
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглалттай холбоотой тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх, зөрчлийг арилгах чиглэлээр ажиллах АЛБАН ДААЛГАВАР гаргаж, хамгаалалтын захиргаадад хүргүүлсэн байна.
Албан даалгаварт тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгжийн баримт бичиг, гэрээ, бүртгэлийг хянан шалгаж, зөрчил илэрсэн тохиолдолд иргэн, аж ахуй нэгжүүдэд 21 хоногийн хугацаа олгон зөрчлөө арилгуулах арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр тусгажээ.
Мөн газар ашиглах эрх сунгах, өөрчлөх, цуцлахтай холбоотой асуудлыг иргэд, аж ахуйн нэгжид чирэгдэлгүй, шуурхай шийдвэрлэх, төлбөр, тооцооны зөрүү, үлдэгдлийг арилгуулах чиглэлд яам шуурхай арга хэмжээ авч ажиллахаар боллоо.
Тодруулбал,
- Газар ашиглалтын зөрчилтэй, хугацаа хэтэрсэн асуудлыг ангилан ялгаж, холбогдох арга хэмжээ авах, цаашид авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулан танилцуулах,
- Газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгжийн төлбөр тооцоо, тайлан, хувийн хэрэг бүрдүүлэлтийг бүрэн барагдуулах,
- Цаасан суурьтай хүсэлт хүлээн авч, иргэд, аж ахуйн нэгжүүдэд чирэгдэл учруулахгүй байх,
- Эрх зүйн шаардлага хангаж буй хүсэлтийг саадгүй, богино хугацаанд шийдвэрлэх ажлыг шат дараатай хэрэгжүүлэх,
Цаашид тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаад тусгай хамгаалалттай газар нутгийн бүртгэлийн цахим системийг тогтмол ашиглаж, иргэдийн гомдол, хүсэлтийг цаг алдалгүй шийдвэрлэх, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, нөхөн сэргээлт хийлгэх ажлыг эрчимжүүлэх юм.























































