зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Гуравдугаар бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

ГУРАВДУГААР БҮЛЭГ:


ДӨРВӨН ДАЛАЙ МЯНГАН УУЛ ЦӨМ МЭХИЙН ДАГАВ
ЕСӨН БУЛАГ АРВАН АЙМГААС НЭР БҮРЭН ХУУРАВ


Тэндээс өгүүлэх нь, сайхан бичин ван нутагт эгэж, ертөнцийг түйвээгч шулмын хааныг даран, нэгэн даам илдолж, өдөр бүр цэргийн эрдэм боловсруулан, бага бичдээр хулс шорлуулан, жад болгож, мод зоруулан илд хийж, туг хиур үйлдэн, исгэрэн дохиолж, орох ухрах, цацар хүрээ буух, зэргээр удтал наадан ажээ. 


Нэгэн өдөр бичин ван бодлого болж өгүүлрүүн: “Бид бүгдээр энд тулалдан надахыг хүний эзэн буюу эсэхүл араатан жигүүртний хаан харин үнэн хэргээр үзээд маныг цэрэг боловсруулж, урвах санаатай хэмээн цэрэглэж ирвээс та нарын зэвсэн хэмээгч цөм хулс модоор хийсэн тул хүнтэй хэрхэн эсэргүүцэлдмүй. Эрхбиш хурц илд ирт зэвсэг байваас болох тул өдгөө хаанаас олмуй?” олон бичид сонсоод цөмөөрцочин гэлмэж: “Их вангийн үг маш зөв болой. Гагцхүү олох газар үгүй, хэрхсү?” хэмээн хараахан зөвлөлдөн ахуйддөрвөн хөгшин бичин зэргээр урагш давшиж, айлтган өгүүлрүүн: “Их ван цэргийн зэвсэг хийлгэсү хэмээвээс маш хялбар болой.” Ү Күн асууруун: “Юунд маш хялбар хэмээмүй?” Дөрвөн бичин өгүүлрүүн: “Манай энэ уулнаас зүүнш хоёр зуун газрын тэртээ нэгэн Уулай хэмээх улс буй. Тэр улсад нэгэн ван бий бөгөөд хотын дотор цэрэг иргэн үлэмж тул тэдний дотор алт, мөнгө, зэс төмрийн дархан эрхбиш байх буй за. Их ван биеэр одож зэвсэг худалдан авах буюу хийлгэн авчирч манд цэргийн эрдэм сургаж уул усаа сахиваас үнэхээр үүрдийн энх түвшинг бодсон санаа хэмээвээс болмуй.” Ү Күн сонсоод маш их баясан, “Та нар энд наадан хүлээгтүн. Би одож ирсүгэй” хэмээв. 


Сайхан бичин ван тонгорцоглон үүл хөлөглөн хоромхон зуур хоёр зуун газрын усан замыг туулан гарваас үнэхээр нэгэн хот үзэгдмүй. Тэр хот найман зээл, наян гудамж, түмэн хаалга мянган өрхтэй бөгөөд хүн амьтан хойш урагш зөрөлдөн цувж, үнэхээр хөл хөгжөөнтэй газар ажээ. Ү Күн дотроо: “Энд цэргийн зэвсэг лав бэлэн байх буй за. Би буугаад нэг хэдийг худалдан авахын оронд харин ч нэгэн увидас үүсгэж авахад хүрэхгүй хэмээн сэтгэж, тарни уншин хийн орноос нэгэн ам агаар сорж аваад үлээсэнд агшин зуур их салхин салхилж, хайр чулуу хийсэн хамаг шороо дэгдэж үнэхээр айхтар:


Хар үүл суваргалан босч хорвоо ертөнц донсолж, харанхуй манан надайн бүрхэж, хан дэлхий будангуйрав. Анабад далай цэлхийн урвахуйяа матар загас цочиж, аварга мод хугаран унахуйяа араатан гөрөөс үргэв. Худалдаа арилжаа хийгч бүхэн үүд хаалгаа дарж, хот зээлээр зорчин явалцах хүн алга болов. Харшид агсан хаан эзэн дотоод ордноо буцаад хас дэнжийн сайд түшмэд өөрийн яамнаа эгэв. Танхим ордны эрдэнийн суурин цөм нурж унаад таван гарьдын өндөр асар сууриараа сажлан хөдлөв. 


Тэр салхинд Уулай улсын ван ихэд айн гэлмэж, найман зээл, наян гудамжны ард иргэд цөм сандарч гэртээ шургаж, үүд хаалгаа дарж, зээл гудамжаар зорчих хүн үгүй болов. Ү Күн үүлэн толгой дарж, вангийн ордны хаалгаар шууд орж, цэргийн зэвсэг хадгалах хөмрөгт хүрээд хаалгыг нээн үзвээс дотор нь: жад илд, сэрээ сэлэм, сүх дөмөө, ташуур шийдэм, нум сум, халхавч бамбай зэрэг зүйл бүрийн зэр зэвсэг бүрэн баймуй. Ү Күн үзээд их л баясан, “Би ганцаар хэдий олныг аваачиж чадах аж, мөнхүү бие үржүүлэх увидас хэрэглэн аваачсугай.” хэмээн бодоод биеийн үснээс нэг атгыг сугалан авч, амандаа зажлан үлээн орхиод тарни уншин, “Хувил” хэмээсэнд төд зуун мянган бага бичин болон хувилаад тэдгээр зэр зэвсгийг хүчтэй нь тав зургаа, хүч мөхөс нь гурав дөрвөөр булаалдан хоосортол аваад үүл хөлөглөн салхины аяар ууланд буцав. Өгүүлэх нь Цэцэг жимст уулын их бага олон бичин Чив хэмээн агуйн гадна наадалцаж атал гэнэт салхины чимээ гарсанд дээш харсанд ертөнцөд тоо томшгүй олон бичин натвалжин ирэхийг үзээд цөм айн гэлмэж, зүг толгойгүй зайлан дутаав. Төд бичин ван үүлэн толгой дарж, бууж ирээд үсээ сэгсрэн үсээ хурааж авч зэр зэвсгийг уулны дор овоолоод: “Хүүхэд, цөм ирцгээж, зэр зэвсгээ авагтун” хэмээв. Олон бичин үзвээс их ван уулын энгэрт ганцаар зогсож байх тул цөм гүйлцэн ирж мөргөн учрыг асуухад Ү Күн салхи дэгдээн зэр зэвсэг авч ирснээ нэгэн зэрэг хэлэв. Олон бичин баясан гайхалдан цөм эчиж илдийг булаалдан, сэлмийг тэмцэлдэн, сүх далайн дөмөө эргүүлэн, нум татан, холхивч тэлж хашхиран үймэлдэж, нэгэн өдрийг наадан өнгөрөв.


