зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баруунш зорчсон үлгэр: Есдүгээр бүлэг

2017-11-16
0
ЖИРГЭХ

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ:


ЧЭН ГУАН ЖҮЙ ТУШААЛ ХҮЛЭЭХЭЭР МОРДОЖ ЗОВЛОНД УЧРАВ
МӨРНӨӨ УРСАГЧ ТОЙН ӨШӨӨГӨӨ АВЧ АЧИЙГ ХАРИУЛАВ


Өгүүлэх нь, их Тан улсын Чан Ан балгасан хэмээгч, үе улиран эзэд хаадын тулгар төр байгуулсан орон бөлгөө. Жоү, Чин, Хан улсаас нааш гурван хойгийн цэцэг навч таж магнаг мэт мяралзан дэлгэрээд, найман ус нь хотыг тойрон ивэлзэн урсчээ. Үнэхээр түмэн үзэмж төгс бүрдсэн ялгуусан орон болой. Тэр үед их Тан улсын Тайзун хаан, хараахан хаан сууринд сууж, он тооллыг Жэн Хуан хэмээн халж нэгэнт арван гурван жил болжээ. Энэ жил чив хэмээн шарагчин могой жил тул, дэлхий дахин амар түвшин дөрвөн этгээдийн олон улс цөм түшмэл болон дагаж, найман зовхисоос алба барьжээ. Нэгэн  өдөр Тайзун хаан харшид залран бичиг цэргийн зуун түшмэлийг цуглуулж, барааллын ёсыг гүйцэтгэсний хойно, Вэй Жэн хэмээх нэгэн сайд зэргээс давшин эзэнд ийн айлтгаруун: “Өдгөө дэлхий дахин нэгэнт амгалан болсон тул, эртний журмыг дагаж, Мөчлөгийн хороог байгуулан эрдэмтнийг элсэн мэргэдийг хэрэглэж, эртний ёсыг сэргээвээс зохимуй” хэмээсэнд Тайзун хаан: “Мэргэн сайдын үг мөн болой” хэмээгээд эрдэмтнийг элсэх зарлиг бичиг буулгаж дэлхий дахинаа тунхаглав. Тэр бичигт өгүүлсэн нь:

 

“Эл Фу, Жоу, Сяний цэрэг ард хэмээн ялгалгүйгээр, гагцхүү утга бичигт мэргэшин гурван шалгалтанд нэвтрэгсэд нь болзоо ёсоор Чан Ан балгаснаа ирж шалгуултугай” хэмээжээ.


Энэхүү тунхаг бичиг нь Хай Жоу газраа хүрч ирсэнд, овог Чэн, нэр Э, өргөсөн цол Гуан Жүй хэмээгч нэгэн хүн тунхагийг үзээд гэртээ харьж эх Жан Шид өгүүлрүүн: “Өдгөө эзэн хаан шар тунхаг зарлаж эргэн сайдын яамнаа эрдэмтнийг элсэх тул, хөвгүүн би Мөчлөгт одсугай хэмээмүй. Хэрвээ бага сага хэргэм зэргийг олбоос, үүд өрхөө гэрэлтүүлэн өвөг дээдсийн нэр алдрыг мандуулж, эхнэр хүүхэдтэй болж болох тул, хөвгүүн би хатуу зоригийг барин эчсүгэй хэмээмүй. Тийнхүү эхэд тухайлан мэдэгдсүгэй” хэмээв. Эх нь өгүүлрүүн: “Чи болбоос нэгэн бичгийн хүн тул “Бага насанд эрдмийг сурч, идэр насанд үйлийг бөтөгмүй” хэмээх үгийг дагаж эчтүгэй. Гагцхүү аян замд сайтар хичээн хэргэм зэрэг олбоос эртхэн ирэгтүн” хэмээв. Гуан Жүй, гэрийн ардыг захиж замын хэрэгслийг бэлтгүүлж, эхэд салах ёсыг гүйцэтгэн Чан Аны зүг мордов. Гуан Жүй, Чан Ан балгасанд хүрсэнд чив хэмээн Мөчлөг эхэлсэн тул шалгалганд орж сонгогдов. Төрийн гурван Мөчлөгийг өнгөрсний хойно, Тан хаан өөрийн гараар эрхэм шилдгийн сайшаалыг шагнаж, морь унуулан зээлээр гурван өдөр тойруулав.


Чинсан Ейн Кай Шанд нэгэн охин буй, нэр нь Вэн Жиюү хэмээж, бас Ман Тан Жиюү хэмээн дууджээ. Тэр охин ураглаагүй тул цэцэгт тагт засаж өнгөт бөмбөг орхин хүргэн элсэх ажгуу. Тэр өдөр Гуан Жүй чив хэмээн Чинсаны үүдээр өнгөрөн гарах тохиолдсон тул, Сьюй Жиэг үзвээс Чэн Гуан Жүйн төрсөн байдал нь түмнээс хэтэрхий тул шинэ шалгагдсан эрхэм шилдэг мөнийг мэдэж, дотроо алсхийн баярлаж, заяаны бөмбөгийг нэгэнтээ таягдсанд төвхийтэл Гуан Жүйгийн тэргүүн оногдож малгай далжийв. Гэнэт нэгэн зэрэг бялар бишгүүрийн нарийн хөгжим эгшиглэж, арван хэдэн зарц эхнэр асраас буун ирээд, Гуан Жүйгийн морины жолооноос татаж Чинсаны ордонд аван орж ураглав. Чинсан, гэргий лүгээ их гэрээс гарч зочдыг урин ёслолд Шиюү Жиеийг Гуан Жүйд холбон тэнгэр газарт мөргүүлээд эр эм харилцан ёслон барсны хойно, хадам эцэг эхэд мөргөв. Чинсан дарсан ширээ бэлтгүүлж, шөнө дуусан архи уулцаж, хүргэн хүүхэн гар гараа хөтлөлцөн цэцэгт өрөөнд оров. 


Дэд өглөөний таван жингийн үед, Тайзун хаан алтан харшид заларч, бичиг цэргийн зуун түшмэл бараалалд хурсны хойно, Тайзун хаан зарлиг болруун: “Шинэ орсон эрхэм шилдэг Чэн Гуан Жүйд ямар тушаал өгөв?” хэмээсэнд, Чинсан Вэй Жэн айлтгаруун: “Сайд би хувины харьяатад Эл Жоу, Жиюүг байцааваас, Жан Жоугийн түшмэл дутжээ. Эзэн түүнд энэ тушаалыг хайрлаваас болмуй” хэмээсэнд, Тайзун хаанүгийг дагаж Жан Жоугийн эзний тушаалыг хайрлаж болзсон өдрөөс саатаж болохгүй түргэн морд хэмээв. Гуан Жүй эзний хишигт мөргөж, барааллаас ухран гарч Чинсаны ордноо ирээд эхнэр лүгээ нэгэн зэрэг зөвлөж, хадам эцэг эх лүгээ салах ёсыг хийж эхнэрээ авч Жан Жоугийн газраа мордов. 


Гуан Жүй, Чан Ан балгаснаас салахад хараахан хаврын сүүл сар тул урьхан жавар унжгар удыг үлээж, зөөлөн хур улаан цэцгийг ундалмуй. Гуан Жүй зам зуураа гэрээрээ дайрч, эр эм хоёул хөгшин эхэд мөргөн золгов. Эх нь: “Миний хөвгүүн бэр буулган авчирсан нь их баяр болой” хэмээсэнд Гуан Жүй өгүүлрүүн: “Хөвгүүн би эхийн их буянд шүтэж, эрхэм шилдэгт оногдсонд эзэн надад хишиг хайрлан гурван өдөр зээл тойруулав. Нэгэн өдөр Ейн Чинсаны  үүдээр өнгөрөхүйеэ  чив хэмээн заяаны бөмбөгнөө оногдож, Чинсан намайг хайрлан охиноо өгч хүргэн болгов. Эзэн хаан, намайг өршөөж Жан Жоугийн эзэн болгосон тул, эхийг залж хамтаар тушаалд одсугай.” Эх нь тэсгэлгүй баярлаж, юм хумаа багцлан мордоод хэдэн өдөр явсангүй Ван Хуа даяаны Льюй  Шиюү Элийн гэр хонов. Эх Жан Ши нь гэнэт бие хариугүй болж, хөвгүүн Гуан Жүйгийн зүг ийн өгүүлрүүн: “Миний бие хариугүй тул, энэ даяанд хэдэн өдөр биеийг сувилж дахин одсугай” Гуан Жүй үгийг дагав. Маргааш өглөө үүдний гадна нэгэн хүн алтан хайрст мөрөг загасыг дүүжилж худалдмуй хэмээн хашхирахад, Гуан Жүй нэгэн хэлхээ зоос өгч худалдан аваад эхэд шөл уулгасугай хэмээвэл, тэр загас харин нүдээ бүлтийлгэн дэмий л цавчихыг үзээд их л гайхаж: “Бусдаас сонсвоос загас могой зэргийн амьтан нь нүдээ цавчваас ерийн юм бус хэмээсэн бөлгөө” хэмээн сэтгээд, тэр загасчнаас: “Энэ загасыг хаанаас барьсан буй?” хэмээн асуусанд, загасчин: “Фугийн яамнаас арван таван газар хол байх Хүн Жян мөрнөөс барив” хэмээсэнд, Гуан Жүй өөрийн биеэр Хүн Жян мөрөнд хүрч тэр загасыг тавиад даяанд эгэж эхдээ энэ учрыг хэлсэнд, эх нь: “Амьтныг аварсан нь маш сайн, би их л баярламуй” хэмээв. Гуан Жүй өгүүлрүүн: “Бид энд гурван өдөр болов, хааны зарлиг хатуу тул, маргааш мордсугай хэмээмүй, эхийн бие болох ба үгүйг эс мэдмүй?” Эх Ши Жан өгүүлрүүн: “Миний бие амаргүй, тэнгэр мөн бүгчим халуун тул зам гудаст өвчин хүндрэхээс эмээмүй. Чи нэгэн гэр хөлслөн авч намайг түр суулгаж, хүнс мөнгө баахан үлдээж, та хоёр урьдаар яваад намрын сэрүүн орсны сүүлээр намайг аваачтугай” хэмээв. Гуан Жүй, эхнэр лүгээгээ зөвдөж, гэр хөлслөн эхээ суулгаж, хүнсний мөнгө үлдээн, эр эм хоёул эхэд салах ёсыг гүйцэтгэн эчив.


Зам гудаст бие их л зүдэрч, өдөр яван шөнө хоноглож, удалгүй Хүн Жян мөрний оломд хүрч үзвээс, хөлөгчин Льюй  Хүн, Ли Биюү хоёул хэдийнээ онгоцыг сэлэн мөрний эрэгт угтан авав. Энэ нь мөн ч Гуан Жүйгийн урьд төрөлд тавьсан үйл тул, энэ хоёр хулгайд тохиолджээ. Гуан Жүй гэрийн ардаар ор дэвсгэрээ онгоцон дээр гаргалгаж, эр эм хоёул хамтаар онгоцноо гарсанд, Льюй  Хүн нүд өргөн Ейн Сьюй Жиэг үзвээс нүүр нь тэргэл саран мэт, нүд нь намрын усан адил, интоорын уруул ногоон удын зөөлөн нуруу, үнэхээр загасыг тунгааж, галууг гасалган, сарыг гутаан, цэцгийг ичээх зүс буй, тэр гэнэт чонын сэтгэл үүсэж, Ли Биюу лугаа хэлэлцэн, онгоцоо хүнгүй газар сэлэн, шөнийн гурван жингийн үед, урьдаар дагасан ардыг алан, дараагаар Гуан Жүйг занчин алж, хүүрийг усанд түлхэн оруулав. Сьюй Жиэ, эрээ алагдсаныг үзээд, усанд харайн үхсүгэй гэтэл, Льюй  Хүн түүнийг чив хийтэл тэврэн авч: “Чи миний аяыг дагаваас түмэн хэрэг төгсмүй! Хэрвээ эс дагаваас энэ илдээр хоёр анги болгон цавчмуй!” хэмээсэнд, хатан хэрхэн бодовч аргагүй тул, түр хүлээн авч Льюй Хүнгийн санааг дагав. Тэр хулгай онгоцыг сэлэн өмнө эрэг дээр гарч Ли Биюуд тушаагаад, өөрөө Гуан Жүйгийн дээл малгайг өмсөж, түшмэлийн тамгат бичгийг авч, Сьюй Жиэ лүгээ хамт Жан Жоу хотод тушаал хүлээхээр одов. Өгүүлэх нь, Льюй  Хүнд алагдсан гэрийн ардын хүүр усыг даган урсан явав. Ганц Гуан Жүйгийн хүүр усны ёроолд тунав. Хүн Жян мөрний цагдагч ягчас түүнийг үзээд лусын хаанд айлтгахаар ортол, лусын хаан харшид ажээ. Ягчис айлтгаруун: “Ямар хүн алсныг мэдэхгүй, нэгэн бичгийн хүний хүүрийг Хүн Жян мөрөнд орхижээ” хэмээсэнд, лусын хаан, тэр хүүрийг дамнуулан авчирч өмнөө тавин, нарийвчлан үзээд ийн өгүүлрүүн: “Энэ хүн даруй миний амийг аварсан ачит хүн бөлгөө, энэ хэрхэн бусдад хорлогдсон буй? Энгийн үгэнд “Ачийг нь ачаар хариулсу” хэмээжээ. Энэ өдөр эрхбиш үүний амийг аварч, урьд өдрийн ачид нийлүүлсүгэй” хэмээгээд Хүн Жоу хотын сахиусан, газар усны навдаг савдагт нэгэн хуудас бичиг илгээж, сүнсийг авчран амь оруулахаар ягчсыг зарав. Хотын сахиусан, газар усны навдаг савдаг, бага чөтгөрийг дуудан Гуан Жүйгийн сүнсийг авчруулж ягчист тушаав. Ягчис сүнсийг хураан авч болор ордноо эгэж лусын хаанд мэдүүлэв


Лусын хаан асууруун: “Оюутан чи ямар газрын хүн, овог юун нэр хэн, юуны учир энд ирж хүнд алагдав?” Гуан Жүй ёслон өгүүлрүүн: “Бага сурагчийн нэр нь Чэн Э хэмээмүй, өргөсөн нэр Гуан Жүй, Хай Жоу газрын Хун Нүн Сяний хүн бөлгөө, Мөчлөгт орж хишгээр эрхэм шилдэгт оногдож, Жан Жоугийн эзэн болж эхнэрийн хамт тушаалд одоод, мөрний хөвөөнөө онгоцонд гарахуйяа, санамсаргүй хөлөгчин Льюй  Хүн миний эхнэрийг тоож булаан авсугай хэмээн намайг занчин алаад хүүрийг мөрнөө орхив. Их ванг гуйх нь, миний амийг аврах болов уу?” хэмээв. Лусын хаан үгийг сонсож өгүүлрүүн: “Харин тийм асан ажгуу. Авгай чиний урьд өдрийн тавьсан алтан хайрст мөрөг загас даруй би мөн болой. Чи болбоос миний амийг аварсан ачит хүн бөлгөө, өдгөө чи зовлонд учирсанд аймшиггүй үл туслах ёсон буюу?” хэмээгээд Гуан Жүйгийн аманд алтан үрэл үмхүүлэн хожим амь оруулан өшөөг авахуулахаар нэгэн тийш тавив. Лусын хаан: “Чи түр миний болор ордны хотыг захирах түшмэл болтугай” хэмээсэнд Гуан Жүй мөргөн ёслов. Лусын хаан хурим бэлтгэн найралдахыг өгүүлэхгүй.


Өгүүлэх нь, тэр Сьюй Жиэ, Льюй  Хүнд үхэн хорсон чадваас махыг нь идэн, арьсыг нь өвчсүгэй хэмээвч, ганц бие нь жирэмсэн бөгөөд бас хөвгүүн ба охиныг мэдэхгүй тул түмэн зэрэг түвдэж, түр түүний аяыг дагав. Удсангүй Жан жоуд хүрснээ, яамны их бага олон түшмэл угтан авч танхимд хуримын ширээ засаж хараахан хэлэлцэхэд, Льюй  Хүн: “Сурагч би энд ирсэн нь цөм та олны хүчлэн туслахад итгэжээ” хэмээсэнд харьяат түшмэд хариу өгүүлрүүн: “Эргэн ноёны эрдэм бодлого үлэмж тул, түмэн ардыг өөрийн хөвгүүн мэт үзэж, хэрэг зарга тодорхой болохыг бид бүгдээр итгэж буй атал, юунд ийн хэтэрхий хөнгөмсөглөмүй?” хэмээн хурим тархаж олон хүмүүс тус тусын ордноо эгэв.


Өдөр сар өнгөрөх нь өдөт сумнаас түргэн тул, нэгэн өдөр Льюй  Хүн албан хэргээр хол мордсонд Сьюй Жиэ яаманд сууж хадам эх ба эр нөхрөө санагалзан цэцгийн танхимд урт шүүрсийг алдан атал, гэнэт бие сулран гэдэс өвдөж газар унаад санамсаргүй нэгэн хөвгүүн хөнгөжжээ. Энэ үед нэгэн хүн дэргэд нь ирж ийн сурган өгүүлрүүн: “Ман Тан Сиюү чи миний сургахыг сонс, би болбоос өмнө Ударасад мөн, Хомсим бодисадвагийн зарлигаар тухайлан энэ хөвгүүнийг чамд хүргэж ирэв. Хойш өдөр нэр алдар мандах тул хөнгөлж үл болмуй. Хэрвээ Льюй Хүн мэдвээс лав алмуй. Чи сайтар сэтгэл тавин хамгаалагтун. Чиний эрийг лусын хаан аврав. Хойш өдөр эрхгүй эр эм учралдан, эх хөвгүүн золгож өшөөгөө авч хилсээ цагаатгах өдөр буй. Миний үгийг сайтар цээжил. Түргэн сэрэгтүн” хэмээн өгүүлмэгц үзэгдэхгүй болов. Сьюй Жиэ сэрж үг бүрийг өрц цээжнээ тогтоогоод хөвгүүнээ тэврэн хэрхэхээ олохгүй байтал, Льюй  Хүн гэнэт буцан ирээд, хөвгүүнийг алсугай хэмээхэд, Сьюй Жиэ өгүүлрүүн: “Энэ өдөр тэнгэр орой болов, маргааш болохыг хүлээж мөрөнд орхисугай” хэмээв. Дэд өглөө Льюй  Хүн бас албан хэргээр гадагш гарсанд Сьюй Жиэ дотроо: “Энэ хөвгүүн хэрвээ хулгайн буцаж ирэхийг хүлээвээс амь нас нь барагдах болой, эртхэн завдаж мөрөнд орхиж, үхэх эдгэх нь заяагаар болтугай, хэрвээ дээд тэнгэр өршөөн нигүүлсэж хүнд олгон хөвгүүн болгон тэжээлгэвээс, хойш өдөр дахин учирч болмуй” хэмээн санавч, ганц хожим танихад бэрх тул даруй хуруугаа хазан нэгэн хуудас цусан бичиг бичиж эцэг эхийн овог нэр, учир явдлыг эх адгийг нарийн тодорхой тэмдэглээд, бас хөвгүүний зүүн хөлийн чигчий хурууг тас хазаж тэмдэг болгон, биед өмссөн дотор хувцсаа тайлан авч хөвгүүнээ баглаж, хүнгүй чөлөөнөө яамнаас тэврэн гарав. Тэр мөрөн нь албан яамнаас холгүй тул Сьюй Жиэ хэдийнээ хүрч нэгэн зэрэг их л уйлаад, сая мөрөнд орхисугай хэмээтэл, гэнэт мөрний эрэг дагуу нэгэн хэсэг хавтас дэгдэн ирэхийг үзээд Сьюй Жиэ даруй тэнгэрийн зүг залбиран хөвгүүнээ тэр хавтасны дээр тавьж бүсээр даруулан уяад цусан бичгийг хавчуулж, мөрний дотор түлхэн оруулав. Сьюй Жиэ нулимсыг унаган яаманд эгснийг өгүүлэхгүй.


Өгүүлэх нь, тэр хөвгүүн урсгалыг даган хөвсөөр Алтан уулын сүм хэмээх хийдийн дэргэд хүрч зогсов. Тэр сүмд нэгэн хувилгаан шидийг олсон Фа Мин хэмээх тойн амуй. Тэр тойн даяанд сууж атал сонорт нь нялх хүүхдийн уйлах дуун сонстон нэгэнт зүрх долгисоход мэндэн сандан мөрний хөвөөнөө хүрч үзвээс эргийн доорх модон хавтсан дээр нэгэн нялх хүүхэд байхыг үзээд, яаран авран гаргаад энгэр дэх цусан бичгийг үзэж учрыг мэдэв. Түүнд Мөрнөө урсагч хэмээх нэр өгч хүнийг гуйж тэжээлгэн, цусан бичгийг далд гадаалав. Өдөр сарын өнгөрөх нь маш түргэн тул Мөрнөө урсагч хөвгүүн арван найман настай болов. Тойн нь түүний үсийг тойлж, номын нэрийг Шуан Зан хэмээн нэрийдэж, тэргүүнийг илбэн сахил өгч, ном сургав.


Хаврын сүүлчийн нэгэн өдөр, олон хүмүүс хамтаар нарсан модны сүүдэрт суун ном хэлэлцэн даяаныг шүүмжлэн гүн далдыг өгүүлэлдэн байтал, нэгэн архи маханд шунасан тойн нь Шуан Занд чойрваа булаалдан гартагдаад, их л уурлан хараан өгүүлрүүн: “Чиний энэ нүгэлт амьтан, овог нэрээ ч мэдэхгүй, эцэг эхээ ч танихгүй атал, энд бас дэмий аашилмуй?” Шуан Зан түүнд ийнхүү хараагдаад сүмд орон багшийн өмнө сөгдөн хоёр нүднээсээ нулимс унаган өгүүлрүүн: “Хүн, тэнгэр газрын хооронд төрөх нь арга билиг хослож, эцэг эхийн шимээр таван махбод бүтмүй хэмээжээ, хүн бөгөөтөл юунд эцэг эхгүй буй?” хэмээн эцэг эхийн нэр овгийг сонсохыг дахин дахин гуйсанд багш нь: “Чи үнэхээр эцэг эхээ эрсүгэй хэмээвээс намайг дагаж дотоод гэрт ирэгтүн!” хэмээсэнд Шуан Зан дотоод гэрт даган оров. Тэр тойн гэрийн гол нурууны дээрээс нэгэн бяцхан хайрцаг авч, дотроос нэгэн хуудас цусан бичиг, нэгэн зах дотор өмсөх хувцсыг гаргаж Шуан Занд өгөв, Шуан Зан цусан бичгийг нээн уншаад эцэг эхийн овог нэр ба өшөө хорслоо бүрэн олж мэдэв.


Шуан Зан уншиж бараад уйлсаар хөсөр сөгдөж өгүүлрүүн: “Эцэг эхийн өшөөг хариулан чадахгүй болбоос яахан хүн хэмээн ертөнцөд явмуй. Төрсөн эцэг эхээ танихгүй арван найман жил болж, энэ өдөр сая эх бас амьд байхыг мэдэв. Багш намайг хураан авч тэжээн асарсангүй болбоос надад хэрхэн энэ өдөр буй? Шавь би одож эхээ эрэн учирсны хойно тэргүүнээр гүлсийг өргөн сүм дуганыг дахин шинэтгэн багшийн их ачийг хариулсугай” хэмээсэнд, багш нь өгүүлрүүн: “Чи эхээ эрсүгэй хэмээвээс, энэ цусан бичиг хийгээд дотор өмсөх хувцсыг авч бадар эрэн шууд Жан жоугийн дотоод яаманд орвоос, сая эх лүгээгээ учирч чадмуй” хэмээв.


Шуан Зан багшийн захиаг дагаж, бадарчин тойны янзаар чимж, шууд Жан жоуг чиглэв. Энэ үес чив хэмээн Льюй  Хүнгийн гадагш гарсан тохиолдсон нь мөнхүү тэнгэр тэр эх хөвгүүн хоёрыг учруулах санаа ажгуу. Шуан Жан Шоуд яамны ордны үүдэнд ирж бадир эрэв. Тэр Ейн Сьюй Жиэ харин энэ шөнө хэлтгий саран дүүрэн болов хэмээн зүүдлээд, сэмээр дотроо сэтгэрүүн: “Миний хадам эх байх ба үгүйг мэдэхгүй, миний эр хулгайд алагдав. Хөвгүүнээ мөрөнд орхив, хэрвээ хүн олж тэжээсэн бөгөөс, өдгөө бодвол арван найм насалжээ. Энэ өдөр тэнгэр надад учруулах мөн болзошгүй” хэмээн хараахан бодохын зуур гэнэт чагнаваас дотоод яамны өмнө нэгэн хүн ном уншин бадар эрэх дуун гармуй, Сьюй Жиэ мөн дашрамд гарч ирэн асууруун: “Чи хаанаас ирэв?” хэмээсэнд, Шуан Зан хариу өчрүүн: “Ядуу хувраг даруй Алтан уулын сүмийн өвгөн тойн Фа Мингийн шавь болой.” Сьюй Жиэ өгүүлрүүн: “Чи, Алтан уулын сүмийн өвгөн тойны шавь мөн болбоос дотогш буугтун” хэмээж, гэрт оруулан Шуан Занд цав барив. Энэ завсар түүний хөдлөх барих зан аалийг сайтар нарийвчлан ажиглаваас эр лүгээ эгээ адил тул Сьюй Жиэ шивэгчин охидыг зайлуулан ийн асууруун: “Чиний энэ бяцхан хувраг хар багаасаа гэрээсээ гарсан буюу? Эсвэл их болоод гарав уу? Овог юун нэр хэн буй? эцэг эх чинь баймуй юу?” хэмээсэнд, Шуан Зан өчрүүн: “Би хар багаасаа гэрээс гарсан ч бус хараахан их болоод гарсан ч бус, өгүүлбээс миний хорсол тэнгэр мэт их, өшөө нь далай адил гүн. Миний эцэг хүнд алагдаж, миний эх хулгайд эзлэгджээ. Миний багш Фа Мин намайг Жан жоугийн яамны дотоод ордноос эхээ эрэгтүн хэмээв.” Сьюй Жиэ асууруун: “Чиний эхийн овог юун?” Шуан Зан өчрүүн: “Миний эхийн овог Ейн, нэр нь Вэн Жиюү хэмээмүй, миний эцгийн овог Чэн, нэр нь Гуан Жүй хэмээмүй. Миний багын нэр Мөрнөө урсагч, номын нэр нь Шуан Зан хэмээмүй.” Сьюй Жиэ өгүүлрүүн: “Вэн Жиюү хэмээгч би мөн болой, ганц чамд ямар гэрч буй?” Шуан Зан эхээ таньж өвдөг сөгдөн их л уйлан өгүүлрүүн: “Эх хэрвээ үл итгэвээс энэ цусан бичиг, дотор өмсөх хувцсаар гэрч болгосугай” хэмээв. Вэн Жиюү бичгийг авч үзвээс үнэн тул эх хөвгүүн тэврэлдэн нэгэн зэрэг уйлаад: “Миний хөвгүүн түргэн явагтун!” хэмээсэнд, Шуан Зан өгүүлрүүн: “Арван найман жил болтол төрсөн эцэг эхээ таньсангүй, энэ өглөө сая эхэд олж золгоход хөвгүүн намайг юунд явтугай хэмээмүй?” Сьюй Жиэ өгүүлрүүн: “Миний хөвгүүн чи түргэн эндээс бие сугаран одтугай, Льюй  хулгай эргэж ирвээс, тэр эрхбиш чиний амийг хорломуй. Би маргааш өвчнөөр овлон, багын цагт зуун хуврагийн шаахай хэлхэж өргөмүй хэмээн амлав хэмээн хэлж, таны сүмд одож амласнаа гүйцэтгэмүй. Тэр үед чамд хэлэх үг буй” Шуан Зан сая үгийг дагаж мөргөн салав.


Өгүүлэх нь, тэр Сьюй Жиэ хөвгүүн лүгээ учирснаас хойш сэтгэлийн дотор баярлах бөгөөд бас зовнимуй, нэгэн өдөр өвчнөөр шалтаглан цай хоолноос гарч хэвтлэгт оров. Льюй  Хүн, яаманд буцан ирж учрыг асууваас Сьюй Жиэ өгүүлрүүн: “Би багын цагт амласан нь, зуун зүйрээ шаахай хэлхэж тойнд өргөсүгэй хэмээсэн бөлгөө. Таван өдрийн өмнө нэгэн тойн нь гарт хурц мэс барин, шаахайгаа авахаар ирэв хэмээн зүүдэлснээс хойш бие эвгүй болов.” Льюй Хүн өгүүлрүүн: “Энэ зэргийн өчүүхэн учрыг юунд эрт үл өгүүлмүй?” хэмээж даруй яаманд гарч, Зан, Ли зэргийн түшмэлд зарлиг буулган Жан жоу хотын доторх зуун овогтноос өрх бүр нэгэн зүйрээ тойны шаахай авахаар тулгаж, таван өдрийн дотор гүйцэтгэн барьтугай хэмээв.


Зуун овогтон тоо ёсоор тушаасны хойно, Сьюй Жиэ, Льюй  Хүнгийн зүг өгүүлрүүн: “Тойны шаахай хэлхэж төгсөв. Энэ газар ямар сүм хийд буй? би одож амласнаа гүйцэтгэсүгэй.” Льюй  Хүн өгүүлрүүн: “Энэ Жан жоугийн хязгаарт Алтан уулын сүм, Адарга уулын сүм хэмээх хоёр сүм буй, алинд одохыг чи өөрийн дураар болтугай” хэмээв. Сьюй Жиэ: “Хэдийн сонссон нь Алтан уулын сүмийг сайн хийд хэмээжээ, би тэр сүмд одсугай” хэмээсэнд Льюй  Хүн, Зан, Ли хоёр харьяат түшмэлийг дуудан онгоц бэлтгүүлсэнд, Сьюй Жиэ сэтгэл зүрх мэт шивэгчин охидоо дагуулж, онгоцонд гарч Алтан уулын сүмийн зүг ирэв.


Өгүүлэх нь, Шуан Зан сүмд буцаад багш Фа Минд золгож, урьдах учрыг нэгэн зэрэг хэлсэнд тэр багш маш баярлав. Дараа өдөр нэгэн шивэгчин урьдаар ирэн: “Хатан сүмд ирж амласнаа гүйцэтгэмүй” хэмээсэнд, олон тойд цөм сүмийн гадна гарч угтав. Сьюй Жиэ шууд сүмийн үүдээр орж бурханд мөргөөд тахил хүж өргөн, шивэгчин охидыг дуудаж тойны шаахай оймсыг тавагт тавин дуганы дотор орж, нэгэн багц сэтгэлийн хүжийг асааж мөргөөд шаахай оймсоо багш Фа Минд өгч олон тойдод түгээлгэв. Шуан Зан үзвээс олон тойд цөм тархаад, дуганы дотор өөр хүнгүй болсонд урагш давшин эхийн өмнө сөгдсөнд, Сьюй Жиэ түүний шаахай оймсыг тайлаад үзвээс зүүн хөлийн чигчий хуруу дутуу байв, тэр даруй эх хөвгүүн хоёул бас нэгэн удаа тэврэлдэн уйлж, багшийн тэжээн хүмүүжүүлсэн ачид мөргөн ёсолсонд тэр Фа Мин өгүүлрүүн: “Өдгөө та эх хөвгүүн энд учирсныг хулгай Льюй  Хүн мэдүүзэй, түргэн эргэж зовлонгоос хэлтэрсүгэй” хэмээв. Сьюй Жиэ өгүүлрүүн: “Хөвгүүн, би чамд нэгэн заарт гархи өгсүгэй чи шууд яван Хүн Жоугийн баруун хойд хязгаарт хүрэгтүн, бараг мянга таван зуун газрын зам буй, тэнд Ван Хуа даяан хэмээх нэгэн даяан буй. Тэр үед чиний эмгийг тэнд үлдээсэн бөлгөө. Тэр болбоос чиний эцгийн төрсөн эх болой. Би бас нэгэн хуудас бичиг бичиж чамд өгсүгэй. Чи энэ бичгийг авч шууд Тан хааны нийслэл хотод хүрч ордны зүүн хажуугийн Ейн Кай Шан Чинсаны гэрт хүргэгтүн, тэр нь миний төрсөн эцэг мөн. Чи миний бичгийг нагац өвөгтөө барьж, түүгээр Тан хаанд айлтган цэрэг морь хөдөлгөж энэ хулгайг барьж албаас чи сая эцгийнхээ өшөөг авч эхээ авран чадмуй. Би энд удаан байж болохгүй, хулгай намайг удав хэмээн сэжиглэхээс болгоомжилмуй” хэмээгээд даруй сүмээс гарч онгоцонд суун одов.


Шуан Зан уйлсаар сүмдээ буцаж, багшид чөлөө айлтган салах ёсыг хийж шууд Хүн Жоуд хүрч Ван Хуа даяаны эзэн Льюй Шьюй Элээс асууруун: “Жан жоугийн Чэн овогт зочны эх эрт өдөр чиний даяанд сууж асан бөлгөө. Өдгөө баймуй юу?” Льюй  Шиюү Эл өгүүлрүүн: “Тэр угтаа миний даяанд сууж байв. Хожим нүд нь муудаад гурав дөрвөн жил болтол даяаны зоосыг ч өгсөнгүй, өдгөө өмнө хаалганы гаднах нэгэн эвдэрхий уурхайд сууж, өдөр бүр зээл тойрон гуйранчлан амьдармуй. Тэр зочин яваад маш удав, өдгөө болтол чимээ сураггүй, юу болсныг үл мэдмүй” хэмээв. Шуан Зан үүнийг сонсон өмнө хаалганы гаднах эвдэрхий уурхайг асуун, эмэг эхээ эрэн хүрсэнд эмгэн өгүүлрүүн: “Чиний дуун миний хөвгүүн Чэн Гуан Жүйгийн дуун лугаа ав адил.” Шуан Зан өгүүлрүүн: “Би Чэн Гуан Жүй бус, Чэн Гуан Жүйгийн хөвгүүн мөн. Вэн Жиюү болбоос миний эх болой.” Эмгэн өгүүлрүүн: “Чиний эцэг эх юунд ирэхгүй буй?” Шуан Зан өгүүлрүүн: “Миний эцэг дээрэмд алагдав, миний эхийг дээрэм дарлан эхнэрээ болгожээ.” Эмгэн өгүүлрүүн: “Чи яахан мэдэж намайг эрэн ирсэн буй?” Шуан Зан өгүүлрүүн: “Миний эх намайг заран эмэг эхийг эрүүлэхээр ирүүлэв. Миний эхийн гарын бичиг энд буй, заарт гархи энд буй” хэмээв. Эмгэн бичиг ба гархийг тосон авч дуу тавин уйлж өгүүлрүүн: “Миний хөвгүүн гавьяа нэрийн тул ийм болсон аж. Би ганц түүнийг эхээ умартав хэмээн санасан бөлгөө, түүнийг хүнд алагдсаныг яахан мэдэх аж, гэтэл тэнгэр өршөөж миний хөвгүүний үрийг үл таслан, энэ өдөр харин ач хөвгүүн намайг эрэхээр ирэв.” Шуан Зан өгүүлрүүн: “Эмгийн нүд яагаад харан болов?” Эмгэн өгүүлрүүн: “Би, чиний эцгийг өдөр бүр санан мөрөөдөж түүний ирэхгүйд уйлсаар хоёр нүд цөм харан сохор болжээ.” Шуан Зан хөсөр сөгдөж тэнгэр өөд залбиран өгүүлрүүн: “Шуан Зан би арван найм насалтал эцэг эхийн өшөөг авч чадаагүй, энэ өдөр эхийн захиагаар эмэг эхээ эрэхээр ирлээ, тэнгэр үнэхээр миний энэ үнэн сэтгэлийг мэдвээс, миний эмэг эхийн хоёр нүдийг дахин гэгээрүүлэх болов уу?” хэмээн даатган бараад, даруй хэлний үзүүрээр эмэг эхийн нүдийг долоосонд удсангүй хоёр нүд нь нээгээд угийн хэвээр болжээ. Эмгэн бяцхан тойныг лавлан үзээд өгүүлрүүн: “Чи үнэхээр миний ач хөвгүүн мөн, яг миний хөвгүүн Гуан Жүй лүгээ нэгэн адил” хэмээгээд баярлах бөгөөд бас уярав. Шуан Зан эмэг эхээ дагуулан уурхайгаас гарч Льюй  Шиюү Элийн даяанд эгэж ирээд гэрийн хөлс зоосыг өгч бас нэг өрөө хөлслөн авч эмэг эхээ суулгаад баахан хүнс зоос өгөөд өгүүлрүүн: “Би энэ удаа явбаас сар илүүгийн дотор сааргүй ирмүй.” хэмээгээд, эмэг эхэд ёслон салж шууд нийслэл хотын зүг одов.


Тэр явсаар нийслэл хотын зүүн зээлд хүрч Ейн Чинсаны ордныг эрэн олоод үүдний хүнд: “Өчүүхэн тойн би Чинсаны ойр садан бөлгөө, өдгөө тухайлан Чинсанд бараадахаар ирэв” хэмээсэнд, үүдний хүн дотогш орон Чинсанд мэдүүлэв. Чинсан өгүүлрүүн: “Надад тойн ойр үгүй бөлгөө.” Хатан өгүүлрүүн: “Би өчигдөр шөнө, миний охин Ман Тан Жиюү харьж ирэв хэмээн зүүдлэв, хүргэнээс чимээ ирсэн ч магадгүй.” Чинсан даруй бяцхан тойныг дотоод танхимд урин оруулав. Бяцхан тойн, нагац өвөг эмгээ үзмэгц уйлан газарт сөгдөн мөргөж өврөөсөө нэгэн битүүмж бичиг гаргаж өргөв. Чинсан битүүмж бичгийг нээн эхнээс адагт хүртэл уншаад дуу тавин уйлав. Хатан асууруун: “Чинсан юунд ийнхүү уйлмуй?” Чинсан өгүүлрүүн: “Энэ тойн болбоос чи бид хоёулын зээ хөвгүүн болой, хүргэн Чэн Гуан Жүй хулгайд алагдаж, Ман Тан Жиюү хулгайд дарлагдан түүний эхнэр болжээ.” Хатан сонсож их л гашуудан уйлж зогсохгүй. Чинсан өгүүлрүүн: “Хатан битгий зовогтун, маргааш өглөөн харшид эзэнд айлтган өөрийн биеэр цэрэг аван одож эрхбиш хүргэний өшөөг авсугай” хэмээв.


Дараа өдөр, Чинсан харшид орон Тан хаанд айлтган өгүүлрүүн: “Түшмэл миний хүргэн эрхэм шилдэг Чэн Гуан Жүй, гэрээ авч Жан жоугийн газар тушаал хүлээхээр одох замд усан хулгай Льюй  Хүнд алагдав. Тэр хулгай түүний эхнэрийг булаан авч хуурмагаар хүргэний нэрийг заан олон жил ноён суужээ. Хэрэг хувьсал үнэн болсон тул эзэн хааныг гуйх нь даруй түргэн цэрэг хөдөлгөн хулгайг хядан арилгах болов уу?” хэмээсэнд, Тан хаан сонсоод ихэд уурлан, шадар цэргийг зургаан түм шалгаж, Ейн Чинсаныг хулгайг арилгахаар морд хэмээв. Чинсан хааны зарлигийг хүлээн харшаас гарч цэргийн талбарт хүрч цэрэг салган шууд Жан жоугийн зүг мордов. Өглөө яван үдэш хонож удсангүй Жан жоу хотод хүрч ирэв. Ейн Чинсаны цэрэг морь цөм мөрний хойд хөвөөнд хүрээ буун, шөнө дөлөөр алтан пайз буулган Жан жоугийн дэд түшмэл ба шүүгч түшмэлийг дуудан, ирсэн учрыг мэдэгдэж цэрэг авч тусал хэмээгээд хамтаар мөрнийг гатлан тэнгэр гэгээрэхийн урьд Льюй Хүнгийн яамыг бүслэв. Льюй  Хүн хараахан унтаж атал, гэнэт буу дуугаран хэнгэрэг харанга зэргээр нүжигнэж, олон цэрэг дотоод гэрт алан орж ирэв. Льюй  Хүн гар хөдөлж чадсангүй Чинсанд баригдав. Чинсан цэрэгт цааз зарлан Льюй  Хүнгийн зэргийн ялтанг атиртал хүлж цаазын газар хүргүүлж, олон цэргийг цөм хотын гадна хүрээ байгуулан буулгав.


Чинсан дотоод яамны гол танхимд орж суугаад охиноо дуудан учирсугай хэмээв. Ман Тан Жиюү учирсугай хэмээвэл бас эцгээсээ ичингүйрч даруй боомилон үхсүгэй хэмээж байтал, Шуан Зан сонсоод мэндэн сандан ирж эхээ тэнхрүүлээд, өвдөг даран сөгдөж ийн өгүүлрүүн: “Хөвгүүн би эцгийн өшөөг авсугай хэмээн нагац өвөг лүгээ цэрэг аван ирээд, өдгөө хулгайг нэгэнт барьсан атал эх ямар учирт үхэхийг эрмүй. Эх хэрвээ үхвээс хөвгүүн би амьд үлдэж яахан чадмуй?” хэмээв. Чинсан бас гэрт орон ятгахад Сьюй Жиэ өгүүлрүүн: “Би сонсвоос “Эхнэр хүн нэгийг дагаж эцэслэмүй” хэмээжээ. Эр нөхөр хулгайд алагдсанд гаслах атал ямар нүүрээр хулгайг дагах аж? Ганц хэвлийд жирэмсэн тул арга бус ичгүүрийг хүлцэн амьд явав. Өдгөө завшаанаар хөвгүүн нэгэнт өөлэй болж, хөгшин эцэг цэрэг аван ирж өшөөг авсан тул охин би ямар нүүрээр эцэг лүгээ учрах аж! Гагцхүү биеийг эцэслэж эр нөхөрт журмын сэтгэлийг гүйцэтгэх буй за!” хэмээв. Чинсан өгүүлрүүн: “Энэ нь миний охин мандаж буурахыг үзэж чин зоригийг алдсан бус, чухам аргагүйн тул ийм болсныг яахан ичгүүр хэмээнэм!” хэмээж эцэг охин харилцан тэврэлцэж их л уйлахад Шуан Зан бас нулимсыг унаган зогсохгүй. Чинсан нулимсыг арчин өгүүлрүүн: “Та хоёул дэмий л гасалж яамуй, би өдгөө нэгэнт хулгайг барьсан тул түүнийг шийтгэсүгэй” хэмээгээд шүүх газар хүртэл чив хийтэл Жан жоугийн дэд түшмэл бас цэрэг гарган усны хулгай Ли Биюуг барьж хүргэн авчирчээ. Чинсан их л баярлан, Льюй  Хүн, Ли Биюуг гянданд хорьж, хүн бүрийг зуун мод хүнд занчин аман өчгийг авав. Ли Биюуг модон илжгэн дээр хадаад цаазан газар түлхэн аваачиж, мянгантаа огтчиж толгойг цавчин олонд цээрлэл үзүүлсний хойно, Льюй  Хүнг урьд өдөр Чэн Гуан Жүйг занчин алсан Хүн Жянгийн оломд авчрав. Чинсан, охин Ман Тан Жиюү, зээ хөвгүүн Шуан Зан авч мөрний хөвөөнөө хүрч, тэнгэрт тахил тавин Льюй  Хүнгийн элэг зүрхийг нь амьдаар уудлан авч, нэгэн хуудас гашуудлын бичиг үйлдэж хамт шатаагаад Гуан Жүйгийн ариун сүнсийг тахив. Тэд гурвуулын мөрний зүг хандан гашуудан уйлах дуун хэдийнээ лусын ордныг цочоожээ. Мөрнийг цагдагч ягчис тэрхүү гашуудлын бичгийг лусын хаанд барьсанд лусын хаан үзэж бараад даруй хавтас жанжинг илгээн Гуан Жүйг залан авчирч ийн өгүүлрүүн: “Баяр болов, өдгөө чиний хатан, эцэг хөвгүүний хамт мөрний хөвөөнд чамайг тахимуй. Би өдгөө чиний сүнсийг эгүүлсүгэй. Бас чандмань эрдэнэ нэгэн мөхлөг, молор эрдэнэ хоёр мөхлөг, гэмэрлэг арван бүхэл, гэгээн сувд хасын бүс нэгийг чамд барьсугай. Чи энэ өдөр эхнэр хөвгүүн лүгээгээ учрах болой” хэмээв. Чин Гуан Жүй дахин давтан хариу ёсолсны хойно, лусын хаан даруй ягчисыг захиж, Гуан Жүйгийн хүүрийг мөрний хөвөөнөө хүргэж сүнсийг оршуулагтун!” хэмээсэнд ягчис зарлигийг хүлээн эчив.


Өгүүлэх нь, Сьюй Жиэ эрдээ тахил тавин нэгэн зэрэг уйлаад, бас усанд харайн үхсүгэй хэмээхэд, Шуан Зан амь тэмцэн зууралдан атал гэнэт усан дээр нэгэн хүүр дэгдэн ирж, мөрний эрэгт ойртов. Сьюй Жиэ яаран урагш давшин үзвээс эрийн хүүр мөн тул нэнт дуу тавин уйлан зогсохгүй. Олон хүн ирж үзвээс Гуан Жүйгийн бие гар нь нэгэн зэрэг хөдөлсөөр гэнэт мөлхөн босч суув. Олон хүн их л хирдхийв. Гуан Жүй нүдээ нээж, үзвээс хадам эцэг Ейн Кай Шан, эхнэр Тан Жиюү, нэгэн бяцхан тойны хамт түүний дэргэд уйлмуй. Гуан Жүй өгүүлрүүн: “Та нар юунд энд уйлмуй?” Сьюй Жиэ өгүүлрүүн: “Чи хулгайд алагдсанаас хойш гэргий би энэ хөвгүүнийг төрж завшаанаар Алтан уулын сүмийн тойн түүнийг тэжээн өсгөөд намайг эрэн учрав. Би түүгээр эцгийг эрүүлж эзэнд айлтган цэрэг авч ирээд хулгайг цөм барив. Сая тэр хулгайн элэг зүрхийг амьдаар уудлан тэнгэрт тахил тавин нөхрийн сүнсийг тахисан бөлгөө. Миний эр яахан дахин эдгэснийг үл мэдмүй” хэмээв. Гуан Жүй өгүүлрүүн: “Энэ цөмөөр урьд өдөр чи бид хоёр Ван Хуа даяанд байхын үед, тэрхүү алтан хайрст мөрөг загасыг худалдан авч дахин тавьсны ач болой. Тэр мөрөг загас даруй энэ мөрний лусын хаан мөн асан ажгуу. Хожим Сүр Хү хулгай намайг усанд түлхэн унагасанд тэр намайг аварсан бөлгөө. Өнөөхөн миний сүнсийг эгүүлэн надад хүргэсэн эрдэнийн зүйлс цөм энд амуй. Чи энэ хөвгүүний төрж, хадам эцэг бас миний өшөөг авмуй хэмээн нэнт санасангүй бөлгөө. Энэ үнэхээр зовлон барагдаж, жаргал ирсэн их баяр болой” хэмээв.


Олон түшмэд үүнийг сонсоод цөм баяр хүргэхээр ирсэнд, Ейн Чинсан дарсан ширээ бэлтгүүлээд олон түшмэдэд хариу тал хийж даруй хойш буцав. Ван Хуа даяанд хүрч ирснээ Чинсан цаазан зарлан хүрээ буув. Гуан Жүй, Шуан Зангийн хамт Льюй Жиэ даяанд эхээ эрэхээр ирэв. Түүний эх нь шөнийн зүүдэнд хувхай модон цэцэглэн, хойд хүрээнээ шаазгай тасралгүй шагшмуй хэмээн зүүдэлсэнд дотроо: “Миний ач хөвгүүн ирэх буюу?...” хэмээн санах зуур даяаны үүдний гадна Гуан Жүй эцэг хөвгүүн хоёул хамтаар хүрч иржээ. Бяцхан тойн заан өгүүлрүүн: “Миний эмэг эх энд буй” хэмээсэнд Гуан Жүй эхэд золгон мэндэн сандан мөргөхөд эх хөвгүүн тэврэлцэн нэгэн зэрэг ихэд уйлан урьдах учрыг дараалан тоочиж, Шиюү Элийн даяаны зоосыг бодон өгч, нийслэл хотын зүг мордов. Нийслэл хотод хүрч, Чинсаны ордноо ороод Гуан Жүй, Сьюй Жиэ хийгээд эх, Шуан Зантан цөм Чинсаны хатанд золгов. Хатан тэсгэлгүй баярлан гэрийн хүүхдийг захин их хурим бэлтгэн баяр хийхэд Чинсан өгүүлрүүн: “Энэ өдрийн хуримыг “Хотол дүүрэн хурал” хэмээн нэрийдэж болмуй” хэмээсэнд гэр хотлоор цөм баярлалдан цэнгэлдэв.


Дэд өдрийн өглөө, Тан хаан харшид гарснаа Ейн Чинсан эзэнд мөргөн золгож, урьд хождын учрыг нарийвчлан айлтгаж, бас Гуан Жүйгийн эрдэм чадал үлэмж их тул дэвшүүлэн хэрэглэхээр бэлдсэнд Тан хаан айлтгалыг зөвшөөрч Чэн Эг бичгийн эргэн сайдын тушаалд дэвшүүлж, төрд оролцуулан засгийг хамааруулав. Шуан Зан даяан бясалгахаар сэтгэл шуудсан тул Хун Фу Сэ сүмд хүргэн суулгав. Хожим нь Ейн Сьюй Жиэ журмыг сахиж, амарлингуйгаар өөрөө эцэсэлжээ. Шуан Зан Алтан уулын сүмд одож Фа Мин багшид ач хариулан золгов. Хожмын хэрэг хэрхэхийг мэдсүгэй хэмээвээс доод бүлэгт үзтүгэй.


Энэхүү алдарт зохиолыг 24tsag.mn сайт уншигч та бүхэндээ бүрэн эхээр нь албан ёсны онцгой зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЗАЛУУС ДҮҮ НАРТАА ХҮРГЭХ ШҮЛЭГ
Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүллээ
Д.Энхболд: “Сүүлчийн Хорчин” өгүүллэг
Ц.ОЮУНГЭРЭЛ: ХӨГШИН ЭЭЖЭЭСЭЭ “ТА БААСАН ЛАМД ХАЙРТАЙ БАЙСАН УУ“ ГЭЖ АСУУСАН ЧИНЬ ЗӨНДӨӨ ИНЭЭСЭН
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БНСУ-аас Хөвсгөл аймгийн Мөрөн чиглэлийн анхны олон улсын нислэг ирэх долдугаар сарын 29-өөс эхэлнэ
    6 цаг 42 мин
  • ХХБ “Монголын хөрөнгө оруулалтын форум: Нью-Йорк 2025”-д оролцлоо
    8 цаг 29 мин
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
    9 цаг 55 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
    9 цаг 58 мин
  • Хиймэл дагуулын талаар судлан холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
    10 цаг 2 мин
  • ХЭҮК: ТҮЦ эрхлэгч иргэдээс гаргасан гомдлыг шалгаж байна
    10 цаг 45 мин
  • ОУХМ Б.Тэгшбаяр “TOUR DE KUMANO"-д өрсөлдөж байна
    11 цаг 18 мин
  • Найрамдал зуслангийн 2025 оны ээлжийн хуваарь, үнэ
    11 цаг 21 мин
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
    11 цаг 22 мин
  • Зайсангийн зүүн гүүрийг шинэчлэх ажлын явц 82 хувьтай байна
    11 цаг 56 мин
  • Саудын Арабын давамгайлал ба Роналдугийн бүтэлгүйтэл: AFC Аваргуудын Лигийн шинэ эрин
    13 цаг 5 мин
  • Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 63 хувьтай байна
    13 цаг 15 мин
  • MESA-ийн "Nomadic Masters" Хаврын 2025 тэмцээнд HEROIC баг түрүүллээ
    13 цаг 20 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    13 цаг 43 мин
  • Г.Тэмүүлэн: Амташсан хэрээ 13 эргэнэ гэдэг шиг л юм болж байна
    14 цаг 0 мин
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
    14 цаг 25 мин
  • Монгол Улсын Ерөнхий аудитороор төрийн албаны мерит зарчмыг хангасан С.Магнайсүрэнг томилохоор боллоо
    14 цаг 54 мин
  • Г.Тэмүүлэн: Сангийн яамыг хуулийн хулгайн дээр мэргэшсэн гэж харж байна
    15 цаг 18 мин
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
    15 цаг 19 мин
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
    15 цаг 34 мин
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Чансааг тэргүүлж буй ШИЛДЭГ 24 бөх
  • ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар Анагаах ухааны доктор М.Адилсайханыг томиллоо
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Шадар сайд Элчин сайдуудтай уулзлаа
  • Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
  • ICE TOP хамтлагийн Б.Оргил-Эрдэнэтэй "дурсагдах" дуунууд
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Амралтын өдөрт: Цагаан хувцасны өнгийг сэргээх ШИЛДЭГ аргууд
  • “СОЛГОЙ ГАР”-ЫН МУЙХАРЛАЛ
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМЯ: Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, сонгон шалгаруулалтаар томилогдоогүй учир ажлаас нь чөлөөлсөн
  • "Опозит" хамтлаг оюуны өмчийг "зөвшөөрөлгүй" ашиглаж, "хууль зөрчсөн" үү?
  • Байнгын хороод болон ажлын хэсгүүд хуралдана
  • Японы эзэн хаан асан Акихито эмнэлэгт хүргэгджээ
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Маш нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Нэрэмжит барилдаанаа хийх гэж буй Улсын начин Б.Насандэлгэрийн тухай 10 баримт
  • Найман жилийн зайтай түрүүлсэн Т.Баасанхүү харцагын тухай СОДОН баримтууд
  • 18 насандаа "Их дуулга"-ын аварга болсон Ж.Анударийн тухай сонирхолтой баримтууд
  • "Тэнгисийн эрэг дээрх 24/7" шоуны шинэ оролцогч Б.Энхтамир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Сэтгэл санаа хүртэл "ихэр"
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК