
АНУ болон Израилын цэргийн ажиллагааны улмаас Иранд 1,300 гаруй иргэн амиа алдсан бөгөөд ойролцоогоор 9,669 иргэний объект устсан гэж Ираны НҮБ‑д суух Элчин сайд Амир Саейд Иравани даваа гарагт мэдэгдэв.
Тэрбээр хэвлэлийнхэнд өгсөн мэдэгдэлдээ устсан объектуудын дотор 7,943 орон сууц, 1,617 худалдаа, үйлчилгээний төв, 32 эмнэлэг, 65 сургууль, 13 Улаан Загалмайн байгууллага болон хэд хэдэн эрчим хүчний байгууламж багтсан хэмээн тодруулсан байна. Иравани хэлэхдээ, “АНУ ба Израиль санаатайгаар иргэд болон иргэний байгууламжийг сүйтгэж, олон улсын хууль тогтоомжийг үл тоож байна” гэжээ.
Пентагоны мэдээллээр, тус ажиллагааны үеэр 140 орчим АНУ-ын цэргийн албан хаагч гэмтэж, найм нь хүнд гэмтсэн байна. Одоогоор Кувейт, Саудын Арабт АНУ-ын долоон албан хаагч нас барсан гэж мэдээлжээ.

Өнөөдөр Канадын Торонто хотод АНУ-ын консул дээр буудлага гарч, цагдаагийн байгууллага хоёр сэжигтнийг хайж байгаа бөгөөд гэмтэж бэртсэн хүн гараагүй байна. Мөрдөн байцаалтын шалтгаан тодорхой болоогүй байгаа аж.
Мөн Ираны Гадаад хэргийн сайд Сейед Аббас Арагчи АНУ, Израилын довтолгооны эсрэг хариу цохилтуудаа шаардлагатай хугацаанд үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн бөгөөд “Тэд зөвхөн орон сууц, эмнэлэг, сургууль, дэд бүтэц рүү чиглэсэн хийсвэр довтолгоо хийж байна. Энэ бол маш аюултай алхам” гэж онцолсон байна.

























































