Богино хугацаанд эрчимтэй хөгжиж байгаа спортын төрлийн нэг болох туялзуур сэлэмний насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 5-13-нд Унгарын нийслэл Будапешт хотноо зохион байгуулагдана.Тэгвэл энэ тэмцээнд манай орны найман тамирчин оролцохоор бэлтгэл сургуулилтаа хийж байна. Багийн ерөнхий дасгалжуулагчаар Д.Ганбаатар ажиллаж байгаа бөгөөд тэмцээнд оролцох тамирчдыг МТС-ний холбооноос чансаагаар нь жагсаан тодруулжээ.
Тэмцээн хүнд хөнгөн гэсэн хоёр сэлэмний төрлөөр явагдахаас эрэгтэйчүүдийн хүнд сэлэмний төрөлд Б.Баттөмөр, Б.Батхүү, Ц.Жигжидсүрэн нар оролцох бол хөнгөн сэлэмний төрөлд Э.Дөлгөөн өрсөлдөх аж. Харин эмэгтэйчүүдийн хүнд сэлэмний төрөлд Б.Гэрэлмаа, Э.Орхон, Б.Цолмон нар оролцох бол илд сэлэмний төрөлд Ю.Ариунзаяа өрсөлдөхөөр болжээ.
Мөн манай туялзуур сэлэмчид энэ жил Кувейтэд болох залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн болон “Тяньжин 2013” Зүүн Азийн наадамд оролцоно.
А.Наранцэцэг


























































