
Өнөөдөр Ардчилсан Намын Үндэсний бодлогын хороо хуралдана. Ерөнхийлөгчийн сонгууль, цаашлаад 2028 оны УИХ-ын сонгууль хаяанд тулсан энэ үед намын гал тогоог сахих хүнээ Ардчилсан Нам өнөөдөр сонгоно. Тодруулбал тус хурлаар намын Ерөнхий нарийн бичгийн дарга болон дэд дарга нарыг сонгох юм. Мөн 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг хэрхэн тодруулах журмыг танилцуулна.
Улс төрийн намын генсек гэдэг батлагдсан төсөв, санхүүг захиран зарцуулж, намынхаа эд хөрөнгийг хариуцах, ХЭЕГ-ыг даргалах хүндтэй үүргийг хүлээн авдаг. “Ардчилсан намын дүрмэнд намын дарга нь ЕНБД-ыг томилуулах саналыг ҮБХ-ны хуралд оруулж батлуулна” хэмээн заажээ.
АН-ын дарга, УИХ дахь намын бүлгийн дарга О.Цогтгэрэл албан тушаалдаа томилогдсоныхоо дараахан өмнөх дарга Л.Гантөмөрийн үед томилогдсон ЕНБД Н.Ганибалыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Түүний дараа ЕНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөхөөр ажиллаж байсан Д.Амарбаясгаланг томилсон. Харин өнөөдрийн ҮБХ-ны хурлаар намын дарга О.Цогтгэрэл түүнийг албан ёсоор ЕНБД-аар батлуулах эсэх нь удахгүй тодорхой болох биз.
АН-аас сонгогдсон зарим УИХ-ын гишүүд намын эв нэгдлийг бэхжүүлэх, бодлогын чадамжийг сайжруулах зорилгоор илүү залуу, шинэ үеийн лидерээр гал тогоогоо бариулах сонирхолтой байгаагаа илэрхийлээд байна.
Ийнхүү өнөөдрийн ҮБХ-ны хурал нь Ардчилсан нам ирэх сонгуулиудад хэрхэн бэлтгэж, ямар баг бүрдүүлэх вэ гэдгийг тодорхойлох чухал ач холбогдолтой аж.
Т.Зузу




















































