
Ираны Спорт, залуучуудын сайд Ахмад Донямали тус улсын эрэгтэй хөлбөмбөгийн шигшээ баг 2026 оны ДАШТ-д оролцох боломжгүй гэж мэдэгдэв.
Тэрбээр мягмар гарагт "IRIB Sports Network"-д өгсөн ярилцлагадаа, “Авлигад идэгдсэн АНУ-ын засаг захиргаа манай удирдагчийг хөнөөсөн. Бидэнд ДАШТ-д оролцох нөхцөл байхгүй. Манай хөвгүүд аюулгүй биш. Хэдэн мянган хүн маань алагдсан. Тиймээс бидэнд ДАШТ-д оролцох боломж алга" гэжээ.
Удахгүй эхлэх хөлбөмбөгийн ДАШТ-ийг АНУ, Канад, Мексик улсууд хамтран зохион байгуулж буй. Энэ зуур "АНУ тэмцээнд шалгарсан багуудынхаа нэгийг бөмбөгдөж байгаа нь урьд өмнө байгаагүй нөхцөл байдал" гэж ажиглагчид үзэж байна. Түүнчлэн "АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ираны шигшээ багийг АНУ-д тоглоход таатай байх болно" гэж ФИФА мэдэгдсэн.
Иранчууд дөрөв дэх удаагаа дараалан ДАШТ-д өрсөлдөх юм. Хэрэв тэд тэмцээнээс гарвал ФИФА-гийн журмын дагуу шийдэгдэнэ. Тодруулбал, ямарваа нэг баг тэмцээнийг өөрсдийн хүслээр орхиж байгаа бол тэднийг орлох өөр багийг сонгох болно. Гэвч одоогоор ямар баг байх нь тодорхой биш байгаа юм.
Хамгийн магадлалтай нь энэ сард болох плей-оффын тоглолтоор шалгарч магадгүй Азийн төлөөлөл Ирак эсвэл плей-оффын шатанд шалгарч чадаагүй АНЭУ-ын баг байна.
Л.Баяр























































