-
2015 оны 11 сарын 02
Хэнтий аймгийн цагдаагийн газраас аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтэс, аймгийн Шүүх, Прокурорын газартай хамтран “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх нь“ сэдэвт зөвлөгөөнийг сумдаа 5 бүсэд хувааж зохион байгууллаа.
Бүс бүрт харъяа сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, сум, багуудын Засаг дарга нар, малчдын төлөөллийг оролцуулж, урд бүсийн зөвлөгөөнийг Баянмөнх, баруун бүсийн зөвлөгөөнийг Жаргалтхаан, зүүн бүсийн зөвлөгөөнийг Батноров, хойд бүсийн зөвлөгөөнийг Биндэр, төвийн бүсийн зөвлөгөөнийг Хэрлэн суманд тус тус зохион байгуулж нийт 389 албан тушаалтан, малчдыг хамруулсан байна.
Зөвлөгөөний хөтөлбөрийн дагуу цагдаагийн газраас “Мал хулгайлах гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, цаашид хийх ажил”, Хууль зүйн хэлтсээс “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг төрөөс хэрхэн дэмжиж байгаа тухай”, аймгийн прокурорын газраас “Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил”, аймгийн шүүхээс “Мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулж байгаа ялын бодлого” сэдвээр тус тус мэдээлэл хийж, сумдын мал хулгайлах гэмт хэргийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх чиглэлээр зохио байгуулж байгаа ажлын талаар сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нарын мэдээллийг сонсож, санал зөвлөмж хэлэлцэв.
Зөвлөгөөнөөс “Малын хулгайгүй аймаг, малын хулгайгүй сум, малын хулгайгүй баг болох” уриалгыг гаргаж,
1. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг идэвхжүүлж, малчид, төрийн байгууллагууд хууль, журмаар хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлэх;
2. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 03 тоот “Албан даалгавар”-ын дагуу бод малыг зурагжуулах ажлыг орон нутагтаа бүрэн хэрэгжүүлэх;
3. “Малчдын бүлэг холбоо”-г идэвхжүүлэх, зарим багт шинээр зохион байгуулж, мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг орон нутагтаа зохион байгуулах;
4. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, мал сүргийг гэмт халдлагаас хамгаалахад малчид, төрийн байгууллагын хамтын ажиллагааг идэвхжүүлэх гэсэн чиглэлийг гаргаж баталжээ.
Мөн хүйтэн сэрүүний улирал эхэлж, идэш хоолны цаг болж байгаатай холбоотойгоор мал хулгайлах гэмт хэрэг ихсэх хандлагатай байгаа анхааруулж, малаа байнгын хариулга маллагаатай байлгах, багийн Засаг дарга нарыг эрхэлсэн ажилдаа хариуцлагатай хандаж гарал үүслийн бичиг олгох ажилд туйлын хянамгай байж, гарал үүслийн бичиг засвар, зөрчилтэй, малын тоо зөрүүтэй тээвэрлэсэн, тууварласан бол тээврийн хэрэгслийг хуульд заасны дагуу хурааж, улсын орлого болгож шийдвэрлэх тухай мэдээллийг өглөө.
Энэ үеэр малын гарал үүслийн гэрчилгээг малчны тамгаар орлуулах, Хэрлэн сумын 8 дугаар багт цагдаагийн ажилтан ажиллуулах, Баянхутаг сумын 1 дүгээр багийн малчдад гарал үүслийн бичгийг аймгийн төвд баталгаажуулах зэрэг саналыг малчид, багийн Засаг дарга нар гаргасан байна.
Зөвлөгөөний үеэр цагдаагийн газраас Баянмөнх, Жаргалтхаан, Батноров сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2015 оны эхний 9 сард гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажлыг шалгаж, үнэлэлт дүгнэлт өгчээ.
