
Гвинейн нийслэл Конакри хотод хүчтэй аадар борооны улмаас асар их хэмжээний хог хаягдал нурж, ойролцоох айлуудыг дарсны улмаас наад зах нь 30 хүн амиа алджээ. Ослын үеэр мөн зургаан хүн хүндээр, 16 хүн хөнгөн гэмтсэн байна. Аврах багийнхан нурангин дор дарагдсан хүмүүсийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа тул хохирогчдын тоо нэмэгдэх магадлалтай байна. Ослын газар нь Конакри хотын хамгийн том хогийн цэг болох Дар-эс-Саламын хогийн цэг бөгөөд ням гарагийн өглөөний 02:00 цагийн орчимд осол болжээ. Хэдэн метр өндөрт овоолсон хог хаягдал хүчтэй бороонд норж, тогтворгүй болсон нь нуранги үүсэх гол шалтгаан болсон байна.
Нуранги нь ойролцоох түр сууц, майхан болон байшингуудыг бүхэлд нь дарсан бөгөөд гэрчүүдийн мэдээлснээр гурван давхар барилга хүртэл хогийн дор дарагджээ. Аврагчид экскаватор болон бусад хүнд техник ашиглан нурангийг цэвэрлэж, амьд үлдсэн хүмүүсийг хайж байна. Эмгэнэлт явдлын дараа Гвинейн Ерөнхий сайд Амаду Ури Бах ослын газарт очиж, аврах ажиллагааг газар дээр нь удирдан зохион байгуулсан байна. Засгийн газар иргэдийг тайван байж, аврах алба болон холбогдох байгууллагын зааврыг дагахыг уриалжээ.
Хамгийн эмгэнэлтэй тохиолдлын нэг нь Сире Диалло гэх эмэгтэй ослын үеэр таван хүүхдээ бүгдийг нь алдсан явдал юм. Тэрээр орон нутгийн хэвлэлд хүүхдүүдээ бүгдийг нь алдсан тухай ярьжээ.
Энэхүү хогийн цэгийг аюултай гэж үзэн наймдугаар сарын 23-нд хаахаар төлөвлөж байсан ч осол яг хаах өдөр нь болжээ. Ойролцоох оршин суугчдад өмнө нь нүүлгэн шилжих мэдэгдэл хүргүүлсэн байсан ч олон хүн тухайн газарт үлдсэн байжээ. Засгийн газар үлдсэн айлуудыг аюулгүй газар нүүлгэн шилжүүлэхээ мэдэгдсэн байна.
Гвиней нь дэлхийн хамгийн их бокситын нөөцтэй орнуудын нэг бөгөөд байгалийн баялаг ихтэй ч дэд бүтэц сул, ядуурал өндөр хэвээр байгаа юм. Мөн тус улсад борооны улиралд үер, хөрсний нуралт тогтмол гардаг байна. 2017 онд мөн энэ хогийн цэгт хүчтэй борооны улмаас нуранги үүсэж, найман хүн амиа алдсан тохиолдол бүртгэгдэж байжээ.
Л.Баяр

























































