гурвалжин хэвэнд будаа хийж дунд нь завсар гаргаж байгаад амталсан тунагаа хийгээд дээрээс нь будаа нэмж хэвэнд оруулна. Гурвалжин хэлбэрт орсон будаагаа хоёр талаар нь хайруулын тавганд шарна. Гаргаж далайн байцаагаар ороогоод бэлэн болно.




















































