
Ардчилсан намын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр Төрийн ордонд болж, “Өөрчлөе, бүтээе” үндэсний хөдөлгөөнийг орон даяар эхлүүлж буйгаа албан ёсоор зарлалаа. Энэ үеэр Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл үг хэллээ.
Тэрбээр “Өнөөдрийн Монгол залуус, ахмадуудын хүссэн Монгол биш болжээ. Бидэнд засаж, өөрчлөх ёстой олон зүйл байна. Ахмадууд тэтгэвэрт гараад ядуусын эгнээнд шилждэг тогтолцоог өөрчилнө. Эр цэрэгт мордсон хөвгүүд ээждээ эргэж очдоггүй болсон эмгэнэлт явдлыг таслан зогсооно. Бизнес эрхлэгчдээ дарамталдаг өндөр татвар, зээлийн хүүгийн мөлжлөгийг өөрчилнө. Энэ өөрчлөлтийг Ардчилсан намын манлайллаар, ард түмэнтэйгээ хамт хийнэ. Бидний зорьж буй өөрчлөлтийн зүг чиг бол “Бүтээдэг Монгол”.
Бүтээдэг улс, бүтээдэг үндэстэн болохын тулд шаардлагатай дэд бүтэц, орчин нөхцөлийг та бид хамтдаа бий болгоно. Энэ бол монголчуудын хүсэл, тэмүүллээс урган гарсан өөрчлөлт. Энэ бол Ардчилсан хувьсгалын дараагийн давлагаа, бидний хийх үйл хэрэг, бидний үзэл санаа юм. “Өөрчлөе, бүтээе” үндэсний хөдөлгөөн бол ардчиллын дараагийн давалгаа. Үүнийг манлайлан хийх түүхийн даалгавар, ирээдүйн боломж та бидний өмнө байна” гэв.
























































