
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-д албан ёсны айлчлал эхлүүлж, Хятадын дарга Ши Жиньпинтэй уулзлаа. Энэ айлчлал нь хоёр улсын стратегийн түншлэлийг улам гүнзгийрүүлэх зорилготой гэж талууд мэдээлжээ.
Путин Бээжин хотод хүрэлцэн ирэхэд Хятадын Гадаад хэргийн сайд Ван И болон албан ёсны төлөөлөгчид түүнийг угтан авсан байна. Уулзалтын үеэр хоёр тал худалдаа, эдийн засаг, эрчим хүч, дэд бүтэц болон олон улсын хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцжээ. Мөн дэлхийн олон туйлт шинэ дэг журмын талаар байр сууриа солилцсон байна.
Энэхүү айлчлал нь Орос, Хятадын 2001 онд байгуулсан найрсаг харилцаатай байх тухай гэрээний 25 жилийн ойтой давхцаж байгаа бөгөөд талууд ойролцоогоор 40 орчим хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах төлөвтэй байна.
Ялангуяа байгалийн хий, эрчим хүчний томоохон төслүүдийн хамтын ажиллагаа энэ уулзалтын гол анхаарал татсан сэдвүүдийн нэг байжээ. Энэхүү айлчлал нь Орос, Хятадын харилцаа улам бэхжиж байгааг харуулж байгаа бөгөөд олон улсын геополитикийн нөхцөл байдалд чухал нөлөө үзүүлж болзошгүй гэж ажиглагчид дүгнэж байна.
Энэхүү айлчлал нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын Хятадад хийсэн өндөр түвшний айлчлалаас хэдхэн хоногийн дараа болж байгаа бөгөөд дэлхийн томоохон гүрнүүдийн геополитикийн харилцаа дахин анхаарал татаж байна.
Л.Баяр


























































