
The MongolZ баг Румын улсын Бухарест хотод болж буй "PGL Masters Bucharest 2026" тэмцээний хэсгийн шатанд "Team Vitality" болон "MOUZ" багуудад дараалан хожигдож, тэмцээний цаашдын өрсөлдөөнд дарамттай нөхцөл байдалд орлоо. Тус тэмцээнд The MongolZ баг аравдугаар сарын 24-нд Aurora багийг 2:1-ээр хожиж, амжилттай эхэлсэн. Гэвч дараагийн тоглолтуудад дэлхийн хүчирхэг багуудтай учраа тааран, хоёр дараалсан ялагдал хүлээв.
Аравдугаар сарын 25-нд болсон тоглолтод The MongolZ Францын "Team Vitality" багтай өрсөлдөж, 0:2-оор ялагдсан юм. Vitality эхний мап болох Inferno-д 13:6, дараагийн Cache-д 13:3-аар илүүрхжээ. Улмаар аравдугаар сарын 26-нд The MongolZ Европын "MOUZ" багтай тоглож, хоёр мап дараалан ялагдлаа. Эхний Nuke мапт 11:13-аар хожигдсон бол Mirage-д 9:13-аар дийлдэв.
Дараагийн тоглолтод хожигдвол тэмцээнээ дуусгана
The MongolZ баг аравдугаар сарын 27-нд Бразилын "Legacy" багтай тоглоно. Энэ нь хэсгийн шатны дөрөвдүгээр тойргийн тоглолт бөгөөд хожигдсон баг тэмцээнээс хасагдах юм. Харин ялалт байгуулбал дараагийн шатанд шалгарах боломжоо хадгална.
PGL Masters Bucharest 2026 тэмцээн нийт 16 багийн дунд зохион байгуулагдаж байгаа бөгөөд хэсгийн шатанд Швейцарь системээр өрсөлдөж байна. Багууд гурван хожил авснаар плей-оффт шалгарах бол гурван удаа хожигдсон тохиолдолд тэмцээнээ дуусгана.
The MongolZ багийн хувьд Aurora-г хожиж тэмцээнийг амжилттай эхлүүлсэн ч Vitality, MOUZ багуудад дараалан ялагдсан нь дараагийн тоглолтыг шийдвэрлэх ач холбогдолтой болгож байна.
Тэмцээний мэдээлэл:
Тэмцээн: PGL Masters Bucharest 2026
Байршил: Румын, Бухарест
Хугацаа: Аравдугаар сарын 24–31
Нийт шагналын сан: 1.25 сая ам.доллар
The MongolZ багийн амжилт: 1 хожил, 2 хожигдол
Дараагийн өрсөлдөгч: Legacy
Тоглолтын өдөр: Аравдугаар сарын 27 "өнөөдөр"
Л.Баяр



















































