Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр /2026.06.10/ Шүүхийн сахилгын хорооны дарга, гишүүдтэй уулзаж, Шүүхийн тухай болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, шүүхийн сахилга, хариуцлагын тогтолцооны өнөөгийн байдал, цаашдын эрх зүйн шинэчлэлийн асуудлаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр УИХ-ын дарга хууль тогтоох болон шүүх эрх мэдлийн байгууллагууд нь эрх мэдлийн хуваарилалтын зарчмын хүрээнд бие даасан байдлаа ханган ажиллахын зэрэгцээ харилцан уялдаатай хамтран ажиллаж, эрх зүйн тогтолцоог тасралтгүй боловсронгуй болгох шаардлагатайг онцоллоо. Тэрбээр төр, эрх зүйт ёсонд итгэх иргэдийн итгэл нь төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэгч бүх институцийн үйл ажиллагаатай салшгүй холбоотойг тэмдэглээд, шүүх эрх мэдлийн байгууллагууд болон Шүүхийн сахилгын хороо нь энэхүү итгэлийг бэхжүүлэхэд онцгой үүрэгтэйг дурдав.
Үргэлжлүүлэн уулзалтаар хуулийн хэрэгжилт, Шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлын талаар Шүүхийн сахилгын хорооны бүрэлдэхүүний саналыг сонссон юм.
Санал, дүгнэлтэд үндэслэн УИХ-ын дарга С.Бямбацогт:
-Шүүхийн багц хуулийн хэрэгжилтэд цогц үнэлгээ хийх;
-Төсвийн боломжид тулгуурлан шүүхийн сахилгын хорооны орон тоо, цалингийн нэмэгдлийг судлах;
-Шүүгч, Шүүхийн сахилгын хорооны гишүүдийн цалин, хангамжийн ялгаатай байдлыг судалж, шийдвэрлэх боломжийг эрэлхийлэх;
-Шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагааг журмаар бус бие даасан хуулиар зохицуулах бодит шаардлага бий эсэхэд анхаарлаа хандуулахаа илэрхийлж, энэ талаар судлахыг холбогдох албан тушаалтнуудад даалгав.
Уулзалтад Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал, Улсын Их Хурлын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх Н.Отгончимэг болон холбогдох албан тушаалтнууд оролцов. Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга нийгмийн шударга ёсны хүсэмжлэлийг хангах, нэмэгдүүлэхэд дор бүрнээ хичээж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллах нь чухал гэдгийг онцлон тэмдэглэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.




















































