зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Наймдугаар бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

НАЙМДУГААР БҮЛЭГ:


ШИГЭМУНИ БУРХАН НОМ НОМЛОЖ ЖАРГАЛАНТ ОРНОО ДЭЛГЭРҮҮЛЭВ
ХОМСИМ БОДИСАДВА ЗАРЛИГ ХҮЛЭЭН ЧАН АН БАЛГАСНАА ИРЭВ


Даяаны нууцыг асууваас: оролдон хүссэн нь тоолшгүй, олонх нь цөм хоосоор өтөлмүй. Тоосгыг өрж толь болгох, цасыг цуглуулан хүнс хийхэд адил, чийрэг идэр залуу нугануудыг хэдий чинээ балруулав. Сүн далайг хөнтрөн залгиж, Сүмбэр уулыг өвсөөр бүрхэн алтан нүүрт хувраг дэмий л мөшилзөн инээмүй. Сэхэсхийн ухаарсан цагт арван орон Гурван хөлгөнөөс хэдийтэж, салж эс чадваас дөрвөн төрөлхтөн  Зургаан хүрдэн-д орчмуй. Санаа хураагдсан эргийн өмнө, сүүдэргүй модны ёроолд, дуут задлайн нэгэн дуунд, хаврын үүр хаяарахыг хэн мэдэв. Бурхны олом зам бэрх, Будлан уулнаа үүл зузаан, бараглахуйяа энэ газар хуучин танил хүний дуун үл сонстмуй. 
Түмэн зан өндөр эргийн уснаа, таван навчит цэцэг дэлгэрэхүйеэ хуучин харшийн орхиулыг буулган хүжсийн үнэр анхилмуй. Тэр цагт, эх язгуурыг нэвт таниад, лусын хааны гурван эрдэнэс лүгээ золгомуй. 


Энэ нэгэн бүлэг уянгат дууллыг Сү Ү Ман хэмээмүй. Өгүүлэх нь Шигэмуни бурхан хаан хурмастад аярлан салж, аянгын дуут эрдэнийн сүмдээ эгэж ирвэл, гурван мянган бурхад, таван зуун архан, найман очирваань, цаглашгүй нигүүлсэнгүй бодисадва нар нэг нэгээр цөм шүхэр дуаз өргөлцөн, сонин эрдэнэ шидэт цэцгийг Гандарагүд уулын бодийн оронд овоолон, шавар хос шугуйн доор угтан авав. Шигэмуни өлзийт үүлээ хурааж ийн зарлиг болруун: “Би бээр оюун билиг төгс бүрдвээс, гурван ертөнцийг нэвт үзмүй. Уг үндэс мөн чанар эцэстээ дуугүй сөнөмүй. Эгээ адил хоосон дүрс ахуу нь нэгээхэн бээр үгүй. Этгээд бичинг номхотгон дарсан тодорхой учрыг ухахаар үгүй. Нэр нь амьд авч үхэл эхлэх, номын дүрс угаас ийн.” хэмээн өгүүлэхэд, шарилын гэрэл цацран, дөчин хоёр зурвас цагаан солонго огторгуйд түгэн өмнө умрыг нийдэм гэрэлтүүлснээ олон бурхад цөм наманчлан мөргөв. Агшин зуур бэлэгт үүл өнгөт униар багларан, бурхан лянхуан тавцан дээр залран суусан хойно, гурван мянган бурхад, таван зуун архан, найман очирваань, дөрвөн бодисадва алга хамтатган мөргөн асууруун: “Тэнгэрийн орныг түйдэн өлзийт тоорын хуримыг түйвээсэн нь чухам хэн болов?” Шигэмуни зарлиг болруун: “Тэр дамшиг уул нь Цэцэг жимст ууланд төрсөн нэгэн бичин шулам ажгуу, түүний нүгэл хилэнц тэнгэрт тулж үнэхээр хэлээд баршгүй болжээ; тэнгэрийн хувилгаан эрхтэн нар цөм дийлэн эс чадаж, хэдий Эл Лан богд түүнийг баривчилж, Дилав галаар хайлуулсан боловч үсний төдий ч гэмтээж үл чадмуй. Намайг хүрэх үес хараахан аянгын эрхтэдийн дунд эрдэм үзүүлэн сүр мандуулан байлаа. Би зэр зэвсэг хөдөлгөхийг зогсоогоод, уг язгуурыг асууваас, түүний өгүүлэх нь хувилан улирах хувилгаан эрдэм цаглашгүй, үүл хөлөглөн нэгэнт тонгорцогловоос арван түм найман мянган газар явж чадмуй хэмээмүй. Би түүн лүгээ мэлзээ тавиад, миний гарын алганаас гарч эс чадсан тул, түүнийг барьж таван махбодын  уулаар дарж тавив. Үүнд хаан хурмаст бидэрьяа эрдэнийн алтан ордны хасын харшийг цайтал нээж, намайг тэргүүн ширээнд залан “Тэнгэрийг амруулсан их хурим” хийж тал өгөв, тийнхүү сая буцаж ирэв” хэмээв. Олон бүгдээр үүнийг сонсож цөм маш баясан магтан гайхалдаж мөргөн тархаад, тус тусын үйлд эгэж, тэнгэрийн жаргалд цэнгэв. Энэ үнэхээр:


Бэлгэт униар бодийн орныг бүрхэж бидэрьяагийн гэрэл бурхны биеийг хүрээлэв. Баруун оронд анхдагч хэмээн алдаршсан бараг бүрэг номын хааны үүд. Хар бичин хармаг жимс өргөн хандгай буга халуу цэцэг авчрав. Хөх галбинга хөнгөнөөр магшин бүжиглэн, хөвчин ойд гарьд донгодон эгшиг өргөв. Хувилгаан мэлхий насан өлзийгөө нэмэрлэн хутагт тогоруу билигт өвс баримуй. Арилсан орны эрдэнэ модны хүрээлэнд амарлин ариун ертөнцөд хутагтны жаргалыг эдлэв. Цаг цагийн цэцэг цаглашгүй дэлгэрэн, өдөр өдрийн жимс өнгө ялгаран боловсров. Ном бясалган үнэн хутгийг олон, дияанд суун бодь мөрийг засав. Мөнхийн шидийг олон, үрэгдэх ч үгүй нэмэгдэх ч үгүй өнөд нэгэн адил. Үүл мананг хөлөглөн ирж эчих мэдэгдэшгүй. Хүдэн манан эвхэр эвхэр эчиж ирэх ялгагдахгүй, хүйтэн халуунд үл дайрагдан он жилийг тэмдэглэхгүй.


Шүлэглэсэн шүлэг нь:


        Эчиж эгэх өөрийн дур санааны таваар сэлгүүцэн,
        Эмээж хэлмэх аюулгүй сэтгэлийн тааваар жаргамуй.
        Төгс жаргалант орноо цөм ийн амар төвшин
        Их нянган ертөнцөд өвөл зун ялгагдахгүй.


Бурхан багш Гандарагүд уулын аянгын дуут эрдэнийн сүмдээ сууж, нэгэн өдөр мянган бурхан, архан, кирди, бодисадва, очирваань, аяга тэхимлэг нарыг цуглуулж ийн зарлиг болруун: “Этгээд бичнийг номхотгон тэнгэрийг амуулснаас нааш манай энд хэдийгээр он сарыг мэдэхгүй боловч, хүний ертөнцөд адбиш таван зуун он өнгөрчээ. Өнөөдөр чив хэмээн тэргүүн намрын тэргэл өдөр болой. Надад нэгэн эрдэнийн тэвш буй, түүний дотор хийсэн нь цөм гайхалтай цэцэг сонин жимс тэргүүтэн болой. Би та нар лугаа “цахирмаагийн тэвшит хурим” хийж амсуулсугай хэмээмүй?” хэмээсэнд бүгдээр алгаа хамтатган, бурхан багшид гурвантаа мөргөн соёрхлыг хүлээв. Шигэмуни бурхан тэр эрдэнийн тэвш дэх цэцэг жимсээ Ананд Гашиваар түгээлүүлснээ, бүгдээр тэсгэлгүй баярлан тус тус шүлэг өргөн талархав. 


Буяны шүлэг:


        Буяны одон бурхан багшийн өмнө гэрэлтэн гийгүүлж,
        Буян хишгийг үлэмж хурааснаа алас эчнээ үргэлжлүүлэв.
        Буян эрдэм хязгаарлашгүй газар лугаа мөнхжин,
        Буян хутгийн барилдлага тэнгэр лүгээ залгалдав.
        Буяны тариаг уудам тариад жил бүр элбэг,
        Буяны далай нэлийн цэлийн он тутам бат.
        Буян нь тэнгэр газрыг дүүргэн эвээл хишиг үлэмж.
        Буян нь хэмжээлшгүй нэмэгдэн өнөд бүрэн төгс.


Хишгийн шүлэг:


        Хишиг зузаан уул мэтэд өнгөт гарьд донгодож
        Хишиг нь цагийн эрхийг даган өлзий хутгийг ерөөмүй.
        Хишиг нь түмэнтээр нэмэгдэхүйеэ энэ бие эрүүл,
        Хишгийг мянгатаар хүртэхүйеэ эн дэлхий энх,
        Хишгийн хүртээл тэнгэр лүгээ чацуу бөгөөд өнө бат,
        Хишгийн алдар далай лугаа адил мөртөө гэгээн тунгалаг.
        Хишгийн ач уртад уламжлагдан хүсэн бараалсан олон,
        Хишгийн хэргэм хязгааргүй түмэн улс бадрангуй.


Өлзийн шүлэг:


        Өлзийт одон Шигэмуни бурханд хадаг юугаа өргөн
        Өлзийт орны гэрэл гялбаа үүнээс эхлэн үүсэв.
        Өлзийт жимс таваг дүүрэн бэлгэт туяа татан,
        Өлзийт цэцгийг шинээр түүн бадмын тавцанд хатгав.
        Өлзийн шүлэг яруу сайхан үнэхээр гайхалтай, 
        Өлзийн аялгуу хөг тааран эгшиг дуун уянгатай,
        Өлзий хутаг үүр уртдаж наран саран лугаа хамтад мөнхрөн
        Өлзий буян үргэлж батжиж уул далай мэт өнө оршмуй.


Олон бодисадва шүлэг өргөсөн хойно, уг үндэстнийг тодорхойлон айлдаж, их язгуурыг тайлбарлан номломуу хэмээсэнд Шигэмуни номын дуугаар, их ёсны гурван хөлгөний нууц судар, үнэн мөрийн таван цогцын чухал онолыг номлосонд, дуу дуурсаж цэцгийн хур оров. Энэ үнэхээр Самадийн саран мянган мөрнийг нийдэм гийгүүлж, бодийн наран түмэн газрын агаарыг өвч гэрэлтүүлэв.


Шигэмуни нулимж төгсөөд бүгдэд зарлиг болруун: “Би дөрвөн их тивийг ажваас хамаг амьтны сайн муу нь тус тус адилгүй болой. Дорнод үлэмж биет тивийн амьтан тэнгэр газрыг хүндлэээд сэтгэл нь амарлингуй, санаа нь төвшин; умард муу доод тивийн амьтан гагцхүү амиа тэжээхийн тул алах нядлахад дуртай боловч зан суртал олдой цалгай, их хилэнц үл үйлдмүй. Манай өрнөд үхэр эдлэгч тивийн амьтан шунаж ховдоглох ба алж нядлахад дургүй тул чанарыг тэжээн, гайхамшгийг ахуулж хэдий дээд үнэнт хүрч эс чадах боловч хүн бүрийн насан хутаг урт бөлгөө; ганц тэр өмнөд замбутивийн амьтан ужид тачаангуй алалдаж булаалдахад дуртай, үнэхээр хэл амны хилэнцэт орон хилс гүжрийн нүгэлт далай хэмээвээс болмуй. Надад хүнийг буяны үйлд удирдах үнэн ном гурван аймаг буй” хэмээхэд олон бодисадва алга хамтатган наманчлан мөргөн асууруун: “Бурханд ямар гурван аймгийн үнэн ном амуй?” Шигэмуни зарлиг болруун: “Надад тарнийн нэгэн аймаг ном аж цөм тэнгэрийн ёсыг өгүүлжээ, онолын нэгэн аймаг ном аж цөм газрын зүйг өгүүлжээ, бас судрын нэгэн аймаг ном аж цөм сүнсийг тонилгох ёсыг өгүүлжээ. Энэ гурван аймаг ном нийт гучин таван анги, бүгд нэг түм таван мянга нэг зуун дөчин дөрвөн боть бөгөөд цөмөөр үнэнийг бясалгаж буянд удирдах үүд болой; үүнийг зүүн газарт хүргэсүгэй хэмээвэл, тэндэх хүн мунхаг балай тул үнэн номыг гутаан, миний номын үүдний ёсыг үл ухаж, Ёкагийн төв шашныг өтөгрэх болуузай хэмээмүй. Тийнхүү нэгэн хувилгаан идтэй тойныг сонгон зүүн газарт зарж, чин сүсэгт хүнийг эрж олоод түүнээр мянган уул түмэн мөрнийг гэтлүүлэн энд ирүүлж миний үнэн номыг зүүн газар аваачин хамаг амьтныг буянд удирдваас тэр харин ч Сүмбэр уул Сүн далай мэт их буянтай болой. Хэн нэгэн удаа эчиж ирмүй?” хэмээвэл Хомсим бодисадва бадмын тавцангийн дэргэд хүрч бурханд гурвантаа мөргөөд: “Шавь би эрдэмгүй боловч, зүүн газар одож ном залах хүнийг эрэхийг хүсмүй” хэмээв. Олон бурхан тэргүүн өргөн үзвээс, тэр бодисадва нь: 


Онол нь дөрвөн эрдэм төгсөж билиг нь алтан цогцод бүрджээ. Залаа цацгаас сувд тана унжуулж, заар гархинд эрдэнийн мөхлөг зангиджээ. Хар үүл угалзлан эвхрэлдэж луугийн шанх ороож, хатгамал бүслүүр хөнгөнөөр дэрвэлзэн өнгөт гарьд дүүлэхэд адил. Ногоон хасын товчит цагаан дурдан дээлэнд өлзийт гэрэл гийж, хэмэрлэг хормойвч, алтан унжлагат бэлгэт туяа татжээ. Хөмсөг нь шинэдийн саран мэт, нүд нь хос одон адил. Хасын нүүр төрөлх мөшөөнгүй, шанхын уруул эгнэгт улаан, ариун хумхын рашаан жил болгон дүүрэн, арц занданы утаа нь он бүр хөхөмдөг, найман чөлөө үгүйтэн-ийг авран, хамаг амьтныг гэтэлгэгч ихэд нигүүлсэнгүй тэрээр зүүн хайрханыг төвшитгөн, өмнөд далайд оршмуй. Зовлон гаслантан түмэнтээ дурдваас түмэнтээ аврагч мянган хувилгаан мянган сонорт тэрээр бор хулснаа баясаж, бундарига цэцгийг таалмуй. Тэр болбоос Будлан уулын ихэд нигүүлсэнгүй бодисадва, Бодидарма агуйн амьд бурхан болой.


Бурхан үзээд ихэд баясаж зарлиг болруун: “Өөрөө одож үл чадмуй, Хомсим бодисадвагийн хувилгаан ид их тул мөн одвоос болмуй.” Бодисадва өгүүлрүүн: “Шавь би зүүн газар одох тул сургаал зарлигийг эрнэм?” Бурхан өгүүлрүүн: “Чи энэ удаа одоход зам мөрийг хайж, үүл манангийн доогуур яв, огторгуйн цээлийг барьж явж үл болмуй. Уул мөрнийг үзэн замын хол ойрыг тэмдэглэн авч ном залах хүнд хэлж өг. Тэр сүсэгтэн ирэхэд бэрх тохиолдохыг болгоомжлон, би чамд таван зүйлийн эрдэнэ өгсүгэй” хэмээгээд Ананд Гашиваар нэгэн зах эрдэнийн кирша намжир, нэгэн есөн гаригт дулдуйг авчруулан бодисадвад өгүүлрүүн: “Энэ намжир кирша, дулдуйг тэр ном залах хүнд өг. Энд ирэх зориг тогтвоос, миний киршаг өмсөж дулдуйг баривал орчлонгийн хүрдэнд үл орчин хор хөнөөлөөс хэлтэрч болмуй.” хэмээхэд Бодисадва наманчлан мөргөж хүлээн авав. Бурхан бас гурван цагиргийг Бодисадвад өгч ийн зарлиг болруун: “Үүнийг “Чангаригч цагираг” хэмээмүй, хэдийгээр цөм нэгэн адил боловч хэрэглэл нь цөм өөр болой. Надад, бас “Чангаруулах сулруулах” тарни буй. Хэрэв замд ид шидит шулам учирваас түүнийг сайнд удирдан ном залах хүний шавь болгогтун. Тэр шулам хэрвээ үгэнд эс орвоос энэ цагиргийг түүний толгойд зүүлгэж, тарнийг уншваас маханд шигдэн толгойн өвдөх нь хагарахад хүрэх тул миний номын үүдэнд эрхгүй ормуй” хэмээв. 


Бодисадва аярлан салаад ивээл тойныг дагуулан мордов. Ивээл тойн гартаа мянган жингийн төмөр шийдэм хэрэглэн, кирша намжирыг үүрч, хүчтэн чойжин болж, Хомсим бодисадваг хамгаалан одов. Бодисадва цагиргийг далд хийж, дулдуйгаа авч Гандарагүд уулнаас буун эчив. Энэ эчсэнээр: бурхны шавь буцан уг язгуурт эгэж, алтан тарц арш агар зандан чанарыг ахуулмуй. 


Бодисадва уулын ёроолд хүрэхүйеэ, Ариун хас хэмээх сүмийн алтан үснирт арш үүднээ угтан дотогш залж манз өргөв. Бодисадва удаж үл болох тул “Өдгөө бурхны зарлигаар зүүн газар одож ном залах хүнийг сурвалжилмуй” хэмээвээс алтан оснирт арш асууруун: “Ном залах хүн хэзээ хүрч ирмүй?” Бодисадва: “Болзож болшгүй, бараг хоёр гурван жилийн дотор хүрч ирэх буй за” хэмээгээд аршаас салан, үүлнээ хөлөглөн хайн эчив. Шүлэглэсэн үг:


        Түмэн газраа эрэн эчихийг түр өгүүлэхгүй,
        Төдөлгүй хэн хүн түүний санаанд нийцнэм?
        Эртнээс аваад эрэгчид цөм ийм балай атал,
        Энэ учир надад тохиолдсоныг эгнэгт гэнэтийн хэмээмүй?
        Ёсыг уламжлахад арга буй хэмээгч хуудам хэмээвэл,
        Сүсэгтэн үгүй хэмээн дэмий өгүүлэх нь мөн ч худал.
        Элэг зүрх юүгээ уудалсу сэтгэлийн мэдэгчдийг эрнэм.
        Эргэцүүлэн бодвол эртний ерөөлтөн эрхгүй учирнам.


Багш шавь хоёул хараахан явах зуур, гэнэт нэгэн ус харагдав, түүнийг Шороо гол хэмээмүй. 


Бодисадва өгүүлрүүн: “Энэ голыг гэтлэхэд үнэхээр бэрх, тэр ном залагч хүн нь ертөнцийн эгэл бие энгийн цогц тул үүнийг яахан гэтэлмүй?” Ивээл тойн өгүүлрүүн: “Багшийн үзэхээр энэ гол хэдийн өргөн амуй?” Бодисадва үүлийг зогсоон үзвээс: 


Зүүнш элсэн цөл лүгээ үргэлжилж баруунш Сартуул улс лугаа залгагджээ. Өмнөш алайхан аймагт хүрч умарш Татар улсад тулжээ. Өргөнөөрөө мянган газар уртаараа түмэн газар буй. Хүчит урсгалын хөмрөх нь хөрст газар хөрвөх мэт. Хөхрөх давалгааны босох нь хөх уул сүндэрлэх адил. Хөвөө хягзааргүй нэлгэр их голын хүрхрэх дуу хорин газрын алс сонстож аршийн онгоц туулан үл чадах алтан лянхуа хөвөн үл дийлмүй. Улалж хамхуул унах нарнаа урсаж урт даланд униар хүдэн татжээ. Жуулчин арилжаачин захад нь ойртож үзээгүй, загасчин гөхчин хөвөөнд нь хавьтаж ирээгүй. Хумх элснээ хун галуу суухгүй, холхи эрэгт сармагчны дуун сонстмуй. Усан шимэлдэг эл үзэмж болон дэлгэрч улаан ганга эл үнэртэн болон анхилжээ. 


Бодисадва хараахан харж байтал усан дотроос нэгэн үзэшгүй зэвүүн муухай шулам бултасхийн гарч ирэв. Түүний төрсөн байдал төлөв шинж нь: 


Цэл хөх царайтай чармай нүцгэн биетэй. Гархин хоёр нүд нь гавал дотроо ширгэж, Гахайн дөрвөн соёо нь газар тэнгэрийг заажээ. Царын чинээ улаан ам нь цусан сав хэлбийлгэсэн мэт. Өрөвгөр улаан үс нь өлөн шарилж ургасан мэт. Уурлан хашхирах дуу нь аянга нижигнэн дуугарах мэт. Долгион дээгүүр довтлох нь догшин хуй эргэлдэх мэт. 


Эзэдсэн тэр шулам эрэг дээр гарч ирмэгц эрдэнийн таягаа эргүүлэн эх Бодисадваг шүхэрсүү хэмээтэл ивээл тойн тосон авч “Битгий буруул!” хэмээн зандарч төмөр шийдэм далайн занчихуйяа шулам даруй таягаар хориглож угтан байлдав. Шороо голын хөвөөнөө эд хоёулын нөрлөн байлдсан энэ удаагийн байлдаан үнэхээр гайхалтай:


Бодисадваг хамгаалагч болд шийдэмт Мүз бүх эрдмээ гарган угтан авч байлдуй. Энэ голд оршигч эрдэнийн таягт шулам эр чадлаа үзүүлэн эсрэглэн тосож тулалдмуй. Хүнд зэвсгүүдийн зөрөлдөх нь хөх луу ширвэх мэт. Хувилгаан хоёрын байлдах нь хүчит барс тоглох мэт. Шороо голд эзэдсэн сайх тэр шулам ид шид гарган их давалгаан босгож яв дарж авахаар эрэмгийлэн байлдмуй. Хомсим бодисадваг хамгаалагч хувилгаан энэ тойн эрдэм увидас гарган үүл салхин урьж, эрхэм гавьяа байгуулахаар эсрэгцэн тулалдмуй. Гайхал шулмын таяг галзуу барс мэт ноцон хүрч ирэхүйеэ, гавшгай тойны шийдэм гал луу мэт угтан тосож зайлуулмуй. Эргүү шулмын таяг эсрэг чиглэн ирэхүйеэ ивээл тойны шийдэм ас тосож зайлуулмуй. Гандиша голд удтал оршсоноор ганц тэр шулам хэцүүгээ үзүүлмүй. Гандарагүд уулнаас анх бууснаар гавшгай энэ тойн тэргүүн гавьяа байгуулахыг хичээмүй. Эд хоёул ийнхүү байлдахуйяа шар манан татаж сансарын нарныг халхлан, шороо тоос дэгдэж газар дэлхийг бүрхжээ. 


Хоёул хэдэн арван удаа зөрөлдөн байлдаж дийлэн дийлэгдэх ялгарахгүйд тэр  шулам төмөр шийдмийг хориглон зогсоож: “Чи хаанаас ирсэн тойн буй, ийн аймшиггүй над лугаа байлдмуй?” хэмээн асуусанд Мүз өгүүлрүүн: “Суваргат Махаранзын хоёрдугаар тайж Ивээл тойн Мүз би мөн болой, өдгөө багшийг дагаж зүүн газраас ном залах хүнийг эрэхээр одмуй. Чи ямар шулам буй, аймшиггүй миний замыг хоригломуй?”, Тэр шулам сая сэхэсхийн: “Миний цээжилж байхаар, чи өмнөд далайн Хомсим бодисадваг дагаж бор хулсан шугуйд бясалгаж байсан бөлгөө, чи юунд энд ирэв?” хэмээн асуусанд Мүз гараар зааж: “Тэр эрэг дээр байх нь миний багш биш үү?” хэмээв. 


Шулам сонсоод за, за хэмээн таягаа хураан, Мүзийг даган бодисадвагийн дэргэд хүрч, мөргөн өгүүлрүүн: “Бодисадва та миний хэлэхийг сонсож ялыг уучилму. Би шулам бус, бидэрьяа эрдэнэ харшийн өмнө, хаан хурмастын сүйх тэргэний орхиул сөхөгч баатар болой. Өлзийт тоорын хуриманд гар алдаж болор хундагыг хагалсан учир хаан хурмаст намайг найман зуун мод занчаад, доорд ертөнцөд буулгасан тул ийм дүртэй болов. Бас долоон өдөрт нэгэн удаа нисэх илдээр өрц өөд зуунтаа бүлмүй, тийнхүү машид гаслан зовнимуй. Өлсөж даарахын зовлонг тэсвэрлэхүйеэ бэрх тул, арга буюу хэдэн өдрийн дотор нэгэн удаа уснаас гарч аяны хүнийг барьж идмүй; энэ өдөр санамсаргүй ихэд нигүүлсэхүй бодисадвад халдав.” Бодисадва өгүүлрүүн: “Чи тэнгэрт ялдагдан доорд ертөнцөд цөлөгдсөн атал, бас амьтныг ийнхүү хорлох нь мөн ял дээр ял нэмжээ. Би өдгөө бурхны зарлигаар зүүн газар одож ном залах хүнийг эрмүй, чи үнэн мөрийг олсугай хэмээвээс миний номын үүдэнд орж, тэр ном залах хүнд шавь болон баруун газар эчиж бурхан багшаас ном залахгүй ямар цагийг хүлээмүй? Тийн аваас би чамайг нисэх илдний зовлонгоос хэлтрүүлсүгэй. Гавьяа бүтсэн цагт чиний ялыг тайлан уг тушаалд эгүүлсүгэй, чиний санаанд ямар?” Шулам: “Дуртайяа үнэн мөрийг олохыг хүсмүй” хэмээгээд бас урагш давшиж өгүүлрүүн: “Миний идсэн хүн үнэхээр тоолшгүй, урьд хэдэн удаа ном залахаар одох хүнийг цөм идэв. Тэдний толгой энэ шороо голын ёроолд баймуй. Энэ ус хэмээгч нь галууны өд ч хөвөхгүй бөлгөө ганц тэр ном залагч есөн хүний хэлхээ яс, усны дээр хөвж үл живмүй. Би түүнийг гайхалтай юм болгон түүж аваад дээсээр хэлхэн уйдахуй цагт түүнээр нааддаг бөлгөө. Хэрвээ ном залах хүн энд хүрч ирэн эс чадваас, харин миний явдлыг саатуулах бус уу?” Бодисадва өгүүлрүүн: “Хаанаас ирэхгүй ёс буй? Чи тэр хэлхээ ясаа эрх болгон хүзүүндээ зүүж, ном залах хүнийг хүлээ, үүнд хожим хэрэглэх газар буй.” Шулам өгүүлрүүн: “Үнэхээр тийн аваас дуртайяа сургаалыг хүлээмүй” хэмээсэнд бодисадва сая мутраар түүний толгойг адислан сахил авуулж голыг зааж овог болгон, номын нэрийг Ша Ү Жин хэмээв. Тэндээс номын үүднээ орж, бодисадваг үдэж голоос гаргав, үүнээс хойш сэтгэлээ ариутган хорлохыг тэвчээд, гагцхүү ном залахаар ирэх хүнийг хүлээн суув. 


Бодисадва түүнээс салж ивээл тойн лугаа зүүнш явсаар нэгэн их ууланд хүрвээс, тэр уулыг муу уур бүрхэн явганаар гарч болохгүй тул, хараахан үүл хөлөглөн гарсугай гэтэл, гэнэт догшин салхи салхилж, нэгэн шулам гарч ирэв. Түүний төрсөн байдал адбиш айхавтар:


Хамар нь гэдрэг эртийн хоёр завж доош унжийн, халбагар чих дэвүүр мэт. Нүд солонгортон гэрэлтмүй. Гадагш ургасан Гахайн дөрвөн соёо нь ган сэрээ мэт. Урт хоншоорыг нэгэнтээ ангайваас галын хоовон адил. Алтан дуулганы сагалдаргыг эрүүний доогуур чангалж, даран бүсэлсэн ёнгорын бүснээс дагтарын хайрс зулгармуй. Мөрөнд үүрсэн төмөр малтуур луугийн хумс сарвайн, ташаанд зүүсэн хөвчит нум алман саран адил. Омог сүр нь оны тэнгэрийг дарж, эрэлхэг зориг нь эсэрүа тэнгэрийг эмээлгэмүй. 


Тэр шулам сайн мууг ялгалгүй малтуур далайн Бодисадваг занчин ороход ивээл тойн тосон авч: “Муу шулам битгий ёс бусчил! Миний шийдмийг үз!” хэмээн зандрахад шулам: “Энэ тойн харин үхэхээ үл мэдэх аж, миний малтуурыг үз!” хэмээн хоёул уулын доор зөрөлдөн байлдаж дийлэн дийлэгдэхийг ялгамуй. Энэ үнэхээр:


Ивээл тойны төмөр шийдэм аюулхай эрэн занчихуйяа, шулмын малтуур нүүр өөд савардмуй. Хумх хийсэж тоос дэгдэн тэнгэр газар будангуйран, элс бутран чулуу өнхрөн чөтгөр сахиулсан цочмуй. Есөн араат малтуур гялбасхийн хос гархи хангинамуй. Ган төмөр шийдэм гялалзан гарын араар эргэмүй. Нэгэн нь хаан хурмастын суваргат Махаранзын хөвгүүн, нэгэн нь эсэрүа тэнгэрийн өрлөг жанжины хувилгаан. Нэгэн нь Будлан уулын бодь номыг сахигч тойн, нэгэн нь Буянт уулын агуйд оршигч шулам. Энэ удаа энд учраад эрэгчин эмэгчнийг ялгахуйяа эгнэгт аль нь дийлэн аль нь дийлэгдэхийг мэдэхгүй.


Тэр хоёул хараахан хэлэмшин тулалдаж байтал, бодисадва огторгуйгаас нэгэн лянхуа цэцэг орхисонд малтуур шийдэм цөм зогсов. Шулам үүнийг үзээд цочин асууруун: “Чи аль газрын тойн буй, ямар аймшиггүй цэцгээр намайг дэмий л хуурмуй?” Мүз өгүүлрүүн: “Муу бэртэгчин чи юуг танимуй! Би болбоос өмнөд далайн Хомсим бодисадвагийн шавь болой, энэ болбоос миний багшийн орхисон цэцэг  мөн.” Шулам өгүүлрүүн: “Чиний бодисадва хэмээх нь гурван муу заяа-аас гэтэлгэн найман чөлөө үгүйтнийг аврагч бодисадва бус уу?” Ивээл тойн өгүүлрүүн: “Тэр бус хэн буй?” Шулам малтуураа хаяж хөсөр сөгдөж мөргөн өгүүлрүүн: “Ах минь, Бодисадва хаана буй? Намайг удирдан учруулму!” Мүз огторгуй өөд зааж: “Тэнд буй бус буюу?” хэмээсэнд тэр шулам тэнгэр өөд наманчлан мөргөж өндөр дуугаар: “Бодисадва, ялыг минь уучилму?” хэмээн гуйв. Бодисадва үүлийг даран бууж ирээд: “Чи аль газарт шулам бүтсэн хээрийн Гахай, ямар оронд мангас болсон хөгшин бодон буй, аймшиггүй миний замыг хоригломуй?” Тэр шулам өчрүүн: “Би хээрийн Гахай ч бус, хөгшин бодон ч бус, би нь тэнгэрийн оёдлын өрлөг жанжин бөлгөө: ганц архинд согтож саран дагиныг шоглосон тул хаан хурмаст намайг хоёр мянган манцуурга занчаад доорд ертөнцөд цөлөн буулгав. Миний ариун сүнс төрөл олон хэмээн одоод санамсаргүй зам эндүүрэн эм Гахайн хэвлийд орж төрөөд ийм дүртэй болжээ, би эм Гахайг хазаж алаад бодонг сөнөөгөөд, энэ ууланд сууж хүнийг идэн амьдармуй. Санамсаргүй бодисадвад бурууг хийв, бодисадва ялыг хэлтрүүлэхийг гуймуу.” Бодисадва өгүүлрүүн: “Энэ уулын нэр юу хэмээмүй?” Шулам өчрүүн: “Буянт уул хэмээмүй, уулын дотор нэгэн агуй буй, тэр агуйн нэрийг давхар үүлт агуй хэмээмүй, урьд нэгэн ловон Эл Жияй хэмээгч хүүхэн энэ агуйд сууж, тэр миний цэргийн эрдмийг мэдээд, намайг хүчин хүргэнээр авч гэрийн эзэн болгов. Нэг жил болсонгүй тэр үхэж агуйд хураасан аливаа хөрөнгө цөм минийх болжээ. Энд сууж жил удаад амиа тэжээх юмгүй тул, өөрийн чадлаа гарган зам өнгөрөх хүнийг барьж идмүй. Бодисадвагийн аврахыг түмэнтээ хүсмүй.” Бодисадва өгүүлрүүн: “Эртний хүний өгүүлсэн нь “Сайнаар явсугай хэмээвээс муу үйлийг битгий үйлд” хэмээжээ. Чи тэнгэрийн оронд ял олоод өдгөө бас муу сэтгэлээ үл халан амьтныг хорлон хилэнц хийх нь давхар ял болсон биш үү?” Тэр шулам өгүүлрүүн: “Сайнаар яв, сайнаар яв, чи намайг хий намнатугай хэмээмүй? Эртний үгэнд өгүүлсэн нь “Ноёны ёсыг дагаваас бөгсгүй, номын ёсыг дагаваас амьгүй” хэмээжээ, одсугай, одсугай, замын хүнээс нэгэн тарганыг сонгож идэхэд хүрэхгүй, юуг бас энэ ял тэр ял, мянган хилэнц түмэн хилэнц хэмээмүй.” Бодисадва өгүүлрүүн: “Хүн сайныг эрмэлзвээс тэнгэр аяндаа ивээлмүй” хэмээжээ, чи хэрвээ дуртайяа үнэн мөрт орвоос өлсөж ундаасахаас зовсоны учир юун. Ертөнцөд таван тарианы үр буй, цөм идэж болох атал юунд эрхбиш хүнийг идэж амьдармуй?” Шулам үүнийг сонсоод зүүднээс сэрсэн мэт болж бодисадвагийн зүг ийн өгүүлрүүн: “Би үнэн мөрийг олсугай хэмээвэл, тэнгэрт ял олсон тул яаж даатгасан ч ямар тус буй?” Бодисадва өгүүлрүүн: “Би бурхны зарлигаар зүүн газраас ном залах хүнийг эрэхээр эчмүй. Чи түүнд шавь болоод баруун газар нэгэн удаа явж ирвээс гавьяагаар ялыг тайлаад зовлонгоос хэлтрэхийг би баталсугай.” Шулам баярлан дэвхэлж: “Дуртайяа дагамуй, дуртайяа дагамуй!” хэмээсэнд бодисадва сая мутраар түүний толгойг адислан сахил авуулж төрсөн төлөв шинжийг дагуулан Гахай хэмээх овог хайрлан номын нэрийг нь Зү Ү Нэн хэмээв. Үүнээс Гахай үнэн мөрт ороод бачиг барьж таван үнэртэн-ийг тэвчиж гурван амьтан-ы махыг цээрлэн нэгэн сэтгэлээр ном залах хүнийг хүлээв. 


Бодисадва, Мүз хоёул Гахайгаас салж, үүл хөлөглөн урагш одоход, гэнэт  огторгуйд нэгэн цагаан луу бархирахыг үзээд, бодисадва ойртон асууруун: “Чи ямар луу болж энд дэмий л зовмуй?” Тэр луу өчрүүн: “Би баруун далайн лусын хаан  Үү Жэний хөвгүүн бөлгөө, гал тавьж харш дахь гэгээн сувдыг түлсэн учир, эцэг ван тэрслэв хэмээн тэнгэрт айлтгаснаа, хаан хурмаст намайг огторгуйд дүүжлэн гурван зуу занчиж, удалгүй цаазаар аваачих тул бодисадвагийн аврахыг гуймуй” хэмээв. 


Хомсим бодисадва үүнийг сонсоод, Мүз лүгээ тэнгэрийн өмнө хаалганд хүрвээс Чиү, Жан хоёр эрхтэн хэдийнээ угтан ирж: “Хааш одмуй?” хэмээн асуусанд, бодисадва өгүүлрүүн: “Ядуу тойн хурмастад золгосугай хэмээмүй” хэмээв. Эрхтэн нар яаран мэдүүлсэнд хурмаст харшаас буун угтав. Бодисадва урагш давшин ёсолж өгүүлрүүн: “Ядуу тойн бурхны зарлигаар зүүн газар ном залах хүнийг эрэхээр эчих замд огторгуйгаас дүүжилсэн хилэнцэт лууг үзээд тусгайлан айлтгахаар ирэв. Хурмаст өршөөж түүний амийг хэлтрүүлэн тойн надад хайрлаваас би ном залах хүнд хүлэг болгосугай.” Хурмаст сонсоод уулчлах зарлиг буулган тэнгэрийн эрхтэнийг илгээн суллаад бодисадвад тушаан өгөв. Бодисадва хишигт мөргөн хойш эгсэнд, тэр бага луу амийг аварсан ачид мөргөн бодисадвагийн сургаалыг хүлээжээ. Бодисадва түүнийг гүн усанд хүргээд, ном залах хүн ирвээс, нэгэн бөх цагаан морь болж хувилгаад баруунш зорчин гавьяа байгуулахаар хүлээлгэв. Бага луу зарлигийг хүлээн усанд орж хүлээн суухыг өгүүлэхгүй.


Тэндээс бодисадва ивээл тойн Мүз дагуулан уулыг өнгөрөөд зүүнш явж байтал, гэнэт алтан гэрэл түмэн зурвас цацран бэлгэт уур давхар давхар туналзмуй. Мүз өгүүлрүүн: “Тэр гэрэл цацрах нь мөн таван махбодын  уул болой, тэнд түүнчлэн түүнчлэн ирсэн бурхны “Дарлагын тарни” буй.” Бодисадва өгүүлрүүн: “Тийн болохоор урьд өдөр өлзийт тоорын хуримыг үймүүлж, тэнгэрийг ордныг түйвээсэн тэнгэр лүгээ чацуу их богдыг дарсан газар буй за.” Мүз: “Мөн! Мөн!” хэмээгээд багш шавь хоёул ууланд гарч тэр тарнийг үзвээс: “Ум ма ни бад мэ хум” хэмээсэн зургаан үсгийн үнэн тарни амуй. Бодисадва шүүрс алдаж энэлэн ийн шүлэглэв:


        “Уяралтай болой тэр бичин ёсыг үл даган
        Урьд жил дэмий л балайран баатар чадалд эрдэв.
        Өлзийт тоорын хуримыг өөрийн санаагаар түйвээн,
        Үлэмж их зоригоор түшид ордны үрлийг хулгайлав.
        Түм буман тэнгэрийн цэрэг түүнийг дийлэн эс чадаад,
        Тэнгэрийн орноо тэнхээ гарган хувилгаан сүрийг дэгдээв.
        Бурхан Шигэмунид баригдан таван махбодын  уулнаа дарагдаад
        Бултран гарч аль цагт шидийг дахин гайхуулдаг бол!”


Багш шавь хоёул хараахан шүлэглэн атал, тэр их богд гэнэт сонсоод, уулны дотроос өндөр дуугаар: “Ямар хүн уулны дээр шүлэглэн миний ярыг малтмуй?” хэмээн бархирахад бодисадва уулнаас буун үзэхээр ирэхэд, их богдыг сахьсан тэдгээр уул усны навдаг савдаг ба эрхтэн нар цөм бодисадваг угтан мөргөж бичний дэргэд удирдан аваачив. Бодисадва үзвээс, үзвээс тэр чулууны завсар дарагдаад үг хэлж чадах боловч, бие нь хөдөлж болохгүй болжээ. Бодисадва өгүүлрүүн: “Сүн овогт, чи намайг танихгүй буюу?” хэмээсэнд, тэр их богд ал улаан алтан цэцгийт нүдээ нээн тэргүүн дохин их дуугаар дуудан өгүүлрүүн: “Би юунд үл танимуй, чи болбоос өмнөд далайн Будлан уулын эх хамаг амьтныг элдэв зовлонгоос гэтэлгэгч их нигүүлсэхүй бэлгэ билигт Хомсим бодисадва буюу. Эргэж үзэхээр ирсэнд талархнам! Би энд нэгэн өдрийг нэгэн жил мэт санан атал, намайг нэг ч танил хүн ирж үзсэнгүй, чи өдгөө хаанаас ирэв?” Бодисадва өгүүлрүүн: “Би бурхны зарлигаар зүүн газарт ном залах хүнийг эрэхээр одмуй, энэ газраар өнгөрөн тусгайлан чамайг үзэхээр ирэв.” Бичин өгүүлрүүн: “Шигэмуни намайг хуурч, энэ уулын доор дарсаар таван зуу илүү жил болж гарч эс чадав, бодисадва баахан тусыг үзүүлэн, өвгөн Сүн намайг аварму!” Бодисадва өгүүлрүүн: “Дамшиг чиний үйлдсэн хилэнц их тул чамайг би авран гаргаваас, чи бас муу үйл үүсгэвэл гэдрэг харин сайнгүй болмуй.” Бичин өгүүлрүүн: “Би өдгөө буруугаа мэдэв, их нигүүлсэхүй бодисадва надад нэгэн гэтлэх замыг олговоос, би дуртайяа тойн болсугай.” Энэ үнэхээр:


        Хүний сэтгэлд нэгэн сүсэг төрөгдвөөс
        Хөх тэнгэр хөрст газар цөм түүнийг толилмуй.
        Сайн мууд хариулал үгүй бөгөөс,
        Сахиулсан эрхтэн нарт лав гуяч буй.


Бодисадва түүний үгийг сонсоод их л баясан өгүүлрүүн: “Бурхны номд өгүүлсэн нь “Үг нь сайн сэтгэлээс үүсвээс, мянган газар алсаас нийлүүлмүй, үг нь муу санаанаас гарваас мянган газрын холоос зөрүүлмүй” хэмээжээ, чамд үнэхээр ийм сэтгэл буй аваас, би зүүн газрын их Тан улсад хүрч, ном залах хүнийг эрж олсон цагт түүгээр чамайг авруулсугай. Чи түүнд шавь болж сургаалыг даган миний номын үүднээ орж дахин үнэн мөрийг бясалгаваас ямар?” Бичин: “Дуртайяа дагамуй! Дуртайяа дагамуй!” хэмээв. Бодисадва өгүүлрүүн: “Чамд бодь хутаг буй тул, би нэгэн номын нэр өгсүгэй.” Бичин өгүүлрүүн: “Надад номын нэр буй, Сүн Ү Күн хэмээмүй.” Бодисадва мөн баясан өгүүлрүүн: “Саяхан бас хоёр хүн надад дагаж цөм Ү үсгээр дараалан нэр өгсөн бөлгөө, өдгөө чи бас Ү үсэг таарч тэдэн лүгээ нийцсэн тул маш сайн болов. Ийнхүү дахин додомдохыг байтугай, би одоо одмуй.” Бичин сахил аван чанарыг тэжээж шашны үүдэнд оров, бодисадва санаа тавин сэтгэл шуудан богд тойныг эрэхээр одов. 


Бодисадва Мүз лүгээ тэндээс гараад, зүүнш явж нэгэн өдөр Тан улсын нийслэл балгас Чан Ан хотноо хүрч ирээд, үүлээ хурааж багш шавь хоёул бадарч тойн болон хувилаад хотын дотор орж зээлээр явсаар дэмий удсангүй тэнгэр орой болсон тул нэгэн савдагийн сүмд орж эчив, тэр сүмийн савдаг эрхтэн нар бодисадваг таниад мэнд санд мөргөн угтаж оруулаад хотын бүгд савдаг навдаг эрхтэн нарт мэдүүлсэнд эл эзлэгч сахиулсан бүгдээр ирж бодисадваг бараадан мөргөж: “Угтахыг осолдсон ялыг уучилму.” хэмээсэнд бодисадва өгүүлрүүн: “Би бурхны зарлигаар энд ирж ном залах хүнийг эрмүй. Таны энэ сүмд түр хэдэн өдөр сууж үнэн тойныг олбоос даруй эгэх тул чимээ гаргаж болохгүй” хэмээв. Олон сахиулсан орон орондоо эгсэний хойно сүмийн савдагийг хотын савдагийн сүмд суулган, багш шавь хоёул үнэн дүрээ нууж суув. Чухам ямар нэгэн ном залагчийг эрж олохыг мэдэшгүй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй. 


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    6 цаг 46 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    8 цаг 33 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    9 цаг 59 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    10 цаг 2 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    10 цаг 6 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    10 цаг 49 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    11 цаг 21 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    11 цаг 25 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    11 цаг 25 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    11 цаг 59 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    13 цаг 8 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    13 цаг 19 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    13 цаг 24 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    13 цаг 46 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    14 цаг 3 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    14 цаг 29 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    14 цаг 57 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    15 цаг 21 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    15 цаг 22 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    15 цаг 37 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК