
Их Британийн “Radio Caroline” нэртэй радио станц техникийн алдааны улмаас Хаан Чарльзыг нас барсан хэмээн андуурч зарласныхаа дараа албан ёсоор уучлалт хүссэн байна.
Тус радио станцын менежер Питер Мурын мэдэгдсэнээр, студийн компьютерийн алдаа “хаан нас барсан тохиолдолд хэрэгжүүлэх онцгой протокол”-ыг санамсаргүй идэвхжүүлжээ. Үүний улмаас эфирээр “Хаан Чарльз нас барлаа” гэх ташаа мэдээлэл цацагдсан байна.
Мэдэгдлийн дараа радио станц хэсэг хугацаанд эфирээ зогсоосон нь ажилтнууддаа алдаа гарсныг ойлгуулж хэрхэхээ ярилцах хугацаа байжээ. Үүний дараа тэд хэвийн нэвтрүүлгээ сэргээж, шууд эфирээр уучлалт хүссэн байна.
Питер Мур:
“Бид Эрхэм дээд Хаан болон сонсогчдоосоо учруулсан сэтгэл түгшээсэн явдалдаа уучлал хүсэж байна” хэмээн мэдэгджээ.
Энэ үйл явдал болох үед Хаан Чарльз болон Хатан Камилла нар Умард Ирландын Белфаст хотод айлчилж байсан бөгөөд олон нийтийн арга хэмжээнд оролцож байжээ. 1964 онд байгуулагдсан “Radio Caroline” нь анх Их Британийн радио нэвтрүүлгийн монополийг эсэргүүцсэн далайн дээрх “пират радио” хэлбэрээр байгуулагдаж байсан түүхтэй юм.
Л.Баяр























































