Дархан аварга Ж.Мөнхбат өнөөдөр Ардын хувьсгалын 92 жилийн ойн их баяр наадмаар ес давж түрүүлэн аварга цол хүртсэн Г.Эрхэмбаярт хүндэтгэл үзүүллээ. Мөн энэ жил Өвөрхангай аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан болсон Д.Цэрэнсодном, Дархан-Уул аймгийн наадамд түрүүлж, аймгийн арслан цол авсан Н.Эрдэнэчулуун зэрэг найман шавьдаа хүндэтгэл үзүүлсэн юм. Эдгээр бөхчүүд бүгд Дархан аварга Ж.Мөнхбатын үүсгэн байгуулсан “Их шавийн дээд” сургуулийн төгсөгчид аж. Ж.Мөнхбат аварга хамгийн анх уяачдын наадамд түрүүлж байснаа өнөөдөр дурсаад тус наадмыг түрүүг авчихаад баярлаж явсан үеийнхээ зургийг шавь гартаа дурсган өгсөн юм. Тэрээр мөн “Та нар өдий хэдэн жил болоход сайхан өндөр цол авлаа. Та нартаа баяр хүргье. Бас нутгийн ард түмэнд нь ийм сайхан хүүхдүүдийг өсгөн хүмүүжүүлсэнд баярлаж талархсанаа илэрхийлье. Ер нь бөх гэдэг энэ алдрийг орхиход хэцүү. Авсан алдраа сайхан хадгалж яваарай. Олон сайхан агуу бөхчүүд болоорой гэж та бүхнээс хүсэх байна” гэж хэлсэн юм.
Харин Аварга Г.Эрхэмбаяр “Би энэ сургуульд 1997 онд элсэн орсноос хойш арав гаруй жил өнгөрсөн байна. Их шавийн дээд сургуульд намайг аав маань хөтөлж авчран Цэнд Аюуш багшийн шавь болж байлаа. Амьдралынхаа гарааг энэ сайхан сургуулиас эхэлсэндээ маш их баяртай байдаг. Тэр дундаа багшаараа улсын цолны босгийг алхаж байснаа их билэгшээдэг. Тийм ч учраас цаашдаа сайн барилдахыг зүтгэсэн. Тэр зүтгэл маань талаар болоогүйд маш их баяртай байна. Аварга багшдаа цаашдаа олон сайхан шавь нартай болж урт удаан наслахыг хүсэн ерөөе” гэв.
Сонирхуулж хэлэхэд “Их шавийн дээд сургууль”-иас МУ-ын Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган, Даян аварга Г.Өсөхбаяр, Жүдо бөхийн дэлхийн аварга Х.Эрдэнэт-од, МУГТ Д.Цэрэнханд зэрэг улс орныхоо нэрийг дэлхийд дуурсгаж яваа олон сайн тамирчид төрөн гарчээ.
А.Наранцэцэг



























































Сэтгэгдэл (1)