-
2015 оны 11 сарын 02
Нийслэлийн Засаг дарга “Ажлын хэсэг байгуулах тухай” А/846 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн сайжруулах, шинээр барих цэвэрлэх байгууламжийн зураг төсөв боловсруулах ажлыг удирдлагаар хангаж, ажлын явцад төрийн байгууллагуудаас санал, зөвлөмж, зөвшөөрөл авах, хяналт тавих үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах, төсөл хэрэгжих явцад гарч буй аливаа хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх зорилго бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяа ажиллах юм.
Ажлын хэсгийг нэгдсэн удирдлагаар хангаж, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд үүрэг болгов гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 11 сарын 02
Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Прокурорын хяналтын ажилд болон хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд эрүүгийн байцаан шийтгэх хуулийг дагаж мөрдөх аргачилсан зааврын хэрэгжилтийн байдал, анхаарах асуудлын талаар 2 дахь удаагийн сургалт зөвлөгөөнийг 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр явуулжээ. Сургалтыг орлогч прокурор А.Турдыбек явуулж аймгийн прокурорын газрын прокуроруудаас гадна Цагдаагийн газрын удирдлагууд, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий нийт 32 албан тушаалтан хамрагдсан байна.
Түүнчлэн 8 буюу түүнээс дээш удаа хугацаа сунган шалгагдсан, давхар хяналтанд орсон хэргүүдийн талаар Прокурор, Цагдаагийн байгууллагын удирдлагуудыг оролцуулан хэлэлцэж эдгээр хэргүүдийг түргэн шуурхай шалгаж шийдвэрлэх бүх талын арга хэмжээ авч ажиллах талаар мөрдөн байцаагч, прокуроруудад үүрэг чиглэл өглөө. Сургалтаар аргачилсан зааврын заалт тус бүрээр ярилцлага явуулсан нь уг зааврыг нэг мөр ойлгон хэрэгжүүлэхэд үр дүнтэй болжээ.
-
2015 оны 11 сарын 02
Авлигатай тэмцэх газраас авлигын эсрэг олон улсын өдрийг угтан “Шударга ёс ямар өнгөтэй вэ” зурагт хуудас бүтээх сэдэвчилсэн уралдаан зарлав.
Авлига, ашиг сонирхлын зөрчлийн хор хөнөөлийг таниулах, шударга ёсыг төлөвшүүлэх, олон нийтийг авлигаас ангид нийгэмд уриалан дуудах үзэл санааг урлагийн бүтээлээр оновчтой, сонирхолтой байдлаар илэрхийлж, авлигын эсрэг үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор уг уралдааныг уран бүтээлчид, фото зураг сонирхогчдын дунд зохион байгуулах юм байна.
-
2015 оны 11 сарын 02
Авлигатай тэмцэх газар нэр бүхий иргэдээс ирүүлсэн Шинжлэх ухаан технологийн ахлах сургуулийн үйл ажиллагаатай холбоотой гомдлын дагуу ажиллаж, тус сургуулийн үйл ажиллагааны мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилгоор Зөвлөмж хүргүүлсэн билээ.
Уг Зөвлөмжийн хүрээнд хийсэн ажлынхаа талаарх мэдээллийг Шинжлэх ухаан технологийн их сургуулиас Авлигатай тэмцэх газарт ирүүлжээ. Тухайлбал, Ахлах сургуулийн тухайн жилийн батлагдсан төсөв, хууль тогтоомжид заасан үнийн дүн бүхий худалдан авалт, ажил үйлчилгээтэй холбоотой мэдээлийг ШУТИС-ийн цахим хуудсанд байршуулжээ. Түүнчлэн ШУТИС-ийн Удирдах зөвлөлөөс ахлах сургуультай холбогдуулан гаргаж байгаа аливаа дүрэм, журам, шийдвэрийг сургуулийн мэдээллийн самбар болон цахим хуудсанд байршуулан иргэдэд ил тод, нээлттэй мэдээлдэг болжээ.
ШУТИС-ийн ректорын зөвлөлөөс үйл ажиллагааныхаа талаарх мэдээллийг иргэдэд нээлттэй, ил тод болгох тал дээр цаашид тогтмол анхаарч ажиллах зөвлөмжийг Ахлах сургуулийн захирал Г.Адьяахүүд өгч, хэрэгжилтийг тухай бүр дүгнэн ажиллахыг үүрэг болгосон байна.
-
2015 оны 11 сарын 02
2015 оны 10 дугаар сарын 31, 11 дүгээр сарын 01-ний өдрүүд буюу амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт дуудлага мэдээ мэдээлэл хүлээн 704 авснаас зам тээврийн ослын 522 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 17 бүртгэгдэж 20 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 4, явган зорчигч 2, Зам тээврийн осолд 5 хүүхэд өртжээ. Үүнээс сургуулийн өмнөх насны 0, сургуулийн насны 5 хүүхэд. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 115 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
-
2015 оны 11 сарын 02
Энэ сарын 3-нд баруун болон төвийн нутгаар, 4-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орно.
Салхи 3-нд ихэнх нутгаар, 4-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. 3-нд баруун болон төвийн нутгаар, 4-нд ихэнх нутгаар хүйтэрч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна хэмээн Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээллээ.
-
2015 оны 11 сарын 02
Жил гаруйн өмнө буюу өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ЦЕГ-ын даргаар Р.Чингисийг томилсон. Гэвч түүнийг даргаар томилогдсоны дараагаас цагдаагийн алба хаагчидтай холбоотой таагүй мэдээлэл тасраагүй. Өөрөөр хэлбэл, цагдаагийн алба хаагчид танхайрч, хүний аминд хүрсэн нь нийгэмд ил гараад буй.
Тэгвэл үүнтэй холбоотойгоор ЦЕГ-ын даргын суудал ганхаж эхэлсэн хэмээн эх сурвалж онцоллоо. Өдгөө Хууль зүйн яамныхны дунд ЦЕГ-ын дарга Р.Чингисийг албан тушаалаас нь чөлөөлөх тухай ”бор шувуу” жигүүрээ дэлгэн нисч байгаа аж. Харин түүний оронд бригадын генерал А.Дулаанжаргал, сандлын дуулианаас болж ажлаасаа халагдсан хурандаа Ш.Ганболд нарын нэр дуулдаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ.
-
2015 оны 11 сарын 02
СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЦОГЦОЛБОР БАРИХ БАЙРШЛЫН ЗУРВАС ГАЗАРТ ОРСОН ИРГЭДЭД ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОНО
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
2015-11-02 09:54:27
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай” А/848 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Монгол Улсын Засгийн газрын 2013 оны “Төрийн өмчийн концессийн зүйлийн жагсаалт”-аар баталсан Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт барих бага сургууль цэцэрлэгийн цогцолборын барилгын газарт орсон иргэдийн өмчлөлийн газар, үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын хөрөнгийн хэмжээг баталлаа.
Иргэдийн өмчлөлийн газар, үл хөдлөх эд хөрөнгийг нөхөх олговортойгоор эргүүлэн авах 456 сая 801мянган төгрөгийг 2015 оны төсөвт батлагдсан нөхөх олговрын хөрөнгөөс гаргахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, иргэдийн өмчлөлийн газар, үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг Өмчийн харилцааны газарт тус тус даалгав.
Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат нарт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 11 сарын 02
Хамт олноороо зугаалгад явахыг албан үүрэг гэх үү?
-
2015 оны 11 сарын 02
Тухайн өдөр хонь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм,тан найруулах, лусыг тахих, өглөг өгөх, бурхныг тахих, мод таслах, тангаргийг хаах, гөрөөлөх, хатуу үйл, андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйл хийгээд хувцас урлах, орныг барих, санд нууцлах, элдэв урлалын үйлд сайн. Бэлбэсний газар очих, үс авахуулах, угаал үйлдэх, нялхсыг гадагш гаргах, хүүхдийг анх хөлд оруулах, хүүр түлэх, цэрэг хөдөлгөх, амраг садан бололцох, эвсэж найрамдах үйлд муу. Өвдвөл долоо хоногоос илааршина. Замд гарвал төрөлхтний асрахуй яриаг сонсоно. Баруун чих хангинавал өчүүхэн төдий айдас болно. Зүүн чих хангинавал хэрүүл тэмцэл болно. Тагнай эрвэгнэвэл сэтгэл үймэрнэ. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин ирнэ.
-
2015 оны 11 сарын 02
2015 оны 11 дугээр сарын 01-ний 20 цагаас 11 дүгээр сарын 02-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө Хөвсгөлийн уулсаар цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-0 метр. Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна.
-
2015 оны 11 сарын 01
Завхан аймгийн Прокурорын газраас 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Соёл Урлагийн Их сургуулийн харъяа хөгжим бүжгийн коллежийн гэмт хэргээс урьдчилэн сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг шалган тусалсан байна. Шалгалтын хүрээнд тус сургууль дээр үйлдэгдсэн гэмт хэрэг зөрчлийн талаар болон эрүүгийн нөхцөл байдал, сургуулийн сурагчдын дунд дийлэнх үйлдэгдэж болзошгүй гэмт хэргийн талаар сэрэмжлүүлэх хичээл орж, тус сургуулийн захиргаанаас гаргасан хүсэлтийн дагуу аймгийн прокурор Н.Доржсүрэн “Ухаалаг харилцаа амжилтын үндэс” сэдэвт лекцийг тавьжээ.
Дээрх хичээл, сургалтуудад нийт 80 гаруй багш, ажилчин, оюутнууд хамрагдаж сэдвүүдийн хүрээнд сонирхсон асуултаа асууж нээлттэй ярилцсан нь үр дүнтэй ажил болжээ.
-
2015 оны 11 сарын 01
Шүдний сойзыг 2-3 сар хэрэглээд шинээр солихыг шүдний мэргэжилтнүүд зөвлөдөг. Учир нь сойзоо зөв сонгохоос гадна зөв хадгалахгүй бол амны хөндийн гаралтай нянгийн зэрэгцээ тухайн орчны нянг өөртөө шингээж бохирддог болохыг Энэтхэгт хийсэн судалгаагаар баталжээ.
Уг судалгаагаар долоо хоног хэрэглэсэн шүдний сойзонд агуулагдах стрептококк бактерийг халдваргүйжүүлэх уусмалаар цэвэрлэхэд 70, харин усаар цэвэрлэхэд ердөө 14 хувь нь устаж байжээ.
Шүдний бохир сойз нь маш олон төрлийн амны хөндийн асуудлуудын шалтгаан болдог бөгөөд түүнээс шалтгаалсан шүдний цоорол, буйлны үрэвсэл, амны хөндийн салст бүрхэвчийн үрэвсэл зэрэг өвчнүүд үүсч болно.
Харин сонголт хийхдээ хэт хатуу биш үстэй, жижиг хэмжээтэйг сонгохыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Учир нь жижиг байх тусмаа шүд хоорондын зайд байгаа хоолны үлдэгдлийг бүрэн цэвэрлэхээс гадна, шүд болгоны эргэн тойрны пааланд хүрч, түүнд тогтсон өнгөрийг цэвэрлэдэг байна. Ингэснээр шүдэнд чулуу үүсэхээс сэргийлж чадна.
Сойзны үсний төв эсвэл толгойн хэсэгт байдаг өнгөтэй үснүүд нь хатуу байдаг. Үүгээр шүд, шүдний завсар, дутуу ургасан шүдийг угаахад тохиромжтой. Хажуугийн цагаан өнгөтэй үс буйл орчмыг угаахаас гадна буйланд иллэг хийнэ.
