зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Долдугаар бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

ДОЛДУГААР БҮЛЭГ:


НАЙМАН ХӨЛЛИЙН ЗУУХНААС ИХ БОГД ДУТААН ГАРАВ
ТАВАН МАХБОДЫН УУЛЫН ДООР СЭТГЭЛИЙН БИЧИНИЙГ ДАРАВ


Баян эрхэм гавьяа нэр хэмээгч урьд төрлийн тавилан тул багшийн хуурамч сэтгэлийг барьж үл болмуй. Төв чигч үнэнч шударга болбоос дүрвэлгүй сайн үрийг олмуй. Тэрс балмад аашилваас тэнгэр түүнийг буруушааж, өдгөө үл тохиолдовч ирээдүйд тушаамуй. Аюул зовлонд шалтгааныг авгайгаас асууваас дээрэнгүй сэтгэл хэтэрхий хүслээр дээд доордыг үл ялган дэглэм ёсыг самууруулсны хараа болой. 


Өгүүлэх нь тэнгэрийн цэргүүд тэнгэр лүгээ чацуу их богдыг шулмыг цавчих дайсан доор аваачиж, шулмыг хүлэх багананд хүлээд илд сүхээр цавчин, жад сэлмээр хатгаж даалган эс чадав. Өмнөд ударасад одон эзэн галын сахиулсанаар галдуулан шатаалгаж, аянгын эрхтэн нараар аянгадуулан дайруулаад өчүүхэн төдий ч гэмтээж эс чадав. Их хүчит чөтгөрийн ван олны хамт хурмастад мэдүүлрүүн: “Энэ их богд хаанаас бие хамгаалах увидас сурсныг мэдэхгүй. Түшмэл бид түүнийг илдээр цавчин жадаар жадалж, аянгаар дайруулан галаар шатаагаад өчүүхэн төдий ч гэмтээж эс чадав. Хэрхвээс сайн?” хурмаст сонсоод өгүүлрүүн: “Энэ амьтан ийм болбоос хэрхэн шийтгэмүй?” Дилав айлтгаруун: “Тэр бичин өлзийт тоор идэж, шидэт архи уун, миний тэр таван хул хувилгаан үрлийг цөм түүхий болсныг ялгалгүй хулгайлан идээд, самадийн галаар боловсруулан нийлүүлж бөтөгснээр очирын биет болсон тул үл гэмтэх болжээ. Харин бумба би түүнийг аваачиж, найман хүллийн зууханд хийж арга билгийн галаар гүүрдөн миний хувилгаан үрлийг гаргаж авбаас бие нь аяндаа үнсэн товрог болой.” Хурмаст сонсож эрхтэн нараар түүнийг авчруулж Дилавт тушаав. Дилав зарлигийг хүлээн одсон хойно, Эл Лан богдод алтан цэцэг зуу, адис архи зуун лонх, хувилгаан үрэл зуу, жич гэрэлт сувд гэгээн тана, нол магнаг нолом торго зэргийг шагнаж, дүү нар лугаагаа хамт хүрттүгэй хэмээснээ Эл Лан хишигт мөргөж, Гуанжиян мөрний аманд буцсаныг өгүүлэхгүй.


Өгүүлэх нь Дилав түшид ордонд буцаж их богдын далны ясны гинжийг тайлан найман хүллийн зуухнаа түлхэн оруулж, зуух харагч бумба хийгээд гал түлэгч шавийг захин гал ноцоож гүүрдүүлэв. Үзвээс энэ зуухны найман хүлэл хэмээгч огторгуй, ус, уул, мод, гэр, гал, шороо, төмөр зэрэг найман орон ажгуу. Хийн орноо галгүйн тул их богд даруй хийн оронд суув. Гагцхүү хийд утаа үлээж нүдийг нь угтаж улайлгажээ. Ийнхүү “Ал нүд алтан цэцгийт” хэмээжээ. 


Өдөр хоног өнгөрөх нь үнэхээр хурдан, долоон долоо дөчин ёсөн хоног болж галын хөг гүйцсэнээ Дилав үрлээ гаргаж авсугай хэмээн зуухаа сөхөв. Их богд хоёр гараараа нүдээ бөтөгн нухалхийлж суун атал гэнэт зуухны амсар дээр чимээ гарахыг сонсож дээш харахлаар гэгээ гаран онгойж байх тул нэгэнт үсрэн гарч ирэн зуухыг өшиглөн унагаагаад дутаав. Тэдгээр гал түлэгч, зуух харагч ба эрхтэн нар сандран барьсугай хэмээн хөөн ирээд цөм түлхэгдэн унав. Их богд яг галзуу барс тоглож, гал луу ширвэж байх адилаар давхин эчихэд, Дилав гүйцэн ирж барьсуу хэмээтэл, нэгэнт түлхэн ойчуулаад бие сугаран гарч чихэн дотроос болд бэрээгээ гаргаж сажлан аяган чинээ бүдүүн болгож бэрээд тэнгэрийн ордныг ихэд түйвээж сайн мууг үл ялган цохилон ороход, есөн гариг үүд хаалгаа таг дарж, дөрвөн Махаранз сураг чимээгүй зайлав. Гайхамшигт бичин шулмыг гайхан шүлэглэсэн нь:


        Төрсөн бие төв хэмээн анх цогцос лугаа нийлж, 
        Түмэн галав мянган төрөлд уг ёсоор амуй
        Эчнээ далд нууц оршигчийг анх сүлд хэмээж,
        Эгнэгт нэгмөсөн үл хөдлөгчийг тугдамын орон хэмээмүй.
        Зуухнаа утаа боловсруулах нь тугалга мөнгөн ус бус,
        Бодисын гадна мөнх амьдрах нь үнэн хувилгаан болой.
 
        Хувилах улирах хувилгаан эрдэм хязгаарлашгүй тулд,
        Гурван эрдэнэ таван санваар-ыг өгүүлэх хэрэг юун.


Бас шүлэглэсэн нь:


        Сахиулсан гэрэл сансарт цацрагч чандмань болд бэрээ,
        Санааны аяар авчин сунаж чадал эрдэм үлэмж.


Бас шүлэглэсэн нь:


        Шидэт бичиний хувилгаан биед хүний сэтгэл нийлж, 
        Сэтгэл даруй бичин хэмээгчийн утга санаа гүн.
        Эцэг тэнгэр лүгээ чацуу хэмээсэн нь худал үг бус,
        Өргөмжилсөн тушаал “Агтан даамал” нь эрлийг хэрхэн гүйцэтгэмүй?
        Бичин морь хамтадваас сэтгэл санаа бүрэн нийлж,
        Бат ногтлон чанга уяж гадагш үл гаргамуй.
        Түмэн үзэгдэл язгуурт буцаж нэгэн ёсыг шүтэн,
        Түүнчлэн ирсэн Шигэмуни бурхан лугаа төгс ойд оршмуй.


Бичин ван юуг ч хайхрахгүйгаар болоод бэрээ эргүүлэн баруун зүүнийг занчин орохуй хориглон байлдах эрхтэн нэг ч үгүй тул гэгээн харшийг өнгөрөн бидэрьяа эрдэнэ харшид хүрч ирэв. Энэ үес сүлд сахиулсаны доорх баатар ван Лин Гуан харшийг сахих жасаанд байсан тул их богдын дайран ирэхийг үзээд алтан ташуураа далайн хориглож: “Бурангуй сармагчин хааш одмуй! Би энд буй, чи битгий балмадла!” хэмээхэд их богд үг дуугүйгээр бэрээ далайн занчихад Лин Гуан ташуураар тосож хоёул бидэрьяа эрдэнэ харшийн өмнө зууралдан байлдав. Энэ үнэхээр:


Үнэнч сэтгэл чин зоригтоны алдар цол их, тэнгэрийг мэхлэн дээдийг хуурагсдын нэр цуу муу. Нэгэн дорой нэгэн чийрэг нэгмөсөн зууралдан байлдаж, аруухан баатар эрэлхэг хүчтэн эрдэм чадал мөрийцмүй. Болд бэрээ алтан ташуур нааш цааш зөрөлдөн, бусдад чигч асвар зантан хэрхэн хүрэлцэж болмуй? Нэгэн нь анхан тугдам орны аянгын дуут хувилгаан нэгэн нь тэнгэр лүгээ чацуу их богд бичин шулам. Алтан ташуур болд бэрээний аль нэгэн боловч аршийн орны ид шидтэй хувилгаан зэвсэг болой. Энэ өдөр бидэрьяа эрдэнэ харшийн өмнө байлдаж, эрдэм чадлаа бүрэн дэлгэрүүлье үнэхээр маш гайхалтай. Нэгэн нь зэрлэг санаагаар тэнгэрийн ордныг эзэлсүү хэмээмүй. Нэгэн нь хүчлэн байлдаж дээд орныг хамгаалсу хэмээмүй. Хэн хэндээ хилсдэхгүй хичээн байлдаж, аль алиндаа автагдахгүй аслан тулалдмуй.


Эд хоёр дийлэн дийлэгдэх ялгуургүй зууралдан байлдаж ахуйд сүлд сахиулсан хэдийнээ хүн томилон, гучин аянгын эрхтэнийг дайчилж авчран их богдыг томоолон бүсэлж үхэн байлдахад тэр чандмань болд бэрээг эргүүлэн зүүнийг халхлан барууныг тосож, хойныг сэргийлэн өмнийг занчин, огтхон ч эмээхгүйгээр тулалдмуй. Тэдгээр олон аянгын эрхтэний илд жад сэрээ сэлэм, сүх дөмөг ташуур шийдэм завсаргүй ирэхэд их богд биеэ хувилгаж гурван тэргүүн зургаан гартай болж, болд бэрээгээ гурав болгон хувилгаад салхин хүрд мэт эргүүлэхэд тэдгээр аянгын эрхтэн ойр халгаж чадахгүй.  Энэ үнэхээр:


Өнө мөнх оршигч өнгөт эрдэнийн мөхлөгийг өөр хүн дуурайн бүтээж хэрхэн чадмуй? галд хийвч түлэгдэхгүй, усанд оровч живэхгүй гэрэлт чандмань эрдэнийг илд жад ирт мэс гэмтээж үл чадмуй. Сайн буюу муу болж цөм  чадах бөгөөд сайн ба муу үйлийг зориг мэдэн үйлдмүй. Сайн болбоос бурхан бодисадва болж, муу болбоос буг шулам болмуй. Цаглашгүй хувилгаан увидсаар тэнгэрийн ордныг түйвээхүйеэ цахилгаан аянгын эрхтэн түүнийг барьж үл чадмуй.
Тэр үед олон эрхтэн их богдыг бүслээд ойртон чадахгүй үймэлдэн ахуйд хурмаст үл мэдээд Иү Эй Лин Гуан, Эй Шэн Жэн Жиюүн хоёрт зарлиг буулган, баруун орноос бурхныг залж номхотгуулахаар явуулав. 


Тэр хоёр зарлигийг хүлээн Гандарагүд уул аянгын дуут сүмд хүрч ирэн дөрвөн очирваань, найман бодисадвад золгож дотогш уламжлан айлтгахыг хүссэнд тэд бадам тавцангийн доор ирж айлтгаснаа, түүнчлэн ирсэн бурхан даруй тэднийг залж оруул хэмээв. Хоёр сахиулсан орж ирэн бурханд мөргөөд тавцангийн доор зогсов. Бурхан асууруун: “Хурмаст ямар учирт хоёр сахиулсныг энд ирүүлсэн буй?” хоёр сахиулсан айлтгаруун: “Эрт урьд цагт Цэцэг жимст уулнаа нэгэн бичин төрөөд, тэнд ид хувилгаан гаргаж, олон бичинийг цуглуулан ертөнцийг түйвээж байсныг хурмаст илбэн таалуулах зарлиг буулган “Агтан даамал” өргөмжилсөнд, тэр, зэргээ бага хэмээн голж урван олжээ. Үүнд суваргат Махаранз хийгээд Нэйж тайжийг явуулж барин чадсангүй тул, дахин илбэр таалуулж, “Тэнгэр лүгээ чацуу их богд” өргөмжилж, зэрэг байвч тушаал үгүй байлгав. Түүгээр өлзийт тоорын хүрээлэнг хамааруулснаа тэр харин тоорыг хулгайлаад, бас хасын нууранд хүрч, идээн, дарс хулгайлан их хурлыг үймүүлэн түйвээж, дарсны хүчинд бас түшид ордонд нуун ороод, Дилавын хувилгаан үрлийг хулгайлж тэнгэрийн ордноос урван гарав. Хурмаст дахин арван түмэн тэнгэрийн цэрэг мордуулаад бас дийлэн чадсангүй ийнхүү Хомсим бодисадва, Эл Лан сахиулсныг баталж түүнийг журмын дүү нар лугаа нь явуулан нэхэн байлдуулснаа түүний хувилж улирах нь олон тул барьж ядан бүхийеэ завшаанаа Дилав очир багуу орхин занчин унагасанд, Эл Лан сая барьж авав. Хурмастын дэргэд хүргэж авчирсанд даруй цавтугай хэмээн зарлиг буулгав. Илд сүхээр цавчин, гал аянгаар дайруулавч цөм гэмтээж чадахгүй тул, Дилав айлтган аваачаад найман хүллийн зуухнаа гүүрдөн дөчин есөн өдөр болж сая амсрыг нээхүйеэ тэр харин найман хүллийн зуухнаас бас үсрэн гарч тэнгэрийн эрхтэн нарыг цохин ухруулж шууд гэгээн харшийг өнгөрөн бидэрьяа эрдэнэ харшийн өмнө хүрч ирснээ сүлд сахиулсны түшээ баатар ван Лин Гуан хориглон авч, бас гучин зургаан аянгын эрхтэнийг дуудан авчирч түүнийг дундаа бүсэлсэн боловч ойртон чадахгүй, маш бачим байх тул хурмаст тухайлан түүнчлэн ирсэн бурхныг залахаар илгээв.” Бурхан үүнийг сонсоод бодисадва нарт зарлиг болруун: “Та нар энд бясалгалаа хийж атугай, би хурмастыг туслан шулмыг номхотгоод ирсүгэй” хэмээв. 


Бурхан төд Ананд Гашив хоёр шавиа дагуулан аянгын дуут сүмээс гарч бидэрьяа эрдэнэ харшийн өмнө хүрч ирвээс хашхирах дуун түрхрэн гучин зургаан аянгын эрхтэн их богдыг хаан байлдаж амуй. Бурхан номын зарлиг уламжлан: “Аянгын эрхтэн нар байлдахыг зогсож зам тавин өгч их богдыг гаргатугай, түүнд ямар увидас эрдэм байхыг би асуусугай” хэмээн хэлүүлсэнд олон эрхтэн цөм ухрав. Их богд увидсаа хураан уг биеэрээ болоод урагш ирж их хилэнтэйгээр зандран өгүүлрүүн: “Чи аль газрын тойн буй, аймшиггүй байлдахыг зогсоон надаас үг асуумуй?” бурхан мөшөөн өгүүлрүүн: “Би болбоос өрнө төгс жаргалант орны Шигэмуни бурхан, Намо Амитаба болой. Би сонсвол чи хэтэрхий сөргүү балмадаар явж, тэнгэрийн ордныг байн байн түйвээж буй хэмээнэм, чи хаана төрж хэзээ шидийг олсон буй? Юунд ийм сөргүү догшин буй?” их богд өгүүлрүүн: “Би болбоос: 


Тэнгэр газрын ивээн төрүүлсэн хувилгаан их шидтэн, Цэцэг жимст уулын хөгшин бичин болой. Усан үүдэт агуйгаар өрх гэрээ болгон сууж, уул мөрнийг хэсэн тойрон нууц ёсыг ухав. Мөнхийн шидийг өнөд бясалган хичнээн ном уншлаа, мөрөөдөн сурсан хувилгаан увидас цаглашгүй улирмуй. Тоост ертөнцийг тоож ядан он жил удаад, тохиолыг эрэн тэнгэрийн орныг эзлэх зоригийг барив. Эрдэнийн бидэрьяа харш хэмээгч үүрд түүний бус, эртнээс хүний хаад үе улиран залгамжилж ирэв. Эрдэмтэн нь эрхэм болох тул надад найр тавьсуу. Үүний учраа эрэлхэг баатарчууд эрэгчин эмэгчнээ ялгамуй.” 


Бурхан багш үүнийг зогсоод жихүүнээр инээн өгүүлрүүн: “Чи болбоос шулам бүтсэн сармагчин болой, ямар аймшиггүй ийм их санаа үүсгэж, хурмастын суурийг булаасуу хэмээмүй? Хурмаст тэнгэр хэмээгч хараахан багаасаа хатуужин бясалгаж, мянгө долоон зуун тавин галав болжээ. Нэг галав нь арван хоёр түм есөн мянга зургаан зуун жил болой. Чи бодож үз, тэр хэдий чинээн жил болж сая ийм цаглашгүй их ёсыг олсон буй? Чиний мэт сая хүн болсон адгуус юунд ийм их үг хэлэх аж! Энэ нь буянаа барж охор наслах болой! Дэмий чалчихгүйгээр даруй дагаваас сайн, эс тийм болбоос амь насанд чинь хор болмуй!” их богд өгүүлрүүн: “Тэд хэдийгээр хараахан багаасаа хатуужин бясалгасан боловч энэ суурийг удтал эзлэх ёс буюу. Эртний үгэнд: “Эзэн ээлжилж, хаан халалцмуй, эргэх жил минийх болмуй” хэмээжээ. Тэр нүүн гарч тэнгэрийн ордныг надад найр тавин өгвөөс барав. Хэрвээ найр тавин өгөхгүй болбоос би хэзээд амар байлгахгүй түйвээмүй!” бурхан өгүүлрүүн: “Чи мөнхийн шидийг олсноос гадна бас ямар чадал буй хэмээн аймшиггүй тэнгэрийн ялгуусан орныг эзэлсүгэй хэмээнэм?” их богд өгүүлрүүн: “Миний эрдэм увидас олон буй! Надад далан хоёр зүйлийн хувилах увидас байхаас гадна түмэн галав амьдрах мөнхийн шид буй. Жич тонгорцоглон үүл хөлөглөх увидас буй, нэг тонгорцогловоос арван түм найман мянган газар явмуй. Тэнгэрийн суурийг эзэлж үл болох учир юун?” Бурхан өгүүлрүүн: “Би чам лугаа мэлзээ тавьсугай: Чи хэрвээ нэг тонгорцоглон миний баруун гарын алганаас гарч чадваас чамайг шүүснээр бодож, дахин цэрэг хөдөлгөж байлдалгүйгээр хурмаст тэнгэрийг баруун оронд залан аваачиж тэнгэрийн ордныг чамд найр тавин өгсүгэй. Хэрвээ миний алганаас гарч чадахгүй болбоос доод ертөнцөд буцаж шулам болон жич хэдэн галав бясалгаад сая ирж тэмцтүгэй.” 


Их богд үүнийг сонсоод элэглэн инээж: “Энэ Шигэмуни үнэхээр мунхаг ажгуу! Өвгөн Сүн би нэг тонгорцогловоос арван түм найман мянган газар явах бөгөөтөл түүний алганаас хэрхэн гарч чадахгүй буй?” хэмээн сэтгээд даруй өгүүлрүүн: “Тийм болбоос чи үгэндээ эзэн суумуй уу?” Бурхан: “Эзэн суумуй! Эзэн суумуй!” хэмээгээд лянхуан навч чинээн алгаа дэлгэв. Их богд болд бэрээгээ хураан, сүр мандуулж ухасхийн үсэрч бурхны алган дээр гарч зогсоод: “Би гарч одлоо!” хэмээмэгц бараа туруугүй болов. Бурхан билгийн нүдээр үзвээс тэр бичин ван салхин хүрд мэт дугуй татан зогсолгүй урагш одмуй. Их богд явж байтал гэнэт таван улаан багана харагдах бөгөөд өндөр нь үүлэнд шургасныг үзээд: “Энэ нь газрын тууль болжээ. Өдгөө эргэж эчвээс Шигэмуни гэрч болж миний бие бидэрьяа эрдэнэ харшид суух нь лав болов” хэмээгээд бас: “Байз! Байз! Энд нэгэн тэмдэг тавиваас Шигэмуни лугаа хэлэлцэхэд сайн” хэмээн сэтгээд үснээсээ нэгийг үгтээн авч бэхэлсэн бийр болгон хувилгаж дундах багана дээр: “Тэнгэр лүгээ чацуу их богд энд ирж зугаацав” хэмээн бичээд үсээ хураан авч бас нэгдүгээр баганы ёроолд сарив. Ийнхүү тонгорцоглон буцаж угийн орондоо ирэн бурхны алган дээр зогсоод: “Би нэгэнт гарч одоод өдгөө буцан ирлээ. Чи хурмастад хэлж тэнгэрийн ордныг надад найр тавин өгүүлтүгэй” хэмээв.


Бурхан хараан өгүүлрүүн: “Шээрэн сармагчин чи миний алганаас гарч чадсангүй болой!” их богд өгүүлрүүн: “Чи мэдэхгүй, би тэнгэрийн хязгаарт хүрч таван улаан багана дээр тэмдэг тавиад буцаж ирлээ. Чи над лугаа хамт эчин үзэж дийлэх үү?” Бурхан өгүүлрүүн: “Эчих хэрэггүй, чи бөхийн үзвээс барав.” Их богд бөхийж нүдээ бүлтийлгэн ажиглаваас бурхны дунд хуруун дээр “Тэнгэр лүгээ чацуу их богд энд ирж зугаацав” хэмээн бичиж, эрхий хурууны бэлчирт шээсэн ажгуу. Их богд хирдхийн өгүүлрүүн: “Ийм хэрэг буй!  Ийм хэрэг буй! Би үүнийг тэнгэрийн тулгуур багана дээр бичсэн бөлгөө, яагаад түүний хуруун дээр байх буй? Зөгнөж мэдэх увидастай байж мэдмүй. Үүнийг би итгэхгүй! Итгэхгүй! Би дахин одож ирсүгэй!”


Их богд сандарч дахин үсэрч гарсугай хэмээтэл бурхан багш алгаа хөмрөн бичин ванг тэнгэрийн баруун хаалганы гадна гаргаж, таван хуруугаа төмөр, мод, ус, гал, шороо таван махбодын  уул болгон хувилгаад дарав. Аянгын эрхтэн нар хийгээд Ананд, Гашив нар залбиран: “Сайн! сайн!
Эрт цагт өндөгнөөс навчин хүн болон хувилаад, эрс зоригоор бясалгал хийж үнэн ёсыг олов. Түмэн галавт үл шилжих ялгуусан орноо суухуйяа, түр зуур хувьсал гарч цог сүлд сарнив. Тэнгэр лүгээ тэмцэн дээдэд халдаж өндөр сууринг хүсэн, богдсыг доромжилж үрэл хулгайлан гол ёсыг самууруулав, нүглийн сав нь нэгэнтээ дүүрээд үйлийн үрээ амсахуйяа, аль өдөр ангижран гэтэлж тэргүүн өндийхийг үл мэдмүй.”


Түүнчлэн ирсэн бурхан багш бичин шулмыг дараад Ананд, Гашив хоёр шавиа дагуулан буцсугай хэмээтэл тэнгэрийн өрлөг зэрэг эрхтэн бидэрьяа эрдэнэ харшаас яаран гарч ирээд өгүүлрүүн: “Бурхан багш түр хүлээмүү, манай хаан хурмаст залран ирлээ.” Бурхан багш үүнийг сонсоод тэргүүн өргөн бараалбаас эрдэнийн шүхэрт галбингын тэрэг харагдан, яруу хөгжмийн дуун сонстож, ариун хүжсийн үнэр анхилан хурмаст хүрч ирэн талархаж: “Бурхны номын увидаст шүтэж шулмыг дарлаа. Өдгөө олон хувилгааныг урьж бурханаа ач хариулах хурим хийх тул нэг өдөр саатахыг хүснэм” хэмээсэнд бурхан залбиран өгүүлрүүн: “Тойн би тэнгэрийн зарлигаар энд ирж, хаан хурмаст хийгээд олон хувилгааны буянд шүтэж шулмыг дарсан бөлгөө, надад ямар увидас буй хэмээн талархлыг аймшиггүй хүлээмүй?” Хурмаст зарлиг буулган, аянгын эрхтэн нарыг тус тус томилж, гурван ариун, дөрвөн эсрүү таван эзлэгч зургаан захирагч, долоон тэргүүн, найман зовхисч, есөн гариг, арван сахигч зэрэг олон арш хувилгааныг уриулав. Жич дөрвөн адиша хийгээд Хөсөмдива дагинаар сударсан балгасны алтан орд, хасын харшийг нээлгэн, бурхныг долоон эрдэнэт тавцан дээр залж, хуримын ширээ жагсаав. 


Урьсан олон хувилгаан удалгүй туг хиур шүхэр дуаз өргөлцөн, гэгээн танаа гэрэлт сувд, өлзийт тоор эсрүү цэцэг барилцан хүрч ирээд бурханд өргөн мөргөж: “Түүнчлэн ирсэн бурхан багш цаглашгүй эрдэм увидсаар бичин шулмыг дарснаа хаан хурмаст хурим базаан бид бүхнийг ирж ачид талархтугай хэмээн дууджээ. Ийнхүү бурхан багш энэ хуриманд нэгэн нэр өгвөөс ямар буй?” хэмээн айлтгав. Бурхан олон хувилгааны даатгалыг хүлээн авч зарлиг болруун: “Үүнийг “Тэнгэрийг амруулсан хурим” хэмээвээс болмуй” хэмээсэнд олон арш хувилгаан: “Сайн! сайн!” хэмээгээд тус тусын суудалд сууж, хундага өргөлцөн, хөгжим үүсгэж найр хийв. Шүлгийн үг нь:


        Тэр удаагийн өлзийт тоорын хурим бичинд түйдэгдэхүйеэ
        Тэнгэрийг амруулсан энэ өдрийн хурим түүнээс хэтийдэв.
        Хан гарьдын хиур лаврайгаас гэгээн гэрэл цацран, 
        Хас эрдэнийн шүхэр дуазаас бэлгийн уур мандмуй.
        Аршийн хөгжмийн яруу дууны айзам үнэхээр сайхан,
        Алтан лимбэ хувилгаан бишгүүрээс ариун эгшиг гармуй.
        Хүжсийн утаа эвхэр эвхэр хувилгаан арш цуглан 
        Хөх мөнх тэнгэр амарлин баярын хурим тавимуй.


Бүгдээр найр хийж байтал Нэвс хүрз эх, хувилгаан хөвгүүд охид ба дагина нарыг дагуулан орж ирээд бурханаа мөргөн айлтгаруун: “Урьд өдөр бичин шулам өлзийт тоорын хуримыг түйтгэснээ өдгөө бурхан багшийн эрдэм увидаст шүтэж шулмыг номхотгоод “Тэнгэрийг амруулсан их хурим” тавьж амуй, өргөх өөр юмгүй тул өдгөө гараараа түүсэн хэдэн өлзийт тоор барьсугай.” Энэ үнэхээр:


Анхилам үнэр ашид ханхлах түмэн оны тоор, ал улаан ангир, ногоон өнгө үнэхээр сайхан. Эгэл ертөнцийн үрийг эгнэгт тоож ядаад, энэ тоорыг эсэрваа тэнгэрийн орноо эргэцүүлэн ургуулав. Услаг булбарай шим шүүс нь орчлон дэлхийд ховор, уурхаглаг сайхан амт шимт нь даян дахинаа чухаг. Үнэн ерөөл сайн заяа байж үүнийг олж идвээс, өлзий хутаг өнөд нэмэгдэн бие цогцос шинэдмүй. 


Бурхан багш алгаа хамтатган Нэвс хүрзэд талархав. Нэвс хүрз эх бас хувилгаан охид хөвгүүдээ дагуулан бүжиглүүлсэнд олон хувилгаан ихэд сайшаав. 


Анхилам үнэр ханхас ханхас харшийн ордноо дүрч, арш цэцэг эрс эрс хувилгаадын дэргэд дэлгэрчээ. Алтан орд хасын харш адбиш үнэхээр Тансаг, аливаа зүйл чандмань эрдэнэ ашид энд бүрджээ. Хос хосоор цөм тэнгэр лүгээ чацуу насалж, тус тусаар бүр түмэн галав төгс жаргамуй. Сав ертөнц сааргүй хэдий чинээ солигдсон ч, санаа амар сэтгэл тунгалаг зовох юмгүй.


Нэвс хүрз хувилгаан охид хөвгүүдээр дуулуулан бүжиглүүлж, олон хувилгаан хундага нисгэн найрлаж атал  гэнэт:


Хачин үнэр сонин зүйл хамар цоргин анхилахуйяа, хамаг олон сахиулсан цөм харан гайхалдав. Бурхан багш тэргүүлэн олон хувилгаад хундага юугаа тавиад, булт бүгдээр дээш ажиглаж, бууж ирэхийг хүлээнэм. Гарт билигт далдуу барьсан нэгэн өтгөс, галдан тэнгэр дээр бие илрэн нааш айсуй. Эмийн хуланд мөнхийн үрлийг дүүрэн агуулж, эрдэнийн дэвтэрт Аюушийн нэрийг ашгүй арвин бичжээ. Агуйн доторх тэнгэр газар өөрийн таваар болж, хувингийн доторх наран саран хувийн бүтээл гармуй. Дөрвөн далайгаар зугаацан хэсэгч тунгалаг сэлүүн хутагтан, арван хойгоор аялан тойрогч амарлингуй цэлгэр хувилгаан. Өлзийт тоорын хуримнаа хэдэнтээ ирж хэдэнтээ согтоод, үдшийн сарыг үдтэл унтах үлэмж их нойртон. Тэргүүн их бие бага энэ их хувилгаан болбоос, өмнө туйлын үлэмж настан өлзийт одон болой.


Өлзийт одон хүрч ирэн хурмастад ёсолж, бурханд золгон өгүүлрүүн: “Тэрхүү бичин шулмыг Дилав түшид ордондоо аваачиж хайлгуулаад лав дарагдав хэмээж атал санамсаргүй дахин гарч ирээд сүрэглэн түйвээснээ, завшаанаар түүнчлэн ирсэн бурхан залран ирж энэ шулмыг номхотгосон тул талархах хурим хийж буй хэмээн сонсоод ирлээ. Барих өөр юмгүй гагцхүү шидэт өвс мөнхийн үрэл барьсугай.” Шүлгийн үг нь:


        Алтан өнгөт мөнхийн үрлийг өргөн барьсанд,
        Авралт Шигэмунигийн насан өлзий түмэн он мөнхрөв.
        Ариун амарлингуй ашид баясгалант гурван хөлгөний ядам,
        Энх амгалан үүрд оршигч есөн номын цог.
        Дүрсгүйн үүдэн дэх үнэн номын багш,
        Үзээгүй тэнгэр дээрх дээд арш хутагтан.
        Тэнгэр газар тив дэлхийд бурхан багш өргөгдөж, 
        Арван зургаан тохойн алтан биед буян өлзий бүрджээ. 


Бурхан мөшөөн хүлээж авав. Өлзийт одон суудал олон суугаад хундага тулгамуй. Ийн атал Махадарь арш бас хүрч ирэн, хурмастад ёсолж бурханд мөргөн өгүүлрүүн: “Бурхны эрдэм увидаст шүтэж бичин шулмыг номхотголоо. Өргөх өөр юмгүй, хэдхэн алим чавга өргөсү.”

 

Шүлгийн үг нь:


        Арш Махадарийн авчран өргөсөн алим чавга амттай,
        Авралт бурханаа өргөснөөр өлзий хутаг өнөд уртаднам.
        Эрдэнэ бадам тавцан нь уул мэт үүрд батжин, 
        Алтан лянхуан суудал нь хэмэрлэг адил ашид гэрэлтмүй.
        Өлзий нь тэнгэр газар лугаа чацуу хэмээгч ташаа бус,
        Буян нь Анабад далай лугаа адил хэмээгч үнэн болой. 
        Буян өлзий хослон бүрдсэн нь үнэхээр худалгүй, 
        Төгс жаргалант орон хэмээгч нь баруун газар бөлгөө.


Бурхан багш талархаад Ананд, Гашив хоёроор эдгээр өргөсөн юмсыг хураан авуулж, хурмастын хуримыг хүртсэнд хариу талархав. Бүгдээр дарсанаа халамшиж байтал, тойрон цагдагч эрхтэн хүрч ирээд айлтгаруун: “Тэр их богдын толгой нь гарч иржээ.” Бурхан багш “Гайгүй” хэмээгээд ханцуй дотроосоо “Ум мани бад мэ хум” хэмээх зургаан алтан үсэгтэй хуудас гарган, үүнийг аваачиж тэр уулын орой дээр наатугай хэмээн Анандад өгөв. Ананд хуудсыг авч эчин таван махбодын  уулны орой дээрх дөрвөлжин хадан дээр наасанд уул даруй ургасан мэт болоод бичний хоёр гар хөдөлж болох төдийгөөс бус, бие нь хөдөлж чадахгүй болов. Ананд эгэж: “Тарнийг нэгэнт наав.” хэмээн зарлигийг эгүүлэв. 


Бурхан багш тэд хурмаст хийгээд олон хувилгаан аярлан, хоёр шавиа дагуулж тэнгэрийн хаалганаас гарч ирэн бас нигүүлсэхүй сэтгэл цаглашгүй түргэдэж тарни уншин таван махбодын уулнаас савдаг нарыг дуудан авчирч, таван орны кирди нар лугаа бичнийг харуулж, түүнийг өлсвөөс ширмэн мөхлөг идүүлэн, ундаасваас хайлмал гууль уулгаж атугай. Түүний хилэнц дарагдах цагт адбиш аварч гаргах хүн буй хэмээв. Энэ үнэхээр:


Бичин шулам цөс их тэнгэрийн ордныг түйвээгээд, бурхан багш эрдэм үлэмж уул доор дарав. Ундаасваас хайлмал гууль уугаад хоногийг өнгөрүүлж, өлсвөөс ширмэн мөхлөг идэн он жилийг нөгчөөмүй. Тэнгэрийн гамшиг гай зовлон тохиолдвоос хал там үзэж, хүний явдал уйтгартай бөгөөтөл урт наслахыг дурламуй. Аруудхан баатар хэрвээ аюул зовлонгоос ангижран гарваас алс ирээдүйд бурхныг эмсэглэн баруун газар одмуй. 


Бас шүлэглэсэн нь:


        Баатар идэрхэгтээ эрэмшин их сүр мандуулж, 
        Барсыг барин лууг номхотгож гайхамшигт чадлаа үзүүлмүй.
        Өлзийт тоор шидэт архи хулгайлан тэнгэрийг түйвээн,
        Хишиг хүртэн данснаа орж Сударсан балгасанд суув.
        Нүглийн сав нь дүүрээд бие хориулд хэдий орсон ч 
        Буяны үндэс тасраагүй хийморь дахин мандмуй.
        Түүнчлэн ирсэн бурхны алганаас мултран гарсугай хэмээвээс,
        Гагцхүү Тан улсад богд тойн илрэхийг хүлээмү.
        Хэзээ хилэнц нь барагдахыг мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй.


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    6 цаг 40 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    8 цаг 27 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    9 цаг 53 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    9 цаг 56 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    10 цаг 0 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    10 цаг 43 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    11 цаг 15 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    11 цаг 19 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    11 цаг 19 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    11 цаг 53 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    13 цаг 2 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    13 цаг 13 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    13 цаг 18 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    13 цаг 40 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    13 цаг 57 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    14 цаг 23 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    14 цаг 51 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    15 цаг 15 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    15 цаг 16 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    15 цаг 31 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК