зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Дөрөвдүгээр бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ:


АГТАН ДААМАЛ ӨРГӨМЖЛӨХҮЙЕЭ СЭТГЭЛ ҮЛ ХАНАВ
ТЭНГЭР ЛҮГЭЭ ЧАЦУУ ХЭМЭЭГДЭХҮЙЕЭ САНАА ЭС АМРАВ


Тэндээс Сугар гариг бичин ван луга агуйгаас гарч хамтаар үүл хөлөглөн одоход үзвээс үүлнээ тонгорцоглох Ү Күн нь өөр бусадтай адилтгаж болохгүй маш хурдан тул хэдийнээ сугар гаригыг ардаа хаяад урьдаар тэнгэрийн өмнө хаалганаа хүрч үүлнээс бууж дотогш орсугай хэмээхэд өмнө хаалгыг сахигч үлэмж махаранз Пан, Льюй , Хү, Вэй, Дэн, Шин, Жан, То зэрэг нэгэн замын эрхтэн хүчтэн юүгээн дагуулж зэвсэг өргөлцөн явах замыг хөндөлсөн хориглов. Ү Күн: “Энэ муу өтгөс сугар гариг харин ч мөн зальтай амьтан ажгуу намайг залсан бөгөөтөл юуны учир хүнээр илд жад бариулан эчих замыг хөндөлсөн хоригломуй?” хэмээн тэдэнтээ хараахан цуугилдан атал сугар гарир сая хүрч ирэв. Ү Күн үзмэгц уур төрж: “Өтгөс чи юунд намайг мэхэлмүй? Чи хурмастын зарлигаар намайг элсмүй хэмээн залсан бөгөөтөл юунд эдгээ хүнээр хаалга агтаалан хориглох аж?” хэмээсэнд сугар гариг инээн өгүүлрүүн: “Их ван битгий хилэгнэ чи энэ тэнгэрийн оронд ер ирж үзээгүй бөгөөд эдгээр тэнгэрийн эрхтэн хүчтэн нар чамайг танихгүй тул яахан дураар чамайг шууд тавин оруулж болмуй? Өдгөө хурмаст тэнгэрт бараалаад түшмэлийн зэрэг олж нэр чинь хувилгааны данснаа орсоны хойно орох гарах нь цөм чиний зориг болой. Хэн аймшиггүй чамайг хоригломуй?” Ү Күн өгүүлрүүн: “Тийн хэмээвээс би орохгүй.” Сугар гариг гараас нь барьж: “Надтай хамт орсу” хэмээв. Тэнгэрийн өмнө хаалга тулахад сугар гариг өндөр дуугаар дуудан өгүүлрүүн: “Хаалга сахигч эрхтэн нар зам тавигтун. Энэ болбоос доод ертөнцийн хувилгаан болой. Би хурмастын зарлигаар үүнийг дуудан авчрав.” хэмээсэнд өмнө хаалганы үлэмж Махаранз даруй эрхтэн хүчтэн нараа авч хойш зайлан зам тавьж өгөв. Ү Күн сая үгийг нь итгэж аажим алхаж дотогш орж үзвээс үнэхээр дээд ертөнцөд анх гарч тэнгэрийн ордноо сая оров. Ажиглахуйяа алтан гэрэл цацран өнгөт солонго татаж бэлгэт уур мандан улаан туяа хүрээлмүй. Тэрхүү тэнгэрийн өмнө хаалгыг үзвээс номин бидэрьяагаар бүтээж хас танаар чимэглэжээ. Хоёр жигүүрт тулгуур багана мэт аварга өндөр хориод өрлөг баатар зэвсэг барьж хиур өргөн зогсжээ. Дөрвөн этгээдэд арваад алтан хуягт сахиусан жад илд далайн, ташуур сэлэм зүүж жагсжээ. Гадна талын үзэмж нь ийм байнам. Дотор нь орвоос нэн ч гайхалтай. Дотор талд нь алтан луу ороосон аварга өндөр тулгуурууд ба өнгөт гарьд эргэсэн урт хөөргүүд буй. Алтан туяа дээвэрлэн номин хүдэн хөшиглөжээ. Энд үүлсийн ордон бүш ордон, гэгээн ордон, наран ордон, цэцэрлэг ордон зэрэг алтан дээвэрт ордон гучин гурав байх бөгөөд барааллын харш, агуу уудам харш, эрдэнийн гэрэлт харш, махаранзын харш, шидэт эрхтний харш зэрэг хасын тулгуурт харш далан хоёр буй. Аюуш мандал дээр өлзийт цэцэг өнөд дэлгэрч үрэл бөтөгх хөөргийн дэргэд шидэт өвс мөнхөд ургажээ. Барааллын асрын өмнө хүрвээс улаан туяа бүрхэж, од мичид гялалзмуй. Цэцгийн титэм татаж алтан туурга хийсмүй. Хас саравч танын ендэр зэрэглэж улаан шошго, алтан тамга өлгөжээ. Алтан жүн цохимогц гурван эрхтэн ирж айлтгалыг хасын ендэрт давшуулмуй. Хувилгаан хэнгэрэг дуугармагц түмэн сахиусан цуглаж хаан хурмастад бараалмуй, бас тэр бидэрьяа эрдэнэ харшид хүрвээс хасын хаалгыг алтаар хадаад улаан үүдэнд өнгөт гарьд бүжиглэмүй. Дуулгат тойрог хэрмийг уран нарийн үйлдэн бүтээжээ. Давхар саравчинд луу тоглон гарьд бүжиглэмүй. Шижир алтан ганжиртай харшийн дотор алтан дагина хувилгаан дэвүүр өргөн хасын охин эрдэнийн алчуур барьмуй. Тэнгэрийн түшээ бологч баатруудын дүр байдал айхтар сүртэй. Хурмастын бараа бологч хувилгаан эрхтэн нарын цог сүлд үнэхээр жавхлантай, болор тавгийн дотор мөнхийн үрэл овоолон, мана хоовонгийн дотор шүрэн мод хатгажээ. Үнэхээр доод ертөнцөд нэг ч үгүй хачин гайхамшигтай юм дээд тэнгэрийн ордноо бүрэн баймуй. Алтан ордон мөнгөн харш жигдэлж сувдлаг цэцэг, хаслаг өвс дэвсгэрлэжээ. Хурмастад мөргөх хасын туулай мандлыг тойрон өнгөрч, тэнгэрт бараалах алтан тахиа харшийг эргэн нисмүй. Бичин ван хувьтай тул хүний орчлонгийн хир буртгийг наалдуулалгүйгээр  тэнгэрийн ордноо гарч иржээ. 


Сугар гариг бичин ванг удирдан бидэрьяа эрдэнэ харшид хүрээд шууд дотогш орж хурмастад бараалан мөргөхүйеэ Ү Күн харин ч ёслон мөргөхгүйгээр түүнийг мэдүүлэхийг чих тавин чагнаж дэргэд нь зогсмуй. Сугар гариг айлтгаруун: “Сайд би хурмастын зарлигаар шулмын хувилгааныг дуудан авч ирэв.” гэсэнд хурмаст орхиул буулган асууруун: “Шулмын хувилгаан хэмээгч аль вэ?” Ү Күн бие мэхийн: “Өвгөн Сүн би мөн болой.” хэмээн өчсөнд олон хувилгаан эрхтэн цөм цочисхийн царай барайж: “Энэ зэрлэг сармагчин сөгдөн мөргөхгүйгээр харин “Өвгөн Сүн би мөн болой.” хэмээх нь үнэхээр үхэлтэй болой.” хэмээлдэв. Хурмаст зарлиг болруун: “Энэ Сүн Ү Күн хэмээгч доод ертөнцийн шулмын хувилгаан бөгөөд өдгөө сая хүний шидийг олсноор ёслон мөргөхийг мэдэхгүй тул ялыг уучилбаас болмуй.” Олон хувилгаан: “Өршөөлд талархан мөргө.” хэмээсэнд бичин ван сая: “За” хэмээн зарлиг хүлээж ихэд мэхийсхийн ёслов. Хурмаст бичиг цэргийн хувилгаан эрхтэн нар зарлиг буулган: “Хаана ямар түшмэл дутуу болбоос Ү Күнийг тэнд өргөмжилсүгэй.” хэмээсэнд цэргийн одон эзэн гарч ирэн айлтгаруун: “Тэнгэрийн орны эл ордон харш зургаан яаманд түшмэл цөм бүрэн бий, гагцхүү агтын хороонд даамал дутаж амуй.” Хурмаст зарлиг болруун: “Тийм болбоос түүнийг агтын даамал болготугай.” Олон түшмэл түүнийг хишигт мөргө хэмээсэнд Ү Күн басхүү “За” хэмээн зарлиг хүлээж мэхийсхийв. Хурмаст бас бархасвадь гаригт тушаан түүнийг аваачиж тэнгэрийн агтын хороонд тушаал хүлээлгэтүгэй хэмээн захив.


Тэр үед бичин ван маш баясан бархасвадь гаригтай тушаал хүлээхээр одов. Хэрэг барсны дараа бархасвадь гариг ордонд буцав. Ү Күн тэнгэрийн агтны хорооноо хүрч удаа түшмэл, дэд удаа түшмэл, данс тэмдэглэх түшмэл, агтач хүчтэн зэрэг их бага түшмэлээ цуглуулж тус хорооны хэрэг явдлыг байцаан тодорхойлж үзвээс тэнгэрийн агт мянга байх ажгуу. 


Аргамаг хээр, аранзал хүлэг, хүчхэн саарал, хүдэр хар, хөхлүү бор, хүрэн хайчин, жигүүрт хонгор, зээрэн ухаа, хүдэр саарал, хайсан халиун, зандан хүрэн, шинхул шарга, хоохон бор, хурдан хулан, гилбэлгэн зээрд, билгийн хээр, хүдэнд хөвхлөн, мананд дэгдэгч, салхийг гүйцэн газрыг мохоогч, огторгуйд халин униарт довтлогч, цахилгаан хүлэг, цусан зээрд, агаараар давхигч, алтан амгайт, үүл хийсгэгч, эрдэнийн хүлэг, бидэрт бор, барс цоохор, тоос тасрагч, толбот хүрэн, цомбон туурайт, цогио халтар, сартуул орны сайн агт найман ажнай, есөн аранзал, мянган газрын манлай хүлэг эдгээр нь цөм салхинаас урьдаж цахилгааныг гүйцэх хурдан хүлэг, мананг хийсгэн үүлэнд дэвхлэх хүдэр агт болой.


Тэндээс бичин ван дансыг байцаан үзэж агтны тоог бүртгэн авав. Агтан данс тэмдэглэгч нь өвс бортого бэлтгэн өөд уруу гүймүй. Агтач хүчтэн нар нь агтыг угаан самнах, өвслөн услах, бордоо болгох зэргийг дааж удаа түшмэл, дэд удаа түшмэл нар туслан хавсармуй. Агтан даамал нь өдөр шөнө нойргүй агтыг арчлан тэжээмүй. Өдрийн голд уялан сойж үдшийн гүнд хичээн арчлан унтсан агтыг үргээн босгож, өвс идүүлэн холдсон агтыг хураан авчирч онгоцонд ойртуулмуй. Тэдгээр тэнгэрийн агт түүнийг үзвээс чих хулмайн, газар цавчлавч харин ч өндөг адил таргалжээ. Энэ мэтээр санамсаргүй хагас сар илүү болов. Нэгэн өдөр чөлөө болж хорооны түшмэд нэгэнд түүний чилээг гаргаж, хоёрт баяр хийхийн төлөө архин хурим тавив. Яг архидан найрлалдан ахуйд бичин ван гэнэт хундагаа тавин асууруун: “Миний энэ “Агтан даамал” хэмээгч чухам ямар хэргэм бэ?” Олон бүгдээр өгүүлрүүн: “Мөн даруй тийм хэргэм болой.” Бичин ван асууруун: “Энэ хэргэм нь хэддүгээр зэрэгт ормуй?” Олон бүгдээр өгүүлрүүн: “Үүнд зэрэг дэс үгүй бөлгөө.” Бичин ван өгүүлрүүн: “Зэрэг дэс үгүй бөгөөс адбиш хэргэмийн туйлд тулсан буй за.” Олон бүгдээр өгүүлрүүн: “Өчүүхэн болой. Үүнийг “Зэрэгт ороогүй” хэмээмүй.” Бичин ван өгүүлрүүн: “Юуг зэрэгт ороогүй хэмээмүй?” Олон бүгдээр өгүүлрүүн: “Энэ зэрэг болбоос хамгийн адаг, хамгийн бага болой, гагцхүү агт харахаас өөр тушаал үгүй. Эрхэм та ирснээс нааш энэ мэт хичээн чармайж агтыг таргалуулсан нь гагцхүү “Сайн” хэмээх нэг үг олж сонсох төдий болой. Хэрвээ агтыг баахан эцээвээс зэмлэгдэн донгодогдож туранхай болгобоос залхаагдан яллагдмуй.” Бичин ван үүнийг сонсоод гал мэт хилэгнэн, шүдээ тачигнатал хаврин: “Сүн намайг хөнгөлөн доромжлохын туйлд хүрчээ. Өвгөн Сүн би цэцэг жимст ууланд ван ноён сууж байсан бөлгөө. Юунд намайг хууран авчирч агтаа тэжээлгэмүй? Агт тэжээх нь цөм өчүүхэн дорд үйл болой. Надаар хийлгэж хэрхэн болмуй? Үүнийг хийхгүй, хийхгүй. Одоогоор одмуй.” хэмээн ширээг түлхэн унагаж гүйн босч чихнээсээ бэрээгаа гаргаж сажлан аяган чинээ бүдүүн болгон агтны хорооноос шууд занчин гарч тэнгэрийн өмнө хаалганд хүрч ирэв. Түүний тэнгэрийн данснаа орж агтын даамал болсныг тэнгэрийн цэргүүд мэдэх тул хориглолгүй тавин гаргав.


Хоромхон зуур үүлэн толгой дарж Цэцэг жимст ууланд хүрч ирээд ажиглаваас дөрвөн өрлөг нь эл агуйн шулмын хаадтай цэрэг боловсруулж амуй. Бичин ван: “Хүүхэд ээ, Өвгөн Сүн би ирлээ” хэмээн өндөр дуугаар хашхирсанд нэгэн сүрэг бичин цөм өмнө нь ирж мөргөн агуйн дотор залан оруулж эрдэнийн сууринд суулгасаны хойно угтах хуримын ширээ бэлтгэв. Олон бич бүгдээр өгүүлрүүн: “Их ван дээд ертөнцөд гарч арван хэдэн жил болов. Бодвол санасан ёсоор их хэргэм дэвшиж яруу алдартайгаар буцаж ирсэн буй за?” бичин ван өгүүлрүүн: “Би одож сая хагас сар илүүхэн болсон атал юунд арван хэдэн жил болсон хэмээмүй?” Олон бичин өгүүлрүүн: “Их ван та тэнгэр дээр байсан тул цагийг мэдэхгүй болой. Дээд тэнгэрийн нэгэн өдөр доод ертөнцийн нэгэн жил бөлгөө. Өдгөө их ван ямар хэргэм зэрэг олов?” Бичин ван гараа сажин: “Хэлэхүйеэ бэрх, хэлэхүйеэ бэрх, хүнийг амьдаар ичээж өгүүлмүй. Тэр хурмаст хэмээгч хүнийг хэрэглэн чадахгүй, тэр өвгөн Сүн миний энэхүү дүрийг үзээд юуны “Агтан даамал” хэмээн өргөмжилжээ. Энэ нь харин түүнд агт тэжээж өгөх төдийгөөс бус зэрэг дэсэд үгүй ажээ. Би сая тушаал хүлээхэд үүнийг үл мэдэх тул агтын хорооноо зугаацан авай. Нэгэн өдөр хамсаатнаас асууж, энэ мэт өчүүхэн доодос болохыг олж мэдээд ихэд хилэгнэн хуримын ширээг түлхэн унагаж хэргэм зэргийг авалгүйгээр буцаж ирэв.” хэмээсэнд олон бичин: “Ирсэн нь сайн болов, ирсэн нь сайн болов. Их ван энэ буянт газарт хишигт агуйд ван сууж хүндлэгдэн атлаа юунд түүний агтач болох вэ?” хэмээгээд: “Хүүхэд ээ, хурдан архи авчир, их вангийн уйтгар бухимдлыг тайлсугай.” хэмээв.


Хараахан хуримлан найрлаж байхад нэгэн ирж мэдүүлрүүн: “Гадна ганц эвэрт чөтгөрийн ван ирж их ванд золгосугай хэмээмүй.” Бичин ван: “Түүнийг оруул” хэмээхэд чөтгөрийн ван дээлээ засан агуйн дотор яаран орж ирээд сөгдөн мөргөхөд, бичин ван: “Чи ямар учир байж надад золгомуй?” хэмээсэнд чөтгөрийн ван өгүүлрүүн: “Их ван эрдэмтнийг элснэм хэмээн сонслоо. Баяртайгаар буцсан дашрамд тохиолдуулан тусгайлан нэгэн зах ал шар дээлийг их ванд барьж баяр хийсүгэй. Дорд хэмээн гололгүй дагуулбаас их вангийн өмнө нохой морины хүчийг гүйцэтгэн зүтгэсүгэй.” Бичин ван ихэд баясан ал шар дээлийг авч өмссөнд бүгдээр жагсан зогсоод сөгдөж мөргөв. Тэр даруйд чөтгөрийн ванг өмнөд цэргийн бүгдийг захирах хошууч хэмээн өргөмжилсөнд чөтгөрийн ван хишигт мөргөөд: “Их ван тэнгэрт гарч удтал суун ямар зэрэг хэргэм хүлээв?” хэмээн асуусанд бичин ван өгүүлрүүн: “Хурмаст эрдэмтнийг хөнгөлөн намайг юуны “Агтан даамал” хэмээн өргөмжилжээ. Чөтгөрийн ван сонсоод айлтгаруун “Их ван хувилгаан шид олсон атал юуны тулд түүний агтыг тэжээмүй? Харин нэгэн “Тэнгэр лүгээ чацуу их богд” хэмээвээс үл болохооргүй болой.” Бичин ван сонсоод тэсгэлгүй баярлаж: “Сайн сайн” хэмээгээд дөрвөн өрлөгөө дуудаж: “Та нар надад бушуухан нэгэн туг хиур бэлтгэж, түүний дээр “Тэнгэр лүгээ чацуу их богд” хэмээн бичиж сэргээтүгэй. Үүнээс намайг тэнгэр лүгээ чацуу их богд хэмээн дууд дахин их ван хэмээн дуудаж үл болмуй. Үүнийг бас агуй бүрийн шулмын хаадад зарлатугай.” хэмээн захив. Үүнийг дурдахгүй. 


Өгүүлэх нь жич өглөө хурмаст тэнгэр бараалалд гарсан хойно Зэн Адиша хэмээх эрхтэн агтын хорооны удаа түшмэл, дэд удаа түшмэл нарыг удирдан орж ирэн, ендрийн дор сөгдөн мөргөөд: “Тушаалд шинэ ирсэн агтан даамал Сүн Ү Күн зэргээ чамлаад өчигдөр тэнгэрийн орноос урваж доод ертөнцөд эгэв.” хэмээн айлтгаж бартал, тэнгэрийн өмнө хаалганы үлэмж махаранз тэнгэрийн хуягийг дагуулж ирэн айлтгаруун: “Ямар учрыг мэдэхгүй агтан даамал тэнгэрийн хаалгаар гарч одов.” Хурмаст сонсоод зарлиг болруун: “Хоёр эрхтэн тус тусын тушаалын газарт буцагтун, мөхөс би бээр тэнгэрийн цэрэг гаргаж тэр шулмыг барьсугай.” хэмээтэл зэргээс суваргат махаранз хийгээд түүний гуравдугаар тайж Нэйж гарч ирэн айлтгаруун: “Өчүүхэн сайд хэдий эрдэмгүй боловч зарлигийг хүлээн зальхай шулмыг номхотгосугай.” хэмээв. Хурмаст маш баясан суваргат махаранз Ли Жинг шулмыг дарах их Юаншуай болгож Нэйж тайжийг эрхт гурван мандалын далай их чуулганы их сахиусан хэмээн өргөмжлөөд доод ертөнцөд буутугай хэмээв.


Махаранз эцэг хөвгүүн хоёул хишигт мөргөөд өөрийн ордонд ирж хойно өмнө дунд гурван замын цэргийг шалгаж, Жьюй Лин хувилгаанаар хошууч болгон Иүй Дү эрхтнээр хойнохыг хамгаалуулж, Юу Ца эрхтнээр дундаж цэргийг шавдуулж тэнгэрийн өмнө хаалгыг цайтал нээж цэрэг мордон Цэцэг жимст ууланд хүрч газрын түвшинд цэргийн хүрээ бууж, Жьюй Лин хувилгааныг өдөөн байлд хэмээв. Жьюй Лин хувилгаан зарлигийг хүлээн хуяг дуулгыг засаж, алман саран сүх барьж усан үүдэт агуйн гадна хүрээд үзэхүл барс ирвэс, баавгай, чоно зэргийн шулам ягшран харлаж сэрээ эргүүлэн жихүүн дуугаар хашхиран харайлмуй. Жьюй Лин хувилгаан их дуугаар зандран өгүүлрүүн: “Чивэлт адгуус та нар түргэн одож тэр агтан даамалд хэлэгтүн, би болбоос хурмастын бошгийг хүлээж та нарыг хураамжлахаар ирсэн их жанжин болой. Түүнийг түргэн гарч ирэн буун өгвөөс та бүхний амийг хэлтрүүлсүгэй.” хэмээв. Тэдгээр шулам агуйд гүйн ороод: “Аюул болов, аюул болов.” хэмээсэнд бичин ван асууруун: “Ямар аюул болов?” Олон шулам өчрүүн: “Гадна нэгэн их жанжин ирээд их богдын зэрэг цолыг дуудан өгүүлэх нь: хурмастын бошгоор хураамжлахаар ирэв. Түргэн гарч дагаваас амийг чинь хэлтрүүлсүгэй хэмээмүй.” Бичин ван сонсоод: “Түргэн миний хуяг дуулгыг авчир.” хэмээн улаан алтан дуулгыг тэргүүнд дарж, шижир алтан хуягийг биед хэдэрч, үүл хийсгэгч гутлыг хөлд өшгөлөн алтан толтот болд бэрээг гарт хэрэглэн, агуйн амсрыг цайтал нээж олныг дагуулан гарч жагсаал жагсаав. Жьюй Лин хувилгаан нүд өргөн лавлан үзвээс үнэхээр сайн бичин ажгуу. Биед хэдэрсэн шижир алтан хуяг наранд гялбаж, тэргүүнд дарсан улаан алтан дуулга нүдийг гялсгамуй. Хөндлөн барьсан алтан толтот бэрээ гарт тэнцэж, хөлд өшгөлсөн үүл хийсгэгч гутал чивхийтэл таарчээ. Нэгэн хос гайхамшигт нүдэн цолмон одтой адил нэг мөсөн сортойсон соргог хоёр чих нь мөрөнд тулжээ. Тэнхлүүн тэгш биед хувилах улирах хосолж дангинан хангинах дуун нь алтан жүн цохисон мэт, цорвогор уруул, ярзгар шүдтэй агтан даамал харин ч тэнгэртэй чацуу богд болох их санааг өвөрлөжээ. Жьюй Лин хувилгаан их дуугаар дуудан өгүүлрүүн: “Муу сармагчин чи намайг танина уу?” Их богд сонсоод: “Чи аль газрын хамуут хувилгаан бэ? Өвгөн Сүн би чамтай уулзаагүй, нэрээ түргэн хэлэгтүн.” хэмээсэнд “Энэ бачит сармагчин чи намайг танихгүй болой, би болбоос дээд тэнгэрийн суваргат Махаранзын дорх хошууч Жьюй Лин хувилгаан болой. Өдгөө хурмастын бошгийг хүлээж чамайг хураамжлахаар ирлээ. Чи түргэн зэвсгээ хаяж хуяг дуулгаа тайлан тааллыг дагаваас энэ уулын эн олон адгуус амьтны амийг хэлтрүүлсүгэй. Хэрэв болохгүй гэдэг үгийг шүдэн завсраараа гаргаваас чамайг агшин зуур үнсэн товрог болгомуй.” хэмээв. Бичин ван сонсоод ихэд хилэгнэн өгүүлрүүн: “Энэ муу хамуут хувилгаан битгий их үг хэлж, аман тааваараа чальч. Би чамайг ганцхан шийдэмдэж албаас хойш мэдээ хүргэх хүнгүй болох тул амийг чинь түр уучилсугай. Чи түргэн тэнгэрийн оронд буцаж хурмастад хэл. “Тэр юунд эрдэмтнийг хэрэглэхгүй вэ? Өвгөн Сүн надад хэмжээлшгүй их эрдэм буй атал юунд надаар агтаа тэжээлгэмүй? Чи энэ тугийн дээрх бичгийг үзэгтүн. Хэрвээ энэ бичгийн ёсоор ноён болговоос би цэрэг зэвсэг хөдөлгөхгүйгээр тэнгэр газрыг амар түвшин байлгасугай. Хэрвээ цагийн өнгийг дагахгүй болбоос би Сударсан балгасанд цохин ороод түүнийг луугийн ширээнээ амар тайван суулгахгүй.” Жьюй Лин хувилгаан эдгээр үгийг сонсоод ажиглан үзвээс хаалганы гаднах өндөр шорогт өлгөсөн тугийн дээр “Тэнгэр лүгээ чацуу их богд” хэмээн бичжээ. Жьюй Лин хувилгаан гурвантаа жихүүнээр инээгээд “Энэ муу сармагчин юутай ийм мэдэлгүй аж? Ямар аймшиггүй ёс бусаар аашлан тэнгэр лүгээ чацуу их болд болсугай хэмээмүй. Миний сүхний амтыг үз.” хэмээн цавчин ороход тэр бичин ван огт сандрахгүйгээр болд бэрээгаар угтан авав. Энэ тулалдаан үнэхээр: 


Шийдмийн нэр нь чандмань болд бэрээ, сүхний цол нь алман саран сүх хэмээмүй. Тэр хоёр сая золгосон тул гүн гүехнээ үл мэдэлцмүй. Сүх, бэрээ нааш цааш зөрөлднөм. Нэг нь хувилгаан увидсыг дотроо агуулжээ. Нэг нь ам дүүрэн их үг өгүүлмүй. Увидас үүсгэмэгц үүл гарч манан татмуй. Алга дэлгэмэгц тоос босч, салхи дэгдмүй. Тэнгэрийн эрхтний хувилгаан эрдэм рид шидтэй хэмээхүл бичин вангийн хувилах улирах нь үнэхээр хязгаарлашгүй. Бэрээ далайхуйяа луу уснаа тоглох мэт, сүх ирэхүйеэ гарьд цэцэгт дэвхрэх адил. Жьюй Лин хувилгааны алдар нэр тэнгэр газарт дуурьссан боловч эрдэм чадал нь бичин ванд үл хүрэх ажгуу. Их богд болд бэрээгаараа тэргүүн рүү нь хөнгөхөн нэг занчсанд Жьюй Лингийн бүх бие нь минчүүрэв. Жьюй Лин хувилгаан түүнтэй тэнцэн чадахгүй болов. Энэ үес бичин ван бэрээгаар түүний тэргүүн рүү нэгэнтээ занчихуйяа тэр сандран сүхээрээ тоссонд иш нь хоёр анги болов. Жьюй Лин мэндэн сандан бие зайлан амь тэмцэн буруулахад бичин ван инээн өгүүлрүүн: “Савсу. Савсу. Би чиний амийг уучилсугай. Бушуу очиж мэдээ хүргэ. Мэдээ хүргэ” хэмээв. 


Жьюй Лин хувилгаан цэргийн хүрээний үдэнд буцаж ирээд суваргат махаранзын өмнө түсхийтэл сөгдөөд сүйлгэлэн мэдүүлрүүн: “Агтан даамлын хувилгаан эрдэм үнэхээр нэвтэрхий тул адгийн жанжин би түүнтэй тэнцэж чадахгүй, хүчин дарагдаж буцаж ирээд ялаа хүлээмүй.” Махаранз их л хилэгнэн: “Энэ муу амьтан чи миний цэргийн сүрийг бууруулав. Түлхэн гаргаж цавч.” хэмээхэд хажуугаас Нэйж тайж гарч ирэн мөргөн: “Эцэг ван хилэнгээ тайтгаруулж, Жьюй Лин хувилгааны ялыг түр уучилтугай, хөвгүүн би байлдахаар гарваас түүний эрдэм чадлыг мэдвээс болмуй.” хэмээн айлтгав. Суваргат Махаранз ятгахыг сонсож түүнийг ялтайгаараа тушаалд атугай хэмээн хойш цэргийн хүрээнд илгээв. Өгүүлэх нь Нэйж тайж бие хуяглан цэргийн хүрээнээс давхин гарч Усан үүдэт агуйн гадна хүрч ирэв. Ү Күн сая цэргээ хурааж байтал Нэйжийн баатарлан ирэхийг үзвээс үснир гэзэг нь зулайг сая бүрхэж онгон гэзэг нь мөрөнд басхүү гөрөөтэй. Хувилгаан сүлд хурц самбаа хосолж хосгүй цогцост ариун дүр бүрджээ. Энэ үнэхээр эсэруа хурмастын эрдэнийн бэлгэт хөвгүүн, агаар тэнгэрийн алтан гарьдын хувилгаан ажгуу. Эрдэнэ луугийн үрс хэмээгч эгэл хүнээс өөр, үүрд залуу хутагтан хэмээгч ертөнцийн хүнээс ангид. Хувилгаан зургаан зэвсгийн хувилах улирах нь хязгаарлашгүй. Өдгөө тэр эсэруа хурмаст тэнгэрийн эрдэнэ зарлигаар эрхт гурван мандлын далай их чуулганы сахиусан өргөмжлөгджээ. Ү Күн урагш давшин асууруун: “Чи хэний хүүхэд вэ? Ямар учир байж хаалганд хүрч ирэв?” Нэйж зандран өгүүлрүүн: “Муу сармагчин чи юунд намайг танихгүй вэ? Би хэмээгч суваргат Махаранзын гутгаар хөвгүүн мөн болой. Өдгөө би хурмастын зарлигаар чамайг барихаар ирлээ.” Ү Күн инээн өгүүлрүүн: “Бяцхан хөвгүүн чиний аман сүү чинь арилаагүй, араан шүд чинь гараагүй байгаад ямар аймшиггүй их үг өгүүлмүй? Би чиний амийг үлдээсүгэй. Чи миний тугийн дээрх бичгийг үзээд хурмастдаа мэдүүлэн ийм тушаалын зэрэг өгвөөс цэрэг морь хөдөлгөлгүйгээр би дагамуй. Хэрвээ миний санаснаар эс болбоос Сударсан балгасанд чинь цохин ормуй” Нэйж тэргүүн өргөн үзвээс: “Тэнгэр лүгээ чацуу их богд” хэмээн бичжээ. Нэйж өгүүлрүүн: “Бичин шулам чамд хэдий чинээ их рид хувилгаан бий хэмээн аймшиггүй ийм их нэр цол өргөмүй. Чи битгий буруул, миний илдний амтыг үз.” Ү Күн өгүүлрүүн: “Би зогссон газраас хөдлөхгүй чи чинээгээрээ цавчигтун.” Нэйж их л хилэгнэн их дуугаар: “Хувил” хэмээн зандарсанд гурван тэргүүн зургаан гар ургаж шулмыг цавчигч сэлэм, шулмыг алагч илд, шулмыг хүлэгч цалам, шулмыг дарагч шийдэм, шулмыг цохигч бөмбөг, гал хүрд зэрэг зургаан зүйлийн хувилгаан зэвсэг барьж байлдан ороход Ү Күн үзээд цочисхийн өгүүлрүүн: “Энэ хүүхдэд бас ийм эрдэм байх ажгуу, битгий ёсгүй аашил, миний эрдмийг үз.” хэмээгээд: “Хувил” хэмээн зандармагц мөнхүү гурван тэргүүн зургаан гар ургаж чандмань болд бэрээгаа сажилмагц мөн гурав болгон хувилгаад зургаан гарт гурван бэрээ барин тосон авав. Энэ удаагийн байлдаанд үнэхээр уул донслон ус цалгимуй. Зургаан гарт Нэйж тайж тэнгэрийн төрүүлсэн чулуун бичин хоёр үнэхээр гар тэнцэн гавь тохиолджээ. Нэг нь хурмастын бошгийг хүлээн доод ертөгцөд бууж, нэг нь сэтгэл омгорхон дээд тэнгэртэй тэмцмүй. Шулмыг цавчигч эрдэнийн сэлмийн хурц ир гялбалзаж, шулмыг алагч эрдэнийн илднээс чөтгөр сахиусан эмээмүй, шулмыг хүлэгч эрдэнийг цалам аварга могой мэт гурвалзаж, шулмыг дарах очир шийдэм аянга буух адил, гал хүрднээс улаан дөл дүрэлзэж, шулмыг цохигч хувилгаан бөмбөг солир харвах мэт. Их богдын гурван болд бэрээ эдгээрийг ажиггүй тосч зайлуулмуй. Хүчлэн байлдаж хэдэн удаа болтол хэн хэндээ дийлдэхгүй бүхийд Нэйж тайж зургаан зүйлийн зэвсгээ улируулан хувилгаж түм бум болгон тулалдав. Бичин ван хадганатал инээн болд бэрээгаа бас түм бум болгон хувилгаж огторгуй дүүрэн нисгэн угтав. Үүнд олон агуйн шулмын хаад айлдан, хаалгаа цөм дараад эл уулын чөтгөр шулам эмээлдэн, нуун далдлав. Тэртээ этгээдэд тэнгэрийн цэргийн хилэн уур дэгдмүй. Энтээ этгээдэд алтан толтот болд бэрээ сүрчигнэн дуугармуй. Тэртээ этгэээдэд тэнгэрийн цэргийн хашхирах дуунд хүмүүс аймуй. Энтээ этгээдэд бичин шулмын туг далбаа сажих сүрд цөм зүрхшээмүй. Хорсол зангидсан хоёр этгээд зэргээр баатарлан байлдахуйяа алин хүчирхэг алин буурайг олж үл мэдмүй. Хоёул өөр өөрийн хувилгаан сүрийг мандуулан гучин удаа байлдсанд Нэйж тайж зургаан зүйлийн хувилгаан зэвсгээ хувилгаж, мянга түм болгож нисгэж ирэхэд Сүн Ү Күн бас алтан толтот бэрээгаа мянга түм болгон угтав. Үүнд огторгуй дүүрэн суунаг татаж, солир харвах мэт болж, дийлэн дийлэгдэх нь ялгагдахгүй, үзвээс энэ Ү Күн хэмээгч гар бушуу, нүд хурц тул зууралдан байлдахын зуур нэгэн шар үсээ сугалан авч, “Хувил” хэмээмэгц хэдийнээ түүний дүр байдалтай адил нэгэн бичин хувилж гарт бэрээ барьж, Нэйж лүгээ байлдан оров. Түүний чухам бие нь нэг үсэрмэгц Нэйжийн ард гарч болд бэрээгаар зүүн мөрийг нь занчив. Нэйж яг хувилгаан увидсаа гаргаж байхад гэнэт болд бэрээны сэрчигнэх чимээг сонсож бие гэлбэсхийн зайлтал мөр нь оногдон шарх олж, зургаан зүйлийн хувилгаан зэвсгээ хураан аваад буруулан дутаав. 


Тэр суваргат Махаранз хэдийнээ олж үзээд, цэргээ даллан туслахаар одсугай хэмээтэл Нэйж нэгэнтээ хүрч ирээд чичирхийлэн мэдүүлрүүн: “Агтан даамал үнэхээр чадалтай ажгуу. Хөвгүүн миний эрдэм увидас түүнийг хүчрэхгүй дарагдаж, мөрөө занчуулан шарх олов.” Суваргат Махаранз ихэд цочин царай барайж, “Түүнд тийм эрдэм буй аваас хэрхэн дийлж чадмуй.” хэмээсэнд Нэйж өгүүлрүүн: “Түүний хаалганы гадна босгосон нэгэн тугийн дээр “Тэнгэр лүгээ чацуу их богд” хэмээх бичиг баймуй. Түүний хэлэх нь хурмаст намайг тэнгэр лүгээ чацуу их богд өргөмжилбөөс түмэн хэрэг төгсмүй. Хэрвээ тийн эс өргөмжилбөөс Сударсан балгасанд цохин ормуй хэмээжээ.” Суваргат Махаранз өгүүлрүүн: “Тийн аваас түүнтэй байлдахыг зогсож, тэнгэрийн оронд одож, энэ үгийг нь мэдүүлэн, тэнгэрийн цэрэг нэмэн авчирч барихад хожимдохооргүй.” Нэйж тайж нэгэнтээ шарх олж, байлдаж чадахгүй болж суваргат Махаранзтай тэнгэрийн оронд мэдүүлэхээр одсоныг дурдахгүй. Түүнээс тэр бичин ван дийлээд ууланд буцсанд далан хоёр агуйн шулмын хаад хийгээд зургаан ах дүү нар нь цөм хүрч ирэн баяр хүргэж буянт газар хутагт агуйн оронд хэмжээлшгүй найрлан хуримлаж цэнгэв. Бичин ван зургаан ах дүү нартаа өгүүлрүүн: “Өдгөө өчүүхэн дүү би нэгэнтээ биеэ тэнгэртэй чацуу их богд хэмээн өргөмжлөв. Та нар бас их богд хэмээн цол өргөмжилбөөс сайн болой.” Үхэр шулмын хаан их дуугаар өгүүлрүүн: “Мэргэн дүүгийн үг маш зөв, би тэнгэрийг төвшитгөгч их богд болсугай.” Матар шулмын хаан өгүүлрүүн: “Би далайг хөрвүүлэгч их богд болсугай.” Хангарьд шулмын хаан өгүүлрүүн: “Би тэнгэрийг түйвээгч их богд болсугай.” Арслан шулмын хаан өгүүлрүүн: “Би уулыг нүүлгэгч их богд болсугай: “ Хөгшмөл самж хаан өгүүлрүүн: “Би салхийг зүсэгч их богд болсугай.” Хүрэн бичин хаан өгүүлрүүн: “Би сахиусныг тонилгогч их богд болсугай.” Тэр долоон богд үнэхээр дураар аашилж өөрсдөө цол өргөмжлөн нэг өдөр найрлан тарав.


Өгүүлэх нь суваргат Махаранз, Нэйж тайжтай жанжин нараа дагуулж Сударсан балгасанд хүрч айлтгаруун: “Түшмэл бид богдын бошгоор цэрэг авч доод ертөнцийн шулмын хувилгаан Сүн Ү Күнийг номхотгохоор буугаад түүний хувилгаан эрдэм ихийн тул дийлэн эс чадав. Түмэн наст цэрэг нэмэн түүнийг дарахыг гуймуй.” Хурмаст зарлиг болруун: “Өчүүхэн бичин шуламд ямар чадал буй хэмээн бас цэрэг нэммүй?” Нэйж тайж өмнөш давшиж сөгдөн айлтгаруун: “Түмэн наст эзэнтэн түшмэл миний үхэх ялыг уучлахыг гуймуй, тэр бичин шулам болд бэрээ хэрэглэн урьдаар Жьюй Лин хувилгааныг дарж дараагаар нь түшмэл миний мөрийг шархдуулав. Түүний агуйн гадна босгосон тугийн дээр “Тэнгэртэй чацуу их богд” хэмээн бичжээ. Тэр шулмын өгүүлэх нь ийм түшмэл өргөмжилбөөс дайтахгүйгээр орж өгмүй. Хэрвээ ийм түшмэл өргөмжлөхгүй болбоос Сударсан балгасанд цохин ормуй хэмээжээ.” Хурмаст тэнгэр сонсоод хэрдхийн өгүүлрүүн: “Энэ шулам юунд аймшиггүй балмадалмуй, олон жанжныг илгээж даруй түргэн сөнөөгтүн.” хэмээн хараахан зарлиг болтол зэргээс Сугар гариг гарч ирэн сөгдөж айлтгаруун: “Тэр бичин шулам амны тааваар их үг хэлэхийг мэдэхээс бус зэргийн их багыг үл мэдмүй. Цэрэг нэмэн илгээж түүнтэй байлдваас нэгэн цагт номхотгож чадахгүй мөртөө жанжин цэргийг зүдээх болой. Түмэн наст эзэн өршөөн соёрхож нэг элсэн дагуулах зарлиг буулган түүнийг “Тэнгэртэй чацуу их богд” өргөмжилж цалин пүнлүүгүй хоосон зэрэг өгөхийг үл хүрмүй.” Хурмаст өгүүлрүүн: “Юуныг цалин пүнлүүгүй хоосон зэрэг хэмээмүй?” Сугар гариг өгүүлрүүн: “Түүнд гагцхүү тэнгэртэй чацуу их богд хэмээн зэрэг өгч учир явдлыг хамааруулахгүй цалин пүнлүү өгөхгүйгээр тэнгэр газрын хооронд тэжээн суулгаж, гажуу сэтгэлийн нь хураан омгорхог балмадаар аашлахгүй болговоос тэнгэр газар дөрвөн далай сая түвшин амарлингуй болмуй.” Хурмаст үүнийг сонсож: “Түшмэл чиний айлтгасан ёсоор болсугай.” хэмээгээд элсэх зарлигийн бичиг буулгаж мөнхүү Сугар гаригаар тушаал илгээв.


Сугар гариг дахин тэнгэрийн өмнө хаалгаар гарч шууд Цэцэг жимст уулын усан үүдэт агуйн гадна хүрч үзвээс сүр хүчин ихэд мандан алах уур огторгуйд дэгдэж зүйл бүрийн шулам гарт цөм хурц, маш хүнд зэвсэг барьж илд жад бялуу шийдэм өргөлцөн үсрэн харайлж бархиран хашхиралцах нь өнгөрсөн лүгээ адил үгүй болжээ. Сугар гаригийг үзмэгц цөм урагш давшин гар хөдлөхөд Сугар гариг өгүүлрүүн: “Та нар түргэн очиж их богддоо мэдүүлтүгэй. Би болбоос дээд тэнгэрийн элч мөн, түүнийг хурмастын зарлигаар уримуй.” Олон шулам гүйн ороод мэдүүлрүүн: “Гадна нэгэн өтгөс ирж өгүүлэх нь хурмастын зарлигаар чамайг урихаар ирсэн тэнгэрийн элч хэмээмүй.” Ү Күн сонсоод “Ирсэн нь сайн, ирсэн нь сайн. Энэ ирсэн нь дээр удаагийн Сугар гариг мөн буй за, анх удаа намайг урьж аваачаад өргөмжилсөн хэргэм зэрэг хэдий ялимгүй боловч тэнгэрийн орны онгойх үүд, орж гарах замыг би цөм таньсан бөлгөө. Өдгөө бас лав сайн хэрэг байх буй за.” хэмээгээд олноор туг далбаа өргүүлэн хэнгэрэг харанга цохиулан жагсаал жагсааж угтав. Их богд олон бичнээ дагуулж алтан хуяг дуулга, ал шар дээл, үүл хийсгэх гутал өмсч агуйн гадна гарч, бие мэхийн ёсолж “Хөгшин гариг дорогш буу, хол угтахыг алдсан ялыг уучилму.” хэмээв.


Сугар гариг агуйд орон урагш хандан зогсож өгүүлрүүн: “Анх их богд хэргэм зэргээ бага хэмээн чамлаж агтын хорооноос зайлан гарч ирсэнд хорооны их бага түшмэд хурмастад айлтгасанд хурмаст “Түшмэл бологсод цөм багаас дэвшиж их болох буй за. Юуны тул бага хэмээн чамламуй.” хэмээн зарлиг буулгаад суваргат Махаранз Нэйж тайжийг доод ертөнцөд буулган байлдуулсан нь тэр бөлгөө. Их богдын хувилгаан эрдмийг үл мэдэх тул цэрэг дарагдан буцаж “Чамайг туг босгон тэнгэр лүгээ чацуу их богд болох хэмээж баймуй.” хэмээн айлтгасанд цэргийн олон жанжин бас дайлъя хэмээсэнд өвгөн би чиний тул зүтгэн цэрэг хөдөлгөлгүйгээр их ван чамайг урьж өргөмжилсү хэмээн айлтгасанд хурмаст зөвшөөрөөд өдгөө би чамайг урихаар ирэв.” Ү Күн инээн: “Анх удаа чамайг зовоов, өдгөө бас хайр хишиг хүртэв. Талархаж байнам талархаж байнам. Гагцхүү таны тэнгэрийн оронд “Тэнгэртэй чацуу их богд” буй буюу?” хэмээн асуусанд Сугар гариг өгүүлрүүн: “Өвгөн би энэ тушаалаар айлтган зөвшөөрүүлсний тул сая аймшиггүй зарлигийг авч ирэв. Хэрвээ чиний санаснаар эс болбоос чи өвгөн намайг яллаваас барав.” хэмээв. 


Ү Күн их л баярлаж хурим барьсугай хэмээхэд Сугар гариг хүлээхгүйн тул хамтаар бэлгэт үүлийг хөлөглөн тэнгэрийн өмнө хаалганаа хүрч ирэв. Тэнгэрийн эрхтэн хүчтэн нар угтан ёсолж оруулав. Тэндээс шууд бидэрьяа эрдэнэ харшид ороод Сугар гариг сөгдөн айлтгаруун: “Түшмэл би зарлигаар агтан даамлыг дуудан авч ирэв.” Хурмаст өгүүлрүүн: “Сүн Ү Күн, чи нааш ир, өдгөө чамайг тэнгэртэй чацуу их богд өргөмжилсү. Энэ нь хэргэмийн туйл болой. Битгий дэмий балай явагтун. Ү Күн “За” хэмээн мэхийсхийн хишигт мөргөв. Хурмаст дэд Зин, Лу хоёр эзлэгчид зарлиг буулган өлзийт тоорын хүрээлэнгийн баруун этгээдэд тэнгэртэй чацуу их богдын ордон байгуулж ордны дотор Тогтоогч, Амирлуулагч хэмээх хоёр яам байгуулж яам бүрт хувилгаан түшмэл тавьж хавсруултугай хэмээв. Бас таван одны эзнээр Ү Күнийг хүргүүлж, хоёр лонх хувилгаан архи, арван алтан цэцэг шагнаж, сэтгэл санааг нь амарлингуй тогтуун болгож, дахин дэмий балай аашилж болохгүй хэмээв. Бичин ван таван одны эзэнтэй хамтаар ордондоо хүрмэгц лонхтой архиа гаргаж олонтой шавхран уугаад одон эзнийг үдэн буцаав. Бичин ван сая санаснаараа болж тэнгэр газаргүй баярлан сэтгэл чилээж санаа зовох зүйл огт үгүйгээр тэнгэрийн ордонд жарган суув. Энэ үнэхээр хувилгаан нэр мөнх насны данснаа үүрд тэмдэглэгдэн, төрөх үхэх сансрын хүрднээс ангижирч түмэн галав өнөд оршмуй. Үүнээс хойш хэрхэхийг мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй.


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    6 цаг 40 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    8 цаг 27 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    9 цаг 53 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    9 цаг 56 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    10 цаг 0 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    10 цаг 43 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    11 цаг 15 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    11 цаг 19 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    11 цаг 19 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    11 цаг 53 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    13 цаг 2 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    13 цаг 13 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    13 цаг 18 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    13 цаг 40 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    13 цаг 57 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    14 цаг 23 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    14 цаг 51 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    15 цаг 15 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    15 цаг 16 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    15 цаг 31 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК