
Засгийн газрын ээлжит хуралдаан дуусаж, хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар холбогдох сайд нар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ, Д.Энхтүвшин нар оролцож мэдээлэл өглөө.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Д.Энхтүвшин: “Израйль, Иран, АНУ-тай холбоотой геополитикийн нөхцөл байдлын улмаас дэлхийн зах зээл дээр газрын тосны бүтээгдэхүүний үнэ тогтворгүй байна. Тухайлбал, энэ оны гуравдугаар сарын 1-нд нэг баррель газрын тос 70 ам.доллар байсан бол өнөөдрийн байдлаар 104 ам.долларт хүрээд байна.
Өнөөдрийн байдлаар Монгол Улс дизель түлшний 27 хоногийн нөөцтэй байна. АИ-92 шатахууны 40 хоногийн буюу 85 мянган тонн, АИ-95 шатахууны 72 хоногийн буюу 6.4 мянган тонн нөөцтэй. Онгоцны түлш 4.6 мянган тонн буюу 22 хоногийн, шингэрүүлсэн шатдаг хий 4.1 мянган тонн буюу 35 хоногийн нөөцтэй байна.
Мөн өнгөрсөн хоёр сарын хугацаанд ОХУ-тай хийсэн бүтээгдэхүүн нийлүүлэлтийн гэрээний хүрээнд сар бүр 60–70 мянган тонн АИ-92 шатахуун нийлүүлж байсан бол одоо энэ хэмжээг 140 мянган тонн болгон нэмэгдүүлэхээр захиалсан” гэв.




















































