
Канад Улсын Торонто хотноо Канадын Хайгуулчид ба Хөгжүүлэгчдийн Холбоо (PDAC)-оос зохион байгуулж буй “PDAC 2026” - Эрдэс баялгийн хайгуул, олборлолтын олон улсын 94 дэх удаагийн чуулга уулзалт 2026 оны 3 дугаар сарын 1-нд албан ёсоор нээлтээ хийлээ. Дэлхийн уул уурхайн салбарын хамгийн нэр хүндтэй арга хэмжээнд Монгол Улсаас Улсын Их Хурал, Засгийн газар, хувийн хэвшлийн өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид оролцож байна.
1932 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж ирсэн “PDAC” чуулга уулзалт нь дэлхийн 125 гаруй улсаас 27,000 гаруй оролцогч, хөрөнгө оруулагчид, салбарын удирдлагуудыг нэгтгэдэг олон улсын хэмжээний томоохон индэр юм. Энэ жилийн чуулганд 1,300 гаруй үзэсгэлэн гаргагч, 700 орчим илтгэгч оролцож, эрдэс баялгийн салбарын хөгжлийн чиг хандлага, бодлогын асуудлуудыг хэлэлцэж байна.
“PDAC 2026”-ын агуулга, ач холбогдол нь улам баяжиж, уул уурхайн салбарын стратегийн ач холбогдол бүхий асуудлуудад төвлөрсөн, практик ба шийдэлд чиглэсэн хэлэлцүүлгээрээ онцлог болж байна. Тухайлбал, критикал минералын нийлүүлэлтийн аюулгүй байдал, хиймэл оюун ухаан болон дижитал технологийн бодит нэвтрүүлэлт, байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ)-ын зарчмыг хэрэгжилтийн түвшинд бэхжүүлэх, мөн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн шинэ хандлага, урт хугацааны стратегийн түншлэлийн асуудлуудыг голлон авч үзэж байна.
Монгол Улсын оролцоо нь салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтын боломжийг нэмэгдүүлэх, олон улсын шилдэг туршлага, чиг хандлагатай танилцахад чухал ач холбогдолтой юм.
PDAC-2026: МОНГОЛЫН ҮЗЭСГЭЛЭНГИЙН ТАЛБАЙ НЭЭГДЛЭЭ
Эрдэс баялгийн хайгуул, олборлолтын олон улсын чуулга уулзалт “PDAC-2026” -ын үзэсгэлэнгийн хэсэгт Монгол Улсын үзэсгэлэнгийн талбайн нээлт боллоо. Тус үзэсгэлэнгийн талбайд уул уурхайн салбарын тэргүүлэх аж ахуйн нэгжүүд оролцож, үйл ажиллагаа, төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтын боломжоо олон улсын оролцогчид, хөрөнгө оруулагчдад танилцуулж байна.
“PDAC-2026” чуулга уулзалтын үзэсгэлэнгийн хэсэгт 1300 гаруй байгууллага, компани оролцож, эрдэс баялаг, хайгуул, тоног төхөөрөмж, технологи, хөрөнгө оруулалтын танилцуулгаа хийж байгаагийн нэг нь манай улс болж байгаа юм.
Монголын үзэсгэлэнгийн талбай нь эрдэс баялгийн салбарын хөгжлийн бодлого, хэрэгжүүлж буй томоохон төслүүд, хамтын ажиллагааны боломжийг дэлхийн уул уурхайн салбарын төлөөлөгчдөд хүргэх, бизнесийн шинэ харилцаа холбоо тогтоох чухал платформ болон хөгжиж байна
PDAC-2026: “МОНГОЛЫН ӨДӨР ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Канад Улсын Торонто хотноо болж буй PDAC-2026 олон улсын чуулга уулзалтын хүрээнд АҮЭБЯ, МУУҮА, Канад Монголын худалдааны танхим хамтран Монгол Улсын уул уурхайн салбарын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтын боломжийг нэмэгдүүлэх, стратегийн төслүүдийг сурталчлах “Mongolia Day 2026” арга хэмжээг зохион байгууллаа.
Арга хэмжээг Монголын уул уурхайн ассоциацийн Зөвлөлийн дарга Г.Батцэнгэл, Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Сарантогос нар нээж үг хэлсэн бол АҮЭБ-ын сайд Г.Дамдинням Монгол Улсын эрдэс баялгийн салбарын бодлого, эрх зүйн орчны шинэчлэл, хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар үндсэн илтгэл танилцуулав.
Мөн “Азийн Батерей Металс” ХК, “Эрдэнэ Монгол” ХХК, “Эрдэнэ Ресурс девелопмент” ХК-аас Монгол дахь төслүүд, хайгуул болон төслийн хөгжүүлэлтийн явц, стратегийн зорилтуудаа танилцууллаа.
“Mongolia Day 2026” арга хэмжээний дараагийн хэсэгт “Яагаад Монголд хөрөнгө оруулах вэ? Уул уурхайн хөрөнгө оруулалтын найдвартай, хариуцлагатай, түнш” сэдвийн хүрээнд панел хэлэлцүүлэг өрнүүлж, Монгол, Канадын төр, хувийн хэвшил, геологийн салбарын төлөөлөгчид оролцон Монгол Улсын уул уурхайн салбарын өрсөлдөх чадвар, хөрөнгө оруулалтын орчин, олон улсын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
Тус арга хэмжээг зохион байгуулахад “Эрдэнэс Монгол” ХХК, “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Энержи Ресурс” ХХК, “Оюу Толгой” ХХК, “Азийн Батерей Металс” ХК зэрэг байгууллагууд дэмжлэг үзүүлэн ажиллав.

























































