Ардчилсан Нам ардчиллын үнэт зүйлийн талаарх ойлголтыг бататгаж, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Democracy tour” буюу Үндэсний эрх чөлөөний аяллыг цувралаар зохион байгуулж эхэллээ.

Энэхүү анхдугаар аялалд Монголын их, дээд сургуулийн 40 гаруй оюутан, залуус оролцож, Богд хааны ордон музей, Гандантэгчэнлин хийд, С.Зоригийн хөшөө, МУИС-ийн Дугуй танхим, Жамбын Батмөнхийн хөшөө, Хэлмэгдэгсдийн хөшөө, Төрийн ордныг дамжин, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнол, эргэлтийн үеүүд болон Монголын нийгэмд түүхэн үүрэг гүйцэтгэсэн эрхмүүдийн талаар ярилцав.

Ардчилсан Намын дарга, УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Морин жилд монголчууд олон шинэчлэлт, эргэлтийг хийсэн байдаг. Ардчиллын нэг үнэ цэн нь үндэсний бахархал, үүх түүхээ нүүр бардам сурталчилж, тэмдэглэн өнгөрүүлж чадаж буй эрх чөлөө юм. Цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалаар бид Эзэн Богд Чингис хааны тухай түүхээ үнэнээр нь ярьж, тэмдэглэх эрх чөлөөг олж авсан. Социалист нийгэмд энэ хаалттай байсан” гэж онцоллоо.

Тус аяллын зочин илтгэгчээр Монгол Улсын төрийн соёрхолт, түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайхан, Жавзандамба хутагт төвийн багш, гавж Д.Нямсамбуу, МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн багш Г.Баттогтох, Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг Э.Бат-Үүл, Тэргүүн шадар сайд асан Да.Ганболд, Оксфордын их сургуулийн хүмүүний газарзүйн чиглэлийн докторант Г.Мөнх-Эрдэнэ, Ардчилсан Намын даргын зөвлөх З.Энхмөнх, “Глобал Удирдагч” их сургуулийн үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгч Б.Отгонбат нар оролцлоо.
Аялал нь залууст ардчилал, эрх, эрх чөлөөний үнэ цэнэ, үндэсний түүхээ мэдэж, бахархах боломжийг олгож байгаа юм. Ардчилсан Нам энэхүү цуврал арга хэмжээгээр ирэх саруудад ч үргэлжлүүлэн, улс орон даяар зохион байгуулахаар төлөвлөжээ.
























































