Монголын үндэсний хөгжмийн зэмсгүүдээр тоглосон ая аялгууны нэгдэл болсон шинэ цомог саяхан хэвлэлтээс иржээ. “BRO’S records”-ын шинэ уран бүтээл “Ертөнц” цомгийн нээлт өнөөдөр 11 цагт “Blue sky” төвийн гурван давхарт болох гэж байна. Хөгжим сонирхогч, урлагийнханы сонирхолыг татаад байсан уг цомог нь itunes, xbox music, amazon.com, iHeart radio, muve music, google play, simpy, media.net зэрэг 16 цахим сүлжээнд хэдийнээ борлуулагдаад эхэлсэн байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сард “BRO’S records”-ын уран бүтээлчид “Ертөнц” цомгоо танилцуулах тоглолтыг хийсэн юм. Монголын эртний хувьсан өөрчлөгдсөн хөгжмийн зэмсгээр шинэ цагийн ethno electronic, chillout ,world music, new age зэрэг урсгалаар эгшиглэх цомог байгалийн дуу чимээтэй хоршин “Ертөнц” нэрээр хүрэх гэж байна. Уг цомог Монголын түүх соёлын биет ба биет бус өв соёл, ардын хөгжмүүдийг судалсан судалгаандаа тулгуурлан зохион найруулж, бичлэгийг нь хийсэн гэдгээрээ өвөрмөц, онцлог бүтээл бөгөөд монгол ардын хувис, товшуур, хэц, хэл хуур зэрэг хөгжмийг сэргээн хөгжимдөж эгшиглүүлсэн аж. Тиймдээ ч “Ертөнц” цомгийг бүтээхэд чамгүй хугацаа шаардагджээ.
Цомгийн хөгжмийн зохиолчоор Г.Онон, продюссераар М.Болд ажиллажээ.




















































