
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2025.12.15/-ийн хуралдаанаар дараах 2 асуудлыг хэлэлцлээ.
1. Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах, төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэлийн танилцуулга;
Дээрх үндсэн чиглэлийн төсөлд агаарын тээвэр, эрчим хүч, санхүү, уул уурхай, даатгал болон худалдааны зарим чиглэлийн 18 төрийн өмчит компани, үйлдвэрийн газрын төрийн мэдлийн 10-66 хүртэлх хувийн хувьцааг нийтэд хөрөнгийн биржээр дамжуулан санал болгон худалдаж, нээлттэй хувьцаат компани болгох, 8 төрийн өмчит компанийн хувьцааг бүхэлд нь худалдах, 7 төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудыг нэгтгэх, нийлүүлэх, бүтцийн өөрчлөлт хийх саналыг тусгасан байна. Дээрх саналын хүрээнд 100 хувь төрийн өмчит компани, үйлдвэрийн газрын тоо 39 болж 47 хувиар буурах, нээлттэй хувьцаат компанийн тоо 23 болж 383 хувиар нэмэгдэх, төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын нийт тоог 19-өөр буюу 18.8 хувиар бууруулж, 82 болгохоор тооцсон байна.

2. Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төсөл;
Манай улс 2024 онд нийт дүнгээрээ 176 улсаас 60.6 оноотойгоор 76 дугаар байрт эрэмбэлэгдэж, V түвшинд байна. Үүнээс үзэхэд иргэдийн эд хөрөнгө өмчлөх, эзэмших эрх чөлөөг хангах, төрийн албаны авлигатай тэмцэх, бизнесийн үйл ажиллагаанд аливаа төрөөс тавьсан хязгаарлалтыг бууруулах, хөрөнгө оруулалтын эрсдэлийг багасгах шаардлагатай байгааг хуулийн төсөл боловсруулагчид онцоллоо.



















