Дэд өдөр мөн уг ёсоор боловсроход Ү Күн олон бичийг жагсаан тоолбоос дөрвөн түм долоон мянга илүү буй. Энэ нь чоно үнэг, барс ирвэс, тураг буга, араат малур, мангис, дорго, элбэнх, арслан, эрслэн, заан, баавгай, өтөг, хирс, бөхөн, хүн гөрөөс, бух гөрөөс зэрэг нийт далан хоёр агуйн шулмын хааныг цочоосны тул цөмөөр хүрэлцэн ирж бичин ванг өргөн хүндэтгэж жил бүр алба барин, улирал бүр бараалхахаар ирэх болов. Тэдний зарим нь олныг дагаж цэргийн эрдэмд боловсрон, зарим нь амуу хүнс татварлан аливаа бүхнийг бүртгээд Цэцэг жимст уулыг төмөр хэрэм, болд хана мэт баталжээ. Олон замын шулмын ван бас алтан хэнгэрэг, хатгамал туг, хуяг дуулга зэргийг өргөн барьж өдөр бүрөдөр бүр цэргийн эрдэм боловсормуй. 


Сайхан бичин ван их л баясаж, агаад гэнэт олонд өгүүлрүүн: “Та бүгдээр харвах намнахад боловсорч, зэр зэвсэгт шалгарчээ. Гагц миний энэ даам илд бохир, хэрэглэхэд эвгүй, хэрхвээс сайн бэ?” Дөрвөн хөгшин бичин сөгдөн айлтгаруун: “Их ван хэмээгч хувилгаан бандид тул ертөнцийн илдийг хэрхэн хэрэглэмүй? Гагц их вангийн усан замын эрдэм ямрыг үл мэдмүй? Ү Күн: “Би шидийг бөтөгснээс хойш, далан хоёр зүйлийн хувилгаан увидаст шалгарчээ. Надад нэгэнтээ тонгорцогломогц үүлнээ хөлөглөх их эрдэм буй. Тарни уншмагц биеэ далдалж үзэгдэхгүй болох цаглашгүй хувилгаан рид буй тул тэнгэрт гарахуйяа зам бий, газарт орохуйяа хаалга бий, наран сарнаа хүрэхүйеэ мөр сүүдэр үгүй алмас чулууг шувт шургаж, анавад далайг нэвт шумбаж, улаан галд шатаагдахгүй тул хаа эчвээс үл болохооргүй.” хэмээхэд дөрвөн бичин өгүүлрүүн: “Энэ төмөр Гүүрний доорх ус нь зүүн далайн лусын хааны ордонд нэвтэрмүй. Их ван ийм хувилгаан эрдэм бий бөгөөс үүгээр одоод лусын хаанд уулзаж, ямар зэвсэг авсугай хэмээвээс бүр чиний санааны дур бус уу?” Ү Күн сонсоод ихэд баясан: “Би одож ирсүгэй.” хэмээв. 


Бичин ван Гүүрний дээр үсрэн гарч ус далдлах увидсыг хэрэглэн, тарни уншин усанд харайн ороод ус ирэн зам гаргаж, зүүн далайн ёроолд хүртэл гэнэт далайг цагдах нэгэн ягчис зам хөндөлсөн асууруун: “Энэ ус түлхлэн ирэх чинь ямар хувилгаан бэ, учраа сайтар мэдүүлбээс хаанд айлтган угтахуйд сайн” хэмээсэнд Ү Күн өгүүлрүүн: “Би болбоос цэцэг жимст уулын тэнгэрийн төрүүлсэн богд хүн Сүн Ү Күн хэмээгч болой. Чиний хаан лугаа айл зэргэлдээ мөн атал чи юунд намайг үл танимуй?” Ягчис сонсоод яаран болор харшид орж мэдүүлрүүн: “Гадна Цэцэг жимст уулын тэнгэрийн төрүүлсэн богд хүн Сүн Ү Күн хэмээгч иржээ. Түүний өгүүлэх нь их хаан лугаа айл зэргэлдээ хэмээмүй. Өдгөө харшид хүрч ирэх шахав.” Зүүн далайн лусын хаан У Гуан яаран босч хөвгүүд ач нар ба зайсан түшмэд наймалжин жанжнуудаа дагуулж, ордноос гарч угтан золгоод: “Дээд хувилгаан зарлиг буутугай.” хэмээн харшид залж, цай бэрээд асууруун: “Дээд хувилгаан хэзээ шидийг олж, ямар хувилгаан увидсыг сурсан бэ?” Ү Күн өгүүлрүүн: “Би төрснөөс хойш гэрээс гарч бясалгал хийж, төрөхгүй егүүдэхгүй мөнхийн цогцыг олоод өдгөө хүүхэд ач нарт цэргийн эрдмийг сургаж уул агуйгаа хамгаалсугай хэмээхүл гагц надад барих зэвсэггүй бөлгөө. Эрхэм хаан эрдэнэсийн харш хасын ордонд амар жаргалыг эдэлж аху тул эрхгүй илүүц хувилгаан зэвсэг буй, би нэгийг олсугай хэмээн тусгайлан гуйхаар ирэв.” Лусын хаан сонсоод түлхэхийн аргагүй тул Дүсэ түшмэл Анваныг захиж нэг их даам илдийг авчруулан өргөн барив. Ү Күн өгүүлрүүн: “Би илд хэрэглэж үл чадах тул өөр нэгэн зэвсэг хайрлахыг гуймуй.” Лусын хаан бас Тайюй түшмэл Хэрмияан, аварга идтэн могой загас хоёрыг илгээж, нэг есөн араат сэрээ дамнуулж ирэхэд Ү Күн суудлаас дэвхрэн бууж, гартаа барьж нэг зэрэг эргүүлэн үзээд тавин өгүүлрүүн: “Хөнгөн. Хөнгөн. Гарт үл таармуй. Өөр нэг зэвсэг хайрлахыг гуймуй.” Лусын хаан инээн өгүүлрүүн: “Дээд хувилгаан чи үзмү. Энэ сэрээ болбоос гурван мянга зургаан зуун жин хүнд буй.” Ү Күн өгүүлрүүн: “Хөнгөн. Хөнгөн.” Лусын хаан их л айн гэлмэж, бас Дидду жанжин, хавтгай Сүнбин жанжин матар хоёулыг илгээн нэг сэрээт жад дамнуулан авч ирүүлэв. Энэ сэрээт жад долоон мянга хоёр зуун жин хүнд баймуй. Ү Күн үзээд гүйн эчиж, гартаа барин нэг зэрэг эргүүлж үзэн газарт хатгаад: “Хөнгөн. Хөнгөн.” хэмээсэнд лусын хаан нэнт айн гэлмэж: “Дээд хувилгаан, миний энэ харшид ганц энэ жад хамгийн хүнд бөлгөө. Үүнээс өөр зэвсэггүй бөлгөө.” хэмээв. Ү Күн инээн өгүүлрүүн: “Эртний хүний өгүүлсэн нь “Лусын хаанд эрдэнэ үгүй хэмээн битгий зов.” хэмээжээ. Чи эрж үз. Хэрэв миний санаанд суух зэвсэг олдвоос үнийг нь өгсүгэй.” хэмээхэд лусын хаан: “Үнэхээр өөр үгүй болжээ.” хэмээв. Хараахан өгүүлэлдэн атал араас нь лусын хатан, лусын охин гарч ирэн өгүүлрүүн: “Энэ богдыг эгэл хүн лүгээ адилтгаж үл болмуй. Манай далай дундахь тэрхүү тэнгэрийн оёдлын ёроолыг тогтоон хадсан хувилгаан төмөр энэ хэдэн өдөр улаан гэрэл гарч алтан туяа цацармуй. Бодвоос ертөнцөд илэрч, энэ богдтой учрахын сайн бэлгэ буй за.” Лусын хаан өгүүлрүүн: “Тэр болбоос их Иүй хаан усыг засахад далай мөрний гүн гүехнийг тогтоохын тулд үүссэн хувилгаан төмөр болой. Тэр ямар хэрэг буй?” Лусын хатан өгүүлрүүн: “Түүнийг хэрэглэж болох үл болох нь манд ямар хамаа вэ? Түүнд өгвөөс тэр яаж хэрэглэхээ өөрөө мэдтүгэй. Бид хаалганаасаа аргадаж гаргаваас барав.” Лусын хаан мөн хэмээн зөвшөөн Ү Күнд хэлсэнд Ү Күн өгүүлрүүн: “Авч ир. Би үзсүгэй.” Лусын хаан гар сажин өгүүлрүүн: “Өргөж үл дийлмүй, дамнаж үл даамуй, хувилгаан өөрийн биеэр одож үзвээс болмуй.” Ү Күн өгүүлрүүн: “Хаана буй? Чи намайг удирдаж эчигтүн.” Лусын хаан түүнийг удирдаж далайн усан санд хүрч үзвээс харин ч алтан гэрэл түмэн зурвас цацармуй. Лусын хаан зааж өгүүлрүүн: “Тэр гэрэл цацрагч нь мөн болой.” Ү Күн хормойгоо шууж, урагш давшин дэргэд нь хүрээд гараар тэмтэрвээс бүдүүн нь суулга мэт, урт нь дөрвөн хос алд илүү нэгэн төмөр багана ажгуу. Түүнийг хоёр гараар тэврэн аваад “Асар бүдүүн, асар урт үүнээс баахан нарийн охор болбоос хэрэглэхэд сайн” хэмээн сая өгүүлтэл тэр хэдэн тохой богинодож, хэдэн сөөм нарийдав. Ү Күн: “Бас баахан нарийн болбоос нэн сайн болой” хэмээсэнд эрдэнэ бас нэлээд нарийдав. Ү Күн маш баясан далайн усан сангаас авч гараад үзсэнд дунд нь болд төмөр хоёр үзүүрт нь алтан толттой. Толтны хавьд нь “Алтан толтот чандмань  бэрээ”, хүнд нь түм гурван мянга таван зуун жин хэмээх нэг мөр үсэг сийлжээ. Ү Күн үүнийг үзээд дотроо баясан, “Энэ магад хүний санаагаар бологч чандтань бэрээ” хэмээн сэтгэн явахын хамт: “Бас баахан нарийн охор болбоос сайн болой” хэмээн гадна авч гартал тэр эрдэнэ аягын амсрын төдий бүдүүн хоёр хос алд илүү урт болов. 


Тэндээс Ү Күн болд бэрээг гартаа бэрээд усан болор ордонд орж, эрдмээ гарган эргүүлэн сориход лусын хаан лусын хөвгүүдийн зүрх гол нь чичрэн сүг сүнс нь завхартал айж яст мэлхий, лаг мэлхий, хавтсан мэлхий зэрэг жанжин түшмэд цөм чичрэн дагжиж хүзүүгээ атирмуй. Загас ба сам хорхой, наймаалж тэргүүтэн цөм нуун далдалмуй. Ү Күн гарт эрдэнээ бэрээд усан болор ордны харшийн гол дунд нь сууж, лусын хаанд инээн өгүүлрүүн: “Эрхэм зэргэлдээгийн зузаан найрт талархмуй.” Лусын хаан өгүүлрүүн: “Ямар аймшиггүй хүлээн авч чадмуй.” Ү Күн өгүүлрүүн: “Энэ төмөр хэдийгээр хэрэглэхэд сайн боловч бас хэлэх үг бий.” Лусын хаан өгүүлрүүн: “Дээд хувилгаанд бас ямар үг бий?” Ү Күн өгүүлрүүн: “Энэ төмрийг эс олбоос харин ч сайн бөлгөө. Өдгөө болд бэрээ нэгэнт гарт орсон тул үүнтэй тэнцэх хуяг дуулга үгүй болбоос яахин болмуй? Чамд буй бөгөөс надад нэгийг хайрлаваас би нийлүүлэн талархсугай” хэмээв. Лусын хаан өгүүлрүүн: “Энэ харин үгүй болой.” Ү Күн өгүүлрүүн: “Нэг зочин хоёр гэрийн эзнийг үл зовоомуй. Хэрвээ үгүй хэмээвээс би энэ үүднээс үл гармуй.” Лусын хаан өгүүлрүүн: “Дээд хувилгаан өөр нэгэн далайн оронд өөд болбоос олдох болзошгүй.” Ү Күн өгүүлрүүн: “Гурван айлыг хэсэхийн оронд нэгэн гэрт суусан дээр. Хэрхэвч нэгэн зүйлийг хайрлан өгөхийг түмэнтээ хүсмүй.” Лусын хаан өгүүлрүүн: “Үнэхээр үгүй, байваас даруй өргөн барих бөлгөө.” Ү Күн өгүүлрүүн: “Өгөхгүй хэмээвээс чамтай энэ бэрээгаар үзэлцсүгэй.” Лусын хаан сандарч өгүүлрүүн: “Дээд хувилгаан битгий гар хөдөлгөгтүн. Мөхөс бивээр дүү нарын тэндээс асууж үзсүгэй.” Ү Күн өгүүлрүүн: “Чиний дүү нар хаан вэ?” Лусын хаан өгүүлрүүн: “Өмнө далайн лусын хаан Уу Чин, хойд далайн лусын хаан Уу Шүн, баруун далайн лусын хаан Уу Рэн даруй миний дүү нар болой. Ү Күн өгүүлрүүн: “Би эчихгүй, эчихгүй. Чи надад өгвөөс барав.” Лусын хаан өгүүлрүүн: “Дээд хувилгаан эчих хэрэггүй. Миний энд төмөр хэнгэрэг, алтан жүн амуй. Бачим хэрэг тохиолдсон цагт түүнийг дэлдвээс агшин зуур цөм хүрч ирмүй.” Ү Күн өгүүлрүүн: “Тийм болбоос төмөр хэнгэрэг, алтан жүнгээ түргэн цохьтугай” хэмээв. Хавтсан мэлхий жанжин хэнгэрэг дэлдэн, Лаг мэлхий Юаншувэй жүн цохив. Хэнгэрэг жүнгийн дуун үнэхээр гурван далайн лусын хааныг цочоож, төдөлгүй цөм хүрч ирэн золгов. Уу Чин асууруун: “Их ахад ямар бачим хэрэг аж хэнгэрэг дэлдэн, жүн цохьсон бэ?” Лусын хаан өгүүлрүүн: “Мэргэн дүү нар минь. Цэцэг жимст уулын тэнгэрийн төрүүлсэн богд хүн Сүн Ү Күн гэгч өглөө ирж надтай айл зэргэлдээ хэмээн танилцаад дараагаар надаас цэргийн зэвсэг гуйсанд би болд сэрээ өргөвөөс тэр бага хэмээн басмуй. Жад барьсанд тэр бас хөнгөн хэмээмүй. Сүүлээр тэр тэнгэрийн оёдлыг хадагч хувилгаан төмрийн өөрөө авч нэгэн зэрэг эргүүлээд өдгөө харшид сууж бас хуяг дуулга авмуй хэмээмүй. Надад үгүй тул хэнгэрэг дэлдэн, жүн цохиж мэргэн дүү нарйг урьсан бөлгөө. Та нарт хуяг дуулга бий болбоос түүнд өгөөд хаалганаас аргадан гаргаж, илгээвээс барав.” Уу Чин сонсоод ихэд хилигнэн өгүүлрүүн: “Бид ах дүү хэдүүл цэрэг дайчилж түүнийг бариваас барав.” Их лусын хаан өгүүлрүүн: “Барина хэмээх үгийг битгий дурд. Тэр бэрээнд оногдвоос даруй үхмүй. Дайрагдваас даруй амь буснимуй. Хүрвээс арьс шалбармуй. Шөргөөвөөс шөрмөс гэмтмүй.” Баруун далайн лусын хаан Уу Рэн өгүүлрүүн: “Хоёрдугаар ах түүн лүгээ гар хөдлөх хэрэггүй. Бүгдээр аргалж байгаад түүнд нэг хуяг дуулга өгч үүднээсээ гаргасан хойно бодруул бичиг бичиж дээд хурмастад айлтгаваас тэнгэр түүнийг мөхөөмүй.” Хойд далайн лусын хаан Уу Шүн өгүүлрүүн: “Энэ үг маш зөв. Надад нэгэн лянхуан ширхэгт үүл хийсгэгч гудас бий.” Баруун далайн лусын хаан Уу Рэн өгүүлрүүн: “Надад нэгэн шижир алтан гархин хуяг бий.” Өмнө далайн лусын хаан Уу Чин өгүүлрүүн: “Надад нэгэн гарьдын чивэгчит улаан алтан дуулга буй.” Их лусын хаан ихэд баясан усан болор ордонд удирдан оржзолгуулж тус тусын эрдэнээ өргөв. Ү Күн алтан хуяг дуулга, үүл хийсгэгч гудсыг цөм өмсч чандмань бэрээгаа эргүүлэн гарч лусын хаадад: “Дэнсэлгэв. Дэнсэлгэв” хэмээн одов. Дөрвөн лусын хаан ихэд уурсаж, хурмастад бодруул бичиж айлтгахыг зөвлөлдөн байхыг түр дурдахгүй. 


Тэндээс бичин ван ус ярсаар төмөр Гүүрний дэргэд очиж үсрэн гарч ирэхэд дөрвөн хөгшин бичин тэргүүтэн цөмөөр энд хүлээн ажгуу. Ү Күн уснаас үсрэн гарч ирэхэд биед өчүүхэн ч ус наалдсангүй бөгөөд алтан гэрэл цацран бүхийг үзээд олон бичин цөм айн цочиж сөгдөн өгүүлрүүн: “Их ван юутай үзэсгэлэнтэй болсон аж?” Ү Күн ихэд баяр баясгалантайгаар болд бэрэээгээ газрын дунд босгоод, эрдэнэт сууринд залран суув. Олон бичин өөрийн чадал тэнхээгээ мэдэхгүйгээр цөм ирж тэр чандмань бэрээг барилж үзэх нь адилтгаваас тэмээлзгэнэ төмөр баганыг хөдөлгөхтэй адил өчүүхэн төдий ч хөдөлгөж чадсангүй. Нэг нэгнээ харж хуруу хумсаа хэмлэж, хэлээ бултайлган: “Ийм хүнд юмыг их ван хэрхэн авчирсан аж?” хэмээхэд Ү Күн урагш давшиж шүүрэн аваад инээн өгүүлрүүн: “Аливаа юманд цөм эзэн буй. Энэ эрдэнээр далайг номхотгон тавиад хэдэн мянган жил болсныг мэдэхгүй. Чив хэмээн энэ жилээс гэрэл гялбаа цацрах болжээ. Лусын хаан үүнийг нэгэн хөх төмрөөр үзэж бөгөөтөл тэнгэрийн оёдлын ёроолыг хадсан хувилгаан төмөр хэмээмүй. Тэдгээр дамшиг цөм өргөж даахгүйн тул намайг эчиж ав хэмээмүй. Би эчиж үзвээс энэ эрдэнэ урт нь дөрвөн хос алд илүү суулган чинээ бүдүүн агсан бөлгөө. Би барьж үзээд дотроо баахан бага болбоос сайн бөлгөө хэмээн сэтгэмэгц даруй баахан бага болов. Бас бага болбоос сайн хэмээхэд цөм санааны аяар бага болов. Нарны гэрэлд үзвээс дээр нь “Алтан толтот чандмань бэрээ, хүнд нь түм гурван мянга таван зуун жин” хэмээх нэгэн мөр үсэг сийлжээ. Та нар хойш бологтун. Би бас үүнийг дахин хувилгасугай” хэмээгээд эрдэнийг алган дээрээ тавин: “Бага бол. Бага бол. Бага бол” хэмээн гурвантаа өгүүлсэнд хоромхон зуур нарийн зүүний чинээ болсонд чихэн дотроо нуун тавив. Олон бичин хирдхийн гайхалдаж, “Их ван дахин гаргаж баахан наадваас сайн болой” хэмээсэнд их ван чихнээсээ гарган алган дээрээ тавин: “Их бол. Их бол. Их бол.” хэмээн гурвантаа өгүүлсэнд бас суулган чинээ бүдүүн, дөрвөн хос алд илүү болов. Бичин ван ихэд хөөрөн агуйн гадна хөөргийн дээр үсрэн гарч, бэрээгаа барьж тэнгэр газрыг дүрслэх хувилгаан рид гарган нуруугаа бөхийн: “Өс” хэмээн нэгэнтээ бархирмагц бие нь түмэн хос алд өндөр, толгой нь Тайшан уул мэт, нуруу нь Хянган даваанд адил, нүд нь цахилгаан адил, ам нь улаан зав мэт, шүд нь жад сэрээнд адил болж хувилаад гар дахь бэрээ нь дээш гучин гурван тэнгэрт тулж, доош арван найман тамд хүрч, тэдгээр уулны араатан гөрөөс, барс ирвэс, үнэг чоно ба далан хоёр агуйн шулмын хаан цөм айн гэлмэж, чичрэн дагжиж, сүг нь сарнин, сүнс нь завхран ёслон мөргөв. Бичин багш тэд увидсаа хураан эрдэнийн бэрээгээ зүүн чинээ болгож, чихэн дотроо нуугаад агуйд эгэхэд олон агуйн шулмын хаан цөм ирж бараадан мөргөв. 


Энэ үес туг хиур хуралзан, харанга хэнгэрэг дуурьсаж, зуун амтат идээн өрж, үзэм жимсийн архи дарсыг бялхтал сөгнөөд олонтой найрлан цэнгэлдэж, мөн урдахь ёсоор цэрэг сорин суув. Бичин ван дөрвөн хөгшин бичинг өрлөг баатар их жанжин өргөмжлөн, хүрээ засах, цэрэг буудаллах ба шагнах яллах аливаа явдлыг тушаагаад санаа амар сэтгэл тавиу болж, өдөр бүр үүл хөлөглөн, дөрвөн далайгаар тойрон, мянган уулнаа зугаацаж, баатар идтэнийг сурвалжлан, цэргийн эрдэм сорьж, эрдэмтэн мэргэд лүгээ нөхөрлөн, хувилгаан увидас гаргамуй. Энэ үес үхэр матар, хан гарьд арслан, хөгшмөл бичин, хуүэн бичин зэрэг зургаан шулмын хаан, сайхан бичин вантай долуул ах дүү барилцаад өдөр бүр бичиг цэргийн эрдэм өгүүлэлдэн найр хурим хийж, тааваараа жарган дураараа цэнгэмүй. Тэд үнэхээр өдөр бүр түмэн газрыг төдөлшүй туулан, тив дэлхийг удалгүй тойрмуй. 


Нэгэн өдөр агуйд аж дөрвөн баатарт захиа буулган, хурим бэлтгүүлж, зургаан хааныг урьж, үхэр, морин алж, тэнгэр газрыг тахиад бага бичдийг харайлган бүжиглүүлж, найрлан цэнгэлдэж, навсайтал согтсоны хойно сая тарав. Бичин ван зургаан их ванг үдэж, их бага тэргүүтнийг шагнаад төмөр Гүүрний дэргэдэх нарсан модны сүүдэрт суусаар нойр хүрч унтав. Дөрвөн баатар нь олныг авч, аймшиггүй өндөр дуугаар үл өгүүлэлдэн, сахин суумуй. Бичин ван зүүдэнд үзвээс хоёр хүн гарт: “Сүн Ү Күн” хэмээх үсэгтэй албан бичиг барьж ирээд үг асуулгүйгээр хүзүүнд нь цалам орхин бичин вангийн сүнсийг барьж аван, гэлдэрхийлтэл хөтөлж явсаар нэгэн хотод хүрэв. Бичин ван сэрээд гэнэт дээш харваас тэр хотын хаалган дээр нэгэн төмөр илэрхийлэл байж, түүний дээр “Эрлэг тамын орон” хэмээх гурван үсгийг дурайтал бичжээ. Бичин ван гэнэт сэгэсхийн өгүүлрүүн: “Эрлэг тамын орон хэмээгч Эрлэг номын хааны суудаг газар болой. Би яахан энд хүрч ирэв?” Тэр хоёр хүн өчрүүн: “Өдгөө чиний насан хутаг гүйцсэний тул бид захиаг даган чамайг авч ирлээ.” Бичин ван сонсоод үгүүлрүүн: “Өвгөн Сүн би гурван ертөнцөөс хэтийдэж, таван махбодоос цолгорсон тулд түүнд үл захирагдмуй. Юунд намайг дүлий балайгаар барьж авчирмуй?” тэр хоёр эрлэгийн элч үг дуугүй чирэн чангаасаар авч одсугай хэмээхэд бичин ван ихэд хилигнэж, чихэн дотроос эрдэнээ гарган авч сэжин, аяган амсрын чинээ бүдүүн болгоод аяархан цохьсонд тэр хоёр эрлэгийн элч махан талх болжээ. Тэр өөрөө цалмыг тайлаад бэрээгээ эргүүлэн хотон дотор цохин ороход үхэр толгойт чөтгөр энд тэнд нуун далдалж, морин толгойт чөтгөр зүг толгойгүй дутааж олон чөтгөр Шинра харшид амь тавин гүйлцэн ороод мэдүүлрүүн: “Их хаан аюул болов. Аюул болов. Гадна нэгэн нүүртээ үстэй аянгын эзэн занчин айсуй. 


Тэр арван эрлэг, номын хаан мэндэн сандан дээл малгайгаа засан гарч ирээд түүний дүр байдал догшин сүрхийг үзэж, дэс дараалан зэрэглэн зогсоод их дуугаар: “Дээд хувилгаан нэрээ хэлэгтүн” хэмээсэнд бичин ван: “Та нар танихгүй атал юунд хүн илгээж намайг барьж авчирмуй?” хэмээв. Арван эрлэг хаан: “Бус болой. Бус болой. Бодоход илгээсэн элч эндүүрсэн буй за.” хэмээсэнд бичин ван: “Би болбоос Цэцэг жимст уулын Усан үүдэт агуйн тэнгэрийн төрүүлсэн богд хүн Сүн Ү Күн хэмээгч болой. Та нар цөмөөр ямар зэрэг тушаалд буй?” хэмээсэнд арван эрлэг хаан бие мэхийн өгүүлрүүн: “Бид болбоос эрлэг номын хааны арван эрлэгийн хаан болой. Бичин ван өгүүлрүүн: “Тан ар нэрээ бушуу хэлэгтүн, тэгвээс занчихыг байсугай.” Арван эрлэг хаан өгүүлрүүн: “Бидний нэр нь Чимгунранз, Чойржилранз, Сүндиранз, Уугамранз, Ямаранз, Пиндимранз, Дашамранз, Бимчинранз, Догшидранз, Загарвардиранз болой.” Ү Күн өгүүлрүүн: “Та нар цөм хааны сууринаа сууж, хувилгаан ридийг олсон аталюунд сайн мууг үл мэдмүй? Өвгөн Сүн миний бие болбоос шидийг олж тэнгэр лүгээ чацуу урт насалж, гурван ертөнцөөс хэтийдэж, таван махбодоос цолгорсон атал юунд хүн илгээн намайг барьж авчирмуй?”Арван эрлэг хаан өгүүлрүүн: “Дээд хувилгаан битгий хилэгнэ. Дэлхий дахинд адил нэр, нэгэн овогтон нь олон тул илгээсэн элч эндүүрсэн буй за.” Бичин ван өгүүлрүүн: “Та нар дэмий битгий донгод. Энгийн үгэнд: “Албан зарлагын элч андуурах ёсгүй.” хэмээдэг. Та нар даруй түргэн хувь заяаны данс бичгээ авч ир. Би үзсүгэй. Арван эрлэг хаан сонсоод түүнийг харшийн дээр залав. 


Ү Күн чандмань бэрээгээ барьсаар шууд Шинра харшид гарч, гол дунд өмнөш хандан суув. Арван эрлэг хаан хувь заяаны данс бичиг, хамаарах пэн гуаныг дуудаж данс дэвтрийг авч ир хэмээсэнд Пэн Гуан алгуурлаж болохгүй тул яаран одож, арван аймаг дансыг авч ирэв. Ү Күн нэг нэгээр шүүн үзвээс жигүүртний аймаг, адгуусны аймаг, хүний аймаг, хорхойн аймаг, хайрстны аймагт нэр нь цөм үгүй тул бас сармагчны аймагт үзэв. Үзвээс сармагчин нь хүний шинжтэй боловч хүн биш, араатан гэхүл билигт гөрөөсөнд захирагдахгүй, жигүүртэн гэхүл бас гарьд галбингаад хамаарагдахгүйн тулд өөр нэгэн данстай ажгуу. Сүн Ү Күн энэ дансыг шүүн байцаасаар сүнс үсгийн мянга гурван зуун тавьдугаар тоонд хүрэхэд Сүн Ү Күний нэр аж. Тэнгэрийн төрүүлсэн чулуун бичин Сүн Ү Күн. Гурван зуун дөчин хоёр наслаад сайнаар эцсэлмүй хэмээн тэмдэглэжээ. Би нас жилээ үл мэдэх тул нэг мөсөн нэрээ баллаваас барав. Бийр авчир” хэмээсэнд тэр Пэн Гуан мэнд санд бийрт бэх идүүлэн барьсанд Ү Күн дансыг авч сармагчны аймгийн нэр бүхийг нь баллаж дансыг орхиж, “Барав барав. Өдгөө чамд захирагдахгүй болов” хэмээгээд бэрээгаа эргүүлэн эрлэгийн орноос гаран одов. Арван эрлэг хаан халиран чадахгүй тул цөм Хөхөмдөг үүл хэмээх харшид одож газрын зүрхэн бодисадваад золгож бодруул бичиг бичиж, хурмаст тэнгэрт айлтгахаар зөвдөхийг өгүүлэхгүй.


Тэндээс бичин ван хотоос гараад яван атал нэгэн бут ширэнгэ өвсөнд торж ойчин цочин сэрвээс харин нэгэн зүүд болжээ. Ү Күн би тайвшран эвшээн суниасугай хэмээтэл дөрвөн түшмэл болон олон бичин өндөр дуугаар дуудан өгүүлрүүн: “Их ван хэдий архи зооглоод өдий болтол нойрсмуй?” Ү Күн өгүүлрүүн: “Унтсан нь бага хэрэг зүүдэнд хоёр хүн ирж намайг бэрээд эрлэгийн газар аван одож хот хаалганы гадна хүрсэн хойно сая сэргэн ухаарав. Би шид үзүүлэн Шинра харшид орж тэрхүү арван эрлэг хаан лугаа цуугилдан хэрэлдсээр манай хувь заяаны данс бичгийг гаргуулж үзээд манай бичний аймгийн нэрийг цөм баллаж орхив. Үүнээс хойш бид түүнд захирагдахгүй болжээ” хэмээсэнд олон бичин баясан мөргөв. Түүнээс хойш уулын бичид эрлэгийн газарт нэргүй тул урт наслах нь олон болжээ. бичин ван зүүдний учрыг бүрэн хэлсэнд дөрвөн түшмэл олон агуйн шулмын хаадад мэдүүлсэнд тэд цөм баяр хүргэхээр ирэв. Хэдэн өдрийн дараа зургаан ах дүү нь бас ирж баяр хийхэд нэрээ балласаныг нь сонсоод бүгдээр баясан цугларч өдөр бүр хуримлан цэнгэлдмүй.


Өгүүлэх нь нэгэн өдөр эсэруа дээд их асрал ивээлт хаан хурмаст тэнгэр Сударсан балгасны үүлэн мандалд алтан ордны бидэрьяа эрдэнэ харшид сууж бичиг цэргийн олон хувилгаан шидтэн эрхтэн түшмэлээ цуглуулан эртийн цуглаан хийж байтал гэнэт Чьюй Хүн Жи хэмээх хувилгаан айлтгаруун: “Түмэн наст аа, зүүн далайн лусын хаан Уу Гуан хэрэг айлтгахаар тунгалаг харшийн гадна зарлигийг хүлээмүй.” Хурмаст: “Түүнийг оруул” хэмээн зарлиг болсонд лусын хаан алтан ордны бидэрьяа эрдэнэ харшийн өмнө ирж мөргөв. Хажууд хувилгаан хөвгүүд бодруул бичгийг хүлээн авч барьсанд хурмаст тэнгэр авч үзвээс бодруулд өгүүлсэн нь: “Доод ертөнцийн усан орны үлэмж биет тивийн зүүн далайн өчүүхэн сайд лусын хаан Уу Гуан би бээр эсэруа дээд их богд эзэнд өргөн айлтгах нь өдгөө цэцэг жимст ууланд төрсөн усан үүдэт агуйн шулмын хувилгаан Сүн Ү Күн хэмээгч, өчүүхэн лус намайг дарлан усны харшид хүчирхэн орж цэрэг зэвсэгийг эрүүлэн аваад бас сүр хүчин увидас эрдэмдээ эрэмшин хуяг дуулга эрэн усны амьтдыг сүрдүүлэн цочоов. Өмнө далайн лус эмээн дагжиж баруун далайн лус бэлдэн сандарч хойт далайн лус сүрдэн сөгдөж сайд Уу Гуан миний бие мэхийн мөргөж хувилгаан болд бэрээ, гарьдын чивэгчит улаан алтан дуулга шижир алтан гархин хуяг болон үүл хөлөглөх гудсыг өргөн барьж ёсоор үдэн мордуулсанд тэр мөнхүү зэвсэг эргүүлэн увидас гаргаж аманд “Дэнсэлгэв дэнсэлгэв.” хэмээсээр одов. Тэр үнэхээр халдашгүй хатан баатар тул өчүүхэн түшмэл би номхотгож эс чадав. Хаан хурмаст тэнгэр гэгээндээ толилму. Өдгөө айлтгах нь тэнгэрийн цэргийг илгээн тэр шулмыг номхотгож далайн орныг энх түвшин болгон доод ертөнцийг амаржуулму. Үүний тул өргөн айлтгав.” хэмээжээ. 


Хурмаст үзэж бараад зарлиг буулгаруун: “Лусын хаан чи далайд буцах тун мөхөс би цэрэг илгээж тэр шулмыг баривчилсугай.” Лусын хаан хишигт мөргөн гарав. Бас Хе Шиян Вен хэмээх хувилгаан айлтгаруун: “Гадна эрлэгийн хаан Чимгунранз газрын зүрхэн бодисадвагийн айлтгах бодруул бичгийг авч иржээ.” хэмээсэнд хажууд байсан үг уламжлах хувилгаан охин бодруул бичгийг хүлээн авч хурмаст тэнгэрт барив. Тэр бичгийн үг нь: “Эрлэгийн орон хэмээгч дэлхийн далдын хэргийг шүүгч газар болой. Тэнгэрт бурхан буй аваас газарт чөтгөр асар амуй. Арга билиг улиран эр эм тохиолдож аливаа амьтны төрөх үхэх төлжих хувилах үүнчлэн үүрд ээлжлэх нь халж үл болох тогтсон тоо болой. Өдгөө цэцэг жимст уулын усан үүдэт агуйн тэнгэрийн төрүүлсэн шулам бичин Сүн Ү Күн хэмээгч дуудахыг дагахгүйгээр хэрцгий догшин аашилж эрдэм чадалдаа эрдэн эрлэгийн элчийг алж арван эрлэгийн айлган Шинра харшийг түйвээж, бичний нэрийг зоригоороо баллаж сармагчны аймгийг цөм сансрын хүрднээс гаргаад үүрд төрөхгүй үхэхгүй мөнхрөх болгожээ. Ядуу тойн бичиг барьж эсэруа дээд хурмаст тэнгэрийн гэгээнээ аймшиггүй айлтгах нь: “Тэнгэрийн цэрэг илгээн шулмыг номхотгож арга билгийг ялган эрлэгийн орныг үүрд амгалан болгож ажааму. Үүний тул айлтгав.” хэмээжээ. Хурмаст тэнгэр бодруул бичгийг үзэж бараад: “Эрлэг хаан ордондоо буцаад мөхөс миний бие даруй цэрэг илгээж бариулсугай.” хэмээн зарлиг буулгасанд Чимгунранз хишигт мөргөөд буцав.


Хурмаст тэнгэр бичиг цэргийн олон сахиусан эрхтэн нараас асууруун: “Энэ шулам бичин аль онд төрж хэзээ шидийг олж энэ мэт сөргүү аашилмуй?” үг барахын урьд гэтээч чагнаач хоёр эрхтэн олны дотроос гарч ирэн айлтгаруун: “Энэ бичин хэмээгч гурван зуун жилийн өмнө тэнгэрийн төрүүлсэн чулуун бичин болой. Тэр үед ойшоосонгүй бөлгөө. Санамсаргүй энэ хэдэн жил аль оронд эрдмийг бясалган шидийг олж хүчтэнийн даран хувилгааныг номхотгогч чадалтай болоод хувь заяаны данснаа нэрээ балласныг үл мэдмүй.” Хурмаст тэнгэр өгүүлрүүн: “Аль замын хувилгаан жанжин доод ертөнцөд бууж түүнийг номхотгомуй?” хэмээн үг барахын урьд сугар гариг олны дотроос гарч ирээд сөгдөн айлтгаруун: “Дээд богд тольдму, гурван ертөнцийн дотор есөн сүв бүхий амьтан бүгдээр шидийг олж болмуй, тэр бичин хэмээгч тэнгэр газрын хүчнээр хүмүүжин наран сарны гэрэл шимээр бүтсэн цогц бие тулд мөнхүү тэнгэрийн дор газрын дээр амьдран, өглөөний шүүдэрт ундлан, үдшийн туяанд идэшилж өдгөө нэгэнт бясалган шидийг олж хүчтэнийг даран хувилгааныг номхотгох хүч чадалтай болсон нь хүнээс юун өөр аж? Түшмэл миний айлтгах нь дээд богд түүнийг төрүүлсэн энэрлийг бодож элсэн дагуулах зарлиг буулгаж түүнийг дээд ертөнцөд авчирч нэгэн бага тушаал хайрлаж нэрийг нь тэнгэрийн данснаа оруулан энд агуулбаас болмуй. Тэр хэрвээ тэнгэрийн зарлигийг хүлээвээс хойш өдөр зэрэг дэвшүүлж болох болой. Эс хүлээн зөрчвөөс даруй баривчлавч болох болой. Ийм болбоос нэгд цэргийг зүдээхгүй, хоёрт бас хувилгааныг хураамжлах ёсон лугаа нийцмүй.” Хурмаст сонсоод машид баясан: “Чиний айлтгасан ёсоор болсугай.” хэмээгээд бичгийн эрхтнээр зарлигийн бичиг бичүүлж сугар гаригийг илгээв. Сугар гариг зарлигийг хүлээн тэнгэрийн өмнө хаалгаар гарч үүлэн толгой дарж Цэцэг жимст уулын усан үүдэт агуйд шууд хүрч ирээд бага бичдийг дуудан өгүүлрүүн: “Би болбоос тэнгэрийн элч болой, дээд хурмастын зарлиг биел байж таны ванг тэнгэрийн оронд залаар ирэв. Үтэр түргэн мэдүүл.” хэмээсэнд олон бичин дам дамаар уламжлан агуйн дотор ороод өгүүлрүүн: “Их ван, гадна нэгэн өтгөс бичиг ханцуйлж ирээд өгүүлэх нь хурмаст тэнгэрийн зарлигаар таныг залаар ирсэн тэнгэрийн элч хэмээмүй.” Бичин ван сонсоод ихэд баясан “Би энэ хэдэн өдөр Чив хэмээн тэнгэрт гарч тойрсугай хэмээн сэтгэсэн бөлгөө, санамсаргүй тэнгэрийн элч залаар иржээ.” хэмээгээд “Хурдан залж оруул.” хэмээв. Бичин ван дээл малгайгаа засан хаалганы гадна гарч угтан оруулав, Сугар гариг орж ирээд урагш хандан зогсож “Би болбоос баруун этгээдийн Сугар гариг болой, хурмаст тэнгэрийн элсэх зарлигийг авч доод ертөнцөд бууж чамайг дээд тэнгэрийн оронд залж хувилгааны зэрэгт оруулсугай.” хэмээсэнд Ү Күн инээж: “Өтгөс гариг биеэр морилон ирсэнд ихэд талархмуй хэмээгээд: “Хүүхэд ээ, хурим бэлд.” хэмээсэнд Сугар гариг өгүүлрүүн: “Тэнгэрийн зарлиг биед байхын тулд аймшиггүй төдөж үл болмуй. Их ван лугаа дээд тэнгэрт одсоны хойно аажмаар ярилцсугай.” Ү Күн: “Гийгүүлэн ирээд хоосон буцав.” хэмээгээд дөрвөн өрлөг баатраа дуудаж: “Та нар хүүхдийг хичээн сурга, би тэнгэр дээр гарч замыг нь үзээд та нарыг авч дээр гарч хамтаар суусугай.” хэмээсэнд дөрвөн баатар за хэмээн захиаг хүлээн авав. Бичин ван Сугар гаригтай үүл хөлөглөн одов. Энэ үнэхээр тэнгэрийн сахиусны дээд сууринд дэвшиж хурмаст тэнгэрийн хувилгаан данснаа нэрээ жагсаамуй. Эгнэгт ямар хэргэм зэрэг олохыг мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй.  


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    6 цаг 38 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    8 цаг 26 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    9 цаг 51 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    9 цаг 55 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    9 цаг 59 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    10 цаг 41 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    11 цаг 14 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    11 цаг 18 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    11 цаг 18 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    11 цаг 52 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    13 цаг 1 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    13 цаг 11 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    13 цаг 17 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    13 цаг 39 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    13 цаг 56 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    14 цаг 22 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    14 цаг 50 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    15 цаг 14 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    15 цаг 15 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    15 цаг 30 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК