Бразил улсад болсон насанд хүрэгчдийн ДАШТ-ны 48 кг-ын жинд алтан медаль авсан Монголын түүхэн дэх хамгийн анхны эмэгтэй дэлхийн аварга жүдочин М.Уранцэцэг эх орондоо энэ сарын 5-ны өдрийн үүрээр 04.00 цагт ирэхээр болжээ. Тэрээр Монголоос төрсөн хамгийн анхны эмэгтэй дэлхийн аварга болж ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээгээд байгаа юм. Түүнийг ах дүү, хамаатан садан, хамт олон нь Чингис хаан нисэх онгоцны буудал дээр хүлээн авч баяр хүргэх юм байна. Тэрбээр Бразилд болсон тэмцээний В хэсэгт сугалаа татаж, эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойргийн барилдаанд Украйны жүдоч Марина Кротыг цэвэр, дараагийн барилдаандаа Колумбын Эблин Лукумиг мөн цэвэр, улмаар Кубын тамирчин Мария Селия Лабордег дахин цэвэр ялснаар хэсгийн аварга болсон билээ. Дараагийн барилдаанаа Бразилийн жүдоч Сара Менезестэй хийж, олимпийн аварга тамирчныг нутгийнх нь дэвжээнд сөхрүүлснээр аваргын алтан медалийн төлөө өрсөлдөх эрх авсан юм. Харин аваргын төлөөх шийдвэрлэх барилдаанд М.Уранцэцэг 2010 оны дэлхийн аварга, Японы тамирчин Харуна Асамитай барилдаж, 2:18 минутад цэвэр ялсан юм.
Т.Энхэлээ





















































Сэтгэгдэл (1)