
УИХ-ын Ёс зүйн дэд хороо өнөөдөр 10.00 цагаас хуралдаж дэд хороонд 2026 оны нэгдүгээр улиралд ирсэн өргөдөл гомдлыг хэлэлцэхээр төлөвлөсөн. Тодруулбал, УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн гаргасан ёс зүйн зөрчилтэй холбоотойгоор иргэд, олон нийтээс ирүүлсэн гомдлыг хэлэлцэх байсан юм.
Гэвч тус дэд хорооны гишүүдийн ирц хүрээгүйн улмаас хурал тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.
Тодруулбал: Ёс зүйн дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Хэрлэн ярилцлагадаа "М.Нарантуяа-Нара гишүүний гаргасан үйлдэлтэй холбоотойгоор нийт 45 гомдол ирээд байна. Үүнийг Ёс зүйн дэд хороогоор хэлэлцэнэ" гэж мэдээллэсэн.
Энэ талаар УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагаас тодрууллаа.
Тэрбээр:"Нэг хүн хэд хувилж, хүний өмнөөс юу ч хийж болдог. УИХ-ын ёсзүйн дэд хороо ийм троллуудын үгээр хуралдаж байгаад үнэхээр харамсаж байна. Яг ижилхэн, үг үсгийн зөрүүгүй, утга агуулгын ялгаагүй өргөдөл гомдлыг ёсзүйн дэд хороо анализ хийгээгүй. Сошиалын сэтгэгдлээс ялгаагүй зүйлийг өргөдөл гээд хүлээн аваад, энэ олон гомдлоор намайг айлгах гээд байдаг юм шиг байна. УИХ-ын ёсзүйн дэд хороо хэний эрх ашгийн төлөө, ямар захиалгаар, хэний даалгавраар ажиллаж байгааг гайхаж байна. “Наад авгайгаа зайлуул, наад гахай чинь таалагдахгүй байна” гэсэн сэтгэгдлүүдийг өргөдөл, гомдол гэж хүлээж авсан байна. Би өөрийгөө ёсзүйн зөрчил гаргасан гэж бодохгүй байна" гэв.






















































