зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Нэгдүгээр бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ:


БОДЬ ҮНДЭС ХӨВРӨН БҮТЭЖ ЭХ СУРВАЛЖ ИЛРЭВ
БОДГАЛЬ СЭТГЭЛЭЭ ЗАСАН БЯСАЛГАЖ ИХ ЁСНЫГ ҮҮСГЭВ


Шүлгийн үг: 


        Балар харанхуй аж эл тэнгэр газар ялгараагүй
        Бараг бүрэг байж бүрэн хүн амьтан үүсээгүй
        Тулгар Пан хө их балрыг анх эхлэн нээснээ 
        Тунгалаг булингар үүнээс ялгаран яралзан тодров.
        Төрөл олсон хамаг амьтан туйлын өршөөлд ивээгдэж
        Түмэн бодисыг зохион үүсгэж төгс сайнаа бүрдүүлэв.
        Галав Мөчлөгийг үүдэн нээсэн гавьяаг мэдсүгэй хэмээвээс
        Гайхалтай энэхүү Баруунш зорчсон хуврагийн шастирыг үзтүгэй.


Сонсохул тэнгэр газрын тоо арван хоёр түмэн есөн мянга зургаан зуун жилийг нэгэн галав хэмээмүй. Нэг галвыг хувааж арван хоёр Мөчлөг болгожээ. Үүнийг хулгана, үхэр, барс, туулай, луу, могой, морь, хонь, бич, тахиа, нохой, Гахай зэрэг арван хоёр эрхтнээр тохиолдуулан тоолмуй. Нэгэн Мөчлөг нь нэг түм найман зуун жил болой. Нэг өдрөөр үлитгэн өгүүлбээс хулгана цагт аргын уурыг олоод үхэр цагт тахиа дуугармуй, барс цагт гэгээрч туулай цагт наран мандмуй, луу цагт идэшил, могой цагт аж төрмүй, наран морин цагт өдрийн гол дунд болоод хонин цагт үд хэлбиймүй, бичин цагт наран баруунш ташиж, тахиа цагт шингэмүй, нохой цагт бүрий тасарч, Гахай цагт хүн нойрсмуй. Үүнчлэн их тоо нь нохой Мөчлөгийн эцэс хүрвээс тэнгэр газар будангуй болоод түмэн бодис боогдмуй. Бас таван мянга дөрвөн зуун жил болж Гахай Мөчлөгийн эх хүрвээс хав харанхуй болоод хүн, бодис цөм үгүй болно. Тиймийн тул балар хэмээмүй. Бас таван мянга дөрвөн зуун жил болоод Гахай Мөчлөг эцэслэх үест чив хэмээх дараах галав барилдан үүсч, хулгана Мөчлөг болохуйяа аажмаар дахин гэгээрмүй. Шоу Кан Жиегийн өгүүлсэн нь: “Өвлийн туйлын хулгана цагийн хагаст тэнгэрийн гол үл шилжин өөрдмүй. Нэгэн арга анх хөдлөх үе болбоос түмэн бодис үүсээгүй цаг болой.” хэмээжээ. Энд хүрээд тэнгэр сая үндэсэлмүй. Бас таван мянга дөрвөн зуун жил болоод чив хэмээн хулгана Мөчлөгийн үест хөнгөн тунгалаг нь дээш мандаад наран саран одон гариг бий болж, үүнийг дөрвөн дүрс хэмээмүй. Ийнхүү тэнгэр хулганад үүсэв хэмээмүй. Бас таван мянга дөрвөн зуун жил болж, хулгана Мөчлөгийн эцэс үхэр Мөчлөгийн эх болохуйд аажмаар бэхжин чангармуй. Зурхайт номд өгүүлсэн нь: “Эцэг тэнгэр их болой. Эх газар уудам болой. Түмэн бодисын үржин өсөх нь тэнгэрийн ивээлийг шүтмүй.” хэмээжээ.  Энд хүрээд газар сая бүрэлдэж эхэлмүй. Бас таван мянга дөрвөн зуун жил болж, чив хэмээн үхэр Мөчлөгийн үест хүнд булингар доош тунаж, ус, гал, уул, чулуу, шороо бүтмүй. Үүнийг таван махбод хэмээмүй. Ийнхүү газрыг үхэр Мөчлөгт бүтэв хэмээмүй. Бас таван мянга дөрвөн зуун жил өнгөрч, үхэр Мөчлөгийн эцэс, барс Мөчлөгийн эх болоход түмэн бодис үүсмүй. Жилийн зурхайд өгүүлсэн нь: “Тэнгэрийн уур доош буун, газрын амьсгал дээш мандаж, тэнгэр газрын уур амьсгал дээш мандаж, тэнгэр газрын уур амьсгал нийлэлдвээс хамаг бодис сая бүтмүй.” хэмээжээ. Энд хүрээд тэнгэр газар цэлмэг тунгалаг болж, арга билиг нийлэлдмүй. Бас таван мянга дөрвөн зуун жил болж, чив хэмээн барс мөчлөгийн үест хүн хар ба араатан жигүүртэн үүсмүй. Үүнийг тэнгэр газар хүн гурван эрдэм барилдан тогтов хэмээмүй. Ийнхүү хүнийг барс Мөчлөгт үүсэв хэмээмүй. 


Пан Хө галвыг нээн, гурван Хуан ертөнцийг засч, таван хаад журмыг тогтоосноос дэлхийдээ даруй дөрвөн их тив болж хуваагджээ. Энэ нь: дорно-Үлэмж биет тив, өрнө Үхэр эдлэгч тив, өмнө-Замбуу тив, умар-Муу дуут тив болой. Энэ үлгэрт ганцхан Дорно үлэмж биет тивийн учрыг өгүүлмүй. Далайн тэртээ нэгэн гүрэн аж, нэрийг нь Уулай улс хэмээмүй. Энэ улс их далайд ойр бөлгөө. Далайн дунд Цэцэг жимст хэмээгч уул буй. Тэр уул болбоос арван хойгийн эх судас, гурван арлын сурвалж сэлтэр бөгөөд тунгалаг булингар ялгаран тэнгэр газар тогтсон үест бүтсэн ажгуу. Энэ юутай сайхан уул аж. 


Үүнийг магтсан дуулал нь: 

        
        Сүр нь Сүн далайг дарж, давалгаа нь мөнгөн уул мэт сүмбэрлэхүйеэ загас элүүд ормуй
        Сүлд нь Хасын тэнгисийг номхотгож долгион цас шуурга шиг хаялахуйяа матар хөвөөс гармуй
        Гал модон орны зохис дахь ганц өндөр цогц дээр, гайхамишигт өндөр оргил сүндэрлэмүй.
        Улаан эргийн дээр үзэсгэлэнт гарьд хослон донгодож, цавчим хадны энгэр бэлгэт гөрөөс ганцаар хэвтмүй
        Өндөр асгын оройд алтан гургалдай ямагт донгодож, хад чулууны хонгилд хас луу хэзээд оршмуй.
        Ойн дотор арш буга, хувилгаан үнэг байж, модны дээр гайхамшигт жигүүртэн сонин тогоруу амуй.
        Бэлгэт өвс, чухаг цэцэг өнөд үл зулгаран, хөх нэрс, ногоон майлс мөнх хавраар баймуй
        Шидэт модноо тоор үүрд жимслэн, согтмол хулснаа үүл нэгэнтээ тунармуй.
        Зав жалга, гуу ганганд ороонго зэл туурлаж, далан хөтөл эргэ хавчилд өвс ногоо ургамуй.
        Үнэхээр зуун мөрний уулзар, хөх тэнгэрийн тулгуур бөгөөд түмэн галавт үл шилжих эх газрын үндэс. 


Энэ уулны туг оройд нэгэн хувилгаан чулуу бий. Тэр чулууны өндөр нь гурван хос алд зургуун тохой таван ямх, эргэн тойрон нь хоёр хос алд, дөрвөн тохой буй. Гурван хос алд зургаан тохой, таван ямх, өндөр аху нь тэнгэрийн гурван зуун жаран таван хоногийг дүрсэлжээ. Эргэн тойрон хоёр хос алд, дөрвөн тохой аху нь одон зурхайн хорин дөрвөн уур хэмийг дүрсэлсэн болой. Дээр нь есөн сүв, найман нүх бий. Энэ нь есөн мэнгэ, найман хөлөлийг дүрсэлсэн болой. Дөрвөн талд сүүдэрлэн халхлах модгүй бөгөөд зүүн баруунаа удамбар цэцэг ургажээ. Энэ нь сав ертөнц тогтсоноос нааш тэнгэр газрын арга билиг, наран сарны гэрэл, шимийг хүртсээр гайхамшигтай болжээ. Түүнчлэн дотор нь хувилгаан хөврөл бүтэж жирэмслээд нэгэн өдөр дэлбэрч бөмбөгөн чинээ чулуун өндөг гарав. Энэ өндөг салхи үзмэгц хувилан таван эрхтэн, дөрвөн мөч төгс бүрдсэн нэгэн чулуун бичин болж мөлхөх ба алхахыг сураад дөрвөн зүгт мөргөв. Чулуун бичин нүдээ нээхүйеэ хоёр зурвас алтан гэрэл цацран Сударсан балгаснаа тусав. Үүнд: Эсэруа дээд их асрал ивээлт хаан хурмаст тэнгэр цочиж Сударсан балгасны үүлэн мандалт алтан ордны бидэрьяа эрдэнэ харшид залран сууж, хамаг тэнгэрийн эрхтэн нарыг цуглуулан гэтээч, чагнаач хоёр эрхтнийг тэнгэрийн өмнө хаалганаа эчиж үз хэмээн захив. Тэр хоёул зарлигийг хүлээн хаалганы гадна гарч тодорхой үзэн, лавтай сонсон төдөлгүй эргэж ирээд айлтгаруун: “Бид зарлигаар алтан гэрэл цацарсан газрыг үзэн чагнахул дорно Үлэмж биет тивийн далайн зүүнтээх Уулай нэрт бага улсад Цэцэг жимст хэмээх уул буй. Тэр уулан дээр нэгэн хувилгаан чулуунаас нэгэн өндөг төрж салхи үзмэгц хувилан, чулуун бичин болж дөрвөн зүг мөргөхүйеэ түүний нүднээс цацарсан алтан гэрэл Сударсан балгаснаа туссан ажгуу. Өдгөө тэр идэш идэж, ус ууснаар алтан гэрэл бүдгэрэн завхарчээ”. Хан хурмаст таалал хүртээж, зарлиг болруун: “Доод ертөнцийн хамаг амьтан цөм тэнгэр газрын үр шимээр бүтсэн тул тийм гайхалтай хэрэг бус болой.”


Тэр бичин уулнаа гүйн гүйн харайж үсрэн дэвхэрч, өвс ургамал идэн, горхи булгийн усыг ууж, цэцэг жимс түүн баавгай өтөг лүгээ ханилж, барс ирвэс лүгээ нөхөрлөн, буга араат лугаа сүрэглэн, бич сармагчин лугаа найзалж, шөнөдөө эрэг хонгилд хоноглон, өдөртөө хад агуйгаар хэсэн тойрч, үнэхээрийн “Эчнээ уулнаа зурхайн судар үгүй тул өвлийн улирал эцэсэлсэн атал эргэж нэгэн жил эхэлснийг эс мэдэн” ажгуу. Нэгэн өдөр лүгхийм халуун болсонд тэр олон бичин лүгээ хамт хуш модны сүүдэрт сэрүүцэн наадалцан авай. Тэд цөм: 


Модонд гарч салаанаа авиран, цэцэг түүж жимс эрмүй, чулуун мөхлөг харван шагай халцмай наадмуй, элс манхаар гүйлдэн, овоо суварга босгомуй, өрөм хулгайчийг хөөж, өнгөт эрвээхийг шүүрмүй, хурмаст тэнгэрт мөргөж, Хомсим бодисадвад залбирмуй, ороонго зэлийг үгтээн өвсөн хормойвч гөрмүй, бөөс хуурсаа эрж, үс зүсээ засан хуруу хумсаа арилгамуй, ивэлцэх нь ивэлцэж, шүргэлцэх нь шүргэлцэж, түлхэлцэх нь түлхэлцэж, зайдлалцах нь зайдлалцаж, чангаалацах нь чангаалцаж, хөтөлцөх нь хөтлөлцөн ногоон нарсан ой дотор дураараа наадаж, цэнхэр усны хөвөөнөө тааваараа угаамуй. 


Олон бичин нэгэн зэрэг наадаж, горхинд орж, биеэ угаан ахуйд тэр усны боргилсон долгин урсгалыг үзээд “Гөрөөсөнд гөрөөсний үг бий, жигүүртэнд жигүүртний хэл бий” хэмээсэнчлэн: “Энэ усан хаанаас гарсан болов? бид энэ өдрийн сул чөлөөнд горхиндоо өөдөлж усны эх сурвалжийг эрэн наадахаар одсугай.” Бичид хашхиралдаад, гар гараа хөтлөлцөн нэг нэгээ дуудалцан хамтаар гүйлдэж уулыг авиран, горхийн эхэнд хүрч үзвээс харин хүрхрээ булаг ажгуу. 


        Цавчим хаднаа цагаан солонго татаад
        Цасан давалгаан цайлзан дорогш цутгамуй. 
        Анавадын салхин тасралгүй илбэн 
        Агаарын саран алгасалгүй тусмуй. 
        Оргил булаг онгон хаднаас бууж 
        Онгирол урсгал номин асгыг угаамуй. 
        Хүржигнэн буух хүрхрээ энэ булаг 
        Хөвчлөн өлгөсөн хөшиг үүд адил.
        Олон бичин алга ташин гайхалдаж: “Үнэхээр сайн ус. Сайхан ус. Үзсэн энэ булаг уулын хормой хүртэл урсаж их далайд цутгаж байх ажгуу.” хэмээлдээд бас: “Хэн хэрвээ чадалтай болохул үүний дотор үсрэн орж, эх сурвалжийг эрэн олоод хорлогдолгүй гарч ирвээс бид бүгдээр түүнийг өргөмжилж, ван болгосугай” хэмээн гурвантаа дуудсанд олны дотроос чулуун бичин гарч ирэн: “Би орсугай. Би орсугай.” хэмээн бархирав. Үүний:


        Энэ өдөр их нэр алдаршаад
        Ирээдүйд хийморь нь мандмуй
        Энд суух хувь ерөөл агснаас 
        Эзэн морилон арш ордноо саатмуй. 

 

Тэр нүдээ анин хүрхрээ булгийн дотор ухасхийн үсэрч ороод нүдээ нээж өндийн ажиглаваас дотор нь ус ч үгүй, давалгаан ч үгүй, нүдний өмнө нэгэн гүүр тодрон харагдмуй. Тэр зогсоод лавлан харж нарийвчлан үзвээс харин төмөр гүүр ажгуу. Гүүрний доорх ус нь хадны завсраар дээш шуугин боргилсоор гэдрэг цутган агуйн амсрыг хөшиглөсөн ажээ. Тэр гүүрний дээр дэвхрэн гарч, яван яван ажиглаваас үнэхээр хүн сууж агсан мэт сайхан орон ажээ. 


Номин хөвд цэлгэрэн хөвөн үүл хөвөлзөж, униар хүдэн яралзан, алтан туяа цацармуй. Саруул гэгээн цонхтой сэлүүн уудам гэрийн гилгэр суудал, толигор шалнаас гэрэл гармуй. Өрөө агуйд сувдын лавир өлгөн танан хөшиг татаж, өнөр цэцэг үнэрт өвс нь газар дүүрэн дэвсгэрлэжээ. Зуухны дэргэд цучил өвс шинэхэн бөгөөд ширээний дээрхи аяганд хоол зуушны үлдвэр байсаар аа. Чулуун ширээ чулуун ор нь үнэхээр бахархалтай хэмээхүйеэ чулуун аяга чулуун сав нь нэн гайхалтай. Гадна согтмол хулс, ургасныг харахул яг айл гэр адил байнам. 


Удтал үзээд гүүрний тэртээ үсрэн гарч, ийш тийш ажиглаваас, төв дунд нь нэгэн чулуун хөшөө буй. Дээр нь “Буянт газар, цэцэг жимст уул, хутагт орон усан үүдэт агуй” хэмээх том үсэг сийлжээ. Чулуун бичин тэсгэлгүй баярлан гэдрэг буцаж, дахин нүдээ анин биеэ хурааж, уснаас үсрэн гарч ирээд  хи хи хэмээн хэдэнтээ инээж, “Хувь заяа тааралджээ. Хувь заяа тааралджээ.” хэмээсэнд олон бичин тойрон авч асууруун: “Дотор нь ямар вэ? “Ус хэдий гүн бэ?” Чулуун бичин өчрүүн: “Ус үгүй. Нэгэн төмөр гүүр байнам. Гүүрний тэртээ өөрөө бүтсэн гэр хөрөнгө байнам.” Олон бичин өгүүлрүүн: “Гэр хөрөнгө байхыг хэрхэн мэдэв?” Чулуун бичин инээн: “Энэ ус тэр Гүүрний дороос дээш оргилон дахин доош цутган үүдийг халхалжээ. Гүүрний тэнд цэцэг модоор хүрээлсэн нэгэн чулуун гэр бий. Гэрийн дотор чулуугаар бүтсэн зуух тогоо, аяга сав, ор суудал бий. Төв дунд нь нэгэн чулуун хөшөө байж, дээр нь: “Буянт газар цэцэг жимст уул, хутагт орон усан үүдэт агуй” хэмээн сийлжээ. Үнэхээр миний амарч орших орон болой. Доторхи агуу уудам нь манай их бага мянгаад ам багтмуй. Бид энд тэнгэрийн царайг харж амьдрахын оронд харин тэнд орж суусугай. Тэнд: 


        Хуугих салхинаа халхалж хоргодох газартай
        Хур борооноо бие далдлах оронтой.
        Цас хяруунаас айх учир үгүй
        Цахилгаан аянгаас хэлмэгдэх явдал алга
        Өнгөт үүл үргэлж туяаран гийгүүлж
        Өлзий хутаг үүрд мандан ивээмүй.    
        Нарс хулс жил бүр мөнх
        Навч цэцэг өдөр бүр шинэ” хэмээв.


Олон бичин сонсоод баясан өгүүлрүүн: “Чи өмнө явж биднийг удирдан одогтун.” хэмээсэнд чулуун бичин нүдээ аньж биеэ хураан ухасхийн үсрэхийн зуур: “Та нар намайг дагаж орогтун.” хэмээн дуудсанд, тэдгээр бичдийн дотор зоригтой нь цөм үсрэн орж, аймтгай хичээмтгий нь ухран өнгийлцөж, хүзүү сээрээ маажилхийлэн, нэгэн зэрэг бөөгнөрөн жижигнэлдэн цөмөөр үсрэн оров. Гүүрийг авиран гармагц аяга савыг булаалдан, тогоо тулгыг эзлэлдэн, ширээ суудлыг тэмцэлдэн, нааш цааш зөөлдөн үнэхээр бичний тэсгэлгүй зан нэгэнт илэрч, хэзээ бие сулран тэнхээ алдарсан цагт сая зогсов. Чулуун бичин хоймор сууж: “Хүн итгэлгүй болбоос хүнээ бармуй. Хэн хэрэв чадалтай болохул орж, хорлогдолгүйгээр гарч ирвээс өргөмжлөх хэмээн та бүгдээрээ сая хэлсэн биш үү? Би өдгөө орж ирээд дахин гарч бас та нарыг авчран энэ хутагт орныг олов. Ийнхүү бид бүгдээр амар хэвтэн, тавтай нойрсож, өрх гэртэй болж, өнөр буяныг эдлэх болготол та нар юунд намайг ван үл өргөмжилмүй?” хэмээн өгүүлсэнд олон бичин сонсоод хичээнгүйлэн дагаж нас жилээ хөөж, дэс дараалан зогсоод ёслон мөргөж, нэгэн дуугаар “Мянган наст их ван” хэмээн өргөмжлөв. Үүнээс хойш чулуун бичин вангийн сууринд сууж, “Чулуу” хэмээх нэрийг халж, сайхан бичин ван хэмээн нэрийдэв. 


Шүлгийн үг:


        Найралдан ивээлдсэн гурван аргаас хамаг амьтан үүсч
        Наран сарны шимийг олсноос хувилгаан чулуу бүтэв.
        Өндгөөс навчит бичин хувилан их ёсныг гүйцэтгэж
        Үүний нэрээр адис үрлийг найруулан бүтээж гаргамуй.
        Өр зүрхийг үл мэдэх нь дүр үгүйн хараа
        Өнгө гадрыг гэгээн мэдэлтэй нийлүүлэн дүрс болгомуй.
        Үе улиран хүн бүхэн цөм ийм аж.
        Өөр өөрийн тав дураар хаан богд өргөмжилмүй. 


Сайхан бичин ван тэдгээр хүн хөгшмөл самжийг сайд түшмэл, хиа гоцог болгон тус тус томилоод, өдөр болбоос цэцэг жимст ууланд зугаацан, шөнө болбоос усан үүдэт агуйд хонон, сэтгэл санаа нийлж, жигүүртэн лүгээ нөхцөхгүй, гөрөөс лүгээ сүрэглэхгүй хувиараа хаан болж тааваараа жаргажээ. 


        Өнөр цэцгийг хавар түүж идээн ундаан болгон
        Өнгийн цэцгийг зун сорж амь голоо тэжээмүй
        Үр жимсийг намар хурааж өдөр сарыг саатаан
        Үрлэг нишингийг өвөл идэж он жилийг өнгөрөөмүй.


Сайхан бичин ван тэнгэрийн жаргалыг төгс эдэлж, хэдэн зуун жил болов. Бичин ван нэгэн өдөр олон бичин лүгээ найрлан хуримлаж агаад гэнэт эмгэнэн зовж нулимс унагавай. Олон бичин ихэд сандарч яаран мөргөж, өгүүлрүүн: “Их ван юуны тул зовнимуй?” Бичин ван өгүүлрүүн: “Би өдгөө хэдийгээр баясан цэнгэлдэж байвч, холыг сэтгэж баахан зовнимуй.” Олон бичин инээн өгүүлрүүн: “Их ван юутай ханалыг үл мэдэх аж? Бид бүгдээр өдөр бүр шидэт уул буянт газар хутагт агуй хувилгаан бүрдэд чинээгээр цэнгэж, гөрөөсний хаанд харьяалагдахгүй, жигүүртний хаанд эзлэгдэхгүй, бас хүний хаанд захирагдахгүй, эрх дураараа байх нь үнэхээр цаглашгүй үлэмж буян атал, бас юуны тул алсыг сэтгэж зовнимуй?” Бичин ван өгүүлрүүн: “Өдгөө хэдийгээр хүний хааны хууль цаазад ороогүй, араатан жигүүртний хорлолоос айхгүй байх боловч, ирээдүй цус шингэрэн, яс нимгэрч өтөлсний хойно эрлэгийн цаламд орж, гэнэт тэнгэр хүний дотор удаан амьдарч чадахгүйгээр үхвээс орчлон ертөнцөд төрсөн нь талаар хэрэг болох биш үү?” Олон бичин сонсоод нүүрээ бүтээж, эмгэнэн уйлалдаж цөмөөр мөнх бусын учирт зовнимуй.


Олон бичний дотроос нэгэн хүн бичин үсрэн гарч ирээд их дуунаар өгүүлрүүн: “Их ван энэ мэт хойчийн тул зовниж байх нь үнэхээр бодь сэтгэл нээгдсэн болой. Өдгөө таван зүйлийн амьтны дотор гагцхүү гурван зэргийн хүн нь эрлэг хаанд захирагдахгүй бөлгөө. Бичин ван асууруун: “Аль гурван зэргийн хүн бэ?” Хүн бичин өгүүлрүүн: “Тэр нь бурхан, хувилгаан, сахиулсан гурав болой. Тэд сансрын хүрднээс хэлтэрч, тэнгэр, газар, уул, усан лугаа адил төрөхгүй, үхэхгүйгээр мөнхөрсөн болой.” Бичин ван асууруун: “Энэ гурав нь ямар газар буй?” Хүн бичин өгүүлрүүн: “Тэд гурав цөм хүний орчлонгийн хутагт агуй, шидэт уулнаа оршмуй. Бичин ван сонсоод тэсгэлгүй ихэд баярлан өгүүлрүүн: “Би маргаад та нараас салж уулнаас буун, далайн хязгаар тэнгэрийн хормойд хүртэл явж, тэр гурвыг эрхбиш эрэн олоод үхэлгүй мөнхрөх эрдмийг сурч, эрлэгийн зовлонгоос үүр хэлтэрсүгэй.” Аяа, энэ нь үнэхээр сансрын хүрднээс салж, тэнгэр лүгээ тэнцэх их хувилгаан болох санаа болой. Олон бичин алгаа ташин баярлалдаж, “Сайн болов. Сайн болов. Бид маргааш ууланд гарч жимс арвин түүж ирээд, их хурим базааж, их ванг үдсүгэй.” хэмээлдэв. 


Дэд өдөр олон бичин үнэхээр ууланд гарч хувилгаан тоор, гайхамшигт жимс, нанги цагаан, нишин, удамбар цэцгүүдийг түүн авчирч, чулуун ширээн дээр шидэт дарс, амтат зуушийг өрж тавьжээ. Үзвээс: 


Тослог интоорын өнгө улаан амт сайхан, сайтар боловсорсон гүйлсний үнэр анхилам амт хүчлэг, шинэ луугийн нүдний мах амттай хальс нимгэн, бэржгэр луугийн нүдний үр жижиг, дотор улаан, алмурад жимсийг ногоон мөчиртэй хамт тавьж, цэцэггүй жимсийг навчийн хамт өргөмүй. Том алим, толт чавга ундаасахыг тайлан дотор уужруулах бөгөөд, нэнт архийг сэргээмүй. Анхилам тоор, услаг гүйлсний амт шимт адис рашаанд адил. Улаан гүйлс, янжу гүйлсний исгэлэн хүчлэг амт нь айраг тараг мэт. Улаан гол хар үртэй боловсорсон тарвас ба том шар шавдал бий. Язартал болоовсорсон анарын улаан үр нь шүр сувд шигтгэсэн мэт харагдмуй. Туулайн бөөрийг цөмбөөс цөмөө нь шар тос адил. Хушга ба мөнгөн гүйлс цайнд багсруулж болмуй. Бад үзмээр дарс нэрж болмуй. Шид самар, хурган бөөр, гүйлнээг тавагт овоолоод, жүрж, нишингэ, бэрсүүт жүрж, хүчтэй жүржийг ширээ дүүрэн тавьжээ. Нанги цагааныг боловсортол шарж, нившинг ялбартал чанан, аглаг тармыг няцлаад чулуун тогооноо зөөлөн галаар алгуурхан шөлшүүлмүй. 
Хүний ертөнцөд хэдийгээр чухал сайхан амт бий боловч, уулны бичний жаргал лугаа адилтгаж хэрхэн болох аж?” 


Олон бичин сайхан бичин ванг дээр хүндэтгэн суулгаж, бүгдээр нас жилээ хөөлцөн жигүүрлэн сууж, тус бүр архи сөгнөн, жимс өргөн нэгэн өдөр ханатал уун ихэд найрлажээ. Маргаад нь сайхан бичин ван эрт босоод,  бага бичдээ дуудаж, “Тануус очиж хуурай нарсаар сал хүлж, хулсаар алмуур хийж, алим жимсийн зүйлийг баахан бэлтгэгтүн. Би өдгөө одмуй.” хэмээн захив. Базааж бармагц ганцаар салд суун, хүчлэн сэлж, усны хөвөөнөөс их далайд ороод салхины аясаар хөвж явсаар, замбутивийн хязгаарт хүрч ирэв. Энэ үнэхээр:


        Тэнгэрийн төрүүлсэн хувилгаан бичний ёс мөр ариухан
        Тэртээ уулнаас сал хөлөглөж салхины аясаар явнам.
        Тэнгисийг туулж, далайг гэтлэн хувилгаан ёсыг эрж
        Дайчин зориг чин сэтгэлээр их үйлийг бөтөгнэм.
        Эгэл хүслийг тэвчин огоорох хувь ерөөл байхаас 
        Эмгэнэл зовнилыг мэдэлгүйгээр бодь хутагтанаа золгомуй.
        Ухан бодохул аялгууг мэдэгчид лүгээ лав учраад
        Уг язгуурыг хэлж гаргаваас хамаг эрдэмд нэвтэрмүй.


Хувь заяагаар салд сууснаас нааш өдөр бүр зүүн өмнө салхи хүчтэй салхилж, түүнийг баруун хойд эрэгт хүргэж, өмнө замбутивийн хязгаарт авчирав. Алмуураараа усны гүнийг тэнсэж мэдээд салаа орхиж, эрэгт нь харайн гарч, үзвээс далайн хөвөөнөө загас агнах, галуу харвах, давс малтах хүн олон байнам.ойртож очоод маа ангайн аймшигтай дүр гаргасанд тэдгээр улс их л гэлмэж, тор өгөөш, томорцог сагсаа орхин зүг бүрт зугатан дутаав. Тэдний дотроос гүйн үл чадах нэгэн хүнийг барьж хувцсыг тайлан аваад хүнийг дуурайн биедээ өмсөөд, гэлбэлзэн алхаж, Жоу фугаар хэсэн тойрч, хүний ёс ямба, үг хэлийг суран, өдөр хооллон, шөнө хоноглож, гагц сэтгэлээр бурхан бодисадваг эрж, мөнхийн шидийг олсугай хэмээмүй. Дэлхий дахины хүн цөм нэр ашгийн хойноос хөөцөлдөхийг мэдэхээс бус амь насныхаа тул сэтгэгчид нэг ч үгүй. Энэ нь үнэхээр: 


        Олзыг булаалдан нэрийг хөөхцөлдөгсөд аль цагт зогсмуй
        Орой нойрсож эрт босох нь өөрийн зоригоор бус
        Илжиг луусыг унаж байсан ч билгүүн хээрийг хүснэм
        Эрхт түшмэл, зайсан болсон ч ван гүнд дурламуй
        Өмсч идэх хоёрын төлөө зовон элж явсаар 
        Эрлэг хаан дуудан аваачихаас юун айх аж?
        Үр ачийн залгамжлан авах баян эрхмээс өөр 
        Үхэхийг бодож тэргүүн өргөгчид нэгээхэн ч бас үгүй


Бичин ван хувилгаадын ёсыг хэдий эрсэн боловч хувь ерөөл мөхөс тул нэгэн ч хувилгаан лугаа олж учирсангүй. Тэр замбутивийн орноо тойрон сянь балгадаар хэсч, санамсаргүй нэгэнтээ найман есөн жил болов. Нэгэн өдөр явсаар баруун их далайн хөвөөнд хүрээд энэ далайн цаанабурхан бодисадва аху буй за хэмээн сэтгээд мөн урьдах ёсоор салд сууж баруун их далайг туулж, үхэр эдлэгч тивийн хязгаарт хүрч далайн эрэгт гараад удтал асуун сурвалжилж яван атал гэнэт ой шугуй ягц зузаан нэгэн үзэмжит сайхан уул харагдмуй. Тэр барс чоноос болгоолгүйгээр уулын оргилд гарч хүрвээс:


Мянган асга өндөр оргил сэгийлцэн тэмэн алд хана хад сүндэрлэжээ. Нарны гэрэл хаднаа тусахуйяа ногоон солонго татаж, хурын үүл оргилыг ороохуйяа сэрүүн жавар сэнгэнэмүй. Хатмал ороонго хөгшин модныг ороож хуучин олом, аглаг завын зам болжээ. Согтмол хулс аварга нарс мөнх ногоорч буянт газрыг бүрхмүй. Гайхамшигт цэцэг, бэлгэт өвс дөрвөн цагт үл зулгаран хутагт орноос хэтийдмүй. Завын болжмор донгодох дуун тод, булгийн усны урсах чимээ яруу. Зав жалга бүхэнд эрхэм цахирмаа дэлгэрч эргэ хад бүрт хөвд хигдэр ургажээ. Үргэлжилсэн уул нурууны шинж байц сайхныг үзэхүл үнэн эрдэмтэн нууж суусан нь лавтай. Үзэж байтал ойн дотроос хүний дуун гэнэт сонсогдсонд тэр яаран урагш давшиж, ойн дотор ороод сайтар чагнаваас харин хүний дуулах дуун ажгуу. Тэр дууны үг: 


Шадрыг үзвээср сүхний иш ялзран, модыг огтлох дуу нь тас тас хэмээмүй. Үүлний хормой завын аманд алгуур яван, түлээгээ худалдаад архи худалдан авч тачигнатал инээн өөрийн сэтгэлийг сэргээмүй. Хөхөмдөг замд намрын огторгуй тунгалаг. Сарны дор нарсны үндсийг дэрлээд нэгэн нойроор үүр цайлгамуй. Хуучин ойгоо санан хаданд авирч давааг даван сүхээ барин хувхай ороонгыг цавчмуй. Хураан авч нэгэн дамжуур болгоод дуулан алхсаар зээлд одож гурван шэн амуугаар арилжмуй. Ховдоглон тэмцэлдэх хүн яггүй болоод хотын үнэ ханш голч тэгш бололцмуй. Аргалан ухаарч урлан бодож чадахгүй, огоотон эрхэм ч үгүй, ичгүүр ч үгүй болоод уудам сэлүүнээр аж төрмүй. Учрахуйяа хувилгаан бус боловч бумба нам сууж, Хуан тин номыг өгүүлэлдмүй.” 


Сайхан бичин ван үүнийг сонсоод ихэд баясан: “Хувилгаан харин энд буй ажгуу” хэмээгээд яаран ой шугуйн гүнд шурган орж нарийвчлан үзвээс нэгэн түлээч сүх далайн мод цавчмуй. Түүний өмсч зүүсэн нь асар өөр: тэргүүнд холсон хальснаар гөрсөн бүрх малгай тавьж, биед модон хөвөнгөөр нэхсэн бөс дээл өмсчээ. Дундуур хүрийн ширхгээр томсон ёнгор бүс бүсэлж, хөлд сахал өвсөөр гөрсөн өвсөн өмсчээ. Гарт хурц сүх барин дамжуурын үзүүрт олс дээс унжуулжээ. Нарсыг зайлуулан хуурай модыг цавчих нь түлээч хүний эр чадлыг ихэд гайхуулжээ. 


Бичин ван урагш давшин дуудан өгүүлрүүн: “Өвгөн хувилгаанд шавь би мөргөж амуй.” Тэр түлээч яаран сүхээ тавин бие эргэн хариу ёслон өгүүлрүүн: “Бус болой. Бус болой. Өчүүхэн хүн өмсч идэхэд хүрэлцэхгүй атал хувилгаан нэрийг ямар аймшиггүй хүлээж чадмуй?” Бичин ван өгүүлрүүн: “Чи хувилгаан бус боловч яахан хувилгаадын үгийг өгүүлмүй?” Түлээч өгүүлрүүн: “Би ямар хувилгааны үг өгүүүлэв?” Бичин ван өгүүлрүүн: Би вээр сая ойн захад хүрч ирээд сонсвоос чиний хэлсэн нь “Учрахуйяа хувилгаан бус болбоос бумба нам сууж Хуан тин номыг өгүүлэлдмүй” хэмээжээ. Тэр Хуан тин хэмээгч Дилавын үнэн ном тул хувилгаан бус юун бэ?” Түлээч инээн өгүүлрүүн: “Би чөмд нуулгүй хэлсүгэй. Энэ дууллын нэр нь “Ман Тин Пан” хэмээх бөгөөд над лугаа зэргэлдээ суугаа нэгэн хувилгаан надад зааж өгсөн бөлгөө. Тэр хувилгаан миний аж төрөхийн төлөө өдөр бүр зовон зүдэн гуниглахыг үзээд чи хожим уйтгар төрөхүй цагт энэ дууллыг гиншвээс нэгэнд уйтгарыг сэргээж, хоёрт алжаалыг тайлмуй хэмээв. Би аж төрөхүйн гашууныг сэтгэн энэ дууллыг гинштэл санамсаргүй чамд мэдэгджээ.” Бичн ван өгүүлрүүн: “Чиний гэр тэр хувилгаан лугаа зэргэлдээ атал, юунд түүнд шавь болон бясалгал хийхгүй вэ? мөнхрөх аргыг сурваас харин ч сайн бус буюу?” Түлээч өгүүлрүүн: “Миний заяа нимгэн тул хархан багаасаа эцэг эхийн энэрэл хайрыг хүртэж, найм есөн нас хүрч сая баахан томоо ортол эцэг минь завшаан бусаар бие өнгөрч, эх минь бэлэвсэн болов. Би ах дүүгүй, хүний ганц хөвгүүн тул арга буюу өглөө үдэш эх юүгээн тэжээн асармуй. Өдгөө эх минь хөгширсөн тул хэдэн бооц түлээ хадаж, худалдааны газар аваачиж арилжиж, олсон хэдэн зоосоор нэг хэдэн шэн амуу худалдан авч өөрөө цай будаа базааж эх юүгээн ачлан тэжээх атал шавь болон эрдэм сурах чөлөө надад хаана байх вэ?” Бичин ван өгүүлрүүн: “Чиний хэлэхээр чи болбоос нэгэн элбэрлийг хүндэтгэх хүн ажгуу. Хожим эрхгүй тусыг олмуй за. Чи надад тэр хувилгааны суусан гэрийг зааж өгөх ажааму. Би мөргөөр одсугай.” Түлээч өгүүлрүүн: “Холгүй. Энэ уулын нэрийг Хувилгаан мандалт зүрхэн толт уул хэмээмүй. Уулны дунд нэгэн алман саран маргасар одон агуй бий. Тэр агуйд нэгэн хувилгаан аж. Нэр нь Сувуди бодисадва хэмээмүй. Тэр бодисадвагийн сургасан шавь нь үнэхээр тоолшгүй олон, өдгөө бас гуч дөчин шавь түүнээс эрдэм сурч буй. Чи тэр зув замаар өмнөш долоо найман бээрийн газар явбаас мөн түүний гэр болой.” Бичин ван тэр түлээчийн гараас хөтлөн өгүүлрүүн: “Өвгөн чи надтай хамт одтугай. Тусыг олсон цагт чиний удирдсан ачийг хэрхэвч үл умартмуй.” Түлээч өгүүлрүүн: “Чи юутай дөгөөгүй хүн бэ? би чамд сая төдий чинээ өгүүлж атал юунд үл ухмуй? Хэрвээ би чам лугаа эчвээс миний аж амьдрал адбиш саатах тул хөгшин эхийг хэн асрэх вэ? Би өдгөө түлээгэ авмуй. Чи өөрөө эчигтүн. Бичин ван арга бус түүнээс салаад балар ойгоос гарч зам эрэн явж, нэгэн хөтлийг даваадбараг долоо найман бээрийн газар явбаас үнэхээр нэгэн агуй харагдмуй. Тэр тэргүүн өргөн ажиглаваас үнэхээр гайхамшигт орон ажгуу. 


Мөнгөн туяа гялбаж алтан гэрэл цацармуй. Аварга майлсан ой агаарын цээлд үүл татан цэлгэрч, согтмол хулсан шугуй суман завд униар татан ногоормуй. Агуйн гадна аршлаг цэцэг өнгө ялгаран дэлгэрч, хөөргийн дэргэд хаслаг өвс үнэр анхилан цэлгэрмүй. Асга эрэг номин хөвдөөр чимж, хана хад ногоон хигдэрээр хээлжээ. Хувилгаан тогоруу донгодохуйяа дуун нь агаарт дуурьсаж, хан гарьд халин нисэхүйеэ өрвөлөг нь таван өнгийн солонго татмуй. Хар бичин цагаан буга хааяагүй харагдаж, алтан арслан хасын заан энд тэндгүй үзэгдмүй. Хувилгаан энэ орныг нарийвчлан үзвээс, үнэхээр хурмаст тэнгэрийн ордноос хэтэрмүй. 


Ойр хүрч үзвээс агуйн хаалга хаагдаад хүн нэг ч харагдахгүй, нам жим буй. Гэнэт дээш харваас асга хадан дээр өндөр нь гурван хос алд илүү өргөн нь найман тохой илүү нэгэн хөшөө чулуу байх бөгөөд дээр нь: “Хувилгаан мандалт зүрхэн толт уулын алман саран маргасар одон агуй” хэмээх арван том үсэг сийлжээ. Бичин ван ихэд баясан, “Энэ газрын хүн үнэхээр маш үнэнч болой. Үнэхээр ийм уулын ийм агуй буй ажгуу.” хэмээн өгүүлээд удтал ажиглан аймшиггүй хаалгыг тогшилгүйгээр нарсан модны салаан дээр авиран гараад самар түүн идэж санааны дураар наадав. 


Удсангүй хаалга нээгдэх дуун гармагц, дотроос нэгэн хувилгаан хөвгүүн гарч ирэв. Түүний төрсөн байдал төв ихэмсэг, өнгө зүс ариун хээнцэр, үнэхээр эгэл ерөмдөг хүүхэд лүгээ адил бус. Түүнийг үсээ шанхлан хос гэзэг ороогоод, өргөн ханцуйнаас салхи жавар татмуй. Зүс царай, бие цогц сонихон, зүрх сэтгэл шинж дүрс хоосон. Орчлонгийн гаднах удаан оны зочин, уулны доторх урт наст хөвгүүн. Он жил хэдий орчин улирсан ч орчлонгийн улаан тоос үл халджээ.  Тэр хөвгүүн гарч ирээд, их дуунаар өгүүлрүүн: “Ямар хүн энд дэмий л түйвээмүй?” Бичин ван модноос үсрэн бууж урагш давшин бие мэхийн өгүүлрүүн: “Хувилгаан хөвгүүн, би болбоос ёсныг эрэн, шидийг сурагч шавь болой. Ямар аймшиггүй түйвээмүй.” Хувилгаан инээн өгүүлрүүн: “Чи ёсныг сурагч буюу?” Бичин ван: “Мөн болой” хэмээв. Хувилгаан хөвгүүн өгүүлрүүн: “Миний багш сая орноосоо буугаад тавцанд гарч ном номлосугай хэмээн хараахан эхлээгүйгээр намайг гарч хаалгыг нээн нэгэн эрдэм сураар ирэгсэдийг угт хэмээсэн бөлгөө. Чи мөн буюу?” Бичин ван инээн “Би мөн. Би мөн.” хэмээв. Хувилгаан хөвгүүн: “Чи намайг дагаж ир” хэмээв. Бичин ван дээлээ засан хувилгаан хөвгүүнийг даган агуйн дотор орж үзвээс сонин сайхан асар тагт жигдэрч, сувд эрдэнийн орд харш сүндэрлэн, дуган сүм, даяаны гэр, шууд эрдэнэт суурины дор хүртэл үргэлжлэн, үнэхээр өгүүлээд үл бармуй. Үзвээс тэр бодисадва суурин дээр төв суугаад хоёр этгээдэд гучин бага хувилгаан жигүүрлэн зогсжээ. Энэ үнэхээр: 


        Үнэхээр туулсан ариун дээд хувилгаан арш
        Өрнө газрын ялгуусан эрхт Сувади бодисадва
        Төрөхгүй, егүүдэхгүй есөн бодь бүрдсэн 
        Төгс цогт төгөлдөр сүлдэт ихэд энэрэн нигүүлсэгч
        Амарлингуй хоосон илбийн бясалгалд рид хувилгааныг агуулж
        Агуу үнэн мөн чанар өөрийн тааллаар болмуй. 
        Галдан тэнгэр лүгээ хамт оршигч үүрд мөнх цогц
        Галав Мөчлөгийг туулсан бодь сэтгэлт их богд.


Сайхан бичин ван үзмэгц өвдөг сөгдөн тоогүй мөргөөд аманд: “Багш аа. Багш аа. Шавь би үнэн сүсгээр мөргөмүй.” хэмээв. Бодисадва өгүүлрүүн: “Чи аль газрын хүн бэ? мөргөхөө байж, урьдаар орон нутаг ба овог нэрээ хэл.” Бичин ван: “Шавь би Үлэмж биет тивийн Уулай хэмээгч улсын Цэцэг жимст уулын Усан үүдэт агуйн хүн бөлгөө.” хэмээсэнд Бодисадва ихэд зандран: “Үүнийг хөөж гарга. Энэ болбоос худалч хуурамч амьтан болой. Юуны эрдэм сурах аж.” хэмээв. Бичин ван мэгдэн сандран мөргөн өгүүлрүүн: Шавь миний үг түмэнтээ үнэн болой. Огт худал үгүй.” Бодисадва өгүүлрүүн: “Чи худал үгүй хэмээвээс юуны тул Үлэмж биет тивээс ирэв хэмээмүй? Тэр газраас миний энд хүрч иртэл хоёр их далай болон нэг замбутивийг алсалж буй. Чи яахан энд хүрч ирэв?” Бичин ван өгүүлрүүн: “Шавь би их сүн далайг гэтлэн замбутивээр зорчсоор арав гаруй жил болж энд хүрч ирэв.” Бодисадва өгүүлрүүн: надад омоггүй, хүн хараавч би уурладаггүй, хүн намайг зодовч би хилигнэдэггүй, өөртөө буруугаа хүлээдэггүй тул, энэ биед омоггүй.” Бодисадва өгүүлрүүн: “Би уур омгийг асуусан бус. Чиний эцэг эхийн овгийг асуунам.” Бичин ван өгүүлрүүн: “Надад эцэг эх үгүй.” Бодисадва өгүүлрүүн: “Чи эцэг эхгүй болбоос модноос мэндэлсэн буй за?” Бичин ван өгүүлрүүн: “Би хэдийгээр модноос мэндэлсэн бус боловч хаднаас хагарсан нь харин ч үнэн болой. Миний мэдэхүйгээр цэцэг жимст уулын дээр нэгэн хувилгаан чулуу аж. нэгэн жил дэлбэрсэнд би даруй гарч ирсэн болой.” Бодисадва сэмээр баясан өгүүлрүүн: “Тийм болбоос чи өөрөө бүтсэн ажгуу. Чи босч алхагтун. Би үзсүгэй.” Бичин ван үсрэн босоод хэдэн алхам гэлбэлзэн явсанд бодисадва мөшөөн өгүүлрүүн: “Чиний бие хэдий зэгий боловч самар идэгч сармагчинд адил, би чиний өиеийн дүрийг таалж Сүн овог өгсүгэй.” Бичин ван сонсож, ихэд баясаж, хишигт мөргөөд өгүүлрүүн: “Сайн. Сайн сайн. Энэ өдөр сая овгоо мэдэв. Багш бас нигүүлсэн өршөөж над нэгэн нэр хайрлаваас дуудахад сайн болой.” Бодисадва өгүүлрүүн: “Миний үүдэнд орсонд арван хоёр үсгээр үе ялган нэрлэмүй. Чи болбоос Чив хэмээн аравдугаар үсгийн үед тохиолдсон шавь болой.” Бичин ван өгүүлрүүн: Аль арван хоёр үсэг вэ?” Бодисадва өгүүлрүүн: “Тэр нь Гуан /Агуу/, Да /Их/, Хи /Мэргэн/, Хуй /Билиг/, Зэн /Үнэн/, Жү /Мөн/, Шин /Чанар/, Хай /Далай/, Ейн /Хурц/, Ү /Онол/, Юан /Төгс/, Жиюү /Ухаан/ хэмээх арван хоёр үсэг болой. Чи Чив хэмээн Эү /онол/ үсэгт тохиолдсон тул Сүн Ү Күн хэмээх номын нэр өгөхөд ямар?” Бичин ван инээн: “Сайн болой. Сайн болой. Үүнээс хойш даруй Сүн Ү Күн хэмээх болтугай.” хэмээв. Галав ертөнц нээгдэхүйеу овог нэр уулаас үгүй. Эрдмийн үүдийг нэвт мэдэхүйеэ хоосон чанарт тохиолдов. Эгнэгт хойш ямар эрдэм сурахыг мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзсүгэй.


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Erdenechimeg (64.119.26.130)
    mnii setgegdl unheer goy nom bla unheer hergtei ugiin yaruu nairag unheer ih taalgdlaa
    2020 оны 07 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    7 цаг 27 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    9 цаг 14 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    10 цаг 40 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    10 цаг 43 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    10 цаг 47 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    11 цаг 30 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    12 цаг 3 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    12 цаг 6 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    12 цаг 6 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    12 цаг 40 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    13 цаг 49 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    14 цаг 0 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    14 цаг 5 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    14 цаг 27 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    14 цаг 44 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    15 цаг 10 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    15 цаг 38 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    16 цаг 2 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    16 цаг 3 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    16 цаг 19 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК