
Японы эдийн засаг, бизнесийн тэргүүлэх хэвлэл болох Nikkei Inc.-ээс зохион байгуулдаг “Nikkei Forum: Future of Asia” олон улсын уулзалт 2026 оны 6 дугаар сарын 10–11-нд Япон улсын Токио хотод болж байна.
Энэхүү форум нь 1995 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж ирсэн бөгөөд Ази, Номхон далайн бүсийн улс орнуудын төр, засгийн тэргүүнүүд, сайд нар, олон улсын байгууллагын удирдлагууд, эдийн засагчид болон академик төлөөллүүдийг нэгтгэн бүс нутгийн аюулгүй байдал, эдийн засаг, худалдаа, геополитик, дижитал хөгжил болон тогтвортой хөгжлийн асуудлаар хэлэлцдэг нэр хүндтэй уулзалт юм.
Энэ жилийн форум “Working together for a more resilient and prosperous Asia” буюу “Илүү тогтвортой, чинээлэг Азийн төлөө хамтран ажиллах нь” сэдвийн дор өрнөж байна. Хэлэлцүүлгийн гол сэдвүүдэд дэлхийн шинэ геополитикийн нөхцөл байдал, АНУ–Хятадын өрсөлдөөн, бүс нутгийн эдийн засгийн интеграц, нийлүүлэлтийн сүлжээ, эрчим хүч ба ногоон шилжилт, хиймэл оюун ухаан, кибер аюулгүй байдал, мөн ASEAN болон Азийн хамтын ажиллагааны асуудлууд багтжээ.
Монгол Улсаас тус форумд Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг оролцож, Засгийн газрыг төлөөлөн байр сууриа илэрхийлж байна. Түүний оролцоо нь Монгол Улс бүс нутгийн улс төр, эдийн засгийн яриа хэлэлцээнд идэвхтэй оролцож, “гуравдагч хөрш”-ийн бодлогоо хэрэгжүүлэн, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой байгааг харуулж байна.
Мөн энэ нь Монгол Улсын Япон болон бусад Азийн орнуудтай хөрөнгө оруулалт, технологийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, бүс нутгийн нийлүүлэлтийн сүлжээнд оролцоогоо нэмэгдүүлэх чухал боломж гэж үзэж байна. “Азийн Давос” хэмээн нэрлэгддэг энэхүү форумд Монгол Улсын төлөөлөл оролцож байгаа нь тус улсын идэвхтэй, олон тулгуурт гадаад бодлогын нэг илэрхийлэл болж байна.
Л.Баяр




















































