
Филиппиний өмнөд хэсгийн Замбоанга хотын ахлах сургуульд өнөөдөр өглөө буудалцаан болж, хоёр сурагч амиа алдсан байна. Амиа алдсан сурагчдын нэг нь халдлага үйлдсэн сурагч байжээ. Цагдаа нар нөхцөл байдлыг хяналтдаа авсан байна.
Цагдаагийн мэдээлснээр, есдүгээр ангийн сурагч хоёр төрлийн галт зэвсэгтэйгээр сургуулийн байранд орж, ангийнхаа нэг сурагчийг буудан хөнөөсний дараа амиа егүүтгэсэн байна. Мөн хоёр хүн шархаджээ. Уг сурагч аравдугаар ангид суралцдаг байж.
Хэрэг явдал "Ateneo de Zamboanga University"-ийн кампуст байрлах ахлах сургуульд болсон байна. Олон зуун сурагчийг аюулгүй байдлын үүднээс нүүлгэн шилжүүлж, цагдаа болон цэргийн алба хаагчид сургуулийн орчимд хамгаалалт гаргажээ.

Филиппинд сургуулийн буудалцаан харьцангуй ховор боловч энэ нь сүүлийн хоёр сарын хугацаанд гарсан хоёр дахь тохиолдол болж байна. Өнгөрсөн зургадугаар сард Таклобан хотын сургуульд болсон буудалцаанаар гурван сурагч амиа алдаж, 20 орчим хүн шархадсан юм.
Тус улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос Жуниор халдлагыг буруушааж, сургууль хүүхэд, залуусын хувьд хамгийн аюулгүй байх ёстой газруудын нэг гэдгийг онцлон, хэргийг нарийвчлан шалгахыг хууль сахиулах байгууллагуудад үүрэг болгожээ.
Л.Баяр




















































