Цахилгааны үнийг нэмэх гэж байгаатай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээлэл хийлээ. Ирэх сарын 1-ны өдрөөс эхлэн цахилгааны үнийг тодорхой хувиар нэмнэ гэж тус байгууллагаас хоёр хоногийн өмнө мэдэгдсэн. Харин чухам ямар учраас цахилгааны үнийг нэмж байгаагаа тэд өнөөдөр тайлбарлалаа. Тэдний хэлж буйгаар цахилгаан станциуд өнөөдөр 60 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа цаашдаа энэ мэтээр ажилласаар байвал эрчим хүч доголдолд орж болзошгүй гэнэ.Эрчим хүчний үнийг нэмэхдээ айл өрхүүд амьдран суугаа байр, байшингийн м/кв-ын хэмжээнээс хамаарч 3-10 мянган төгрөгийн суурь хураамж сар бүр цахилгааны төлбөрөөс гадна төлж байхаар тогтсон бол аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөх тарифыг 20 хувь, уул уурхайн компаниудад 30 хувиар нэмсэн байна.
Тодруулбал 40 м/кв талбайд оршин суудаг өрх 3.000 төгрөг, 40-80 м/кв бол 5.000 төгрөг, 80 м/кв-аас дээш бол 10 мянган төгрөгийн суурь хураамжийг сар бүр төлөх юм байна. Харин нэг кваттад төлөх үнийг 150 кватт хүртэл цахилгаан ашигладаг айл өрх нэг кваттад 79 төгрөг төлж байхаар болгож байгаа бөгөөд 150 кваттаас илүү хэрэглээтэй бол 96 төгрөгийг төлөх юм байна.
Эрчим хүчний үнэ тарифын шинэ зохицуулалтыг наймдугаар сараас мөрдөж эхлэх аж.
А.Наранцэцэг


























































