БНХАУ-ын Чиндао хотноо жүдо бөхийн Гранпри тэмцээнд -100 кг-ийн жинд өрсөлдөж буй ОУХМ Э.Энхбат, +100 кг-ийн жинд өрсөлдөж буй Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс нар өнөөдөр хүрэл медалийн төлөө зодоглоно. ОУХМ Э.Энхбатын хувьд тэрээр дагах барилдаанд Гавьяат тамирчин Н.Түвшинбаярыг ялснаар хүрэл медалийн төлөө Бразилийн Рафаель Бузакаринитай барилдахаар болсон юм. Харин П.Бүрэнтөгс дагах барилдаан БНХАУ-ын тамирчныг ялж хүрлийн төлөө БНХАУ-ын Жиан Лютэй өрсөлдөх эрхээ авсан байна.
Олимпийн эрхийн төлөөх томоохон тэмцээнүүдийн нэгд ордог тус тэмцээнд Гавъяат тамирчин Н.Түвшинбаярыг хэрхэн барилдах нь олны анхаарлын төвд байсан. Тэгвэл тэрээр эхний тойрогтоо БНХАУ-ын тамирчин Ван Шаотонтой барилдаж, 4:03 минутад цэвэр ялсан. Харин дараагийн барилдаанд ОХУ-ын Зафар Махмадовт ялагдсан байна. Улмаар дагах барилдаанд ОУХМ, Улсын начин Э.Энхбатад 3:52 минутад цэвэр ялагдсан юм.
Тэмцээний хуваарийн дагуу өнөөдөр эрэгтэйчүүдийн 90, -100, +100 кг болон эмэгтэйчүүдийн -78, +78 кг-ийн жингийн барилдаанууд болно. Хэсгийн барилдаан Монголын цагаар 11.00 цагт, шигшээ барилдаан 17:00 цагаас эхэлнэ.




















































