УДЭТ-ын Ерөнхий найруулагч Н.Наранбаатарын шинэхэн дэлгэцийн уран бүтээл “Зүүдэнд ч оромгүй явдал” кино энэ сарын 25-наас кино театруудад гарч эхэлнэ. Киноны зохиолыг “Амьдралд тавтай морил”, “Валентины захидал” зэрэг кино, “Миний нууц
хүү” жүжгийн зохиолыг бичсэнээр нь та бүхний сайн мэдэх залуу зохиолч
Ж.Оргил бичжээ. Харин гол дүрд залуу жүжигчин Б.Энхтүвшин, “Маск” продакшны жүжигчин Б.Золзаяа нар тогложээ. Мөн Ардын жүжигчин Б.Мягмаран, МУГЖ Б.Эрдэнэцэцэг нар залуусын аав, ээжийн дүрд тоглож байгаа юм.
“Зүүдэнд ч оромгүй явдал” кино тэртээ 20 гаруй жилийн өмнө ихэр залуусын тухай өгүүлсэн “Санаж яваарай” киноноос хойш ихрүүдийн тухай өгүүлж байгаа анхны бүрэн хэмжээний уран бүтээл юм. Тиймээс Монголын ихрүүдийн холбоо, “Зүүдэнд ч оромгүй явдал” киноны уран бүтээлчид хамтран киноны нээлтийн үеэр буюу энэ сарын 25-ны өдөр ихрүүдийн парадыг Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

















































