Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Зургадугаар бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

ЗУРГАДУГААР БҮЛЭГ:


ХОМСИМ БОДИСАДВА ХУРИМАНД ЗАЛАРЧ УЧИР ШАЛТГААНЫГ АСУУВ
БАГА БОГД ЭРДЭМ ГАРГАН ИХ БОГДЫГ НОМХОТГОВ


Тэнгэрийн эрхтэн нар бүслэхээрээ бүсэлж, их богд амсхийхээрээ амсхийн ахууг өгүүлэхгүй.


Өгүүлэх нь, өмнө далайн Будлан уулын эх хамаг амьтныг элдэв зовлонгоос гэтэлгэгч ихэд нигүүлсэхүй бэлгэ билигт Хомсим бодисадва Нэвс хүрз эхийн урилгыг хүлээн их шавь Ивээл тойныг дагуулж Өлзийт тоорын хуриманд залран эрдэнийн харш хасын нууранд ирж үзвээс хөөр хөгжөөнгүй эл хуль аж. Хуримын  ширээ хов хоосон байнам. Хэдийгээр хэдэн арш хувилгаан буй агсан ч суудалд суулгүй зогсоогоор өгүүлэлдмүй. Бодисадва олон арш хувилгаан лугаа золгосон хойно олноор урьдах хэргийг бүрнээ өгүүлэв. Бодисадва өгүүлрүүн: “Хурим найр хийж хундага дугараа нисгэн чадахгүй болсон тул та нар ядуу тойн над лугаа хамтаар хаан хурмастад бараадахаар одтугай.” Арш хувилгаад баяртайяа бодисадваг дагаж гэгээн харшид хүрвээс дөрвөн их адиша, махадарь арш нар цөм энд аж, бодисадваг угтан авч хурмаст хилэгнэн шулмыг барихаар тэнгэрийг цэрэг илгээгээд эгэж ирээгүй байх учрыг өгүүлэв. Бодисадва өгүүлрүүн: “Би өдгөө хурмастад бараадахаар ирэв, уламжлан айлтгахыг хүсмүй.” Чьюй Хүн Жи адиша даруй бидэрьяа эрдэнэ харшид орж айлтгав. Тэр үес Дилав дээр сууж, Нэвс хүрз эх ард авай. 


Бодисадва олныг дагуулан дотор орж, хурмастад ёслон, Дилав, Нэвс хүрз лүгээ золгож тус тус суудалд суусны дараа асууруун: “Өлзийт тоорын өв тэгш хурим ямар болов?” Хурмаст өгүүлрүүн: “Жил бүрийн хурим маш баяр хөөртэй бөлгөө, энэ жил бичин шулам самууран дүйдсэн тул олон арш хувилгааныг хоосоор зүдээв.” Бодисадва өгүүлрүүн: “Хаанах шулам буй?” Хурмаст өгүүлрүүн: “Шулам бичин даруй зүүн үлэмж биет тивийн Уулай улсын Цэцэг жимст уулын чулуун өндөгнөөс төрсөн болой. Сая төрөх тэр үед нүднээс нь гэрэл цацран, тэнгэрийн оронд тусчээ. Анханд хайхарсангүй, хожим тэр шулам бөтөгд, луу барсыг дарангуйлах чадалтай болж, эрлэгийн дансыг өөрөө баллажээ. Үүнийг лусын хаан, эрлэг хаан айлдсан бөлгөө. Мөхөс би түүнийг барьсугай хэмээсэнд Сугар гаригийн айлтгасан нь: “Гурван ертөнцийн дотор аливаа есөн сүв бүхий амьтан цөм хувилгаан болж болмой” хэмээв. Тийнхүү мөхөс би сургаалаар эрдэмтнийг хүмүүжүүлэхийг бодож, түүнийг дээд ертөнцөд дуудан авчирч агтны хорооны агтан даамал болгов. Тэр амьтан зэргийг бага хэмээн хулгайлаад, тэнгэрийн ордноос урван явжээ. Мөхөс би суваргат Махаранзыг Нэйж тайж лугаа номхотгуулахаар одуулан бас илбэн дагуулах зарлигаар дуудаж тэнгэрт авчран, түүнийг “Тэнгэр лүгээ чацуу их богд” өргөмжилж, ганц зэрэг байвч тушаалгүй учир, тэр хийх явдалгүй, зүүн баруунаар хэсэн явахад, би бас өөр хэрэг өдөх болуузай хэмээн түүнээр өлзийт тоорын хүрээлэнг хамааруулав. Тэр бас хууль цаазыг үл сахин аварга модны том тоорыг дуустал хулгайлаад иджээ. Хуримын чуулган болсоноо, түүнийг тушаалгүй түшмэл хэмээн эс урив. Тэр харин арга үүсгэн магтахаар аршийг хууран мэхэлж, өөрөө түүний дүрээр хувилан чуулганы газар ороод, адис идээ, рашаан жимсийг хоосортол хулгайлан идээд, бас Дилавын хувилгаан үрлийг хулгайлж, бас хэдэн лонх тэнгэрийн архийг хулгайлан авч яваад, уулын олон бичин лүгээгээ цэнгэлдэн уулзав. Мөхөс би үүний тул уурлан арван түмэн тэнгэрийн цэргээр тэнгэрийн тор газрын өөш тавин, хураан номхотгохоор эчээд нэг өдөр болтол хариу мэдээгүй тул дийлэн дийлэгдэх нь ямар болсныг үл мэдмүй.”


Бодисадва үүнийг сонсоод Ивээл тойнд: “Чи даруй тэнгэрийн ордноос буун Цэцэг жимст уулнаа эчиж цэрэг тойны байдал ямар байхыг турштугай. Хэрэв байлдаж аваас тусалтугай. Эрхбиш лавтай мэдээ олж ир” хэмээн өгүүлсэнд, Ивээл тойн хувцас хунараа засан төмөр шийдэм барьж, үүл хөлөглөн, Цэцэг жимст уулнаа хүрч ирээд үзвэл тэнгэрийн тор газрын өөшийг давхар давхар татаж, цэргийн хүрээний тэмдэг дохио уламжлан, уулыг завсаргүй бүсэлжээ. Ивээл тойн цэргийн хүрээний үүднээ хүрч: “Би болбоос суваргат Махаранзын хоёрдугаар тайж, өмнө далайн Будлан уулын Хомсим бодисадвагийн ахмад шавь Ивээл тойн болой, өдгөө цэргийн мэдээ авахаар тухайлан ирлээ, дотогш уламжлан мэдүүлж өгмүү” хэмээснээ үүд харагч таван хайрханы хувилгаан цэргүүд цацарт орон дотогш уламжлахуйяа Даниста, Гирдиг, Мэг, Анурад нар гол цацарт ирж мэдүүлэв. Суваргат Махаранз зарлигийн хиур өгч, тэнгэрийн тор газрын өөшийг сөхүүлж оруулав. Энэ үес сая үүр цайж буй. Ивээл тойн хиурыг даган дотор орж дөрвөн Махаранз хийгээд суваргат Махаранзад ёслон золгов. Суваргат Махаранз өгүүлрүүн: “Хөвгүүн чи хаанаас ирэв?” Ивээл тойн өгүүлрүүн: “Мунхаг хөвгүүн би бодисадваг дагаж өлзийт тоорын хуриманд одсон бөлгөө, бодисадва хурим хугасран хасын нуур элий хулий болсныг үзээд олон хувилгааныг мунхаг хөвгүүн лүгээ дагуулан хурмастад бараадав. Хурмаст, эцэг хантны шулмасыг номхотгохоор доод ертөнцөд буун нэг өдөр болтол хариу мэдээгүй, дийлэн дийлэгдэх ямар болсныг үл мэдмүү хэмээн өгүүлснээ бодисадва хөвгүүн намайг лавтай мэдээ авахуулахаар энд ирүүлсэн бөлгөө.” Суваргат Махаранз өгүүлрүүн: “Өчигдөр энд ирэн цэргийн хүрээ бууж, есөн гаригийг гарган өдөөн байлдуулсанд тэр дамшиг увидас хэрэглэж есөн гаригийг дийлжээ. Ийнхүү бид арван түмэн тэнгэрийн цэргийг авч түүн лүгээ орой болтол зууралдан байлдахуйяа тэр амьтан бие үржүүлэх увидас хэрэглэн биднийг байлдан ухруулав. Цэргийн хүрээг байцаан үзвэл бидний баривчилсан нь барс ирвэс, баавгай өтөг, үнэг чононоос өөр бичин шулмыг нэг ч олж барьсангүй. Энэ өдөр байлдахаар гараагүй” хэмээв. 


Тэд хараахан өгүүлж байхын урьд гаднаас хүн орж мэдүүлрүүн: “Тэр их богд олон бичнээ дагуулан ирээд өдөөн хараамуй.” Дөрвөн Махаранз хийгээд суваргат Махаранз, Нэйж тайж лугаа байлдахаар гарахаар зөвдөж атал Мүз өгүүлрүүн: “Эцэг ханд мэдүүлэх нь, бодисадва мунхаг хөвгүүн намайг мэдээ авахуулахаар илгээхдээ хэрэв байлдаж аваас тасалтугай хэмээн захисан бөлгөө. Өдгөө эрдэмгүй хөвгүүн би гарч түүний ямар зэргийн их богд болохыг үзсүгэй!” Махаранз өгүүлрүүн: “Хөвгүүн чи бодисадваг дагаж энэ хэдэн жил бясалгал хийснээр бодохуйяа лав баахан увидас сурсан буй за, хэдийн тийн хэмээвч хичээх хэрэгтэй.”


Мүз тайж бүсээ чангалан, шийдэм далайж, хүрээний хаалганаас гараад, өндөр дуугаар: “Аль нь тэнгэр лүгээ чацуу их богд хэмээгч буй?” хэмээн дуудсанд, их богд чандмань болд бэрээгээ далайн өгүүлрүүн: “Өвгөн Сүн даруй би мөн болой. Чи ямар хүн хэмээн аймшиггүйгээр намайг асуумуй?” Мүз өгүүлрүүн: “Би болбоос суваргат Махаранзын хоёрдугаар тайж Мүз болой, өдгөө Хомсим бодисадвагийн шавь болж, шашныг сахимуй, номын нэр Ивээл тойн хэмээгч болой.” Их богд өгүүлрүүн: “Чи өмнө далайд бясалгал хийхгүй, энд  ирж над лугаа уулзах учир юун?” Мүз өгүүлрүүн: “Би багшийн зарлигаар цэргийн мэдээ авахаар ирсэн бөлгөө, өдгөө чиний ийнхүү догширч байхыг үзээд тэсгэлгүй барьсугай хэмээмүй!” их богд: “Чи юунд аймшиггүй ийм үг хэлмүй! Битгий буруул! Миний болд бэрээний амтыг үз!” хэмээн занчин ирэхүйеэ Мүз огт эмээхгүйгээр төмөр шийдэм далайн угтан авч уулын бэл дэх байрны газраа нэгэн зэрэг ихэд байлдав:


Бэрээ шийдэм адил боловч болд нь ондоо, барьдал зэвсэг адил боловч эзэн нь өөр. Нэгэн нь анхны дархан шидтэн их богд, нэгэн нь Хомсим бодисадвагийн шавь үнэн хувилгаан. Төмөр шийдмийг тэнгэрийн дархан түмэнтээ давтаж хувилгаанаар бөтөгсэн тул чадал увидас үлэмж. Болд бэрээ нь тэнгэрийн оёдлын тулгуур, тэнгис далайн дарлага тул ид шид их. Хоёул золгон байлдахуйяа хүчин чадал тэнцэж, хүнд зэвсэг зөрөлдөн хувилгаан эрдэм мохошгүй. Аварга шийдмээр занчих нь адбиш хэцүү, ар дал аюулхай цээж амин газрыг эрнэм. Чандмань бэрээгээр тусах нь цахилгаан мэт түргэн, чандыг хориглон наадад буулгах нь цас лавсах адил. Тэртээ жагсаалд туг хиур мяралзан, эндэх бэрээнд харанга хэнгэрэг нижигнэмүй. Тэнгэрийн түмэн баатар дүгрэглэн бүсэлж, агуйн олон бичин бүлэглэн байлдмуй. Харанхуй манан газрыг бүрхэж, хар утаа тэнгэрт тулжээ. Энэ өдрийн ширүүн байлдаан өчигдрийн бачим тулалдаанаас нэн бас сүрхий. Богд бичиний эрдэм чадал болшгүй хэцүү тул, бурхны шавь Мүз бас дарагдан буруулав. 


Их богд Мүз хоёул тавь жаран удаа зөрөлдөхүйеэ Мүзийн хоёр гар унтран байлдаж тэсэхгүй болоод хоосон занчин хойш буруулав. Их богд бичин цэргээ хурааж агуйн гадна буудаллав. Тэнгэрийн цэргүүд хүрээний гадна тайжийг угтан авч зам тавин дотогш дунд цацарт оруулсанд, дөрвөн Махаранз, суваргат Махаранз хийгээд Нэйжид золгож дээр дээр сойлоглон: “Их богд үнэхээр хэцүү! Эрдэм увидас нь үнэхээр их! Хөвгүүн би хүчин мөхөстөж дарагдан ирэв” хэмээсэнд суваргат Махаранз цочин гэлмэж, туслах цэрэг гуйх бодруул бичүүлж, их хүчит чөтгөрийн ван Мүз тайжийн хамт тэнгэрт эгэж хурмастад айлтгахаар эчүүлэв. 


Тэд хоёул хүлгэлцэн үл болох тул тэнгэрийн тор газрын өөшийг шувтлан гарч бэлгэт үүлнээ хөлөглөн хоромхоноо гэгээн харшид хүрч дөрвөн адишад золгон, бидэрьяа эрдэнийн харшид ороод бодруулыг өргөв. Ивээл тойн бас бодисадвад мөргөтөл, бодисадва асууруун: “Чиний мэдээ авсан явдал хэрхэв?” Ивээл тойн өгүүлрүүн: “Би багшийн зарлигийг хүлээн, Цэцэг жимст уулнаа хүрч, тэнгэрийн тор газрын өөшийг сөхүүлэн ороод эцэг ханд золгон, багшийн захиаг хэлсэнд эцэг ханы хэлсэн нь: “Өчигдөр бичин ван лугаа байлдаад баривчилсан нь барс ирвэс, баавгай өтөг, үнэг чононоос өөр бичин шулмыг нэг ч үл барьсангүй” хэмээв. Ийнхүү хараахан хэлэлцэн атал тэр бас байлдахаар ирсэн тул шавь гарч түүн лүгээ тавь жаран удаа байлдан хүчин мөхөсдөн дарагдаж эгэв. Тийнхүү эцэг хан их хүчит чөтгөрийн ванг шавь над лугаа зарж туслах цэрэг гуйлгав” хэмээсэнд, бодисадва тэргүүн дарж удтал бодлого болов. 


Өгүүлэх нь, хаан хурмаст бодруулыг задлан цэрэг гуйх санааг үзээд мөшөөн өгүүлрүүн: “Энэ муу сармагчин шулам хэдий их чадал буй хэмээн арван түмэн цэрэг лүгээ мөчөөрхмүй! Суваргат Махаранз өдгөө бас туслах цэрэг гуйжээ, аль замын хувилгаан цэргээр туслуулахаар эчүүлмүй” хэмээн үг барахын урьд Хомсим бодисадва залбирч айлтгаруун: “Дээд эзэн сэтгэлийг сул тавьж, ядуу тойн би нэгэн хувилгааныг баталбаас энэ сармагчныг бариваас болмуй.” Хурмаст асууруун: “Батлах нь ямар хувилгаан болов?” бодисадва өгүүлрүүн: “Энэ болбоос дээд эзэнтний эрхэм зээ, хувилгаан богд Эл Лан сахиулсан болой, тэр өдгөө Гуанжугийн Гуанжиян мөрний аманд сууж ертөнцийн тахилыг амсаж буй. Тэр урьд цагт зургаан шулмасыг ганцаараа сөнөөсөн бөлгөө, түүний дор Мэйшан уулын ах дүү нар байх бөгөөд харьяат мянга хоёр зуун эрхтэн аж цөмөөр эрдэм увидаст үнэхээр нэвтэрчээ, гагцхүү тэр дайчлахыг дагахаас биш, дуудахыг дагахгүй тул дээд эзэн цэрэг дайчлах зарлиг буулган түүгээр туслуулбаас шулмыг бариваас болмуй.” Хурмаст үүнийг сонсоод даруй цэрэг дайчлах зарлиг буулган их хүчит чөтгөрийн ванг зарав. 


Их хүчит чөтгөрийн ван зарлигийг хүлээн үүл хөлөглөн удалгүй Гуанжиян мөрний аман дахь Эл Ланы сүмд хүрч ирэв. Хаалгачин даруй дотогш уламжлан: “Гадна тэнгэрийн элч зарлигийг авч ирээд хүлээж байнам” хэмээн мэдүүлсэнд Эл Лан олон ах дүү нар лугаагаа зарлигийн элчийг угтан гарч хүж асаан зарлигийг уншваас өгүүлсэн нь:


“Цэцэг жимст уулын “Тэнгэр лүгээ чацуу их богд” хэмээгч бичин шулам самууныг үүсгэн, тэнгэрийн ордноо тоор, архи, үрэл хулгайлж, өлзийт тоорын өв тэгш хуримыг түйвээснээ арван түмэн тэнгэрийн цэрэг дайлахаар мордож, арван найман давхар тэнгэрийн тор газрын өөш татаж уулыг нь бүслээд мөн цэргийн ашгийг алджээ. Тийнхүү тухайлан мэргэн зээ чамайг журмын ах дүү нар лугаагаа хамт Цэцэг жимст уулнаа бууж бичинг хамсаж шулмыг арилгатугай хэмээн зарлав. Гавьяа бүтсэн цагт хэргэм дэвшүүлэн хүндэт шагнасугай” хэмээжээ. Эл Лан ихэд баярлан өгүүлрүүн: “Тэнгэрийн элч залран буцагтун, би даруй одож туслан байлдсугай.” Чөтгөрийн ван буцаж мэдүүлэхийг өгүүлэхгүй. 


Өгүүлэх нь Эл Лан даруй Хан, Жан, Юү, Ли дөрвөн өрлөг, Хү Шэн, Хи Жиян хоёр баатар зэрэг Мэйшан уулын ах дүү зургуулыг харшид цуглуулан өгүүлрүүн: “Сая хурмастын зарлиг хүрч ирэн, бид нарыг Цэцэг жимст уулнаа шулам бичнийг дайлахаар морд хэмээсэн тул хамтаар одсу” хэмээсэнд, олноор цөм дуртайяа одсугай хэмээх тул даруй харьяат хувилгаан цэргээ бүртгэн авч харцгай нисгэн нохой хөтөлж, зэв онилон нум тэлж, хуй салхи хөлөглөн, хоромхон зуур зүүн далайг туулж Цэцэг жимст уулнаа хүрч ирээд үзвээс тэнгэрийн тор газрын өөшийг давхар давхар татаад орж болохгүй тул: “Тэнгэрийн тор газрын өөшийг харагч эрхтэн нар сонсогтун, би болбоос хурмаст тэнгэрийн бошгыг хүлээн бичин шулмыг барихаар ирсэн хувилгаан богд Эл Лан болой. Хурдан хүрээний үүдийг нээ” хэмээн дуудсанд эрхтэн нар дам дамаар дотогш уламжлан мэдүүлэв. Дөрвөн Махаранз хийгээд суваргат Махаранз цөм хүрээнээс гарч угтав. Золголт хийсний дараа цэргийн ашиг хааш болсныг асуусанд суваргат Махаранз урьдах явдлыг нэгэн зэрэг тоочив. Эл Лан инээн өгүүлрүүн: “Өчүүхэн богд би энэ удаа түүн лүгээ ид хувилгаанаар байлдахаар ирсэн болой. Эрхтэн та нар тор өөшийг дээгүүр бүрхэх хэрэггүй, тойруулан татаж аваас болном, би түүн лүгээ эрдэм мөрийцсүгэй. Хэрэв би түүнд дийлэгдвээс эрхтэн та намайг туслах хэрэггүй, миний ах дүү нар тусалнам. Хэрэв түүнийг дийлбээс эрхтэн та нар уяж хүлж өгөх хэрэггүй, миний ах дүү нар гарднам. Гагцхүү суваргат Махаранз та шулмыг тольдох толиороо огторгуйгаас толилон өгмү. Тэр хэрвээ дийлэгдэн дутааж өөр газар одвоос надад сайтар тольдон өг, би ирэхэд сайн болой.” Махаранз нар дөрвөн талыг хашиж, тэнгэрийн цэргүүд жагсаал жагсахаар одов. 


Эл Лан даруй дөрвөн өрлөг, хоёр баатар лугаа өдөөн байлдахаар гарахуйяа хүрээгээ чанд сахь хэмээн эрхтэн нарт тушааж, харцгай нохдоо бүртгэн авав. Эрхтэн нар зарлигийг хүлээв. Эл Лан усан үүдэт агуйн дэргэд хүрч үзвэл бичин цэргүүд цагираг луугийн жагсаалыг дарь тэгш жагсаан сахижээ; цэргийн хүрээний гол дунд өндөр шорог босгон дээр нь “Тэнгэр лүгээ чацуу их богд” хэмээх таван үсэгтэй туг өлгөжээ. Эл Лан өгүүлрүүн: “Энэ муу шулам хэрхэн тэнгэр лүгээ чацуу хэмээх зэрэг цол олж болох аж?” Мэйшаны зургаан дүү нь өгүүлрүүн: “Үүнийг дэмий л магтсаны хэрэг юун, түргэн гарч байлдваас барав.” Хүрээний үүд харагч бага бичин Эл Ланыг үзээд яаран орж мэдүүлсэнд сайхан бичин ван даруй алтан толтот чандмань болд бэрээгээ барьж, шижир алтан хуягаа чангалан, үүл гишгэх гутлаа өмсөж, улаан алтан дуулгаа тэгшлэн, хүрээнээс үсрэн гарч энэ Эл Ланы дүр байдлыг үзвээс үнэхээр цэвэр хээнцэр бөгөөд өмсөж хувцасласан нь хээмсэг сайхан аж. Энэ үнэхээр: 


Царай зүс хээнцэр бөгөөд лагшин бэлгэ төгөлдөр. Чих их даланд хүрч хоёр нүд гэрэлтэй. Тэргүүнд гурван уулын гарьдын малгай тавьж, биед нэгэн зах ангир шар дээл өмсчээ. Хөлд хөх луу тоглосон угалзат гутал дүрж, бэлхүүсээр найман эрдэнэт хасын бүс бүсэлжээ. Ташаанд тэргэл саран мэт саадаг ном зүүж, гарт  гурван үзүүр хоёр ирт сэлэм барьжээ. Сүхээр туушин уулыг хагалан эхээ аварч, бөмбөгөөр соломоны гарьдыг харвасан бөлгөө. Ганцаараа найман шулмасыг сөнөөн нэр нь алдаршиж, Мэйшан уулын долоон богд журмаар нөхөрлөн суужээ. Ихэрхэг сэтгэлээр хаан хурмастыг саданд үл үзэн, омгорхог зангаар Гуанжиян мөрний аманд сахиулсан болжээ. Увидас эрдэм бүрдсэн улаан хотын богд, ид хувилгаан бүрэн төгссөн алдар цолтой Эл Лан.


Их богд үзээд  инээмсэглэн чандмань богд бэрээгээ далайж, өндөр дуугаар өгүүлрүүн: “Чи хаанах өчүүхэн жанжин буй, ямар аймшиггүй миний энд ирж өдөөн байлдмуй?” Эл Лан зандран өгүүлрүүн: “Энэ муу дамшиг нүд байгаад сохор, чих байгаад дүлий, намайг танихгүй аж! Би болбоос хурмаст тэнгэрийн зээ, увидас эрдэм төгс бүрдсэн богдын тушаалд өргөмжлөгдсөн Эл Лан болой. Өдгөө дээдийн зарлигийг хүлээн, урван тэрсэлж тэнгэрийн ордныг түйвээсэн агтны даамал чамайг барихаар ирлээ, чи харин үхэх эдгэрэхээ үл мэдэх ажгуу!” их богд өгүүлрүүн: “Тэр жил хурмастын охин дуу эглийн сэтгэл төрөгтөн, доорд ертөнцөд бууж Ян Жьюйн лүгээ холбон нэг хөвгүүн төрсөн бөгөөд тэр хөвгүүн нь сүхээр туушин уулыг хага цавчихуй хэмээн сонссон бөлгөө, тэр хөвгүүн нь чи буюу би чамайг хараасугай хэмээвэл өшөө хорсол үгүй. Шамдсугай хэмээвэл амийг чинь хайрламуй. Доорд үеийн бяцхан хөвгүүн чи түргэн буцаж, дөрвөн Махаранзаа дуудаж байлдахаар гаргатугай.” Эл Лан сонсоод их хилэгнэн: “Муу сармагчин битгий ёс бусчил! Миний сэлмийг амтал!” хэмээн цавчин ороход их богд зайлан гарч болд бэрээгээр тосож байлдав. Энэ хоёр үнэхээр айхавтар тулалдав. 


Нэгэн нь дайсан бүхнийг басамжлагч эрэмгий омогт Сүн их богд, нэгэн нь өшөөтөн бүхнийг дарагч өрлөг баатар Эл Лан богд, энэ өдөр эд хоёул золгохуйяа, эрдэм чадлынхаа их багыг өдгөө сая мэдэлцмүй. Хувилгаан бэрээгээ буух нь хүчит луу ширвэх мэт, хоёр ирт сэлмийн ирэх нь хангарьд халих адил. Зүүнш тосож баруунш занчин, өмнөш угтан хойш цавчмуй. Эндээ жагсаалд Мэйшаны зургаан дүү сүр тусалмуй, тэртээ байранд Ма Льюй дөрвөн баатар цэргийн цааз зарламуй. Туг хурайлан хэнгэрэг дэлдэж хүчээ нэгтгэн байлдмуй, харанга цохиж хашхиран бархирч сүр үзүүлэн тусалмуй. Чинжаал илд завшааныг эрэн завсаргүй цавчмуй. Чандмань бэрээгээ хувилгаан эрдэм үнэхээр эсрэгцэлгүй. Жаахан хожигдвоос амиа алдаж, өчүүхэн осолдвоос үхлээ эрмүй.


Эл Лан, их богд лугаа гурван зуу илүү удаа байлдаад дийлэн дийлэгдэх ялгарахгүй болохуйяа хувилгаан сүрийг бадруулан биеэ түмэн жан өндөр болгов, үзвэл улаан ус хөх царай, урт соёо мэт өнгө зүс айхавтар гарт атгасан гурван үзүүр хоёр урт сэлэм нь асга хайрханы шорон хад мэт хувилгаад их богдын тэргүүн рүү цавчин ирэхүйеэ их богд бас увидас гарган Эл Лан лугаа адил аварга өндөр болж хувилаад, сүмбэр хайрхны суварга хад мэт бэрээгээр тосож байлдав. Энэ үес Ма Льюй хоёр өрлөг айн хэлмэж туг хиураа хурайлж дийлэхгүй болоод Бэн Ба хоёр баатар илд сэлмээ хэрэглэж чадахгүй болжээ. Эндэх жагсаал дээр Хан, Жан, Юү, Ли Хүй Шэн, Хи Жиян нар зарлиг дохио уламжлан, эрхтдээ авч, нохой харцгай тавин нум зэв онилж, усан үүдэт агуй өөд даран байлдаж, дөрвөн баатрыг дийлэн хоёр гурван мянган бичнийг баривчлав! Үлдсэн тэдгээр бичин цэргүүд хуяг дуулгаа гээж, зэр зэвсгээ орхин дутаах нь дутааж, орилох нь орилж, ууланд гарах нь гарч, агуйд орох нь орж, хяргуйд дайрагдсан бялзуухай мэт зүггүй бутарчээ, ах дүү гэтүүлэн ийн дийлэхийг өгүүлэхгүй. 


Өгүүлэх нь их богд, Эл Лан лугаа тэнгэр газрыг дүрслэн хувилаад байлдаж атал гэнэт өөрийн цэргийн хүрээний бичин цэрэг цөм сарнин буруулсныг үзээд цочин хэлмэж увидсаа хураан, бэрээгээ хөшиж бие зайлан одов. Эл Лан түүний дийлэгдэн дутаахыг үзээд нэхэмжлэн гүйцэж: “Хааш буруулмуй? Эрхтэн дуусваас амийг чинь хэлтрүүлсүгэй!” хэмээсэнд их богд байлдах сэтгэлгүй гүйсээр агуйн амсарт ойртохуйяа Хан, Жан, Юү, Ли дөрвөн өрлөг хийгээд Хүй Шэн, Хи Жиян хоёр баатар зам хөндөлсөн тосож: “Муу сармагчин чи хааш буруулнам!” хэмээхэд их богд бальдан сандарч болд бэрээгээ зүүн чинээ болгон чихэн дотроо нууж, нэгэн бялзуухай болж хувилаад модон дээр гарч суув. Зургаан ах дүү мэгдэн сандан урагш хойш мохтол нэгжээд олсонгүй тул: “Бичин шулам дутаажээ!” хэмээн хашхирав. 


Хараахан хашхиралдаж атал Эл Лан хүрч ирээд асууруун: “Хаана ирээд завхсан буй?” Эрхтэн нар өгүүлрүүн: “Сая энд бүсэлж байтал завхжээ.” Эл Лан бэлгийн нүдээр ажиглан харж их богдын бялзуухай хувилаад модон дээр сууж байхыг олж таниад илд, нумаа орхин нэгэн хяргуй болж жигүүрээ дэвэн шүүрэн ирэхэд их богд бүрхэн нисэж нэгэн тогоруу болон хувилаад огторгуйд гарав. Эл Лан үзээд ал сүүл болж хувилан нэхэж гарав. Их богд доош буун горхинд орж загас хувилан уснаа оров. Эл Лан горхийн хөвөөнөө нэхэн ирж үзвэл мөр сүүдэргүй тул “Энэ сармагчин лав уснаа орж загас жараахай болж хувилсан буй за. Би бас хувилж түүнийг барьсугай” хэмээн сэтгээд халуу мэргэн болон хувилж усан дээр сууж хүлээн атал их богд загас болж хувилаад ус уруудан явахуйяа гэнэт үзвээс нэгэн шувуу бор элээ хэмээвэл өнгө нь бор бус, цацагт дэглий хэмээвэл толгой дээрээ цацаггүй, өрөв хэмээвэл хөл нь улаан бус тул: “Энэ лав Эл Лан ийн хувилаад намайг хүлээж байнам!...” хэмээн сэтгээд яаран эргэж яраа татан явав. Эл Лан олж үзээд: “Яраа татан буцсан энэ загас мөрөг хэмээвэл сүүл нь улаан бус, анван хэмээвэл алаг хайрсгүй, үхэр загас хэмээвэл толгой дээрээ одгүй, хайга хэмээвэл заламгай дээр нь сэрвээгүй. Энэ бас юунд намайг үзмэгц буцах аж? Энэ лав тэр бичин ийн хувилсан нь болой” хэмээгээд гүйцэн ирж зуусугай хэмээтэл их богд уснаас гарч усан могой хувилан өвсөн дотор шургав. Эл Лан зуусугай хэмээгээд хоосдож, ажиглавал өвсөн дотроос нэгэн могой гарч явав, энэ нь их богд мөн болохыг Эл Лан олж таниад улаан халзан хархираа болж урт хошуугаа сунган идэхээр ирэв, үүнд тэр усан могой бас алаг тоодог болж хувилан гошуун өвсний доор зогсов. Тоодог хэмээгч гарьд галбинга, харцгай хэрээ зэрэг ямар ч шувууг ялгалгүй нөхцөх адаг доорд шувуу тул Эл Лан ойр халирахгүй уг биеэрээ болж, бөмбөгөн нумаа авч харван унагав.


Их богд энэ дашрам эрэг рүү өнхрөн бууж савдгийн сүм хувилав. Амаа үүд болгов, шүдээ хаалга болгов, хэлээ бурхан болгов, нүдээ цонх болгов. Сүүлээ ороншуулж чадахгүй тул шорог болгон хувилгаж ард нь босгов. Эл Лан эргийн доор бууж үзвээс харваж унасан тоодог харагдахгүй, харин нэг бяцхан сүм буй. Билгийн нүдээрээ нарийвчлан ажиглаваас шураг нь ардаа байнам, үүнийг үзээд инээн өгүүлрүүн: “Энэ даруй өнөөх сармагчин болой! Ийн хувилаад намайг мэхэлж буй. Би сүм хийдийг арвин олж үзсэн боловч ардаа шурагтай сүмийг нэг ч олж үзсэнгүй. Энэ адгуус арга мэх гаргаж байх нь лав болой! Би хэрвээ хууртан орвоос намайг тас хазах болой. Би яаж ормуй? Урьдаар цонхыг нь цөмөлж, дараагаар хаалгыг нь өмөлсүгэй!” Их богд сонсоод цочин хирдхийж: “Үнэхээр хартай! Үнэхээр хартай! Хаалга нь миний шүд цонх нь миний нүд болой. Хэрэв шүдийг өмөлж нүдийг цөмөлбөөс хэрхмүй?” хэмээн сэтгээд ухасхийн дэгдэж огторгуйд гарч алга болон завхав. 


Эл Лан урагш хойш мөрдөн зүггүй нэхэж явтал дөрвөн өрлөг хоёр баатар цугаар хүрч ирээд: “Ах та их богдыг барив уу?” хэмээн асуусанд Эл Лан инээн өгүүлрүүн: “Тэр сармагчин сая сүм хувилан намайг хуурснаа би цонхыг нь цөмөлж, хаалгыг нь өмөлсүгэй хэмээтэл тэр ухасхийн дэгдээд мөр сураггүй завхжээ. Үнэхээр жигтэй! Үнэхээр жигтэй!” Бүгдээр хирдхийн зүг бүрт ажиглаваас бараа тор үгүй. Эл Лан: “Дүү нар та энд цагдан харж атугай, би дээш гарч эрсүгэй” хэмээгээд үүл хөлөглөн огторгуйд гарч үзвээс суваргат Махаранз шулмыг тольдох толийг барин Нэйж лүгээ хамт үүлэн дээр зогсон амуй. Эл Лан өгүүлрүүн: “Махаранз та, бичин ванг үзэв үү?” Махаранз өгүүлрүүн: “Дээш гарч ирсэнгүй. Би энд түүнийг тольдон харж буй.” Эл Лан хувилгаан увидас мөрийцөж, олон бичнийг баривчилсан учрыг тоочоод өгүүлрүүн: “Тэр сая сүм хувилаад ахуйяа би түүнийг цохьсугай хэмээтэл үгүй болж завхжээ.” Суваргат Махаранз үүнийг сонсож шулмыг тольдох толиор зүг бүрийг тольдож үзээд инээн өгүүлрүүн: “Та хурдан од! Тэр сармагчин бие далдлах увидас хэрэглэн бүслэлтээс гарч, таны Гуанжиян мөрний амыг зорин одлоо.” Эл Лан үүнийг сонсон хувилгаан зэвсгээ авч Гуанжиян мөрний амнаа нэхэмжлэн буцаж ирэв. 


Өгүүлэх нь их богд Гуанжиян мөрний амнаа хүрч ирэн Эл Лан богд болон хувилаад үүлнээс бууж сүмд орохуйяа тэдгээр шавь нар ялган танихгүй тул угтан мөргөв. Их богд гол дунд залран суугаад өргөц барьцын замзагийг авч: Ли Хугийн өргөсөн тахилгын гурван мал, Жан Лүнгийн буян хутгийн ивээл эрсэн даатгал, Зуу Жияны үрийн хутаг гуйсан бичиг, Цян Дэнгийн өвчин амарлиулахыг даатгасан амлалтыг үзэж байтал хүн орж ирэн: “Бас нэг богд залран ирэв.” хэмээн мэдүүлсэнд шавь нар цөм хирдхийв. Эл Лан өгүүлрүүн: “Юунд тэнгэр лүгээ чацуу их богд хэмээгч сая энд ирэв үү?” Шавь нар өгүүлрүүн: “Их богд хэмээгч ирсэн буй, харин манай богд дотор өргөц барьцын замзагийг байцаан үзэж байнам!” Эл Лан шууд орж ирэхүйеэ их богд үзээд уг дүрээрээ болоод өгүүлрүүн: “Хөвгүүн чи цуугих хэрэггүй, энэ сүм өдгөө Сүн овогтны болой.” Эл Лан гурван үзүүр хоёр ирт хувилгаан сэлмээ далайн цавчихуйяа бичин ван увидас үүсгэн зайлан гарч чихэн дотроос болд бэрээгээ гарган сажиж аяган чинээ бүдүүн болгоод угтан байлдав. Хоёул шуугилдан цуугилдсаар сүмээс гарч үүл манан татуулан байлдан явсаар дахин Цэцэг жимст уулнаа хүрч ирсэнд дөрвөн Махаранз сандран олноо авч чандлан сэргийлэв. Хан, Жан зэрэг өрлөг нар Эл Ланыг угтан авч хамтаар хүчлэн байлдаж сайхан бичин ванг бүсэлсэнийг өгүүлэхгүй.


Өгүүлэх нь их хүчит чөтгөрийн ван, Эл Ланг зургаан дүү лүгээ нь хамт дайчлан, шулмыг бариулахаар мордуулаад тэнгэрт буцаав. Тэр үест хаан хурмаст бидэрьяа эрдэнэ харшид Хомсим бодисадва, Нэвс хүрз эх хийгээд олон хувилгаан эрхтэн нар лугаа аж асуун өгүүлрүүн: “Эл Лан байлдахаар мордоод нэг өдөр болтол юунд хариу мэдээгүй аж.” Хомсим бодисадва залбиран өгүүлрүүн: “Ядуу тойн би, хаан хурмаст хийгээд Дилав богдыг залж, тэнгэрийн өмнө хаалганы гадна гарч байдлыг лавлаваас ямар буй?” Хурмаст: “Өгүүлсэн чинь зүйтэй” хэмээгээд биеэр залран, Дилав, Хомсим бодисадва, Нэвс хүрз эх хийгээд олон хувилгаан эрхтэн лүгээ тэнгэрийн өмнө хаалганаа хүрч ирвээс тэнгэрийн хүчтэн, эрхтэн нар хэдийнээ угтан авч хаалга нээв, хаалганы гадна гарч ажиглаваас, эрхтэн нар тор өөшийг эргэн тойрон татаад, суваргат Махаранз, Нэйж лугаа шулмыг тольдох толь барин огторгуйд зогсжээ. Эл Лан их богдыг томоолон бүслээд зууралдан байлдаж амуй. Бодисадва Дилавт өгүүлрүүн: “Ядуу тойн миний баталсан Эл Лан үнэхээр эрдэм увидастай бус уу? Өдгөө их богдыг нэгэнтээ хааж хараахан барьж чадаагүй л байнам. Би нэгэн мөрийн хүчин тусалбаас лавтай барьж чадмуй.” Дилав өгүүлрүүн: “Бодисадва ямар зэвсгээр түүнийг туслах буй?” Бодисадва өгүүлрүүн: “Би рашааны хумхаараа бичиний тэргүүнийг цохивоос тэр үхэхгүй боловч ойчмуй, ойчвоос Эл Лан түүнийг барихад сайн болой.” Дилав өгүүлрүүн: “Чиний энэ шаазан хумх түүний тэргүүнийг оновоос сайн, хэрэв түүнийг нь онохгүйгээр харин болд бэрээнд нь оногдвоос хагарах бус уу? Та түр байз, би түүнд нэгэн хүчин тусалсугай.” Бодисадва өгүүлрүүн: “Танд ямар зэвсэг буй?” Дилав “Буй, буй” хэмээн ханцуйгаа шамлан зүүн гараасаа нэгэн бугуйвч шувтлан авч өгүүлрүүн: “Энэ болбоос цод болдоор давтаж хувилгаанаар боловсруулан бөтөгсэн гайхамшигт эрдэнэ болой, гал уснаас айхгүй хувилгаан чадалтай бөгөөд аливаа юмыг урхидаж чадмуй. Үүнийг “Очир бугуйвч” хэмээмүй. Бас очир урхи хэмээмүй. Урьд цагт Хан Гуан боомтыг туулан, туулсан бурхан болсон нь үүний хүчинд болой. Би үүгээр цохисугай.”


Ийн өгүүлээд доош цохисноо чив хэмээн Цэцэг жимст цэргийн хүрээн дунд бууж, төвхийтөл сайхан бичин вангийн исэр дээр тусав. Бичин ван долоон богд лугаа хүчлэн байлдаж байсан тул тэнгэр дээрээс ийн зэвсэг буун ирэхийг мэдсэнгүй зулай оногдож саван ойчоод дахин босч гүйтэл Эл Ланы нохой ирж хөлийн булчингаас нь зууж татсанд бас ойчив. Бичин ван: “Энэ муу адгуус эзнээ дагахгүйгээр харин намайг хазмуй” хэмээн хараасаар өндийн боссугай хэмээтэл долоон богд хамтаар дарж хүлээд далыг нь нүхэлсэн тул хувилж чадахгүй болов. 


Дилав очир бугуйвчаа хураан авч хурмастад айлтган, бодисадва, Нэвс хүрз эх хийгээд олон хувилгааны хамт бидэрьяа эрдэнэ харшид хамтаар буцав. Доор дөрвөн Махаранз, суваргат Махаранз хийгээд эрхтэн нар цэргээ хураан цөм Эл Ланд баяр хүргэж: “Энэ цөм бага богдтоны гавьяа болой!” хэмээхүй Эл Лан өгүүлрүүн: “Энэ болбоос хаан хурмастын буян ивээл, олон эрхтэний сүр хүчинд шүтсэн болой, надад ямар гавьяа байх буй?” Хан, Жан, Юү, Ли нар өгүүлрүүн: “Ах та энэ амьтныг даруй тэнгэр дээр хүргэн аваачиж хурмастад бараадан захиа авч шийтгэвээс сайн болой.” Эл Лан өгүүлрүүн: “Мэргэн дүү та нар тэнгэрийн данснаа ороогүй тул хурмастад бараадаж үл болмуй. Тэнгэрийн эрхтэн цэргүүдэд тушаан хүргүүлж, миний бие Махаранз нар лугаа тэнгэрт гарч мэдүүлсүгэй. Та нар олноо дагуулан энэ уулыг сайтар нэгжээд Гуанжиян мөрний аманд буцтугай. Би гавьяа мэдүүлэн шан олж буцсаны хойно хамтаар найрласугай.” Дөрвөн өрлөг хоёр баатар захиаг хүлээн авав. Эл Лан олон лугаа үүл хөлөглөн ялгуусан дуу дуулсаар удалгүй тэнгэрт гарч гэгээн харшийн өмнө хүрч ирэв. Дөрвөн адиша дотогш орж мэдүүлрүүн: “Дөрвөн Махаранз зэрэг эрхтэн нар бичин шулам тэнгэр лүгээ чацуу их богдыг барин авч ирээд зарлигийг хүлээж амуй.” Хурмаст тэнгэр их хүчит чөтгөрийн ван хийгээд эрхтэн нарт зарлиг буулган, түүнийг шулмыг цавчих дайсан дээр аваачиж огтчин алтугай хэмээв. Халаг хуухай! Энэ үнэхээр: башир хуурмаг явсаар эрүүгийн гашууныг амсаж, баатар хүчтэний омог зориг мохрох цаг тулжээ. Бичин вангийн амь хааш болохыг мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй. 


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    21 цаг 46 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    21 цаг 54 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Өчигдөр 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Өчигдөр 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Дуа Липа "Samsung Electronics" компанийг зургийг нь зөвшөөрөлгүй ашигласан үндэслэлээр шүүхэд өгч, 15 сая ам.доллар нэхэмжилжээ
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • Гадаадын иргэн харьяатын газрын даргаар Б.Энхсүхийг томиллоо
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК