
ДАШТ-ий шөвгийн 16-ийн шатанд Бразил болон Норвегийн шигшээ багууд хоорондоо учраа тааран, тоглолт 2:1 харьцаатай Норвегийн шигшээ багийн ялалтаар өндөрлөсөн. Тоглолтын 14 дэх минутанд Бразилын шигшээ баг 11 метрийн торгуулийн цохилтоор тоглолтын тэргүүллийг авах чухал боломж олдсон ч багийн хагас хамгаалагч Бруно Гимарайнш торгуулийн цохилтыг амжилтгүй цохисон.
Улмаар хөгжөөн дэмжигчдийн дунд үүсээд байсан яагаад багийн хамгийн шилдэг тоглогч болох Винисиус Жуниор торгуулийн цохилтыг цохиогүй талаар асуултад багийн ахлах дасгалжуулагч Карло Анчелотти тайлбар өгчээ.
Тэрбээр тоглолтын дараах хэвлэлийн бага хурлын үеэр багийн торгуулийн цохилт гүйцэтгэгчдийн дарааллыг ил тод болгож, довтлогч Винисиус Жуниор үндсэн цохигчдын эхний тавд багтаагүй буюу ердөө зургаа дахь сонголт байсныг албан ёсоор баталлаа.
Тэрбээр статистик үзүүлэлтэд үндэслэн багийн зүүн жигүүрийн довтлогч Рафиньяг торгуулийн цохилтын хамгийн шилдэг гүйцэтгэгчээр нэрлэсэн бөгөөд түүний дараа Неймар, Игорь Тиаго, Бруно Гимарайнш болон Габриэл Мартинелли нар Винисиусын өмнө жагсаж байсныг онцолсон юм.
Уг дарааллын дагуу торгуулийн цохилт гүйцэтгэх мөчид талбай дээр байсан тоглогчдоос Бруно Гимарайншийг хамгийн шилдэг сонголт гэж үзсэн тул түүнд итгэл хүлээлгэсэн хэмээн Анчелотти тайлбарлажээ.

















