Гадуур худалдаалдаг сойз нь ихэвчлэн том байдаг тул шүд бүрийг цэвэрлэхэд төдийлөн тохиромжгүй байдаг аж. Харин хүүхдийн шүдний сойзны үс нь зөөлөн эсвэл маш зөөлөн байх хэрэгтэй. Түүнээс гадна хүүхдийн оог сонгохдоо ар талын өнгийг сайтар хараарай. Хар эсвэл улаан өнгийн тэмдэглэгээтэй оогоор өдөр бүр угаадаггүй учир үүнээс татгалзах хэрэгтэй.
-
2015 оны 11 сарын 01
Өнөөдөр “Үндэсний өгөх өдөр” буюу “National day of Giving”-ийг монголд зургаа дахь удаагаа зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээ нь Монголчууд ядарч зовж яваа нэгэндээ хэрэгтэй цагт нь тусалж чаддаг гэдгийг харуулах зорилготой. ”Үндэсний Өгөх Өдөр” өнөөдөр тохиож байна.
Тухайлбал, өнөөдөр 11:00-12:00 цагийн хооронд Чингисийн талбайд ”Бид бүгд адилхан” уриатай чөлөөт тэврэлт, уулзалт бүхий бүх нийтийн цугларалт болно. Мөн Эрүүл Инээмсэглэл уриатай Digital Dental шүдний эмнэлэг тархины саажилттай хүүхдүүдийн шүдийг үнэ төлбөргүйгээр үзэж, угаалга, цэвэрлэгээ хийж, үйлчилнэ.
Үүнээс гадна “Өгөх Өдөр Хөдөлгөөн”-ийхөн Тархины сааны холбоо, Сэргээн Засах Эмчилгээний “Таны Инээмсэглэл” төвтэй хамтран Тархины саажилттай хүүхдүүд болон том хүмүүсийн зурсан зураг, бичсэн ном болон цуглуулгуудаар “Энэ Бол Би” үзэсгэлэнг Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд дэлгээд буй. Үзэсгэлэн энэ сарын сарын 9-ний өдрийг хүртэл гарна.
-
2015 оны 11 сарын 01
Энэ жилийн их баяр наадамд 22 настайдаа түрүүлсэн шинэ арслан Э.Оюунболдод мэргэжлийн сумод 25 башёд түрүүлсэн 68 дахь ёкозүна Асашёорюү Д.Дагвадорж ийм зөвлөгөө өгчээ. Тэгэхэдээ гэдсээ татахыг зөвлөсөн байна.
Тэрбээ ”За, дүү минь захих юм байна. Наад гэдсээ бодож яваарай. Сүүлд нь харах нь ээ нэлээд жин нэмээд, гэдэс гүзээ чинь их болсон байна лээ.
Том гэдэстэй хүн сайн барилдаж чадахгүй шүү. Захих юм энэ байна. Бусдаараа ярих юм алга.
Залуу нас, барилдааны мэдрэмж, тэнэгдүү зориг яг болж байна” хэмээн бичжээ. Шинэхэн арслан мэргэжлийн сүмогийн их аваргын зөвлөгөөг дагана биз ээ.
Н.Болд
-
2015 оны 11 сарын 01
Энэ сарын 2-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 3-нд баруун болон төвийн нутгаар, 4-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орно. Салхи 2-нд баруун зүгийн нутгаар секундэд түр зуур 18-20 метр, 3-нд ихэнх нутгаар, 4-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна. 3-нд нутгийн баруун хагаст, 4-нд ихэнх нутгаар хүйтэрнэ гэж Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.
-
2015 оны 11 сарын 01
Цагдаагийн Ерөнхий газрын даргын тушаалаар улсын хэмжээнд гэрээт хувийн харуул хамгаалалтын үйл ажиллага эрхэлж байгаа аж ахуй нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг шалган зааварчлах ажлын хэсэг томилогдон ажиллаж эхэллээ. Энэ талаар Улаанбаатар хотын цагдаагийн газрын захиргааны үүргийн биелэлт хариуцсан ахлах байцаагч цагдаагийн хошууч Г.Гангансүхээс тодрууллаа.
Энэ шалгалтын зорилго нь юу вэ?
Монгол Улсын “Цагдаагийн албаны тухай хууль”-ийн 12-р зүйлийн 1.3, “Гэрээт харуул хамгаалалтын тухай хууль, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам”, бусад хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан журмын хэрэгжилтийг шалган, илэрсэн зөрчлийг арилгуулах, хариуцлага тооцох, хууль тогтоомжийн биелэлтийг хангуулахад чиглэгдэж байгаа. Одоо шалгалтын ажил явагдаж байна.
Шалгалт ямар хугацаанд үргэлжилж, ямар байгууллагууд хамтран зохион байгуулах вэ?
Шалгалтыг Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах алба, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, Линцензийн төв, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах газар, Замын цагдаагийн газар аймаг, дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс томилогдсон ажлын хэсэг хамтран зохион байгуулж байна. Шалгалтыг 2015-10.08-11.05 ны хооронд ажлын 21 хоногийн хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулна.
Хамрах хүрээ, шалгах чиглэл нь ямар байх вэ?
Улсын хэмжээнд гэрээт харуул хамгаалалт эрхлэх бүртгэлийн гэрчилгээтэйгээр үйл ажиллагаа эрхэлж буй 264 хуулийн этгээдийн хамгаалалтын албад хамрагдана. Нэгдсэн шалгалтын явцад гэрээт харуул хамгаалалтын алба нь харуул хамгаалалт эрхлэх хуулийн этгээдэд тавигдах шаардлагыг хангаж буй байдал, харуул хамгаалалтын алба хаагчдыг сургалтанд хамруулсан эсэх алба хаагчдыг сургаж дадлагажуулах, чиглэлээр зохиосон ажлын үр дүнг шалгана. Мөн ашиглагдаж байгаа харилцаа холбооны техник тоног төхөөрөмж, радио станцууд, үзлэг үйлчилгээний стандарт, радио долгионыг ашиглах давтамжийн эрхийн бичигтэй эсэх, гэрээгээр хамгаалж байгаа обьектын нэр байршил, тоо хамгаалалтын хэлбэр зэргийг шалгана.
Хамгаалалтын албаныханд дуут дохио хэрэглэх зөвшөөрөл байдаг уу?
Байдаг. Энэ чиглэлээр ч бас шалгана. Хууль зүйн сайдын “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх” 2013 оны а/121 дүгээр журмын 2 дугаар бүлгийн 3.1 -р заалтын шаардлага хангаж байгаа эсэх, ЦЕГ-ын Лицензийн төвөөс олгогдсон дуут дохио ашиглах зөвшөөрөлтэй эсэх, гэрээт харуул хамгаалалтын ажилтнуудаас гэмт хэрэг захиргааны зөрчил илрүүлэн цагдаагийн байгууллагад шилжүүлсэн бүртгэл судалгаа цагдаагийн байгууллагатай хэрхэн хамтын ажиллагаа явуулж байгаа зэргийг шалгана.
Галт зэвсэг, бусад техник хэрэгслийн талаар ямар хяналт шалгалт явуулдаг вэ?
Харуул хамгаалалтын үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа галт зэвсэг, тусгай хэрэгслийн хангалт, тоо, нэр төрөл, дугаар, эх үүсвэр, хадгалалт хамгаалалтын байдал зэргийг тогтооно. Мөн ЦЕГ-ын даргын 2008 оны 126–р тушаалын хэрэгжилт, ажилтнуудаа дүрэмт хувцасаар жигдэрсэн байдлыг ч мөн шалгана. Авто тээврийн хэрэгслийн техник ашиглалт, техникийн үйлчилгээ засварын газар, талбай, дулаан зогсоол, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нь стандартын шаардлага хангаж байгаа эсэхийг шалгана.
Зөрчил илэрсэн хамгаалалтын албанд ямар хариуцлага ?
Ажлыг нь шалган зааварчилж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, ноцтой зөрчил илэрвэл холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага ногдуулах арга хэмжээ авна. Мөн шалгалтын явцад зөрчлийг дахин гаргуулахгүй байх, холбогдох хууль тогтоомжинд нэмэлт өөрчлөлт оруулах талаар санал асуулга авч танилцуулах, хамтын ажиллагаагаа сайжруулах талаар үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байна
-
2015 оны 11 сарын 01
МЭӨ 2737 онд Хятадын эзэн хаан Шен Нан санамсаргүйгээр цайг нээсэн гэдэг. Тэрбээр нэг өдөр цэцэрлэгт хүрээлэндээ буцалсан ус уугаад сууж байтал хажуугийн бутнаас навч хийсэн аяганд нь орсон аж. Навч буцалсан усыг хандлан, эргэн тойронд сайхан үнэр түгээхийг анзааран, ууж үзтэл сайхан амттай болсон байж.
Ингэж л цай анх үүссэн бөгөөд цай нь бидний эрүүл мэндэд чухал ач холбогдолтой. Тэгвэл бидний хэрэглээд дууссан, хэрэгцээгүй болсон ууттай цайг хэрхэн ашиглаж болохыг та мэдэх үү? Ямартай ч халуун усанд хандалсны дараа шууд хогийн сав руу шидчихдэг байсан зүйлээ үр ашигтайгаар ашиглах аргуудаас танд хүргэж байна.
1. Нүдээ хамгаал. Хэрэв та компьютерын ард удаан суудаг ажилтай бол ядарсан нүдээ амраахдаа цайны уутыг ашиглах нь тустай байдаг. Өдөрт дор хаяж нэг удаа 10-15 минут хэрэглэсэн цайныхаа уутыг нүдэн дээрээ тавьбал нүд хавагнах, загатнах, нүдний доор үүссэн хар зураас арилна. Нүд тань гайхалтай сайхнаар амрах болно.
2. Гоймон, үр тарианд амт нэм. Хэрэв та гоймон эсвэл үр тариагаар хоол хийх гэж байгаа бол хэрэглэсэн дүрдэг цайгаа ашиглах бас нэг боломж гарч ирлээ. Ууттай цайгаа гоймон чанаж буй тогоотой усандаа хий. Ус буцалсны дараа ууттай цагаа авч, гоймон, үр тариагаа чана. Цагаан будаа чанах гэж байгаа тохиолдолд алтан товч эсвэл мэлрэг цэцэгний цайг ашиглаарай. Харин гоймон чанахад ногоон, овьёосонд шанцайтай хар цай амт оруулдаг юм.
3. Хивсээ цэвэрлэ. Хандалсан ууттай цайгаа хөргөгчид хадгал. Хангалттай их цай цуглуулсны дараа уутыг нь задалж, навчыг нь хивсэндээ цац. Цайны навч хатсаны дараа сойзоор эсвэл тоос сорогчоор хивсээ цэвэрлэ. Таны хивсэнд шингэсэн эвгүй үнэр үгүй болж, өнгө орох болно.
4. Эвгүй үнэрийг арилга. Дэлгүүрээс үнэтэй агааржуулагч худалдаж авахаасаа өмнө хэрэггүй болсон цайны уутаа ашиглаад үзээрэй. Хатаасан ууттай 5-6 цайг хогийн савны ёроолд байрлуулаарай. Түүнчлэн хөргөгчний тасалгаа зэрэг эвгүй үнэр гарч болох бүх газарт байрлуулж болно. Ингэснээр танай гэрт гарсан эвгүй үнэр арилах юм.
5. Өвдөлт, зүсэлт, шархаа эмийн бус аргаар эдгээ. Зүсэгдэж, шарх үүссэн хэсэгт хандалсан ууттай цайгаа хэдэн минутын турш тавьж, үе үе зөөлөн дар. Учир нь цай нь өвчнийг намдааж, тайвшруулах үйлчилгээтэй. Хөргөгчид хийж хүйтэн болгосон цайны уутыг түлэгдсэн газраа 20 минутын турш тавьбал өвдөлт, хорсолтыг намдаана.
6. Хувцасны өнгөө сэргээ. Цайвар өнгөтэй хувцасны өнгийг сэргээхэд хэрэглэсэн цайны уутыг ашиглаж болно. Ингэхийн тулд цайны уутан доторх шаарыг гаргаж халуун усанд хийгээд усандаа хувцсаа хэдэн цаг байлгахад л хангалттай.
7. Аяга тавагны хир, тос арилгах, гал тогооны хэрэгслийг зэврэлтээс хамгаалах боломжтой. Мөнгө үрж, химийн найрлагатай аяга таваг угаагч авч байснаас 2-3 ууттай цайг бүлээн усанд хийж хэсэг хугацаанд байлгасны дараа энэхүү усанд тос болсон аяга тавгаа угаах боломжтой. Түүнчлэн та гал тогооны сав суулгаа хэрэглэсэн ууттай цайгаар үүрснээр зэврэлтийг арилгана.
8. Үсээ арчил. Гялалзсан сайхан үстэй болохыг хүсэж байвал хандалсан цайгаар үсээ угаагаарай. Дараа нь үсээ ангижруулахад л хангалттай.
-
2015 оны 11 сарын 01
НИТХ-ын ээлжит 30 дугаар хуралдаан баасан/X.30/ болж хуралдаанаар Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын байршил хэмжээг батлах тухай хэлэлцлээ.
НИТХ-ын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх 52 байршлыг баталсан бөгөөд эдгээр байршуулдад газар өмчлөх эрхийг цахимаар олгох ажил журмын дагуу 2014 оны 8 дугаар сараас эхэлсэн. Баталсан 52 байршлаас 41 байршилд цахим хэлбэрээр газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулснаас нийслэлийн хүн амын 40 хувь нь газар өмчлөх хүсэлтээ цахим бүртгэлийн системд ирүүлж, 36,428 иргэн сонгогджээ.
Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатын танилцуулснаар, өмнө нь батлагдсан 52 байршлаас, Баянзүрх дүүрэгт 3 байршил, Хан-Уул дүүрэгт 1 байршил, Сонгинохайрхан дүүрэгт 1 байршилд газар өмчлүүлэх ажил тодорхой шалтгаануудын улмаас түр хойшлогдсон байна. Тодруулбал, дүүргийн ИТХ-аас тусгай хамгаалалтад авсан, өөр зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэсэн гэх мэт нөхцөл байдал үүссэн учраас өмчлүүлэх ажлыг түр хойшлуужээ. Асуудлыг шийдсэний дараа эдгээр байршлуудад цахимаар газар өмчлүүлэх ажлыг үргэжлүүлэх юм байна. Мөн дээрхи 41 байршилд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу дэд бүтцийн асуудлыг шуурхай шийдвэрлэхийн тулд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар, концессын гэрээгээр хэрэгжүүлэх зэргээр боломжит нөхцөлүүдийг ,НИТХ-ын хуралдаанд хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.
Мөн нэмж шинээр Сонгинохайрхан дүүрэгт 12, Хан-Уул дүүрэгт 3, Налайх дүүрэгт 4, Багахангай дүүрэгт 17, Багануур дүүрэгт 32 нийт 68 байршилд 22 497 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх боломжтой гэж танилцуулав.
НИТХ-ын төлөөлөгчид эдгээр байршилыг баталж, 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулан өмчлүүлэх ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Засаг даргад үүрэг болгов. Шинээр баталсан 68 байршилд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулж, хаягын зургыг баталсаны дараа газар өмчлөх эрхийн бүртгэлийг цахим хэлбэрээр зохион байгуулах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.